Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 572

 

                     129/ШШ2020/00572

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Л.Э-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: БСУГ-т холбогдох

Буцалтгүй тусламж гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие боловсролын салбарт нийт 35 жил ажиллаад 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан билээ. Тиймээс төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар хүсэлтээ 2019 оны 06 сард гаргасан. Миний гаргасан хүсэлт болон холбогдох материалыг Боловсрол соёл шинжлэх ухааны яам хянаж үзээд 2020 оны Архангай аймгийн БСУГ- төсөвт нэр зааж мөнгө нь тусгагдан ирсэн байдаг. Гэтэл Боловсролын газраас уг мөнгийг олгохгүй байгаа бөгөөд Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг зөрчиж байна. Тиймээс миний төрд 35 жил ажилласан хөдөлмөр хүчийг үргүйдүүлж байгаа Архангай аймгийн БСУГ- төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулж олгож өгнө үү.

Хариуцагч Архангай аймгийн БСУГ- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Э-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Өндөр настны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламжийг Эрдэнэбулган сумын 5 дугаар сургуулиас ирүүлсэн саналын дагуу 2020 оны төсөвт тусгасан болно. Л.Э-ы бүрдүүлж өгсөн материалыг судлан үзэхэд Эрдэнэбулган сумын 5 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан нь тогтоогдсон тул Боловсролын тухай хуулийн дагуу үндсэн орон тоон дээр ажиллаж өндөр насны болон тэтгэвэр тэтгэмж авах болзлыг хангаагүй учир тусламж олгох бололцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөж байсан. Өндөр-Улаан сумын Боловсролын салбарт ажлын гараагаа эхэлж байсан. 1982-2014 он хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, захирал, Хүмүүн цогцолбор сургуулийн технологич, эрхлэгч, Эрдэнэбулган сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн газарзүйн багшаар ажиллаж байгаад 2014-2016 он Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад 2016 онд сонгуулийн үр дүнгээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр намайг халж байсан. Батлагдаагүй орон тоон дээр ажиллаж байна гэсэн үндэслэлээр н.Мөнхбат дарга өөрөө намайг халж байсан. Н.Батмөнх дарга намайг үндсэн ажилтай болгож өгнө гээд 2 дугаар сургуульд хичээлийн зохицуулагч багш гэх орон тоон дээр ажилд авч байсан. Гэтэл тухайн ондоо буюу ажилд орсноос 3 сарын дараа мэргэжлийн хяналт батлагдаагүй орон тоон дээр ажиллаж байна, цаашид ажиллах боломжгүй гээд би ажлаас гараад, Аймгийн үйлдвэрчний холбоо Төрийн бус олон нийтийн байгууллагын бага хурлын даргаар сонгогдож ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа Боловсрол соёлын газрын дарга н.Мөнхбатад би боловсролын байгууллагад 34 жил ажиллачихаад тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй хоцрох нь гэхэд н.Мөнхбат дарга би таныг ямарч байсан хамруулж өгнө та хөдөө орон нутагт ажиллах уу? гэхээр нь би ажиллах боломжгүй гэсэн. Үүний дараа Боловсролын газрын хэлтсийн дарга н.Д нэг өдөр утастдаад та 5 дугаар сургуульд декриттэй багшийн орон дээр ажиллах уу? ямарч байсан 3 жил ажиллах байх та ажиллах хугацаандаа таны тэтгэврийн эрх үүсвэл тэтгэвэр, тэтгэмжээ хөөцөлдөж болох байх гэж бид тохиролцоод би хөдөлмөрийн гэрээ байгуулаад 3 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Гэтэл 8 сарын 26-ны өдөр декритээ авсан багш нь би ажилдаа орох боллоо, хүүхэд харах хүнтэй гэсэн байдаг. Миний бие Боловсролын салбарт нийтдээ 35 жил ажиллаад 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар хүсэлтээ Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд 2019 оны 06 дугаар сард гаргасан. Миний гаргасан хүсэлт болон холбогдох материалуудыг Боловсрол соёл шинжлэх ухааны яам хянаж үзээд 2020 оны Боловсрол соёл урлагын газрын төсөвт нэр заан мөнгө нь тусгагдан ирсэн. Гэтэл Боловсролын газраас уг мөнгийг олгохгүй байгаа бөгөөд Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд болон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг зөрчиж таныг түр ажилтан байсан болохоор тэтгэмж өгөх боломжгүй байна гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Тиймээс миний төрд 35 жил ажилласан хөдөлмөрийг минь үнэгүйдүүлж байгаа боловсролын газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулж өгнө үү гэв.     

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Л.Э- нь төрийн байгууллагын Боловсролын салбарт 35 жил ажилласан. 2020 онд хүсэлт гаргагч Л.Э- нь 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа.  Нэхэмжлэгч Л.Э-д Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албан хаагчдад олгох 1 удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үүссэн. Төрийн албан хаагчдад 1 удаагийн буцалтгүй тусламж олгох журамд Салбарын тухай хууль буюу Боловсролын тухай хуулийг удирдлага болгоно гээд заасан байгаа. Боловсролын тухай хуулийн 45.3 дах хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан хүн энэ тэтгэвэр тэтгэмжийг авах эрх үүснэ гэж заасан байгаа. Энэ дээр түр болон үндсэн албан тушаал гэж заагаагүй байгаа. Нэхэмжлэгч Л.Э-ы ажиллаж байсан ажлын байр нь түр биш байнгын орон тооны ажлын байр байсан. Боловсролын газраас хууль болон тушаал дээр тодорхой заагаад өгчихсөн байхад үндэслэлгүйгээр олгохгүй байгаа нь хууль бус зүйл гэж харагдаж байна. Журмын 2.1 дээр 1 удаагийн буцалтгүй тусламж олгохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн 3 жилийн дундаж цалингийн  хэмжээгээр тогтооно гээд Засгийн газрын тогтоол нь байгаа.  Журмын 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн салбар болон Боловсролын салбараас бусад төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудад 5 жил, түүнээс 3 жил тухайн байгууллагадаа тасралтгүй ажилласан байна гэж заасныг буруу ойлгоод байгаа юм бол уу? гэж бодож байгаа. Нэхэмжлэгч Л.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад байнгын шинжтэй ажлын орон тоон дээр ажилласан байгаа энэ дээр эргэлзээтэй маргахаар зүйл байхгүй байгаа. Боловсролын тухай хуулинд боловсролын байгууллагад 25 жил ажилласан, тухайн байгууллагаасаа тэтгэвэрт гарсан бол тэтгэмжийг олгоно гэж заасан байгаа, түр гэдгийг хуулинд тусгаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулинд заасан үндсэн шаардлагуудыг хангаж байгаа, зөрүүтэй зүйл огт байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас нэхэмжлэгч Л.Э-ы явуулсан материалыг хянаж үзээд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор боловсролын газрын төсөвт суулгаж өгсөн байгаа. Тухайн үндсэн шаардлагуудыг хангасан гээд төсөвт мөнгийг нь тусгаад өгсөн байдаг энэ  тухай маттериал хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хүнийг хохироож байгаад маш их гомдолтой байна. Хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзнэ гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хэд хэдэн заалтууд байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Архангай аймгийн БСУГ-т холбогдуулан буцалтгүй тусламж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Боловсролын  тухай хуулийн 43.1.4-т төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахаар заасан байна. 

Нэхэмжлэгч Л.Э- нь нийтдээ боловсролын салбарт Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан багш, хичээлийн эрхлэгч, захирал, мэргэжилтэн, хичээлийн зохицуулагч зэрэг ажлыг 25 жилээс дээш хугацаагаар хийсэн болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуулиас нээж Л.Э-д 1982 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон 116809 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.Э-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 251319 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Л.Э-д 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон 630752 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Лундаагийн Энхтайванд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон  0466154 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар сургуулийн захирал болон Л.Э нарын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Архангай аймгийн боловсрол, соёл, урлагын газрын дарга Ч.Мөнхбатад гаргасан хүсэлт, Архангай аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/136 тоот албан бичиг түүнд хавсаргасан нийгмийн баталгааны зардлын нэгтгэл, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2020-2022 оны төсвийн дунд хугацааны төлөвлөлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Л.Э- нь 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 26 хүртэл Архангай аймгийн Спортын  төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуульд түүх нийгмийн багшаар ажиллаж байх хугацаанд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.  Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор баталсан Төрийн албан  хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ  5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасан байх бөгөөд үүнээс үзэхэд боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид энэ журам хамаарахгүй байна. 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь нэхэмжлэгч Л.Э-д өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч Л.Э-ы буцалтгүй тусламж гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Л.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн БСУГ- улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн Октябрийн социалист хавьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1998 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн “Ажилд томилох тухай” 03 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Л.Э-г ажлаас чөлөөлөх тухай” Б/01 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Л.Э-г ажилд томилох тухай” 06 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Л.Э-г ажлаас чөлөөлөх тухай” 26 тоот тушаал, Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Л.Э-г ажилд томилох тухай” Б/24 тоот тушаал, Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/40 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/16 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/17 тоот тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Л.Э-г ажлаас чөлөөлж, Д.тунгалагтуяаг ажилд томилох тухай” Б/82 тоот тушаал, Архангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны VII дугаар бага хурлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга сонгох тухай” 04 тоот тогтоол, Архангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийн хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөх тухай” 04 тоот тогтоол, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот “Л.Э-г түүх, нийгмийн ухааны багшаар түр ажиллуулах тухай”, Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Л.Э-г түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 тоот тушаалуудын хуулбарууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх учир нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн БСУГ- төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн БСУГ- улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН