Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 2020              4              30                                         2020/ДШМ/544

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.М- өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох эрүүгийн 1810015840557 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.М, 19.. оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Б.М- нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд “............”-д борлуулагч жолоочоор ажиллах хугацаандаа 2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 111.530 төгрөгийн бараа, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацааны тооллогоор 484.015 төгрөгийн бараа, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг тус тус байгууллагад тушаалгүй завшиж, “............” ХХК-д нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М- бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.М- 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг Б.М-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М- нь 1.263.055 төгрөгийг “............” ХХК-д төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Б.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж, Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай зохицуулалт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэсэн заалт нь шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болохоос, албадлагын арга хэмжээ огт хэрэглэхгүй байж болно гэсэн зохицуулалт биш гэж ойлгогдож байна. Дээрх заалтаас үзэхэд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан байхад Б.М- гэм буруутай үйлдэлд ял оногдуулахгүйгээр шийдвэрлэхдээ албадлагын арга хэмжээ хэрэглээгүй бөгөөд хэрэглэх шаардлагагүй гэсэн үндэслэлээ шийдвэртээ дурьдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж тайлбарлах зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.М- өмгөөлөгч Ч.Мөнхсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М- хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирол төлбөртэй холбогдуулж тухайн компаниас гомдол, санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрэгт 2018 оны 7 дугаар сараас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, шалгагдаж эхэлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхдээ Б.М- хувийн байдал, гэмт хэргийн тохиолдлын шинжтэй үүссэн нөхцөл байдал, мөн Б.М- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны хүүхдүүдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон зэргийг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...тэнсэж болно...” гэж тогтоосон байсан. Завших гэмт хэргийн нөхцөл байдал нь компани, иргэд хоорондын эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээтэй холбоотой байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаахдаа анхан шатны шүүхээс бараа материал дутаасан асуудалд гэмт хэргийн шинж байгаа юу, гэмт хэргийн шинж байхгүй байна гэх талаар яригдаж байсан. Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авахад өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Б.М- нь 2017 оноос эхлэн мөрдөгчид байнга бүртгүүлдэг байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.М- “............” ХХК-д борлуулагч жолоочоор ажиллаж байхдаа нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Б.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Ингэж шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэснийг хэрэглэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулгаас үзэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүй хугацаа тогтоож тэнссэн тохиолдолд, цаашид гарах хууль зүйн үр дагаврыг заавал хамтад нь шийдвэрлэж байхаар байна.

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.М- тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл үүсэх үр дагаврыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ огт хэрэглээгүй нь буруу.

            Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “тогтоож болно” гэснийг “тогтооно” гэж өөрчлөн дээрх асуудлыг заавал шийдвэрлэж байхаар илүү тодорхой болгон хуульчилж, энэ хуулийг 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна. 

Хэдийгээр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх үед Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлээгүй байсан боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн тохирох хэсэгтэй хамт хэрэглэж ирсэн практик тогтсон байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн шинэ зохицуулалттай нийцэх юм.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмж, эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан учир ... албадлагын арга хэмжээ хэрэглээгүй ...  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн тул анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ