| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 115/2025/0025/З |
| Дугаар | 221/МА2026/0228 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0228
“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З***
Нэхэмжлэгч: “М*******” ХХК
Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга
Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газар
Гуравдагч этгээд: “М*******” ХХК
Гуравдагч этгээд: “М*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Байгаль орчны газраас явуулсан 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг, уг дуудлага худалдаанд “М*******” ХХК-ийг оролцуулаагүйг, мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/470, 8 дугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” А/513 дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2026/0004 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З***
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******
Хариуцагч Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, С.Э***
Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Д***
Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******
Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн өмгөөлөгч Я.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 115/2025/0025/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “Дорноговь аймгийн Байгаль орчны газраас явуулсан 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг, уг дуудлага худалдаанд “М*******” ХХК-ийг оролцуулаагүйг, мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/470, 8 дугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” А/513 дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан.
2.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр:
“Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн Дорноговь аймгийн Байгаль орчны газар, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаанд “М*******” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/470 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/513 дугаар “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.2-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2-т тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгохоор зохицуулсан болохоос дуудлага худалдааг явуулах хэлбэрийг нарийвчлах зохицуулсан гэж үзэхээргүй байна” гэх тухайд:
Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/441 дүгээр “Нээлттэй дуудлага худалдаа явуулах” тухай захирамжийг үндэслэж Дорноговь аймгийн Байгаль орчны газраас 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулж, ялагч дуудлага худалдааны үнийг төлөөгүй учир Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/470 дугаар “Хаалттай дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдаа дахин явагдсан.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар тусгай зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан.
Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2-т “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж зааснаас үзэхэд дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй мэдээлж зохион байгуулах хуулийн шаардлага тавигдсан байна.
Эхний дуудлага худалдаа амжилгүй болж, Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.12.3-т “...дараагийн дуудлага худалдааг явуулна” гэж зохицуулснаас үзэхэд 2 дахь дуудлага худалдааг хэрхэн явуулах талаар нарийн зохицуулалтгүй байх тул энэ зүйлийн 2-т заасан ерөнхий журмыг баримталж дараагийн дуудлага худалдааг нээлттэй мэдээлж зохион байгуулахаар байна.
Гэтэл аймгийн Засаг даргын А/470 дугаар захирамж нь Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2-т заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Өөрөөр хэлбэл 291 дүгээр зүйлийн 291.2-т заасан олон нийтэд нээлттэй мэдээлж зохион байгуулах гэдэг нь энэхүү дуудлага худалдаанд оролцох сонирхож буй бүх этгээдэд зарыг хүргэж, тэр бүгдийн оролцох боломжийг хангах ерөнхий зохицуулалт байхад анхан шатны шүүх тусгайлсан хуульд нарийвчилсан зохицуулалтгүй гэх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.2.Дорноговь аймгийн Байгаль орчны газар аймгийн Засаг даргын А/470 дугаар захирамжийг үндэслэж Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10-т заасныг баримтлан дуудлага худалдааг хаалттай зохион байгуулсныг анхан шатны шүүх сонгох боломжийг ашигласан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 197 дугаар зүйл нь дуудлага худалдаа явуулах ерөнхий зохицуулалт байх тул энэхүү хуулийн зохицуулалтыг шууд хэрэглэх бус харин Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тусгайлсан хуулийн зохицуулалтыг ашиглах замаар Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулах байсан.
Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хуулийн зохицуулалтуудаас харахад захиргааны байгууллагад сонгох боломж олгосон зүйлгүй бөгөөд гагцхүү нээлттэй мэдээлж сонгон шалгаруулалт явуулах хуулийн боломжтой байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан.
3.3.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/2968 дугаар албан бичигт аймгийн Засаг дарга нарт дуудлага худалдаа явуулах чиглэлийг хүргүүлсэн байдаг бөгөөд энэхүү албан бичгийн 1 дэх хэсэгт дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулахыг үүрэг болгож дээд шатны байгууллага хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан байхад үүнийг зөрчиж аймгийн Засаг дарга болон Байгаль орчны газар хаалттай дуудлага худалдаа явуулсан болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүй.
3.4.Шүүх хуралдааны явцад “М*******” ХХК-ийн захирал Г.О***, Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Биологийн төрөл зүйл, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн С.Э*** нар хоорондоо 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр утсаар зурвас бичилцсэнийг үзлэг хийж албажуулсан. Үүгээр дуудлага худалдааг “ирэх 7 хоногт хийнэ, хаалттай явуулна” гэх зэрэг зүйлсийг бичсэнээр эрх ашиг хөндөгдсөн болохыг мэдсэн гэх агуулгаар тайлбарласан байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс манай дуудлага худалдаанд оролцох эрхийг хөндөж магадгүй байна гэх төсөөллөөр эрхээ хамгаалуулах боломжгүй бөгөөд дуудлага худалдаа явагдаж дуусасныг мэдсэнээр буюу бодитоор эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээр шүүхийн байгууллагад хандсан болно.
Мөн энэхүү үзлэгийг хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж, хууль зөрчсөн гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
3.5.“М*******” ХХК-ийг ан агнуурын бүсийн менежмент хариуцагчийн хувиар өөрийн хариуцсан бүс нутагт менежментийн төлөвлөгөөний дагуу үүргээ гүйцэтгээгүй учир хаалттай сонгон шалгаруулалтад оролцуулаагүй нь үндэслэлтэй гэж шийдвэрт дүгнэсэн.
Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 291.2-т тус тус зааснаар менежмент хариуцагчийг дуудлага худалдаанд оролцуулах, түүний төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн эсэхээс шалтгаалан оролцуулах эсэх шалгуур тавих тусгайлсан зохицуулалтгүй байхад анхан шатны шүүх хуульд тавигдаагүй зохицуулалтаар дүгнэлт өгсөн нь хууль бус болсон.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хувьд "Аргалын уул" бүс нутгийн менежментийг 2005 оноос хариуцан ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөнд заасан ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн тайланг холбогдох байгууллагад хүргүүлж байсан. Менежмент хариуцагчийн бүс нутагт сүүлийн 2-3 жилд ан агнуурын нөөцийн тоо толгой багассан нь менежмент хариуцагчаас шууд хамааралтай бус харин цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан байдаг.
Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг бүхэлд нь хангав.
1.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 242 дугаар тогтоолын 1 дэх заалтаар баталсан 1 дүгээр хавсралтын 8-д Дорноговь аймагт 6 угалз спорт болон олзворын зориулалтаар агнах, бариулахаар шийдвэрлэж, 2 дахь заалтаар 1, 2 дугаар хавсралтаар баталсан тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгаж, 3 дахь заалтаар энэхүү тогтоолын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад үүрэг болгосон,
харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/2698 дугаар албан бичгээр аймгийн Засаг дарга нарт хандаж дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулж, дуудлага худалдааг зохион байгуулахдаа:
“-Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д заасан соёлын, 29.2.2-т заасан спорт агнуур болон олзворын чиглэлээр агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийг баримтлан дуудлага худалдааны журмаар ил тод, нээлттэй зохион байгуулах,
-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Босго үнийн хэмжээг тогтоох тухай” 261 дүгээр тогтоолыг баримтлах,
-Дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь дуудлага худалдааны босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байхаар журамлах,
-Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг албан хүсэлт, агнуурын амьтан агнах, барих гэрээ, дуудлага худалдааны төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, хураамж төлсөн баримт, анчны паспортын хуулбар зэрэг баримт бичгийн бүрдлийг үндэслэн олгох” чиглэлийг хүргүүлжээ.
2.Мөн Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн 1 төрөл нь “иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр” бөгөөд 291 дүгээр зүйлийн 291.1-д “…тусгай …зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно”,
-291.2-т “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна”,
-291.6-д “…хамгийн өндөр үнийн саналаар ялагч тодорсноор дуудлага худалдааг дуусгавар болгоно. Дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй тохиолдолд долоо хоногийн дотор хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна”,
-291.8-д “Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 291.7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина”,
-291.12.3-т Хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах 1 тохиолдлыг “энэ хуулийн 291.8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан” гэж;
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн …1.23 /тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих/,… дэх… заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар… олгоно” гэж;
Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/441 дүгээр захирамжаар тусгай зориулалтаар тус аймгийн Эрдэнэ, Хатанбулаг, Мандах сумдад “Угалз агнуулах” нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэхдээ нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж, гэрээ байгуулах эрх олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна дуудлага худалдааг зохион байгуулах ажлын удирдамжийг баталсан, тухайлбал уг удирдамжийн 8.1.1-д “Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан тусгай зориулалтын агнуурын хураамж, агнуурын нөөц ашигласны төлбөр, дуудлага худалдааны төлбөр, гэрчилгээний үнийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл зөвшөөрөөгүй тохиолдолд” дуудлага худалдааг дахин явуулахаар тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн тухайд эхний буюу нээлттэй дуудлага худалдаанд оролцсон ч шалгараагүй, харин уг дуудлага худалдаанд нэр бүхий 2 иргэн, 1 компанийн хувьд 6 угалзийг нийт 438.500.000 төгрөгөөр агнахаар ялагч болсон боловч ийнхүү санал болгосон үнээ төлөөгүйн улмаас энэхүү дуудлага худалдаа хүчингүй болсонтой холбогдуулан Засгийн газрын дээрх тогтоол, салбарын сайдын чиглэл, холбогдох хууль зөрчиж, аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/470 дугаар маргаан бүхий захирамжаар хаалттай дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэснийг, хаалттай дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосныг тус тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.4-т “…хуульд нийцсэн…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч “М*******” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын “Аргалын уул” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/01 дүгээр тогтоолоор хангалтгүй гэж дүгнэсэн нь цаг хугацааны болоод хууль зүйн хувьд Засаг даргаас хаалттай дуудлага худалдаа явуулах захирамж гаргах үндэслэл болохгүй, түүнчлэн 2025-2026 онд нэхэмжлэгчтэй дээрх гэрээг үргэлжлүүлэн байгуулж ажиллаж байгаа болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.
Түүнчлэн гэрээний дагуух менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг үнэлэх, цаашид гэрээг үргэлжүүлэх эсэх нь одоогийн маргаж буй 6 угалз агнахад хамааралгүй тусдаа харилцаа байхад шүүх энэ талаарх баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна” гэснийг буруу тайлбарлаж, дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10-т зааснаар “хаалттай” хэлбэрээр зохион байгуулж болох мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэнгүй.
3.Тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.2-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2-т …зааснаас үзэхэд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгохоор зохицуулсан болохоос дуудлага худалдааг явуулах хэлбэрийг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэснийг авч үзвэл:
Дээрх хуулийн 5.6 дугаар 2-т “Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна” гэсэн нь маргааны энэ тохиолдолд Амьтны тухай хуульд заасан нээлттэй дуудлага худалдааны зарчим хэрэгжих тухай ойлголт болохоос бус Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10-т заасан “Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно” гэсний “хаалттай”-г спорт болон олзворын зориулалтаар угалз агнах дуудлага худалдааны ялагчийг шалгаруулахад хэрэглэж болох зохицуулалт гэж тайлбарлаж үл болно.
Иймд 6 угалзыг аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/513 дугаар захирамжид заасны дагуу гуравдагч этгээд “М***” ХХК, “М***” ХХК тус тус 3, 3-аар нь нийт 120 сая төгрөгөөр агнахаар ялагч болж, тухайн ондоо хэрэгжсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.2, 291.6, 291.12.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль орчны газраас явуулсан 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг, уг дуудлага худалдаанд “М*******” ХХК-ийг оролцуулаагүйг, мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/470, 8 дугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” А/513 дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоогийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН