Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2020/00054/и |
Дугаар | 378 |
Огноо | 2020-04-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 378
129/ШШ2020/00378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШШГГ-т холбогдох
Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- миний нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлал, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоол биелэгдэхгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалын 8 дахь хуудасны тогтоох хэсэгт “Б.Б-ийг орон нутгийн өмчит “Ар ус ундарга” ХХК-н захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, /таслал/ нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгасугай” ... гэжээ. Шүүхийн шийдвэрт "Ар ус ундарга” ХХК-н захирлаар ажиллаж байсан Б.Б- надад цалин хөлс олгохдоо зохих журмаар бодож олгохыг тодорхой заасан атал нэмэгдэл 6 сая төгрөгийг олгохгүй, ажил хүлээлцүүлэхгүй , нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхгүй байсаар байна. Хөдөлмөрийн хуулийн 47-р зүйлд зааснаар цалин хөлсөнд цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал багтдаг тухай шүүхээс удаа дараа тайлбар хийсээр байгаа билээ. Миний шүүхэд гаргасан ажил хүлээлцэх тухай асуудалд хариу хүрүүлсэн албан тоотыг ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол үйлдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ч ажиллагаа дуусгавар болсон тухай хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ингээд асууж тодруулахаар гүйцэтгэх хуудсан дээр “зохих журмаар бод” гэж алга ниймгмийн даатгал олгохгүй гэх төдийгүй ажил хүлээлцэх нэмэгдэл олгох асуудалд ямар ч тайлбар хийхгүй байна. Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Иймд Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019.12.04-ний 12/336 дугаартай тргтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 409 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоолоор Б.Б-ийг орон нутгийн өмчит “Ар Ус-Ундаргаа” ХХК-ны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг Архангай аймгийн даргад даалган шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 109/ГХ2019/0002 тоот гүйцэтгэх хуудасыг хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 19010075 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэж гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр авагч Б.Б- тус газарт зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 26,111,850 төгрөгийг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь ус суваг ашиглалтийн “Ар-Ус ундарга” ХХК-ний нягтлан бодогч Д.У-с цалингийн тооцооллыг гаргуулан авч нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулан авсан. Ажилгүй байсан хугацааны цалин 23,957,311 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлбөр авагч Б.Б-ийн Хаан банкин дахь 5154003339 тоот данс руу мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдэл хөлс болох 2,100,000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварыг хасаж 1,890,000 төгрөгийг тус тус шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/336 тогтоолоор дуусгавар болгож 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бт мэдэгдсэн. Архангай аймгийн засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 03 өдрийн Б/01 тоот захирамжаар Б.Б-ийг “Ар ус ундарга” ХХК-ний захирлаар томилсон байдаг. Шүүхийн гүйцэтгэх хуудас, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд төлбөр авагч Б.Б-ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийх талаар дурдаагүй тул нөхөн бичилт хийгдээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Б.Б-ийн зүгээс шүүхийн магадлал, тогтоолд тусгагдаагүй 6,000,000 төгрөг гаргуулах хүсэлтийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмж гаргасан. Энэ талаар “Ар ус-Ундарга” ХХК-иас тодруулахад төлбөр авагч Б.Б-т хамааралгүй буюу төлбөрт гаргуулахгүй нь тогтоогдсон. Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Мөн өмнөх шүүх хуралдаанаас хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлал гарсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлээд байгаа бүх асуудлыг үзлэг хийж нотлох баримтаар тогтоосон шийдвэр гарсан. Энэ магадлалтай хариуцагч тал танилцаагүй байгаа бололтой. Хэрвээ танилцсан бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хэлэхгүй байх. 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 409, 2018 оны 11 сарын 457 дугаар шийдвэр биелэгдээгүй гээд магадлал дээр бичсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан тайлбарласан байна. Өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байж намайг ажлаас халсан талаар шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс илүү би яаж тайлбарлах ёстой гэдгийг ойлгохгүй байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа захиргааны хэргийн давж заалдах 2019 оны 12 сарын 02-ны өдөр нэмэгдэл хөлс гээд 2.1 сая төгрөгийг олгосон. Тэрнээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө бол бүрэн авсан. Ганцхан нэмэгдэл хөлсний талаар яриад байх шиг байна. шүүхийн гүйцэтгэх хуудас, захирамж, тогтоол дээр нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар огт дурдагдаагүй зүйлийг нэхэмжлэгч нэхэмжлээд байна. Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 12 сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тэгэхэд энэ шүүхийн шийдвэр биелэгдээгүй байсан. Харин Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн шийдвэр байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн дээрх өдөр дуусгавар болгосон байгаа. Энэ үед нэмэгдэл хөлс 2.1 сая төгрөг биелэгдээгүй байсан. Энэ нь 2019 оны 12 сарын 02-ны өдөр биелэгдээд 04-ний өдөр тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад урьд гаргасан зүйл дээр маргаж байсан байна. Энэ нь энэ хэрэгт хамааралгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн явуулах талаар заасан бөгөөд мөн зүйлийн 20.1.9 “гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг” гэж зааснаас үзэхэд тодорхой үйлдэл гэдэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилд эргүүлэн томилох орно. Нэхэмжлэгч нь анх манай байгууллагад хандахдаа ажлаа хүлээн авсан. Одоо ганцхан миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох өгнө үү гэж хандсан. Манай байгууллага нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг, гүйцэтгэх хуудаст тусгасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй нотлох баримт гаргаж өгсөн талаар хэллээ. Үүний талаар 2 тайлбар хэлье. Нэхэмжлэлийн шаардлага буюу гол маргаж байгаа зүйл нь ШШГГ-т холбогдох Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай байдаг. нэхэмжлэгчийн яриад байгаа магадлалтай холбоотой тайлбар энэ маргаантай ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй орсон хурлын магадлалыг тухайн шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр тайлбарлаж байгаа юм. Тэрнээс маргааны талаар баттай нарийн тайлбарласан зүйл биш. Энэ хэрэгт хамааралгүй, 2 өөр актын талаар нэхэмжлэгч яриад байна. Харин ч нэхэмжлэгчийн талд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр харагдаж байгааг хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгдээгүй үндэслэл дээр нэхэмжлэгч урамшуулал олгогдоогүй гэж байсан бол өнөөдөр магадлалд дурдсанаар шийдвэр гүйцэтгэгдээгүй байна гэж өөр өөр зүйл яриад байна. Ажлаа хүлээж аваагүй байна гэдгийг шүүгч тайлбарладаг юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, тусгайлсан байгууллага байх шаардлагагүй болно. Уг магадлалд дурдсан тайлбар бол шүүгчийн дотоод итгэлээр тайлбарласан зүйл. Тэрнээс өнөөдрийн маргаантай хамааралгүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 тоот тогтоолын байгаа. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн б/70 дугаар захирамж юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн. Тэрнээс 2019 оны шүүхийн шийдвэртэй огт хамааралгүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн Б ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалин хөлсийг зохих журмын дагуу олгож, ажилд эргүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалин хөлсийг зохих журмын дагуу яаж олгох вэ? гэхээр өмнөх шүүх хуралдаанд хэлсэн журмыг харах шаардлагатай болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 д заасны дагуу цалин хөлсийг олгосон. Мөн зүйлийг харахаар Монгол улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 69 дүгээр журам гарч ирдэг. Уг журмын 7а-д зааснаар нэхэмжлэгчийн цалинг ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу хариуцагчийн 2017 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч чөлөөлөгдсөн учраас 2,3,4 дүгээр сарын цалинг дундажлаж үржүүлэхээр 23 сая гаран төгрөг болсон. Үүний дагуу 24 сая орчин төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэгч маань өөрөө 1.200.000 төгрөгийг тооцоод авсан учраас нөхөн бичилт хийх үүргийг өөрөө хариуцна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олон удаа өргөдөл гаргаж байсны дагуу манай хариуцагч талаас олон ажиллагааг хийсэн байгаа. Ингээд манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Дамдинцэрэн гэх хүнд 2019 оны сүүлээр өргөдөл гаргасан. Үүний дагуу урамшуулал цалинг олгох нь зүйтэй гэсэн хариу ирсэн. Ингээд ажилгүй байсан хугацааны урамшуулал цалин 2.100.000 төгрөгийг дахин олгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан. Өмнө миний өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгчийн авсан цалингийн баримт, ажлаа хийж байсан талаар баримт байгаа. Нэхэмжлэгч нь ажилдаа эргүүлэн тогтоогдсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гээд 23 сая төгрөг, урамшуулал цалин 2.100.000 төгрөг олгогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хангалттай биелэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс цэвэршүүлэх байгууламжийн ажилтай холбоотойгоор байгуулагдсан 2 гэрээний гүйцэтгэлийн хангуулж байсантай холбоотой урамшуулал цалин 2.1 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байгаа. Энэ гэрээ Архангай аймгийн Засаг даргад хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ШШГГ- нь Архангай аймгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 409 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоолоор Б.Б-ийг орон нутгийн өмчит “Ар Ус-Ундарга” ХХК-ны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг Архангай аймгийн даргад даалган шийдвэрлэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 109/ГХ2019/0002 тоот гүйцэтгэх хуудасыг хүлээн авч гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн үед захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 109/ГХ2019/0002 тоот гүйцэтгэх хуудасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийг орон нутгийн өмчит “Ар Ус-Ундарга” ХХК-ны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохдоо уг ажилгүй байсан хугацаанд ажил олгогчийг эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээгүйгээс ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтан хохирсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг биелүүлээгүй учир цалин хөлсийг зохих журмыг дагуу олгосон гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч ШШГГ- нь 6.000.000 төгрөгийг дутуу олгуулсан гэх тухайд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батласан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу “...хохиролыг нөхөн төлүүлэхдээ холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс”-өөр тодорхойлох ёстой байна. Хариуцагч байгууллага энэ асуудал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д заасны дагуу гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд хандаж тайлбар гаргуулах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч ШШГГ-т холбогдуулан Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/336 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж үндэслэлтэй байна.
Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/336 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН