Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2013/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Хэргийн индекс: 171/2012/03/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч С.У.ын өмгөөлөгч Ж.Туяа,

Хохирогч Б.Б., Н.Г.,

Шүүгдэгч *******, С.У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******, Б овогт С.У. нарт холбогдох 201209000394 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .. сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт ******* /..-../

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын... дугаар баг .... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С.У. /.../

 

Шүүгдэгч *******, С.У. нар нь бүлэглэн

 -2012 оны 6  дугаар сарын 19-ны өдөр Н.Г.ын гэрээс LCD телевизор, 1 шил Сангра дарс, 2 шил 0,5 литрийн Хар Чингис архи, бэлэн 665,000 төгрөгийг хулгайлж, 1236900 төгрөгийн хохирол учруулсан,

-2012 оны 7 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ц.Ц.гийн машины шилийг хагалж, хаалгыг нь онгойлгон орж машины хөгжим, цамц хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн З.Т.ы автомашины цонхыг хагалсан гэмт хэрэгт,

Яллагдагч ******* нь 2011 оны 4 сараас 2012 оны 7 сарын 10-ны өдөр хүртэл “Ивээл” кафе болон Б.Б.ы гэрээс үргэлжилсэн үйлдлээр хулгай хийж, 5.233.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2012 оны 7 сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Б.Бадамын гэрээс богино савхин куртик, DVD тоглуулагч, жинсэн өмд зэрэг эд зүйл хулгайлж,  287.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ulambayar Eruu-145.2.docx

-2012 оны 7 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Т.С.гийн гэрээс 21 инчийн Хятад улсад үйлдвэрлэсэн телевизор хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:           

 

Шүүгдэгч *******гөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.Б. ахын кафегаас удаа дараа хулгай хийсэн, мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд Бадам эгчийн гэрээс хулгай хийсэн, С.гийн гэрээс зурагт хулгайлсан нь үнэн. Харин Н.Г.ын гэрээс хулгай хийгээгүй, мөн Ц.Ц., З.Т. нарын автомашины шилийг хагалж хулгай хийгээгүй. Энэ хэргүүдийг мөрдөн байцаагч зодож хүлээлгэсэн хэрэг. Мөрдөн байцаагч зодож байсан талаар өмгөөлөгч, прокурорт огт хэлж байгаагүй, өнөөдөр л энд хэлж байна. Б.Б. ахаас уучлалт гуйж байна, ахынхаа итгэлийг алдахгүй ажил төрөл хийж сайхан амьдарна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.У.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд *******тэй хамт хулгай хийж байгаагүй бөгөөд мөрдөн байцаагч дарамталж хэрэг хүлээлгэсэн. Мөрдөн байцаагч дарамталсан гэж өмгөөлөгч, прокурор, шүүгчид хэлж болохгүй гэдэг байсан учир би өмнө нь энэ талаар хэлж байгаагүй. Миний хувьд *******г гэмт хэрэг хийсэн гэж гүтгэх ноцтой шалтгаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг би зохиогоод л яриад байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* нь манай хамаатаны хүүхэд байгаа юм. Манай “Ивээл” кафегаас удаа дараа эд зүйл алдагдаад эзэн нь олдохгүй байсан учир камер тавьж, уг хэргийг ******* үйлдэж байгааг анх мэдсэн юм. Нийт 5.233.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хүүхдийн ар гэрийн амьдрал нь хүнд гэдгийг сайн мэдэх учир *******-гөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, харин надад өртэй гэж бодож явах хэрэгтэй. Хэрэгт холбогдсоны нь дараа хадам нь гээд нэг хүн хувцсыг нь манайд авчирч өгөөд явсан. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй учир миний дүүгийн ял шийтгэлийг хөнгөлж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Н.Г.оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай гэрийн жижиг өрөөний цонхыг авч тавиад гэрт орж 32 инчийн LCD телевизор, телевизорын доод шургуулганд байсан 665.000 төгрөг, 2 шил архи, 1 сангра дарс авсан байсан. 665.000 төгрөг нь манай эхнэрийн жирэмсний листний мөнгөнөөс үлдсэн байсан юм. С.У. нь мөрдөн байцаагч, өмгөөлөгчтэй ирээд манайхыг өөрөө зааж өгсөн. Өөрөө ингэсэн тэгсэн гээд, мөн манай гэрт Етэй хамт орж хулгай хийсэн талаараа ярьсан. Манай гэрийн жижиг өрөөнд ор, хуучны шкаф, жижиг намхан шкаф, 2 ширхэг компьютер, тоос сорогч, том өрөөнд хар цагаантай өндөр, хоёр талаараа шилэн, доороо намхан тавцантай тавилга байгаа тэр тавиур дээр нь телевизор байсан. Би гомдолтой, сэтгэл санаа, эд материалаараа хохироод хэцүү л байна. Нийт 1.236.900 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

            -Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Б. ахын кафегаас удаа дараа хулгай хийсэн, мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд Бадам эгчийн гэрээс хулгай хийсэн, С.гийн гэрээс зурагт хулгайлсан нь үнэн. Харин Н.Г.ын гэрээс хулгай хийгээгүй, мөн Ц.Ц., З.Т. нарын автомашины шилийг хагалж хулгай хийгээгүй. Энэ хэргүүдийг мөрдөн байцаагч зодож хүлээлгэсэн хэрэг. Мөрдөн байцаагч зодож байсан талаар өмгөөлөгч, прокурорт огт хэлж байгаагүй, өнөөдөр л энд хэлж байна.” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч С.У.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд *******тэй хамт хулгай хийж байгаагүй бөгөөд мөрдөн байцаагч дарамталж хэрэг хүлээлгэсэн. Намайг дарамталсан гэж өмгөөлөгч, прокурор, шүүгчид хэлж болохгүй гэдэг байсан учир би өмнө нь энэ талаар хэлж байгаагүй. Миний хувьд *******г гэмт хэрэг хийсэн гэж гүтгэх ноцтой шалтгаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг би зохиогоод л яриад байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

            -Хохирогч Б.Б.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* нь манай хамаатаны хүүхэд бөгөөд манай “Ивээл” кафегаас удаа дараа хулгай хийж, нийт 5233.000 төгрөгийн хохирол учирсан. Ар гэрийн амьдрал нь хүнд учир хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

            -Хохирогч Н.Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай гэрийн жижиг өрөөний цонхоор ороод LCD телевизор, телевизорын доод шургуулганд байсан 665.000 төгрөг, 2 шил архи, 1 сангра дарс алдагдсан байсан. 665.000 төгрөг нь манай эхнэрийн жирэмсний листний мөнгөнөөс үлдсэн байсан юм. С.У. нь мөрдөн байцаагч, өмгөөлөгчтэй ирээд манайхыг өөрөө зааж өгсөн. Өөрөө ингэсэн тэгсэн гээд, мөн манай гэрт Етэй хамт орж хулгай хийсэн талаараа ярьсан. Манай гэрийн жижиг өрөөнд ор, хуучны шкаф, жижиг намхан шкаф, 2 ширхэг компьютер, тоос сорогч, том өрөөнд хар цагаантай өндөр, хоёр талаараа шилэн, доороо намхан тавцантай тавилга байгаа тэр тавиур дээр нь телевизор байсан. Би гомдолтой, сэтгэл санаа, эд материалын хохиролтой. Нийт 1.236.900 төгрөгийн нэхэмжилж байна.” гэв.

            -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хэргийн 16-17, 19 дэх тал/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18, 20, 28, 32 дахь тал/,

            -С.У.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 25-26/,

            -Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хэргийн 27, 30 дахь тал/,

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 29, 31 дэх тал/,

            -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 40 дэх тал/,

            -Хохирогч Ц.Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012.7.10-2012.7.11-нд шилжих шөнө ажлаар явж байгаад гэртээ шөнийн 2.30 цагт ирээд өөрийн барьж явсан .....ДАХ улсын дугаартай саарал өнгийн тоёота беросса машинаа тавиад гэртээ орж амарсан. ...машины хөгжимний дэлгэцийг 2012.5 сард 350.000 төгрөг, цамцыг 2012.5 сард 50000 төгрөгөөр авч байсан. Мөн машины цонхны шилийг 40000 төгрөгөөр, нийт 440.000  төгрөгний хохирол учруулсан. “гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

            -Иргэний нэхэмжлэгч З.Т.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012.7.10-11-нд шилжих шөнө машинаа байрныхаа гадаа тавьсан байсан чинь өглөө 8 цагийн үед миний машины жижиг цонхыг хагалаад арын суудал дээр хүндэрчихсэн байсан.  Өөр алдагдсан зүйл байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би 8 сарын сүүлээр Солонгос руу сургуульдаа явах учир хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцож чадахгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 48 дахь тал/,

            -Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012.7.10-ны өдөр Жавхлант суманд байдаг гэрээ очиж үзэхээр ирсэн чинь манай гэрийн цонхыг хагалсан байсан. Ингээд би гэрээ онгойлгоод үзэхэд манай гэрийн 2011 оны 9 сард авсан 45000 төгрөгний үнэтэй хятад улсад үйлдвэрлэгдсэн DVD тоглуулагч, 220.000 төгрөгний үнэтэй ногоон элгэн савхин куртка, ганц удаа ч өмсөөгүй 22000 төгрөгний үнэтэй цэнхэр өнгийн жинсэн өмдийг хулгай хийгээд авчихсан байхаар нь би энэ талаар өөрийн хэсгийн төлөөлөгч ахмад Ө-т хэлсэн.  ...цонх шиллүүлсэн 20000 төгрөг, 22000 төгрөгийн жинсэн өмд, цагдаагийн байгууллага руу дээрхи хэргийн учир ирж асуугдах үед Жавхлантаас нааш цааш явсан таксины мөнгө 12000 төгрөг, нийт 54000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг  /хэргийн 50 дахь тал/,

            -Хохирогч Т.С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 7 сард өөрийн гэрээсээ хөдөө мал руугаа явсан. Тэгээд гэрт эзэнгүй шахуу байж байсан чинь манай гэрт хулгай орж 21 инчийн зурагтыг маань хулгай хийчихсэн байсан. ...ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52 дахь тал/,

            -Гэрч Ш.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 7 сарын дундуур наадмын өмнө намайг зах дээр лангуун дээрээ зогсож байхад 18-20 насны нэг хүүхэд ирээд би хөдөө явах гэж байгаа юм, надад мөнгө хэрэг болоод байна. 90 ампертай 1 ширхэг аккумлятор, түрдэг хөрөө байна авах уу? гэсэн. Тэгэхээр нь би үзье гэсэн. Над дээр аваад ирсэн 90 ампертай аккумлятор нь атлас гэсэн нэртэй, хөрөө нь цэнхэр өнгийн түрдэг хөрөө байсан. Тэгэхээр нь би аккумлятор, хөрөө хоёрыг нь 35000 төгрөгөөр авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 62 дахь тал/,

            -Гэрч Г.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012.7.26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ..-р баг дээр эргүүлийн үүргийг цагдаа, дэд ахлагч П.А-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан чинь Сүхбаатар сумын ..-р багийн нутаг дэвсгэрт таксины зогсоол дээр нэг зурагт тэвэрсэн залуу өдөр 14 цагийн үед зогсож байхаар нь хаанаас явж байгаа юм бэ? гэсэн чинь эгчийн гэрээс зурагт аваад Дархан явах гэж байгаа юм гэхээр нь бичиг баримт, биеийн байцаалтыг асуусан чинь надад бичиг баримт байхгүй гээд нэрээ Буянаа гэдэг гэж хэлсэн. Тэгээд албан ёсоор шалгуулахаар саатуулан шалгаж үзэхэд мөрдөн байцаах тасагт хулгайн хэргээр шалгагдаж байсан ******* гэдэг залуу байсан тул холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 63 дахь тал/,

            -Гэрч Б.Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Елт гэдэг залууг Цагдаагийн гадаа цагдаа нар барьсан. Елт нэг зурагт барьсан явж байхаар нь харсан чинь манай эгчийн зурагт байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 64 дэх тал/,

            -Гэрч П.А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Цэрэндорж цагдаатай цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан чинь “Гурван мэргэд” захын хажуу талын таксины зогсоол дээр нэг зурагт тэвэрсэн залуу явж байхаар нь Цэрэндорж бид хоёр шалгах үед өөрийнхөө нэрийг буруу хэлж, эгчийн зурагт байгаа юм гэж ярьсан. Тэгээд шалгаж үзэхэд Цагдаагийн газар хулгайн хэргээр шалгагдаж байсан залуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 68 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

            Шүүгдэгч С.У., ******* нар нь мөрдөн байцаагч байцаалтын өрөөнд хамт оруулж, дарамталж мэдүүлэг авсан гэх боловч С.У. нь сэжигтэнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөх бүрт өмгөөлөгч С.Т оролцож байсан, ******* нь Р.А, Ө.Ө зэрэг өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулж байсан, мөн             С.У. нь сэжигтэн болон яллагдагчаар 2012 оны 7 сарын 27, 7 сарын 28, 8 сарын 9, 10 сарын 4-ны өдөр, ******* нь сэжигтэн болон яллагдагчаар 7 сарын 25, 7 сарын 26, 8 сарын 2, 8 сарын 8, 8 сарын 24, 10 сарын 10-ны өдөр мэдүүлэг өгч байсан байх тул *******, С.У. нарын байцаагч дарамталж байсан, нэг өдөр хамт байцаалт авч хэрэг хүлээлгэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******, С.У. нар нь бүлэглэн хохирогч Н.Г.ын гэрээс LCD телевизор, сангра дарс, 0,5 литрийн архи 2 ширхэгийг хулгайлж, 571900 төгрөгийн хохирол учруулсан болох нь сэжигтэн С.У.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч Н.Г.ын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

             Хохирогч Н.Г. нь эхнэрийн жирэмсний амралтын мөнгөний үлдэгдэл 665,000 төгрөг алдагдсан гэх боловч тийм хэмжээний мөнгө Н.Г.ын гэрт байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул *******, С.У. нарт холбогдох хэргээс Н.Г.ын гэрээс 665,000 төгрөг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******, С.У. нар нь бүлэглэн, Н.Г.ын орон байранд нэвтэрч LCD телевизор, 1 шил Сангра дарс, 2 шил 0,5 литрийн Хар Чингис архи зэргийг хулгайлж, 571900 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 7 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ц.Ц.гийн машины шилийг хагалж, хаалгыг нь онгойлгон орж машины хөгжим, цамц хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн З.Т.ы автомашины цонхыг хагалсан, шүүгдэгч ******* нь 2011 оны 4 сараас 2012 оны 7 сарын 10-ны өдөр хүртэл “Ивээл” кафе болон Б.Б.ы гэрээс үргэлжилсэн үйлдлээр хулгай хийж, 5233.000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 7 сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Б.Бадамын гэрээс богино савхин куртик, DVD тоглуулагч, жинсэн өмд зэрэг эд зүйл хулгайлж,  287.000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 7 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Т.С.гийн гэрээс 21 инчийн Хятад улсад үйлдвэрлэсэн телевизор хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

 Иймд шүүгдэгч *******, С.У. нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн, хохирогч Б.Б., Т.С., Ц.Ц., З.Т. нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Н.Г.од учирсан 571900 төгрөгийн хохирлоос 363.000 төгрөгийг С.У. төлсөн байх тул үлдэх 208900 төгрөгийг шүүгдэгч *******гөөс гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суух Н.Г.од олгох нь зүйтэй.

            Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст тэд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 135, 139 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч *******, С.У. нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, *******.гийн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******-д 6 сарын хугацаагаар баривчлах, С.У.т 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 2012 оны 7 сарын 26-ны өдрөөс эхлэн 160 хоног, С.У. нь 2012 оны 7 сарын 27-ны өдрөөс эхлэн 159 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. Шүүгдэгч С.У. нь 159 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар баривчлах ялыг бүрэн эдэлж дууссан гэж үзэх үндэстэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг түлхүүрийг хохирогч Б.Б. буцаан авах хүсэлт гаргаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б.д буцаан олгож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286,  290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан *******, С.У. нарт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201209000394 тоот эрүүгийн хэргээс Н.Г.ын гэрээс 665.000 төгрөг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Б овогт *******, Б овогт С.У. нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б овогт *******г эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах, шүүгдэгч Б овогт С.У.ыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/, шүүгдэгч С.У.ын цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******.гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 208900 /хоёр зуун найман мянган есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг ... тоотод оршин суух Н.Г.од олгосугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 8 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б.д олгосугай.

 

            7. С.У. нь ялаа биечлэн эдэлж дууссан бөгөөд энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч З.Т., хохирогч Б.Бадам, Б.Б., Ц.Ц., Т.С. нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.У.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            9. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

 

            10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******-д цагдан хорих, С.У.т бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Я.ТУУЛ