| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0131/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0135 |
| Огноо | 2014-05-30 |
| Зүйл хэсэг | 099.1., 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0131/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч, хохирогч ***ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч, хохирогч ***ын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч, хохирогч ***, *** нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***, ***,
Шүүгдэгч, хохирогч ***, ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар, шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000148 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, *** *** өдөр *** аймагт төрсөн*** настай, *** бүрэн дунд боловсролтой, зөөгч мэргэжилтэй, “*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
4.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй *** тоотод оршин суудаг,
-*** ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 14.575.000 төгрөгөөр торгох ялаар,
-*** ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.2-т зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
5.Монгол Улсын иргэн, *** ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
6.Монгол Улсын иргэн*** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ***, ***,*** нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 14-нөөс 2014 оны 2 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг 42 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж ялимгүй зүйлээр шалтаглан ***, *** нарын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан,
Шүүгдэгч ***, *** нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 14-нөөс 2014 оны 2 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг 42 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж ялимгүй зүйлээр шалтаглан *** ийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 14-нөөс 2014 оны 2 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг 42 дугаар байрны орцонд ***тай харилцан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 14-нөөс 2014 оны 2 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг 42 дугаар байрны орцонд ***тай харилцан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч, хохирогч ***ын өгсөн: “2013 оны 02 дугаар сарын 14-ний орой 4.2 байрны орцонд найзындаа орох гээд хаалгыг нь мэдэхгүй хайгаад явж байсан. Гаднаас *** 2 орж ирсэн, *** нялх нойтон хүүхэдтэй шүлсээ битгий хаяарай гэсэн. Би тэгэхээр нь шүлсээ хаясан хойно нь хэл л дээ гэж хэлсэн. Гэтэл намайг дарвалзаад байгаарай гэж хэлсэн. *** ын хоолойг ороолтоороо боосон. Хоолой нь муухай дугараад байхаар нь би болиулах гэтэл *** намайг үсдээд дарсан. Тэгээд дээрээс Энхмаа бууж ирэхээр нь би цагдаа дууд гэж хэлээд цагдаа их хурдан ирсэн. Миний хувьд ***аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч, хохирогч ***ын өгсөн: “2013 оны 02 дугаар сарын 14-ний орой 4.2 байрны орцонд найзындаа орох гээд хаалгыг нь мэдэхгүй зогсож байтал гаднаас *** 2 орж ирсэн, *** нялх нойтон хүүхэдтэй шүлсээ битгийн хаяарай
гэтэл *** шүлсээ хаясаны дараа хэл гэсэн. *** та нар зайл гэсэн бид нар “та нар тийм мундаг юм бол хувийн хаусандаа амьдар, энэ чинь нийтийн орон сууц” гээд хэрэлдэж байтал *** миний хоолойг ороолтоороо боосон. Би ороолтоо тавиулах гээд ноцолдож байхад Х.Мөнхзул *** 2 хоорондоо үсдэлцэж байсан. *** дээр айл хайж явж байгаад бууж ирээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн газар руу явсан. ***эс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй “ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ийн өгсөн: “Энэ залуу Ундрахыг боогоод унагаасан. Тэгэхээр нь би *** д цагдаа дууд гэж хэлсэн. Н.Халиуныг хэн маажсаныг мэдэхгүй байна.“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***гийн өгсөн: “42 дугаар байрны орцонд найзынхаа гэрийг олохгүй би дээшээ айлаас асуух гээд гартал доор хүмүүс хэрэлдээд түчигнэлдээд байсан. Би тэгээд доошоо буугаад хартал дээр доороо орсон зодолдож байсан. Тэгээд цагдаа дуудахад цагдаа ирээд бид нарыг аваад явсан.“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч, хохирогч ***ын өгсөн: “2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөр бид 2 гэр бүлийн найзуудаараа кароаке ороод дарс уучихаад гэр лүүгээ орж байтал манай орцонд хүмүүс зогсож байхаар нь “шүлсээ битгий хаяарай, манайх нялх нойтон хүүхэдтэй” гэж хэлтэл хар куртиктэй үсээ задгай тавьсан өндөр хүүхэн намайг “лалар аа, хаусандаа амьдар, энэ чинь нийтийн орон сууц” гэж хэлсэн. Би тэгээд ухаан алдсан юу болсоныг мэдээгүй. Хохирол төлбөрөө нэхэмжилж байна. Хэрэг цагдаа дээр байхад *** нь биднийг занаж байсан. Бидний нүдэн дээр охин хүүхдийг минь зодож байгаа хүмүүс цаашдаа хүүхдийг минь яах бол гэж айж байна. Орцонд ороход манай нөхөр миний цүнхийг үүрчихсэн байсан, тэгээд цагдаа ирээд авч явах үед цүнх алга болсон байсан.“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч, хохирогч *** ийн өгсөн: “2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр бид 2 гэр бүлийн найзуудаараа кароаке орж нэг шил дарс уучихаад гэр лүүгээ орж байтал орцонд 4 хүн зогсож байсан. Манай эхнэр хажуугаар нь гарахдаа “манайх нялх хүүхэдтэй, битгий шүлсээ хаяарай” гэхэд “та нар хувийнхаа хаусанд амьдар” гэж хэлээд эхнэрийг үсдээд буусан, би тэгээд эхнэр дээрээ очих гэтэл Ундрах намайг барьж аваад ноцолдоод 2 давхарт үлдсэн юм.“ гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...23 цагийн үед манай орцонд хүн аавын нэрийг дуудаад орилоод байх шиг болохоор нь би ганцаараа гарч 2 давхар луу буухад аав *** нэг ахтай барилцаад авчихсан, аавын нүүр нь цус болчихсон, цаана нь ээжийг 3 эгч гурвуулаа үснээс нь зулгаагаад дарчихсан цохиж байхлаар нь би дундуур нь орж салгах гэхэд өндөр хар пальтотой эгч миний үснээс зулгааж цэнхэр шубатай эгч нуруу луу цохисон. Тэгээд тэд нар намайг орхичихоод ахиж ээж рүү дайраад ээжийг ахиж тэр өндөр пальтотой эгч үснээс нь чирээд шатны уруу буулгаад унагаад дээр нь гарчихаад цохиод байсан. Тэгэхэд эмээ *** буугаад ирчихсэн ээжийг салгахад нөгөө эгч нь эмээ рүү дайраад үсдээд цохиод салаад эмээ намайг дээшээ гараад ээжийнхээ цүнхийг аваад ир гэхээр нь дээд давхар руу гарахад цүнх нь байхгүй болохоор нь дээшээ гэр лүү орчихоод буцаж гарч ирээд доошоо буугаад эмээд цүнх нь алгаа, олдохгүй байна гэж хэлчихээд буцаад дээшээ гарах гэтэл тэр өндөр хар хувцастай эгч намайг цаашаа бай гээд түлхээд нүүр маажсан.
...гурвуулаа л зодсон, гурвуулаа үснээс нь зулгаачихсан цохиж зодоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч Н*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...... намайг буугаад очиход 2 давхарт манай охин *** г 3 хүүхэн шатны уруу чирээд буланд буулгаад дээрээс нь 3 хүүхэн зодож байсан. Тэгэхэд манай хүргэн *** дээшээ өгсдөг шатны хажуу талын хаалганы орчимд нэг залуутай барьцалдаад зодолдож байсан
...намайг гарахад орцонд 3 хүүхэн, 1 залуу манай охин, хүргэн хоёрыг зодож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
-“***ын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, зүүн гуя, өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/,
-“*** н биед тархи доргилт, буйл, баруун нүдний доод зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт, үүдэн нэг шүдний булгарал, хугарал, дух, зүүн хацар, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/,
-“*** ы биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хуйх болон баруун мөрний үе, баруун даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/,
-“***ын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд цус хуралт, баруун сарвууны шивнүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 39 дэх тал/,
-“***ын биед зүүн хөмсгөнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 41 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 109-111, 113-115 дахь/,
-Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 123 дахь тал/,
-Гэрэл зургууд болон хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 125-127, 131-135, 140-141 дэх тал/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 136-139 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...анх очиход хоёр хүүхэн нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зууралдчихсан зогсож байсан.
...нэг нь цүнхээ унагаасан байсан, алга болчихсон байна гээд тэр хавиар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 155 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...нэг нь нүүрээ нилээн маажуулчихсан хүүхэн байсан, нөгөөг нь мэдэхгүй байна. Тухайн үед тэр нүүрээ маажуулсан хүүхэн нь цүнх алга болчихлоо гээд *** бид хоёр тэр хавиар нь хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 156 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч, хохирогч *** нь орцонд зогсож байсан ***, ***, ***, *** нарт хандаж “шүлсээ битгий хаяарай би нялх хүүхэдтэй шүү” гэж хэлэхэд шүүгдэгч *** “чи нийтийн байранд амьдардагаа мэддэггүй юм уу? тийм л юм бол хаусаа бариад амьдрахад яадаг юм бэ?” гэж харилцан маргалдаж, зохисгүй харьцсаны улмаас харилцан зодолдож гэмт хэрэг гарсан байх тул шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг догшиж авирлаж, танхайрсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзэх объектив болон субъектив үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч ***, ***, ***, *** нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч, хохирогч ***, *** болон тэдний өмгөөлөгчийн зүгээс “гэмт хэрэг үйлдээгүй, аргагүй хамгаалалт хийсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч ***, ***, ***, *** нар нь ямар нэгэн шалтгаангүйгээр гэмт хэрэг үйлдээгүй, тэднийг орцонд шүлсээ хаясан эсэхийг хараагүй байж “шүлсээ битгий хаяарай” гэж *** хэлснээс үүдэн харилцан маргалдаж, зодолдсоны улмаас тухайн үед ***, *** нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх тул ***, *** нарыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд ***, *** нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгчийн зүгээс “хэрэг болох үед ***д хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Одоо *** нь явж чадахгүй, бие нь зовиуртай байгаа учир гэмтлийн зэргийг дахин тогтоолгох шаардлагатай байна” гэж мэтгэлцэж байгаа бөгөөд хэрэг учрал болох үед “***ын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд цус хуралт, баруун сарвууны шивнүүрт зулгаралт гэмтэл тогтоогдсон” болох нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 39 дэх тал/ нотлогдож байх бөгөөд энэ нь эрүүл мэндийг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмтлийн зэргийг дахин тогтоолгох” тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч ***, *** нар нь “гэмт хэрэг үйлдээгүй” гэх боловч насанд хүрээгүй гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээжийг 3 эгч гурвуулаа үснээс нь зулгаагаад дарчихсан цохиж байсан. ...гурвуулаа л зодсон, гурвуулаа үснээс нь зулгаачихсан цохиж зодоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... намайг буугаад очиход 2 давхарт манай охин *** г 3 хүүхэн шатны уруу чирээд буланд буулгаад дээрээс нь 3 хүүхэн зодож байсан..” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/, хохирогч ***ын “орц харанхуй байсан болохоор хэн нь хаана цохьсон гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан гурвуулаа л намайг зодсон” гэх мэдүүлэг зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***, *** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ***, *** нар нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Хохирогч ***, *** нараас ирүүлсэн хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судлахад ***ын КТГ зураг авахуулсан 100000 төгрөг, Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 300000 төгрөг, “Бид” эмнэлэгт үзүүлсэн 20000 төгрөг, эм тариа авсан 300800 төгрөг, гэрэл зураг угаалгасан 21000 төгрөг, шатахууны үнэ 160000 төгрөг, “*** ” эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авсан 15000 төгрөг, шүүхийн шатанд эмчилгээ хийлгэсэн эм тарианы үнэ 144440 төгрөг, гэмт хэрэг гарах үед алдагдсан цүнх болон цүнхэн дотор байсан эд зүйл, урагдсан куртикны үнэ 262000 төгрөг, нийт 1323240 төгрөгийг шүүгдэгч нар хохирогч ***д төлөх үндэстэй байна.
Хохирогч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэх бөгөөд ***эс 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд /хэргийн 18 дахь тал/ хохирогчоор мэдүүлэг авсны орой /2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 20 цаг 00 минутанд/ буюу ажлын цаг дууссаны дараа сэжигтэнээр байцаалт авсан байна. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 15, 16, 17, 20, 21-нд ажиллаагүй хугацааны цалин буюу 330188 төгрөг 50 мөнгө /66037.7x5=330188.50/, мөн *** нь гэмт хэргийн улмаас “үүдэн нэг шүдний булгарал, хугарал” /хэргийн 33 дахь талд авагдсан 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлт/ гэмтлийн улмаас шүдний зураг авахуулж, хугарсан шүд авахуулсаны үнэ 20000 төгрөг, хиймэл шүд түр хийлгэсэн үнэ 30000 төгрөг, нийт 380188 төгрөг 50 мөнгийг зэргийг шүүгдэгч нар хохирогч ***д төлөх үндэстэй байна.
Хохирогч ***, *** нарт нийт 1703428 төгрөг 50 мөнгийг төлөх ёстойгоос *** 200000 төгрөг, ***, ***, *** нар тус бүр 100000 төгрөг, нийт 500000 төгрөг төлснийг хасч, үлдэх 1203428 төгрөгийг шүүгдэгч ***аас 225857 төгрөг, шүүгдэгч ***, ***, *** нараас тус бүр 325857 төгрөгийг гаргуулж, хохирогч ***, *** нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч *** ы толгой бариулсан гэх 25000 төгрөг, *** нийн ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь 2006 онд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.2-т зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж *** -ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр ***, *** нарт албадан ажил хийлгэх, шүүгдэгч ***, *** нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***, *** нар нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй эх байх тул баривчлах болон албадан ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***, *** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***, *** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч *** нарт тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9792000 төгрөгөөр /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ торгох ял тус тус шийтгэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***аас 225857 /хоёр зуун хорин таван мянга найман зуун тавин долоо/ төгрөг, шүүгдэгч ***, ***, *** нараас тус бүр 325857 /гурван зуун хорин таван мянга найман зуун тавин долоо/ төгрөг, нийт 1203428 /нэг сая хоёр зуун гурван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***, *** нарт олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 293 дугаар зүйлийн 293.2, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг ***, *** нарт анхааруулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***, *** нарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ