| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0388/З |
| Дугаар | 221/МА2026/0164 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0164
В.С*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мө
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, Б.О*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: В.С*******
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Д.Ч*******
Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч: Э.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэгч Б.Т*******ийн 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас иргэн В.С*******т учирсан хохирол болох 69.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0749 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, Б.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0388/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч В.С*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэгч Б.Т*******ийн 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас иргэн В.С*******т учирсан хохирол болох 69.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0749 дүгээр шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн гудамж 1213б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18652310747664 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, 700 м.кв газар өмчлөх эрхийг В.С*******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгч В.С*******т учирсан хохирол 69.000.000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, Б.О******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай газрын улсын бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар гаргасан иргэн В.С*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй.
Учир нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай газрын өмчлөлтэй холбоотой маргаан захиргааны хэргийн 3 шатны шүүхээр, тодруулбал Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаартай захирамжийн К.Эд 1213б тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэснийг мэдсээр байж иргэн Ц.П******* нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн 3.Мад маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн.
Иргэн Ц.П*******, З.М нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний 4.1-т “Бэлэглэгч тал эрхийн зөрчилгүй биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй газрыг шилжүүлэх үүрэгтэй”, мөн гэрээний 5.1-т “Бэлэглэгч нь бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс болж уг газрын өмчлөх эрх бусад өмчлөгчид шилжин бүртгэгдэх үндэс болсон.
Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэдэг. Гэтэл маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн гэрээ хэлцлүүд гэрээний үүргээ зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээгээр өмчлөх эрх шилжсэн нь харагдаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-т “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна” гэж тус тус заасан нь мэдүүлэг гаргагч хуулийн шаардлага хангасан, ямар нэгэн эрхийн зөрчилгүй нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хуулиар үүрэгжүүлсэн тул энэ заалтыг зөрчсөн тал хохирлыг арилгах үүргийг хуулиар хүлээх үүрэгтэй.
Гэтэл газрын өмчлөх эрхийг олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсоныг мэдсээр байж хамаарал бүхий этгээдүүд урьдаас үгсэн хуйвалдаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг гуйвуулан бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээгээр газрын өмчлөх эрхийг шилжүүлэн, эцэст нь иргэн В.С*******т 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 69.000.000 төгрөгөөр худалдан бүртгэл хийлгэснийг шүүхийн шийдвэрт дурдсан атлаа бодит байдлыг гуйвуулан 69.000.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж авсан иргэн нь тодорхой байхад улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
3.2.Өмчийн харилцааны газраас ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дүгээр албан бичиг хувийн хэрэгт авагдсан байхад улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “шүүх, арбитрын шийдвэр гарсан”, 14.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон” бол бүртгэлийг хаах заалтыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлийг хаахдаа хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр, шүүхийн шийдвэр, эрхийн улсын бүртгэлийг хаах тухай хүсэлт, бусад холбогдох нотлох баримтуудыг хавсарган мэдүүлэг гаргаснаар эрхийн улсын бүртгэлийг хаах хуулийн зохицуулалттай бөгөөд өнөөдрийн байдлаар уг эрхийн улсын бүртгэлийг хаалгахаар мэдүүлэг гаргаж байгаагүй.
Түүнчлэн иргэн В.С*******ийн өмчлөлд маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх үед Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол хувийн хэрэгт авагдаагүй байсан бөгөөд мөн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дугаар албан бичигт газрын өмчлөх эрх дуусгавар болсон талаарх шүүхийн шийдвэр болон газрын өмчлөх эрхийг дуусгавар болгосон Засаг даргын захирамжийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлж эрхийн улсын бүртгэлийг хаалгах арга хэмжээг авч ажиллаагүйн улмаас улсын бүртгэл хүчинтэй хэвээр байсан байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “...хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар нэгжид ажлын 3 хоногийн дотор ирүүлнэ” гэж хуульчилсан. Гэтэл нэгэнт эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгож, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагаас шүүхийн шийдвэрийг ирүүлээгүй байхад улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг хувийн хэрэгт шаардаж аваагүй, бүртгэлийн хувийн хэрэгт нотлох баримтыг дутуу хөтөлсөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4-т зааснаар бүртгэлийг хаах шийдвэрийг гаргаагүй гэж буруутгасан нь хуулийг буруу хэрэглэсэн, зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Учир нь улсын бүртгэлийн байгууллага нь хэргийн оролцогчоор газрын маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцоогүй тул холбогдох шийдвэрийг шүүхээс болон хэргийн оролцогчдоос улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр бүрийг өөрсдийн санаачилгаар шаардан авч хувийн хэрэгт нотлох баримтаар авах боломжгүй.
3.3.Дээрх маргаан бүхий бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч нэгэнт эрх зүйн үр дагаваргүй болсон бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0749 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
1.Иргэн М.С*******ээс анх нэхэмжлэлийн нэг шаардлагаа “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, 1213б тоотод байрлах нэгж талбарын 18652310747664 тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын өмчлөх эрхийг Д.Ч*******аас өөрт нь шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн улсын бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсоны дагуу шүүгчийн 2025 оны 2990 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, хэдийгээр шийдвэрт нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь үндэслэлтэй ч, илт хууль бус болохыг тогтоосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.
Иргэн Н.Э*******аас гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дүгээр дүгнэлтээр “...газар өмчлүүлсэн захирамж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон” гэх үндэслэлээр дээрх бүртгэлийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч В.С*******ээс тухайн үед энэхүү дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 635 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 665 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх атал маргаан бүхий бүртгэл улсын байцаагчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд хүчинтэй үйлчилж байснаас үзэхэд бүртгэлийг илт хууль бусад тооцох бус харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй.
Түүнчлэн нэгэнт хүчингүй болсон бүртгэлтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар “...тухайн актыг …хүчингүй болгосон, …бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжтой, нэхэмжлэгч В.С*******ээс ч энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх хүчингүй болсон бүртгэлийг илт хууль бусад тооцож хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
2.Үйл баримтын хувьд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар дээрх хаягт байрлах 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх К.Эд эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар захирамжаар түүнд болон гэр бүлийн гишүүд болох нөхөр Д.О***, хүүхэд Э.Н***, Э.Т*** нарт өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон талаар,
-өмчлөх эрх 2007 онд К.Энхжаргалаас Х.Н***д, 2012 онд Х.Н***гаас Ц.П***т, 2023 онд Ц.П***аас З.М***д, З.М***аас Д.Ч***д, Д.Ч***наас одоогийн нэхэмжлэгч В.С***т шилжүүлснийг тухай бүр бүртгэсэн талаар,
3-т Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 94А дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны мөн оны 216 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 392, нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар захирамжийн К.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн талаар болон хариуцагчийн давж заалдах гомдолд тусгагдсан Өмчийн харилцааны газраас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9/1874 дүгээр албан бичгийг тус газар хэзээ хүлээн авсан, удирдлагын цохолт хэрхэн хийгдсэн байдал, мөн уг албан бичгийн бүртгэлийн хувийн хэрэгт орсон огноо зэргийг тодорхой дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс давж заалдах гомдолдоо дээрх албан бичгийг “…Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэр биш, мөн эрхийн улсын бүртгэлийг хаалгахаар мэдүүлэг гаргаж байгаагүй, 2023 онд иргэн Ц.П***аас бэлэглэлийн гэрээгээр газар өмчлөх эрхээ З.М***ад шилжүүлэх хүсэлт гаргах үед Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 216 дугаар тогтоол хувийн хэрэгт авагдаагүй байсан…” гэх зэргээр маргах бөгөөд эрхийн улсын бүртгэлийг хаах нэг тохиолдлыг уг хуулийн 14.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон” гэж тодорхойлсон,
-Өмчийн харилцааны газрын уг албан бичгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох шатны шүүхийн болон нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрх нь хүчингүй болсон иргэдийн судалгааг хүргүүлсэний хавсралтын 1-д К.Эын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1213б тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөх эрхийг “нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжаар хүчингүй болгосон”, үндэслэлийн хувьд “шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, эргэж захирамжид орохгүй” гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд харилцааны хувьд газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх бүхий этгээд нь нийслэлийн Засаг дарга бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарласанчилан улсын бүртгэлийг хаалгах мэдүүлэг гаргасан байхыг шаардахгүй.
Учир нь дээрх хуулийн 14.1 дэх хэсэгт “…улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана” гэж заасан нь хэрэв “холбогдох нотлох баримт” байх тохиолдолд заавал өргөдөл, дүгнэлтийн шаардлагагүйгээр бүртгэлийг хаах эрх улсын бүртгэгчид олгогдсон гэсэн агуулгаар тайлбарлагдана.
3.Мөн гомдолд нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгуулах тухай” А/201 дүгээр захирамжийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлж, эрхийн улсын бүртгэлийг хаалгах арга хэмжээ авч ажиллаагүй…” гэх боловч энэ нь шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “…Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар шийдвэрийг хэрэгжүүлж, нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжаар К.Эын 1213б тоот хаягтай 700 м.кв газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, уг шийдвэрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн нь эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тухайн үед авагдсан байна…” гэсэн дүгнэлтээр няцаагдаж байна.
Иймд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дээрх мэдээлэл бүртгэлийн хувийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тухайн үед Н.Э****ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Ц.П***ын “…анхан шатны шүүхийн 2014 оны 94А шийдвэрт Н.Э***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 305 дугаар магадлалаар уг маргаан эцэслэгдсэн…” гэх улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлсэн хүсэлт, мэдүүлгийг үндэслэж хүчингүй болсон газар өмчлөх эрхийг хүчинтэй мэтээр нэр бүхий иргэдэд, тухайлбал сүүлийн 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Б.Ч***аас нэхэмжлэгч В.С*******т шилжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзнэ.
4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцна", 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” чиг үүрэгтэй, 19 дүгээр зүйлийн 19.4.1-т улсын бүртгэгч “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.11-т “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” эрх, үүрэгтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д "мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна" гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч В.С*** нь өөрт учирсан хохирлыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас илүүтэй эрхийн зөрчилтэй өмчлөх эрхийг захиргааны байгууллагыг хууран мэхлэх замаар Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэхийг хүссэн этгээдээс нэхэмжлэхээр байна.
Тухайлбал Д.Ч***, В.С******* нарын хооронд байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээнд үнийн дүнг 50.0 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон боловч бодит байдалд 69.0 сая төгрөгийг Д.Ч***ний төрсөн дүү, уг газрын анхны өмчлөгчдийн нэг К.Эын нөхөр болох Д.О***ны Голомт банкан дахь дансанд бэлэн бусаар шилжүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т, Ц.П*** шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон өөрийн газар өмчлөх эрхийг мэдсээр байж З.М***ад бэлэглэлийн журмаар шилжүүлсэн үйл баримтын талаар Үндэслэх хэсгийн 16-д тус тус дүгнэсэн атлаа гэрээний үнийн дүн болох 69.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, мөн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан эх хувиас хуулбарласан нотлох баримтууд хуурамч биш, харин тухайн үед бүртгэлийн хувийн хэргийн баримтууд бүрэн бус байсан нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах үр дагаварт хүргэхгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 261 дүгээр зүйлийн 261.1-т “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж заасны дагуу В.С******* хохирлоо иргэний журмаар шаардан гаргуулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 749 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.11-т заасныг баримтлан иргэн В.С***ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж, 1213б тоотод байрлах нэгж талбарын 18652310747664 тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-2204005441 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын өмчлөх эрхийг Д.Ч***аас өөрт нь шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн улсын бүртгэлийг хууль бус байсан болох”-ыг тогтоож, үлдсэн “захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас өөрт учирсан хохирол болох 69.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтын “...47.1…” гэснийг “47.2”, “…70.200…” гэснийг “35.100” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, Б.О******* нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН