Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 618

 

А.Ш-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

яллагдагч А.Ш-, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 530 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Түвшинбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр А.Ш-т холбогдох эрүүгийн 1909001321131 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Ш-, 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, ял шийтгэлгүй,

            А.Ш- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж, өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь нэр бүхий 2 хохирогчоос гадна 122 хүнд мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг ашиглуулсан /2хх 55-177/, тэдгээрээс үйлчилгээний хөлс авсан /1хх 45-53/ болох нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Гэтэл эдгээр хүмүүсийг хэрэгт хохирогчоор тогтоож, байцаалт аваагүй, мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын тогтоолыг биелүүлээгүй байна.

            2. Дээрх программ нь 18-аас доош насны хүүхдэдээ хяналт тавих хүсэлттэй эцэг, эхчүүдэд зориулсан ухаалаг гар утас болон таблетийг хянах систем гэх ба хэрэгт эдгээрийг хуулбарлан хавсаргасан /2хх 16-35/ байна. Энэ үйлчилгээг авсан тохиолдолд гэрээнд зааснаар өөр зориулалтаар ашигласнаас үүсэх гэм хор, хохирол, үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцахаар тусгажээ. Дээрх нэр бүхий хохирогч нарын утсыг чагнуулахаар гэрч Б.Бямбасүрэн, Ү.Алимаа нар нь гэрээний болзол нөхцлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн эсэх асуудал нь хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримт байхгүй байна.

            3. Дээрх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Худалдан борлуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураахаар хуульчилсан. Гэтэл хохирогч Т.Ономдоржийн хууль ёсны төлөөлөгч Р.Бадамгарав нь “...энэ асуудлаас болж ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй. Хүү Т.Ономдорж нь шезофрин өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан учир эхнэр нь программыг утсанд нь суулгаж ашиглаж байсан. Хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /2хх 13-14/, хохирогч Г.Энхбаяр нь “...энэ программыг миний утсанд суулгаснаас болж надад учирсан ямар нэг хохирол байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /2хх 7-9/ гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр хохирогч нь мөрдөн байцаагчийн тэмдэглэлд дурдсан нэр бүхий 122 иргэдээс ямар шинжээрээ гэмт хэргийн хохирогч болж байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Түвшинбаяр тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн, борлуулсан” зэрэг идэвхтэй үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг хангадаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эндээс дүгнэвэл программ, техник хэрэгслийг зохион бүтээж боловсруулсан, худалдаж арилжсан үйлдлийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй байхад уг программыг худалдан авсан иргэдийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            2. А.Ш-ийн уг программыг зохиож, борлуулсан үйлдэл нь өөрөө хууль бус байхад уг гэрээний үүргийг худалдан авагч нар зөрчсөн эсэх асуудлыг шалгаж баримтыг хэрэгт хавсаргаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь А.Ш- нь сайтаараа дамжуулан бусадтай гэрээ байгуулан үйлчилгээний хөлсөндөө төлбөр авсан үйлдэл нь бусдад худалдан борлуулах санаа зорилготой байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Түүнчлэн хавтаст хэрэгт гэрээний болзол нөхцлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн болох нь гэрч Б.Бямбасүрэн, Ү.Алимаа нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт тусгагдсан болно. /1хх 152-153, 156-157/

            3. Хохирогч Т.Ономдорж, Г.Энхбаяр нь Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр www.taslal.mn сайт нь хувь хүний нууцыг хууль бусаар олж авч, бусдад дамжуулсан байж болзошгүй байна” гэж гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргасан ба 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувь хүний нууцад халдсан үндэслэлээр хэрг бүртгэлтийн хэрэг нээж хохирогчоор тооцож мэдүүлэг авсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад www.taslal.mn сайтын захирал А.Ш- нь цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ техник хэрэгсэл бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримт тогтоогдсон учир прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба дээрх нэр бүхий 122 хүнд программыг зарж борлуулсан тухай яригдаж энэ гэмт хэрэгт хамаарч байна.

            Харин Т.Ономдорж, Г.Энхбаяр нарыг анх цагдаагийн байгууллагад хувь хүний нууцад халдсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасан учраас хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож шүүхээс шийдвэрлэх боломж байсан.

            Харин хохирогч нарын гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор тооцсон ажиллагаа нь анх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Хохирогч, гэрчээс мэдүүлэх авах” гэсний дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд энэ нь хэргийн шийдвэрлэлт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

            Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй бөгөөд яллагдагч А.Ш-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч А.Ш- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

            Яллагдагч А.Ш-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос А.Ш-ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж, өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсаны үр дүнд “...тухайн программыг ашиглахаар үйлчилгээний хөлс төлсөн нэр бүхий 122 хүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг авах, гэрч Б.Бямбасүрэн, Ү.Алимаа нар нь гэрээний болзол нөхцлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн эсэх баримтыг цуглуулах, Т.Ономдорж, Г.Энхбаяр нар нь ямар шинжээрээ гэмт хэргийн хохирогч болж байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай...” хэмээн дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн материалыг судлавал, иргэн Т.Ономдорж, Г.Энхбаяр нарын гаргасан “...www.taslal.mn сайт нь хувь хүний нууцыг хууль бусаар олж авч, бусдад дамжуулсан байж болзошгүй байна...” гэх гомдол, мэдээллийн дагуу мөрдөгчөөс 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр “ААЯ Макс Софт” ХХК-ийн захирал А.Ш- нь андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд нэвтрэх программыг бэлтгэж, өөрийн www.taslal.mn сайтаар дамжуулан бусдад борлуулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Улмаар А.Ш-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед, тухайн программыг авч ашиглахаар үйлчилгээний хөлс төлсөн байж болох нэр бүхий 122 хүнийг илрүүлж, тэдгээр хүмүүсийг гэрчээр асуух зорилгоор холбогдоход “...программ ашигласан, ашиглаагүй, энэ талаар мэдэхгүй...” гэсэн хариултууд өгч, мэдүүлэг өгөх боломжгүй тухайгаа илэрхийлсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл /2хх 55-177/-үүдэд тусгагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хүн бүр уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй. Харин дээрх хүмүүс нь тухайн программыг авч ашигласнаас хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудлаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан тухайн программыг авч ашиглах үйлчилгээний нөхцөл /2хх 33-35/-ийн 1.3-т “Та компанийн вэбсайтанд бүртгүүлсэн, аппликейшинг татан авч идэвхжүүлсэн эсхүл “Зөвшөөрөх” товчлуурыг дарснаар энэхүү гэрээний нөхцөл, болзлуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.”, 4.1-д “Хэрэглэгч аппликейшныг турших зорилгоор хязгаарлагдмал эрхтэйгээр хоёр хоногийн турш ашиглана.”, 4.2-т “Хэрэглэгч аппликейшныг үргэлжлүүлэн ашиглахыг хүссэн нөхцөлд Компанийн санал болгосон төлбөрийн багцаас сонголтоо хийж, үйлчилгээний хөлс буюу төлбөрийг төлнө.”, 8.1-д “Хэрэглэгч компанийн вэбсайтанд бүртгүүлснээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.” гэж тус тус зааснаас үзэхэд, хэрэглэгчид нь гэрээний болзол, нөхцлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн гэж үзэж болохоор байна.

Нөгөөтээгүүр, А.Ш-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах” гэмт хэрэг нь цахим мэдээллийн сүлжээнд нэвтрэхийн тулд тусгай зориулалт бүхий программ, хэрэгслийг хууль бусаар бэлтгэсэн, борлуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үйлдлийг бүрэн хийснээр төгсдөг, бодит хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүйн гадна, энэ гэмт хэргийг үйлдэж олсон орлогын хэмжээнээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй болно.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, А.Ш-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, А.Ш-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 205/-аар А.Ш- нь /ОЮ 82091415/ гэсэн регистрийн дугаартай болох нь тогтоогдсон байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт регистрийн дугаарыг /УЗ 91122177/ гэж буруу тэмдэглэж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 530 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл А.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН