Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 11

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би иргэн Ш.О-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт орших миний эзэмшил газрыг боломжит байршлын газарт шилжүүлж өгөхийг даалгах, хэрэв саналыг шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд миний гаргасан бүх зардлыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Л.Т нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... 2.1. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдсан эзэмшил газрыг боломжит байршилд шилжүүлж өгөх шаардлагад нийцүүлэн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүйгээр байршлыг нь Баян-Өндөр сумын Зэст багт байрлах орон сууцны 1-16 дугаар байрны хойд талд шилжүүлэн эзэмшүүлэх тухай холбогдох шийдвэрийг гаргахаар харилцан тохиролцов. 2.2. Нэхэмжлэгч нь гаргасан бүх зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О-ийн ОАЗД-д холбогдуулан “Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт орших миний эзэмшил газрыг боломжит байршлын газарт шилжүүлж өгөхийг даалгах, хэрэв саналыг шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд миний гаргасан бүх зардлыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан буулт хийж, сайн дурын үндсэн дээр эвлэрэн, эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байна.

Хариуцагч ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/278 дугаар захирамжаар Д.Ц, Л.Т нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд итгэмжлэлээр эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байна.

Иймд нэхэмжлэгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Л.Т нарын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр ... 2.1. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдсан эзэмшил газрыг боломжит байршилд шилжүүлж өгөх шаардлагад нийцүүлэн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүйгээр байршлыг нь Баян-Өндөр сумын Зэст багт байрлах орон сууцны 1-16 дугаар байрны хойд талд шилжүүлэн эзэмшүүлэх тухай холбогдох шийдвэрийг гаргахаар харилцан тохиролцов. 2.2. Нэхэмжлэгч нь гаргасан бүх зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно... гэж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2018/0007/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ