| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/18 |
| Дугаар | 18 |
| Огноо | 2012-01-16 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун, Д.Чулуунжав,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-305/,
хохирогч С.Х.,
гэрч Ү.Ү. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б овогт Х.Д.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123586 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Х.Д. /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, . тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Х.Д. нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг 16 дугаар байрны орчимд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн иргэн С.Х.ыг толгойн тус газарт нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Энэхүү, Б , Т. нарын хамтаар “Ок” нэртэй баарнаас 23 цагийн орчим гараад Энэхүү, Б нар Т. бид хоёроос салаад явсан хойгуур Төмөр замын 14 дүгээр байрны хажуугаар харих гээд явж байтал Т. бид хоёрын араас гурван залуу ирээд Т.тай юм ярьж байснаа түүнийг хавсарч унагаагаад над руу дайрах гээд байхаар нь би өндөр хүчдэлийн шонгийн хажуунаас газарт байсан архины шилийг аваад хохирогчийн толгой руу нь нэг удаа цохисон юм. Би найзыгаа өмөөрч ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв.
\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Õ.Äàðõàíäàâàà 181.3.doc
Хохирогч С.Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай найз Д.ын төрсөн өдөр болоод найз Б., Ү., Д. түүний найз охин Саранзаяа нарын хамтаар “ноёд” гэдэг нэртэй бааранд тэмдэглэж байгаад 20 цагийн орчимд тэр баарнаас гараад Ү., Б. бид гурав хуучин Дарханы “Ок” гэдэг нэртэй бааранд орж бүжиглэж пиво уугаад сууж байсан юм. Тэгээд би бүжиглэх гээд бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байхдаа Д.г санамсаргүй шүргэхэд Д. өөрийгөө Даагий гэдэг атаман таних уу гээд миний зүүн шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд 22 цагийн орчимд баарнаас гараад 16-ын буудал руу алхаж явахад 15 дугаар байрны буланд Д. хамт явж байсан залуугийн хамтаар зогсож байсан юм. Тэгээд Д. тэр хоёр бид нар дээр ирээд Даагий гэдэг атаман таних уу гэж хэлээд энгэрээсээ архины шил гаргаж ирээд миний толгой руу цохисон юм. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би бодохдоо Д. намайг бааранд түүнийг шүргэснээс болоод архины шилээр цохисон байх гэж бодож байна. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэв.
Гэрч Ү.Ү. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Б. Т.т хандан “чи миний хамар руу яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлээд Т.ыг хавсарч газар унагаасан юм. Тэгэхэд Д. цаанаас архины шил сугандаа хавчуулан ирээд бид нар руу дайраад байсан юм. Тэгээд Б. Д. руу газраас чулуу аваад дайрахад Д. дайрахаа больсон зогсож байснаа Х.ын толгой руу нөгөө сугандаа хавчуулсан архины шилээр цохиж газар унагаасан юм” гэв.
Х.Д. нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг 16 дугаар байрны орчимд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн иргэн С.Х.ыг толгойн тус газарт нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч С.Х.ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”...2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай найз Д.ын төрсөн өдөр болоод найз Б., Ү., Д. түүний найз охин Саранзаяа нарын хамтаар “ноёд” гэдэг нэртэй бааранд тэмдэглэж байгаад 20 цагийн орчимд тэр баарнаас гараад Ү., Б. бид гурав хуучин Дарханы “Ок” гэдэг нэртэй бааранд орж бүжиглэж пиво уугаад сууж байсан юм. Тэгээд би бүжиглэх гээд бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байхдаа Д.г санамсаргүй шүргэхэд Д. өөрийгөө Даагий гэдэг атаман таних уу гээд миний зүүн шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд 22 цагийн орчимд баарнаас гараад 16-ын буудал руу алхаж явахад 15 дугаар байрны буланд Д. хамт явж байсан залуугийн хамтаар зогсож байсан юм. Тэгээд Д. тэр хоёр бид нар дээр ирээд Даагий гэдэг атаман таних уу гэж хэлээд энгэрээсээ архины шил гаргаж ирээд миний толгой руу цохисон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7, 44 дахь талууд/,
гэрч Ү.Ү.ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”...Б. Т.т хандан “чи миний хамар руу яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлээд Т.ыг хавсарч газар унагаасан юм. Тэгэхэд Д. цаанаас архины шил сугандаа хавчуулан ирээд бид нар руу дайраад байсан юм. Тэгээд Б. Д. руу газраас чулуу аваад дайрахад Д. дайрахаа больсон зогсож байснаа Х.ын толгой руу нөгөө сугандаа хавчуулсан архины шилээр цохиж газар унагаасан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дахь тал/,
гэрч Э.Д:”...Б., Х. бид гурав баар хаахад гарсан юм. Тэгээд Ү. байхгүй болохоор нь Ү. руу залгахад Төмөр замын 16 дугаар байрны хажууд байна гэхэд нь бид гурав яваад очтол Ү. ангийнхаа хүүхэд гэх Т.тай юм яриад зогсож байсан юм. Тэр үед цаанаас Т.тай хамт явсан өндөр залуу энгэрээсээ архины шил гаргаж ирээд Х.ын толгой руу цохисон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дахь тал/,
гэрч Б.Т.ын:”...Ү. бид хоёр уулзаагүй удсан болохоор зүгээр л юм яриад зогсож байтал араас Ү.тай хамт явсан гурван залуу хүрч ирээд нэг нь намайг хавсарч газар унагаасан юм. Тэр үед Д. яагаад байгаа юм бэ гэж хэлээд газраас нэг юм аваад нэгнийх нь толгой руу цохисон юм. Тэгээд бид хоёр зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
гэрч Г.Б.ийн:”...Д. архины шил барьчхаад дайраад байхад нь дайралтыг нь зогсоохын тулд би газраас чулуу аваад түүний урдаас далайхад Д. дайрахаа больсон юм. Тэгэхэд нь би гартаа байсан чулуугаа газар хаясан. Тэр үед Д. сугандаа хавчуулсан архины шилийг өндөр хүчдэлийн шонгийн хажуунаас авсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 48 дахь тал/,
шүүгдэгч Х.Д.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”....2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Энэхүү, Б , Т. нарын хамтаар “Ок” нэртэй баарнаас 23 цагийн орчим гараад Энэхүү, Б нар Т. бид хоёроос салаад явсан хойгуур Төмөр замын 14 дүгээр байрны хажуугаар харих гээд явж байтал Т. бид хоёрын араас гурван залуу ирээд Т.тай юм ярьж байснаа түүнийг хавсарч унагаагаад над руу дайрах гээд байхаар нь би өндөр хүчдэлийн шонгийн хажуунаас газарт байсан архины шилийг аваад хохирогчийн толгой руу нь нэг удаа цохисон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1128 тоот акт.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд Б овогт Х.Д.г бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Д. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Х. нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Д.гаас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Х.Д. нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Д. нь согтуугаар, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Х.Д.г бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Х.Д.д 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар Х.Д.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Д.гийн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-т заасныг баримтлан Х.Д.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х.Д.гийн энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Х.Д. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Б.МАНЛАЙБААТАР