Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 456

 

                 129/ШШ2020/00456

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: А.А.С.Х.А.А-нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  холбогдох

2.453.392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-,  прокурор Ш.Н, иргэдийн төлөөлөгч С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙОХ нь:

Нэхэмжлэгч А.А.С.Х.А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 07 тоот удирдамж, Прокурорын газрын 2019 оны 2/540 тоот албан бичгийн дагуу 2019 оны 05 сарын 02-ноос 05 сарын 06-ний өдрийг хүртэлх хугацаанд Чулуут сумын сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2018/00993 дугаар шийдвэрийн дагуу 2019 онд төсвөөс Ц.Мын ажилгүй байх хугацааны цалин хөлсийг 2453392 төгрөгийг олгосон зөрчил илэрсэн. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17/02/17/03/66 дугаартай улсын ахлах байцаагчийн акт тавьж, Чулуут сумын Засаг дарга П.Ж-аар 2453392 /хоёр сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар хуульчилсан байх тул Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж-аар 2453392 / хоёр сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт аудитын албанд аймгийн Прокурорын газраас 2019 оны 03 сарын 29-ны өдөр 2/540 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Энэ албан бичигт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай заасан байсан. Тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016, 2017, 2018 онд төрийн байгууллагын ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр халсны улмаас тухайн ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байдлыг судлахад, дээрх хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр зарим нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажиллаагүй, цалин хөлсийг нөхөн олговрыг шийдүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар" хуульчилсан байдаг. Иймд хавсралтанд заасан албан тушаалтануудаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч 2019 оны 04 дүгээр сарын 20-ны дотор хариу мэдэгдэнэ үү? гэсэн прокурорын албан бичиг ирсэн. Үүний дагуу манайх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр удирдамж боловсруулсан. Удирдамжийн дагуу Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу 2016 оны 107 дугаар тушаалд батлагдсан санхүүгийн хяналтын стандарт, Санхүүгийн аудитын хяналтын дүрэм зэргийг үндэслэн хяналт шалгалтыг явуулсан.  Хяналт шалгалтыг явуулж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот удирдамжийг боловсруулж, төрийн байгууллагуудын хооронд дотоод сүлжээгээр сумдад илгээсэн. Сумдад илгээгээд 2017 оны баримтыг гаргуулан авч түүвэрэлсэн хяналт шалгалтыг хийсэн. Шалгалт явуулах удирдамжаа Засаг дарга болон тамгын газрын дарга Махгалсүрэн нарт танилцуулж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийх явцад дээрх шийдвэрийн дагуу Мад олгосон цалин хөлс дээр акт тогтоосон. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрт “Мын ажилгүй байх  хугацааны цалин хөлс 2,180,794 төгрөгийг Чулуут сумын засаг даргаар нөхөн төлүүлэхээр” шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж 2,453,392 төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэний хуулийн этгээдийн хохиролыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дах хэсэгт “Хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийн үр ашигтай хэмнэлттэй зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн. Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дах хэсэгт “Аж ахуй нэгж байгууллага, иргэний хууль бусаар олсон орлогыг акт үйлдэж улсын орлого болгоно. Түүнчлэн бусдад учирсан хохиролыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэсэн заалт, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны дээд шатны байгууллага, дотоод аудитын алба хариуцна. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5 дах хэсэгт Санхүүгийн хяналт аудитын улсын ахлах байцаагч шалгалтаар тогтооосон ажлын үр дүн, зөрчил түүнийг арилгах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтаны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэснийг үндэслэн 2019 оны 04 сарын 29-нд Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгосон 2,180,794 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 272,598 төгрөг, нийт 2,453,392 төгрөгийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан болох Чулуут сумын Засаг дарга Жаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Засаг даргын тамгын газрын дарга асан Мад цалин хөлс олгосон 2,180,794 төгрөгийг ажил олгогчийн шиммтгэл 272,598 төгрөг, нийт 2.453,392 төгрөгийг Чулуут сумын Тамгын газрын төсвийн орлогод төвлөрүүлэх, актыг 2019 оны 07 сарын 01-ний өдрийн дотор биелүүлж албан бичгээр хариу өгөх үүргийг Жд даалгасан.  Актыг Чулуут сумын Засаг дарга нь тухайн үед танилцаж зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа гэв. 

Прокурор Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А.С.Х.А.А ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга Жд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокуророор оролцож байна. Архангай аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 993 дугаартай шийдвэрээр Ц.Мын ажилгүй байсан хугацааны буюу үндэслэлгүйгээр ажлаас халагдсан байх хугацааны цалин хөлс болох 2,453,392 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төсвөөс тухайн мөнгөн дүнг нэхэмжлэгч Мад олгосон эсэх, төрд хохирол учирсан эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу шалгасан. Шалгаад улсын ахлах байцаагч С, улсын байцаагч М нарын 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 17/02, 17/03/66 дугаартай акт тавигдсан байдаг Актаар тухайн албан тушаалтан буюу Засаг дарга Жы үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд 2,453,392 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон. Акт болон хяналт шалгалтын ажиллагаа хууль журмын дагуу явагдсан. Уг актыг Чулуут сумын Засаг дарга Ж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Мөн ярилцлагын тэмдэглэлд санал хүсэлтгүй гэж гарын үсэг зурсан. Актаар тогтоосон төлбөрийг төрд барагдуулаагүй учир Санхүүгийн хяналтын аудитын албанаас 2020 оны 02 сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны еренхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт гэм буруутай албан тушаалтанаар хохирлыг төлүүлэхээр заасан байгаа учир үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд учруулсан 2,453,392 тегрөгийг Чулуут сумын Засаг дарга Жаргалсайхнаас гаргуулж улсын төсөвт төвлөрүүлж, төрд учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А.С.Х.А.А-нь хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж-д холбогдуулан 2.453.392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж-д нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж- нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болно. 

Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч П.Ж-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгджээ. Гэвч хариуцагч П.Ж- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар хүсэлт гаргаагүй болно. 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2018/00993 дугаартай шийдвэрийн дагуу 2019 онд төсвөөс Ц.Мын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 2.453.392 төгрөгийг олгосон зөрчилд Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17/02/17/03/66 дугаартай акт тавьж, Чулуут сумын Засаг дарга П.Ж-аар уг 2453392 /хоёр сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулахаар тогтоожээ. 

Тухайн актад хариуцагч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байх тул А.А.С.Х.А.А-нь хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж-д холбогдуулан 2.453.392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гардан авснаас хойш хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа ирүүлээгүй байна. 

Иймд хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж- нь шүүхэд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж-аас 2.453.392 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ. 

Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ “Үндэслэлтэй байна” гэсэн болно. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хариуцагч П.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 54.204 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч П.Ж-с 2.453.392 төгрөгийг гаргуулж Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч П.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 54.204 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН  

                                ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                      Д.ЭЛБЭГЗАЯА