| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 111/2025/0021/З |
| Дугаар | 221/МА2026/0150 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0150
|
|
|
|
“Н*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******, М.Х******* нар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н*******” ХХК
Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******
Хариуцагч Д.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 111/2025/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарт холбогдуулан “Улсын байцаагч нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр:
“Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.10.6, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын ханалтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******, М.Х******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“…Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2025/0045 дугаар шийдвэр /цаашид “шүүхийн шийдвэр” гэх/-ийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу эс зөвшөөрч энэхүү гомдлыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байна.
“Н*******” ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн дараах 1 болон 3 дугаар шаардлагыг тодруулж:
Нэхэмжлэгч “Наран Мандал энтерпрайзес” ХХК нь ийнхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхийн тулд өөрийн бүхий л боломжит хувилбараа гарган тавьж, нэхэмжлэлийн 1 болон 3 дугаар үндэслэлээрээ улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн 2 болон 4 дүгээр үндэслэлээрээ улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахыг шаардахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
Гэтэл анхан шатны шүүх “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд:
3.2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1, 2-т “Н*******” ХХК нь ...Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 дүгээр улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага захиргааны актыг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн аль аль үндэслэлээр гаргасан байгааг анхаарахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн мэт буруу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн.
Хэрэв “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд ойлгомжгүй байсан бол шүүх “нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно” гэсэн тайлбарын дагуу тодруулах ажиллагааг явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломж байсан ч боломжийг ашиглаагүй.
Улмаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1-д “...“Н*******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байгааг харгалзаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, албан шаардлагад заасан хугацааг баримтлаагүй, захиргааны акт гаргахаас өмнөх бодит байдлыг нягтлаагүй, акт хуульд заасан шаардлага хангаагүй... зэрэг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарах бөгөөд илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй тул эдгээр үндэслэлүүдэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ” гэжээ.
“Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг Монгол Улсын Дээд шүүх нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “...1) нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно” гэж тов тодорхой заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч “Н*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа захиргааны актыг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн үндэслэлийн аль алинаар нь гаргасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлүүд нь илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй гэх өрөөсгөл дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн үндэслэлүүдийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон бөгөөд үүнээс улбаалан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан шийдвэр гаргасан нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцсэнгүй.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд “Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй...” гэж тайлбарласан байна.
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоос үзэхэд ч захиргааны эрх зүйн онолын түвшний хууль хэрэглээний асуудалд иргэн, хуулийн этгээдийг заавал хууль зүйн үндэслэлээ яг таг гаргахыг шаардахгүй, нэхэмжлэгчийн хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өөрийн бүхий л боломжит хувилбараа гаргах эрх нь нээлттэй, харин шүүх түүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч маргааныг эцэслэн шийдвэрлэх эрхтэй байхаар ойлгогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.
3.3.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон боловч анхан шатны шүүх энэ үндэслэлд огтоос дүгнэлт хийгээгүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг огт шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.
“Н*******” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Ажил олгогч улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлнэ” гэсэн заалт болон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид бүртгэлийн дугаар олгох, хэрэглэх болон хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэх журам”-ын дагуу харьяалагдах Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэн, хувийн хэрэг нээлгүүлж, шимтгэлийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд гаргаж, хамтран ажилласаар ирсэн. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид бүртгэлийн дугаар олгох, хэрэглэх болон хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэх журмын 5.3-т “Хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх үүргийг нийгмийн даатгалын байгууллага, байцаагч хариуцна” гэж заасны дагуу манай компанитай холбоотой хувийн хэргийг хөтөлсөөр ирсэн.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ч манай компани ажилтнуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн цалинг таслалгүй олгож ирсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр хуримтлуулсан нь үнэн. Энэхүү хүнд нөхцөл байдал ганц манай компанид тохиолдоогүйг төр засгийн зүгээс ойлгож байгаагийн улмаас хүнд үеийг даван туулах боломжит бүхий л аргаар бизнес эрхлэгч биднийг дэмжин ажиллаж ирсэнд бидний зүгээс маш ихээр талархаж байгаа.
Энэ ч үүднээсээ нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг өөрийн боломжид тулгуурлан барагдуулах бидний санал санаачилга, хүсэлтийг харьяа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар хүлээн авч, “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам”-ын 9.2.5-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г байгуулан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3.914.056.026,85 төгрөгийг төлөх хуваарь гаргасан.
Хуримтлагдсан шимтгэлийн авлага барагдуулах гэрээг нэг удаа байгуулж болох дээрх журам хүчингүй болж, шинэчлэн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам” батлагдсанаар “үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлийн онцлог, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой хугацаагаар хойшлогдсон, шимтгэлийн өрийг барагдуулах боломжтой зэрэг нь холбогдох баримтаар нотлогдож байвал аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын шийдвэрээр өр төлөх гэрээг 6 хүртэл сарын хугацаагаар нэг удаа сунган шийдвэрлэж болно” гэсэн 6.7 дахь заалтын дагуу 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г байгуулан 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх 4.206.624.888 төгрөгийн өглөгийг 4 сарын хугацаанд барагдуулахаар тохиролцсон.
Манай компани 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлж нийт 2.124.970.987,34 төгрөгийн өр төлбөрийг төлсөн ба өнөөдрийн байдлаар дээрх 2 гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгасан байдаг.
Гэтэл захиргааны гэрээгээр зохицуулагдаж буй энэ харилцаанд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нараас 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 07/16-04/089-01 тоот акт гаргасан нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг гэрээний талууд өөрсдөө дүгнэх, гэрээний талууд уг гэрээтэй холбоотой үүссэн асуудлаа өөрсдөө шүүхийн журмаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөнөөс гадна дараах хууль, тогтоомж зөрчсөн гэж үзсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.6-д Нийгмийн даатгалын улсын байцаагч нь “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” эрхтэй, “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам /2017 он/”-ын 9.2.5-т “121 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчийн хуримтлагдсан шимтгэлийн авлагыг барагдуулах тухай гэрээг нэг удаа байгуулж болох бөгөөд уг гэрээнд заасан хугацаанд шимтгэлийн авлага барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих шимтгэл, алдангитай тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам /2023 он/”-ын 6.6.4-т “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах”, 6.6.5-т “271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэж тус тус заасан.
Хууль болон журмын дээрх заалтуудаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан ажил олгогч нь тухайн гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн гэж үзвэл улсын байцаагчийн акт гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэх бус харин нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээний үүргийн биелэлт, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги тооцуулах асуудлыг шаардах зохицуулалттай байна. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38.10.6-д заасан “шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.
Гэтэл захиргааны гэрээ байгуулахаар журамласан, тэр дагуу байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр тодорхой заасан байхад нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч хууль болон журмын дээрх заалтууд болон “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийн 3.10-т заасныг зөрчиж, хөндлөнгөөс уг асуудлыг авч шийдвэрлэсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан нь алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй нь үнэн боловч ийнхүү алданги ногдуулах этгээд нь манай тохиолдолд улсын байцаагч биш буюу журамд зааснаар нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлд үндэслэн шүүх тооцох ёстой байсан.
Улсын байцаагч нар хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байгааг харгалзсан бол өөрт нь харьяалуулаагүй асуудлаар хууль болон журам зөрчиж илт хууль бус акт гаргахгүй байсан байх гэх үндэслэлийг “Н*******” ХХК-иас гаргаж, улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус акт болохыг тогтоолгохоор шаардсан ч анхан шатны шүүх энэхүү үндэслэлд мөн дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Энэ үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.7-д заасан нөхцөлийг мөн бүрдүүлж байгаа тул энэ дагуу шийдвэрлэж өгнө үү.
3.4.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “...Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нэршлээр улсын байцаагчийн үнэмлэх олгогдсоныг нийгмийн даатгалын улсын байцаагч биш. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”-д хамаатуулан үзэх боломжгүй, нийгмийн даатгалын хяналт шалгалт хийх эрх хэмжээ нийгмийн хамгааллын байцаагч нарт олгогдоогүй, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх хэмжээг нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч эдлэхгүй, нэг хүн 2 өөр улсын байцаагчийн эрхийг давхар хэрэгжүүлдэг... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. ...Тухайн тохиолдолд хариуцагч нар нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт харьяалагдан ажилладаг нийгмийн даатгалын улсын байцаагч мөн, тэдгээрийн албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтод хэрхэн зааснаас үл хамааран нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, актаар төлбөр ногдуулах хариуцлага хүлээлгэх эрх хэмжээ хуулиар олгогдсон, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна” гэжээ.
Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8, 9, 12-т “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нэршлээр улсын байцаагчийн үнэмлэхээ авсан нийгмийн даатгалын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10, 38.10.1, 38.10.6, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй гэх агуулга” тус тус тусгагджээ.
Тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр болохын хувьд захиргааны акт нь хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлагыг хангасан тохиолдолд хууль зүйн хувьд хүчинтэй акт болж чадна.
Товчхондоо, нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх хэмжээг нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч эдлэхгүй, нэг хүн 2 өөр улсын байцаагчийн эрхийг давхар хэрэгжүүлдэг явдал нь өөр хуулиар, өөр эрх, чиг үүрэг хэрэгжүүлдэг албан тушаалыг хольж хэрэгжүүлэх болоод захиргааны актыг гаргах хууль, тогтоомжид заасан хэлбэрийн шаардлагыг зөрчих үндэслэл болохгүй л гэж үзэж, үүнийг нэхэмжлэлийн нэг үндэслэлээ болгосон билээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааны горим, үндсэн шаардлага, хяналт шалгалтын төлөвлөгөө, эрсдэлийн шалгуур үзүүлэлт болон хяналтын хуудсыг боловсруулах, батлахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 26.1-д “Улсын байцаагч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, актын үйлчлэлийг дуусгавар болгож, үйл ажиллагаar сэргээх тохиолдолд акт үйлдэнэ”, ...26.7-т “Улсын байцаагчийн актын төгсгөлд тухайн актыг тогтоосон улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг байна”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.1-т “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэсэн шаардлага тавигдсан.
Тэрчлэн “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 1.8-д “Шаардлагатай тохиолдолд салбарын болон нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан нэг улсын ахлах байцаагчид хэд хэдэн салбарын ахлах байцаагчийн чиг үүргийг хариуцуулж болно” гэсэн заалт нь орон нутагт 2 болон түүнээс дээш хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нэгжийн удирдлага болох хариуцагч Б.А*******д хамааралтай тул нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.А******* нь нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг давхар хэрэгжүүлэх боломжгүй.
Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж, акт гаргах нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх хэмжээг, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан шийдвэр гаргах нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчийн эрх хэмжээг тус тус нийгмийн хамгааллын байцаагчид эдэлж, нийгмийн хамгааллын улсын байцаагчийн тамга, тэмдэг, албан тушаал, улсын дугаар бүхий актыг гаргасан нь улсын байцаагчийн актад тавигдах дээр дурдсан хэлбэрийн хуульчлагдсан шаардлагыг зөрчсөн болон өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл мөн тул хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагад нийцээгүй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ үндэслэлд мөн л дүгнэлт хийсэнгүй.
Дээр дурдсанчлан анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.А*******, улсын байцаагч Д.А******* нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-04/089-01 тоот актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн дийлэнх үндэслэл болон шаардлагад дүгнэлт өгөөгүй, энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарч чадаагүй явдалд шууд нөлөөлсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3-т тус тус заасны дагуу Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 587 дугаар албан бичигт нэхэмжлэгч “Наран мандал энтерпрайзэс” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулахаар тус газартай байгуулсан 2023 оны 218/2023/1016, 2024 оны 218/2024/08 гэрээний дагуу 2023, 2024 онд нийт 6.525.700.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн…” гээд үүний задаргааг хүснэгтэн хэлбэрээр буюу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд 8 удаагийн төлөлтөөр 2.774.500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 5 удаагийн төлөлтөөр 3.751.200.000 төгрөг тус тус төлсөн гэсэн байхад шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.6-д “Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актаар тогтоосон нөхөн төлбөрөөс 3.751.200.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй…” гэх байдлаар 2 дугаар хх-ийн 62 дахь талд авагдсан дээрх нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн байгааг зөвтгөн тайлбарлаж болох ч дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
Тухайлбал нэхэмжлэгчээс анх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн хамгааллын хяналтын нэр бүхий улсын байцаагчдын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07/16-089/-09 дугаар маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т тус тус зааснаар эдгээр нь тус тусдаа шийдвэрийн төрөл байхаар зохицуулагдсан ч, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүйгээс мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн нэг болох “шүүх нэхэмжлэлийн …зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, …нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн нөхцөлийг бүрдүүлжээ.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд “...нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн"-д хамаарахгүй…” гэж тус тус тайлбарласан байдаг.
2.“Наран мандал интерпрайзес” ХХК-ийн тухайд анх 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж, 30-ны өдрөөр огноолсон холбогдох хариуг авсаны дараа актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган, улмаар шүүгчийн 3 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, иймд дээрх тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас үл хамаарч үндэслэл тус бүрт дүгнэлт өгөх учиртай.
Гэтэл шийдвэрийн Үндэслэл хэсгийн 3.1-т нэхэмжлэлийн “…нийгмийн даатгалын үйл ажиллагаа гэрээний дагуу явагдаж байгааг харгалзаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, албан шаардлагад заасан хугацааг баримтлаагүй, захиргааны акт гаргахаас өмнөх бодит байдлыг нягтлаагүй, акт гаргах хуульд заасан шаардлага хангаагүй…” зэрэг үндэслэлийг захиргааны актыг хүчингүй болгох шаардлагад хамаарах тул дүгнэлт өгөхгүй, хэрэв дүгнэх аваас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ…” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай, мөн холбогдох тайлбартай нийцсэнгүй.
3.Хэдийгээр давж заалдах гомдолд актыг 2 үндэслэлээр хүчингүй болгуулах, 2 үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдал, 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******ын нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсан байдлаас тус тус үзэхэд нэхэмжлэгч талаас анхны гаргасан хүчингүй болгуулах шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсанаас бус өөрчлөөгүй, мөн тэрхүү тодруулсан шаардлагаа дэмжиж оролцсон энэ тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт дүгнэлт өгөх нь шүүхийн үүрэг болно.
Гэхдээ 1 актын тухайд өөр өөр үндэслэлээр хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хамтад нь гаргах боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлэхдээ үүнийг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй.
4.“Н*******” ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан цахирын алтны үндсэн ордыг далд уурхайн аргаар олборлох үйл ажиллагаа явуулдаг боловч харъяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн, тийм ч учраас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өглөгийг барагдуулах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийт 3.914.056.026 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар;
-2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нийт 4.206.624.888 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар дүүргийн нийгмийн даатгалын газартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулах гэрээ”-г тус тус байгуулсан, түүнчлэн шүүх маргааныг хянан шийдвэрлэх үед эдгээр хуримтлагдсан өр төлбөр бүрэн төлөгдөж, 2025 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын шимтгэлийн авлагын үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байна.
Нөгөөтэйгүүр эхний гэрээ байгуулагдах үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/108 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам”-ын 9.2.5-д “121 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчийн хуримтлагдсан шимтгэлийн авлагыг барагдуулах тухай гэрээг нэг удаа байгуулж болох бөгөөд уг гэрээнд заасан хугацаанд шимтгэлийн авлага барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих шимтгэл, алдангитай тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх” гэж журамласан,
-харин 2 дахь удаагийн гэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/199 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам” үйлчилж байх хугацаанд байгуулагдсан байх бөгөөд уг журмын 6.7-д “Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлийн онцлог, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой хугацаагаар хойшлогдсон, шимтгэлийн өрийг барагдуулах боломжтой зэрэг нь холбогдох баримтаар нотлогдож байвал аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын шийдвэрээр энэ журмын 6.6.4-т заасан гэрээг 6 хүртэл сарын хугацаагаар нэг удаа сунган шийдвэрлэж болно” гэж зохицуулжээ.
Гэтэл шийдвэрт эдгээр үйл баримт болон холбогдох журмын талаар огт дүгнэлт өгөөгүй, түүнчлэн давж заалдах гомдолд дурдсанчилан дээрх журмын 6.6.4-т “181-270 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчийн удирдлагатай уулзалт хийж, өр төлөх нарийвчилсан хуваарь, тэмдэглэл, гэрээ үйлдэн баталгаажуулах”, Санамж: 1.Гэрээг 12 хүртэл сарын хугацаагаар байгуулна. 6.6.5-д “271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэж тус тус заасныг ч энэ тохиолдолд хэрэглэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******, М.Х******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН