| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 007/2014/0141/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0134 |
| Огноо | 2014-06-16 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 007/2014/0141/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонтуяа
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт *** г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000368 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, эрэгтэй *** настай, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл эрүүл, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 4 дүгээр байрны 3 дугаар орцны гадаа *** йг надтай танилцсангүй гэж илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ганцаараа паб руу орж 4 шил пиво уусан. Тэндээсээ гарч гэрлүүгээ явсан. Байрны гадаа очиход хоёр охин зогсож байсан. Би тэр хоёр охин дээр очоод танайх энд байдаг юм уу гэж асуусан. Пиво уусан байсан болохоор нэг их юм санахгүй байна. Тэгээд юу ярьснаа санахгүй байна” гэв.
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын өргөө баг өнгөт хорооллын 4 дүгээр байранд байх гэртээ орох гээд явж байсан чинь орцны үүдэнд хоёр эмэгтэй сууж байхаар нь танайх энд байдаг юм уу? гэж асуусан чинь тийм гэж хариулж байсан дараа нь тэр хоёр охинтой хэрэлдээд байх шиг байсан. Би гэхдээ тэр үед согтуу байсан болохоор юун тухай ярьснаа санахгүй байна тэгээд тэр охины нүүр рүү нь гараараа нэг удаа цохичхоод гэрлүүгээ орчихсон юм. Гэртээ орох гээд хаалга тогшоод зогсож байсан чинь нэг охин нь дагаад ороод ирэхээр нь ална шүү гэж хэлсэн чинь доошоо гүйгээд явчхаар нь гэртээ ороод жаахан байж байгаад унтчихсан...” гэх мэдүүлэг / хэргийн 23-24 дэх хуудас/
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед найз охин *** ын хамт Өнгөт хорооллын 4 дүгээр байрны 4 орцны гадаа сууж байхад танихгүй согтуу залуу ирээд намайг таних уу “танилцах уу” гэхээр нь би “үгүй” гэхэд тэр “ална шүү гичий” минь. Би та хоёрыг ална” энэ тэр гээд хэл амаар доромжилсон. Бид хоёр юу ч яриагүй ба би зугтаах гээд босоход миний хамар луу гараараа 1 удаа цохьчихоод зугтаагаад орц уруу орчихсон.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед найз *** тэй өнгөт хорооллын 4 дүгээр байрны орцны үүдэн юм яриад сууж байхад хар бараан өнгийн хувцастай согтуу залуу ирээд бид хоёрыг танилцъя гэхээр нь бид 2 үгүй гэхэд тэр та 2 яахаараа танилцдаггүй юм бэ? Ална шүү 2 гичий минь. Би энэ өнгөтийнх. 2 янхан минь ална шүү гэхээр нь *** явах гээд босоход нөгөө залуу түүний нүүр лүү гараараа 1 удаа цохиж түүнийг хашлага давуулж унагаагаад орц уруу гүйгээд орчихсон юм. Тэгээд би тэр залуугийн араас орц уруу орж харахад “Ирвэл чамайг ална шүү” гэхээр нь би доошоо бууж Э*** д хэлсэн юм“ гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь хуудас/,
Гэрч Х*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэдэг эмэгтэйг зодсон гэдгийг хараагүй. Тэр өдөр 19-20 цагийн орчим би Дархан сумын өргөө багийн 4-62 тоотод байх аавындаа ээж дүү нарын хамтаар байж байсан чинь гаднаас *** архи уучихсан халамцуу орж ирж байсан юм. Гэрт орж ирэнгүүтээ хувцсаа тайлчхаад шууд орондоо ороод хэвтчихсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь хаалга тайлах гэсэн чинь *** бос ирээд хаалга тайлаад хэрэггүй гэж хэлээд байхаар нь хаалгаа тайлж өгөөгүй юм.
... Маргааш өглөө нь ***г эрүүл болчихсон үед яасан юу болсон юм бэ? гэж асуусан чинь би өчигдөр 1 хүний хамрыг цохичих шиг болсон юм гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг / хэргийн 11 дэх хуудас/,
Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр орой 16 цагийн орчимд Э*** гэртээ байж байгаад гадаа гарлаа гээд найз охин *** ын хамт гарсан юм. 22 цагийн орчим залгасан чинь гар утсаа аваад би сая хүнд зодуулаад одоо эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлэхээр нь сандраад эмнэлэг дээр очлоо гэж хэлсэн чинь гайгүй миний нүүр жаахан хөхөрчихсөн байна гэж хэлж байсан юм. Тэгээд 23 цагийн орчим гэртээ ор ирэхээр нь харсан чинь зүүн нүдний доод хэсэгт хөхөрчихсөн, хамар ам нь хавдчихсан байхаар нь юу болсон юм бэ ? гэж асуусан чинь нэг согтуу залуу хүрч ирээд танилцъя гэж хэлэхээр нь үгүй гэж хэлсэн чинь намайг цохчихсон юм гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь хуудас/,
2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 533 дугаартай дүгнэлт “...*** ий биед хамар ясны цууралт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 14 дэх хуудас/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар *** нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 4 дүгээр байрны 3 дугаар орцны гадаа *** г надтай танилцсангүй гэж нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч *** с одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч талаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 27 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдэж ирсэн эдхөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч *** г 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ