| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2014/0136/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0132 |
| Огноо | 2014-06-05 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0136/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Г*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000061 дугаартай хэргийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, *** төрсөн*** настай, *** дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ял тогтоож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaadorj, Gantumur nar 147.2.docx
Шүүгдэгч ***, *** нар нь 2014 оны 1 дүгээр сарын 16-ны орой бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт шунахайн сэдэлтээр, бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн *** нарыг зодож, эд зүйлийг нь дээрэмдэн 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэс плазагийн урд таксинд суух гэж байтал 4 хүн зодолдож байсан. Тэгээд тэр хохирогч нар хамт таксинд суусан чинь буудалд орж ууя гээд байсан. Тэгээд буудалд орж уух гээд архи авах гэсэн чинь чиний спонсор болж болох уу, машин авч өгье гээд байсан. Тэгээд Норжинсүрэн онгорхой дэлгүүр байвал архи авмаар байна гээд байсан. Тэгээд цүнхэнд нь зөндөө мөнгө байсан. Тэгээд утсыг нь аваад гарсан юм. Зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр барнаас гарч ирсэн чинь 4 хүүхэн зодолдоод байсан, тэгээд 2 хүүхэн нь хамт таксинд суусан юм. Хамт архи ууя гээд тэгээд гэрэл борлуулахын арын буудал орсон чинь өрөө байхгүй байсан. Тэгээд манай гэрт очсон юм. Тэр 2 харих гээд гарах гэснээ утас байхгүй байна гээд байсан.” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би найзууд болох *** нартай тавуулаа Ариунаагийн төрсөн өдрийг тэмдэглэж “Эрдэнэс плаза” төвд үйлчлүүлж байгаад хаалаа гэхээр нь 24 цагийн үед гарцгааж би *** ийн хамт гэрт нь очихоор гаднаас нэг таксинд суусан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машинд суугаад унтсан байсан. Нэг сэрэхэд хаана нь мэдэгдэхгүй гэр хороололын хашаанд 2 залуу Баясгалан бид хоёрыг чирээд нэг байшин луу оруулах гэхээр нь би өөдөөс нь ноцолдоод дийлээгүй, байшинд чирэгдээд орсон. Ороход нөгөө 2 залуу бид 2-г мөнгө өг гэхээр нь би байсан 20.000 төгрөгөө өгсөн. Тэгсэн чинь нэг нь миний халаасыг ухаад гар утас, машины түлхүүр зэргийг авсан. Тэр үед *** зүрх өвдлөө гээд ёолохоор нь би цүнхнээс нь эмийг нь авч өгөх гэтэл намайг цохиод унагаасан. Тэгтэл цүнхээ өөдөөс нь шидэж үлдээгээд бид 2 гараад зугатаасан чинь араас хүрч ирээд цүнхэнд чинь мөнгө алга биедээ нуусан мөнгөө өг гэхээр нь нэгжүүлэхэд та нарт мөнгө байх ёстой гээд зодож цохихоор нь дахин зугатаасан. Тэр хоёрын нэг нь алчихъя гээд дайрахаар нь би тэд нараас амьд явуулаач гэж өчнөөн гуйсан. Өндөр шар залуу нь нөгөөдөхөө болиулах гээд барихад нь бид 2 зугатаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 4-7 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 16 ны өдөр би *** нарын хамт “Эрдэнэс Плаза”-д орж *** йн төрсөн өдрийг тэмдэглэж орой 24 цагт хаалаа гэхээр нь гарцгааж *** ийн хамт манайд очихоор гараад тэр төвийн гаднаас такси гэх бараан өнгийн машинд хамт суусан. Машинд суухад нилээн халуун байсан бөгөөд би суугаад унтчихсан. Нэг сэрэхэд буугаарай гээд машинаас татаад буулгахаар нь сандраад юун улсууд вэ? гээд ноцолдоод эхэлсэн боловч намайг дөрвөн хөллүүлж чирсээр байгаад гэр хороололд нэг хашаанд байдаг байшин руу чирч оруулаад 2 залуу, *** бид 2-г хувцасаа тайл, мөнгөө гаргаж өг гэхээр нь юу яриад байгаа юм бэ? цагдаа дуудна гээд утсаа гаргатал шууд намайг цохиж унагаад утас шүүрч авсан. Мөн зодож цүнх булааж аваад 40.000 төгрөг байсныг нь авсан. Тэгээд *** бид 2-ыг тэр 2 залуу хувцсаа тайл гээд нэлээн зодсон. Тухайн үед бид 2 гараад зугатаасан чинь араас хүрч ирээд цүнхэнд чинь мөнгө алга, биедээ байгаа мөнгөө өг гэхээр нь байхгүй гээд зугатаагаад хашаатай хороололоос гарч иртэл наадмын талбай харагдсан. Тэгээд алхсаар байгаад 18-ийн буудал дээрээс таксинд сууж гэртээ харьсан. Надаас 2 утас, 40.000 төгрөг хүч хэрэглэж авсан. Мөн хүч хэрэглэн зодож чирэхдээ миний куртикийг урсан. Өмсөх эцэсгүй болгосон. Нүүр, хөл гар хөхөрч хавдсан, зөөлөн эд гэмтсэн, мөн хэвлий болон цээж рүү цохьсон, унагааж байгаад өшиглөж зодсон болохоор нуруу бөөр хөндүүртэй гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 8-11 дэх тал/,
-Гэрч Т*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 сарын 16 ны өдөр багын найзууд болох *** бид 5 утсаар ярьж байгаад уулзалдаад Эрдэнэс плазад орцгоосон. Тэгээд шөнө 00 цагийн үед ресторан хаахад бүгд гарцгааж *** г хүүхэд нь ирж аваад *** 2 машинд суугаад Э*** бид 2 үлдээд манай байр ойрхон бид 2 хамт амьдардаг болохоор гэрлүүгээ алхаад харьсан. Маргааш өглөө нь үүрээр 6 цагийн үед *** 2 хувцас хунар нь урагдсан *** гийн нүд нь хөхөрчихсөн манайд орж ирээд хүнд зодуулж гар утас хамаг эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр тэр 2-г дагуулж Баясгалангийн гэрт очоод болсон зүйлийг нөхөрт нь хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би багын найзуудтайгаа Эрдэнэс плаза төвийн ресторанд орцгоосон. Тэнд байж байгаад би түрүүлээд явсан. Манай хүү *** ирж намайг аваад би гэртээ харьсан. Маргааш өглөө нь *** 2 зодуулж утсаа дээрэмдүүлсэн гэж сонссон. Бид Эрдэнэс плазагаас гарахдаа хоорондоо маргалдсан зодолдсон зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цаг 30 минутын үед намайг гэртээ унтаж байтал ээж *** над руу гар утсаараа залгаад Эрдэнэс плазагийн ресторан дээр ирээд аваадхаач гэхээр нь би удаагүй очоод ресторан руу ортол ээж *** гэж 4 найзтайгаа нилээн согтсон байдалтай сууж байсан. Тэгээд ээжийг харьцгаая гэтэл жаахан байж байгаад явъя гэж зөрөөд нөгөө хэд нь ч явуулахгүй нэг хэсэг сууцгааж байтал удаагүй ресторан хаах болоод бүгдээрээ гарцгааж 1 давхарт буу нөгөө хэд явахгүй караокед дуулна гээд байсан. Тэгэхээр нь би ээжийгээ хүчээр чирээд дагуулж таксинд сууж гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид 5 ресторанд орсон. Тэгээд шөнө 00 цагийн үед ресторан хаана гэснээс хойш 1 цаг гаруй юм ярьж суусан. 01 цагийн үед гарцгаасан. Тэгэхэд бид бүгдээрээ нилээд согтсон. Нэг мэдэхэд харьсан байсан. Бид нар маргалдсан муудалцсан асуудал байхгүй. *** г хүүхэд нь ирээд аваад явсан. *** 2 хальтирч унаад би өргөж босгосон. Их хүчтэй унаагүй, бэртэж гэмтээгүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
-“Б*** ийн биед их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зовхины зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаартай дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,
-“*** ийн биед тархи доргилт, нүүр, хуйх, их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20 дахь/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64, 69 дэх тал/,
- Эд зүйл үнэлэх комиссын үнэлгээ /хэргийн 88-89 дэх тал/,
- 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 101 дэхь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 102-103 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг Улаанбаатар хотод ажилтай явж байтал эхнэр *** “*** гэж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гадагшаа гарлаа, оройтоно шүү” гээд утсаар ярьсан. Тэгээд би хотоос гараад 23 цаг өнгөрөөгөөд Дарханд ирээд эхнэр рүүгээ утсаар залгахад Эрдэнэс плазад сууж байна. Удахгүй очлоо гэхээр нь би унтаж байгаад нэг сэртэл эхнэр ирээгүй байхлаар нь 01 цагийн үед гар утас луу нь залгахад утас нь дуудаад авахгүй байж байгаад бүр холбогдохоо больчихоор нь хамт байсан найзууд руу нь залгаад *** тай нь шөнө 02 цагийн үед холбогдож ярихад хамт байхгүй салаад харилаа гээд *** тэй танайд хононо гээд явсан. Яаж салсанаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд эхнэр шөнө гэртээ ирэлгүй үүрээр 05 цаг өнгөрч байхад *** нүд нь хөхөрчихсөн уруул амнаас нь цус гарсан хувцас нь урагдчихсан Н*** , *** тэй цуг орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүмүүст дээрэмдүүлээд алуулах шахлаа гээд баахан уйлсан*** д самсунг нөөт 2 гар утас би шинээр нь авч өгсөн байсан. Бас өөрийнх нь хуучин скайтелийн утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 115 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлдсэн гэх хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед буюу хэрэг гарсан гэх өдөр нь би жирэмсэн байсан болохоор усанд орж маргааш нь шинжилгээ өгөх гээд байранд эгчийндээ очсон эзгүй байсан. Хэрэг гарсны маргааш нь намайг эгчийндээ хоночихоод байж байтал *** эгчийнд ирээд надтай хамт байж байгаад үдээс хойш 18 цагийн үед гарчихаад ирье гээд гарч яваад утас нь холбогдохгүй байхгүй байж байгаад маргааш орой нь эргэж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 116 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2 хүүхэдтэй. Нэг хүү тусдаа Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Нэг хүү болох *** нь надтай хамт амьдардаг. Ам бүл 2-лаа байдаг. Хэргийн талаар мэдэхгүй. 2014 оны 01 сарын 15-наас 16-ны өдрүүдэд гэртээ ирээгүй гадуур хоносон. Хаагуур явсаныг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 117 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ***, *** нар нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны орой бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт шунахайн сэдэлтээр, бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн *** нарыг зодож, эд зүйлийг нь дээрэмдэн 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч *** д 1100000 төгрөгийн, хохирогч *** д 650000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр, мөн *** ээс бэлэн мөнгө 20000 төгрөг, *** аас бэлэн мөнгө 40000 төгрөг дээрэмдэн авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***, *** нараас 1835000 төгрөг гаргуулж, хохирогч *** д 1140000 төгрөг, хохирогч *** д 695000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч *** нь автомашины түлхүүрийг 800000 төгрөгөөр засварлуулсан гэсэн баримт ирүүлсэн боловч үнэлгээний комиссын гаргасан үнэлгээний дагуу автомашины түлхүүрийг 500000 төгрөгөөр үнэлсэн болно.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй /хэргийн 64 дэх тал/ болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б*** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ял тогтоож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байна. Иймд шүүгдэгч *** ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нарын ар гэрийн аьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн эмэгтэй хүний куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоног, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног, нийт цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г*** нарт оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 , 59.2-т зааснаар шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоног, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног, нийт цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *** нараас 1835000 /нэг сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух д 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч *** тоотод оршин суух *** д 695000 /зургаан зуун ерөн таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний хөх өнгийн малгайтай куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Я.ТУУЛ