Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0129/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** , 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Д.Оюунчимэг, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000177 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр  *** төрсөн,  *** настай, *** , бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй 

Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотод өөрийн төрсөн дүү ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж, улмаар түүнийг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
           -Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн орой *** ын гэрт хоол хийгээд байж байсан. Дүү ***  гаднаас орж ирээд намайг гэрээсээ хөөж, хоол хийж байсан хутгыг авч өөрөө хоол хийж иднэ гээд надтай хутга  булаацалдсан.  Тэгээд  орон  дээр  давхралдаад  унасан.  Гэтэл гаднаас ээж орж ирээд чи дүүгээ хутгалчихсан байна гэсэн.” гэх мэдүүлэг,
           -Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр найз охинтойгоо архи ууж байгаад гэртээ орж иртэл ***  гал тогоонд мах хэрчээд, хоол хийх гээд зогсож байсан. Би тэгэхээр нь гэр рүүгээ зайл, би хоолоо хийнэ гэж хэлсэн. Тэгээд хутгыг нь булаацалдсан нэг мэдсэн доошоо харж хэвтээд юм ярьж чадахгүй байсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Ажлаа хийгээд явж байна.  Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг  

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5, 7-8 дахь тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 6 дахь тал/,
-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр намайг ажлаасаа буугаад орой 19 цагийн үед би гэртээ  харьтал гэрт хүү *** том өрөөнд шалан дээр доошоо хараад хэвтчихсэн “ээж  түргэн дуудаад өг, толгой дээр хүйтэн ус хийгээд өг” гэхээр нь би “юу болсон бэ?” гээд өндийлгөхөд зүрх тус газраа хутгалуулсан бололтой цус гарч байхаар нь яаралтай түргэн тусламж дуудаж, түргэний машин ирэхээр нь О*** ыг дагуулаад Ганмандахыг эмнэлэгт хүргэсэн. 
... ***  хажууд нь ор дээр сууж байсан, аав ***  цаана нь орон дээр хэвтчихсэн “наадах чинь өөрөөсөө болсон, хохь нь” гэж хэлсэн.
...юу болсон талаар лавлахад  ***ыг хоол хийж байхад нь ***  “миний байр, чи яв, зайл” гэж хөөгөөд хоорондоо маргалдсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,

-“Шинжилгээнд ирүүлсэн пальтонд уранхай, цоорхой үүссэн байна. Пальтонд 11.5 см, 6.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр, 1.5 см хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 1 см, 1.2 см, 1.9 см, 1.8 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 1279 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-24 дэх тал/,

-“Шинжилгээнд ирүүлсэн хутга болон пальтон дээр цус илэрсэн. Энэ нь АВ IY бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 2487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25 дахь тал/,
-“*** ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, уушиг, үнхэлцэг хальс, зүрхний хатгагдсан шарх, баруун мөрөнд булчин тасарсан гүн шарх, баруун сарвуу, зүүн дал, дух, баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” Гэх 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 246 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дэх тал/,
-Хохирлын талаарх баримтууд /хэргийн 46 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 14 дүгээр байрны 72 тоотод өөрийн төрсөн дүү *** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж, улмаар түүнийг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг учрал болох үед хохирогч *** хын бие махбодид “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, уушиг, үнхэлцэг хальс, зүрхний хатгагдсан шарх, баруун мөрөнд булчин тасарсан гүн шарх, баруун сарвуу, зүүн дал, дух, баруун чамархайд шарх” зэрэг олон тооны шарх, гэмтэл үүссэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

    Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
    Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хэргийн 44 дэх  тал/, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан хорих ял оногдуулж, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөнийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэрэгт 
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар *** ***д 3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***ад оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР

                        ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХЖАРГАЛ

                                                                                                 Я.ТУУЛ