Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Ш ХХК /РД:*********/

Нэхэмжлэлийн шаардлага: ... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Х, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... SH LLC захирал З.От*****р миний бие SH LLC-ийг АНУ-д 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд АНУ-д амьдарч байгаа монголчуудын илгээмжийг Монгол Улс руу зуучлан тээвэрлэж илгээдэг үйл ажиллагаа эрхэлдэг болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай SH LLC нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Х*****лын ХХК-иар дамжуулан монголчуудынхаа илгээмжийг Монголд тараадаг байсан. Ажиллаж эхэлсэн цагаасаа хойш ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Х*****л нь ачаа тээврийг хугацаанд тараахгүй, удааж хүндрэл үүсгэж эхэлсэн. Энэ байдлыг таслан зогсоож, монголчуудынхааа ачаа тээшийг цаг хугацаанд тарааж ажиллах зорилгоор ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Х*****лтай 2017 оны 12 сараас ажиллахаа больж Монголчуудын ачааг түргэн шуурхай, найдвартай түгээх Уу Сод ХХК-тай хамтран ажиллах болсон. Гэтэл ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Х*****л нь санаатайгаар SH LLC-ийн үйлчлүүлэгчийг булааж, тэднийг төөрөгдөлд оруулах зорилгоор Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенци, хууль тогтоомжийг зөрчиж манай SH LLC-ийн нэрийг монголд хөрвүүлэн Ш ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг баталгаажуулан бидний хууль ёсны эрхийг зөрчсөнийг мэдлээ.

Иймд Ш ХХК нэрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажих журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-г зөрчсөн, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан үндэслэлээр захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, журамд Хуулийн этгээдийн нэр монгол хэлээр, кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна", Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй, жишээ нь: Нэкст, Некст г.м заажээ. Гэтэл энэхүү шаардлагыг биелүүлээгүй, тухайн нэр нь бусдыг төөрөгдүүлэхгүй байх үндсэн зарчмыг зөрчиж, cargo гэдэг англи үгийг галиглан карго хэмээн баталгаажуулсан байна.

Хоёр. Монгол Улсын гадаад хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолд карго гэдэг үгийг анх журамласан байна. Гэтэл уг тогтоол батлагдахаас өмнө Ш гэдэг нэрийг баталгаажуулсан нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна.

Гурав. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасан. Хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байхыг хориглосон буюу зөвшөөрөөгүй байна. Манай компаниар үйлчлүүлэгчид Ш ХХК-ийг манай компанийн АНУ дахь Салбар гэж ойлгогдон төөрөгдөлд орох гарцаагүй нөхцөл байдал үүсгээд байгаагийн дээр тасралтгүй хөдөлмөрлөж олж авсан бидний стандарт байдал, имижид нөлөөлөх, зах зээлд манай нэр хүндийг ашиглах бодит нөхцөл байдал бий болоод байна.

Манай компанитай хамааралтай, охин компани мэт ийм адил төстэй нэр авч ашиглаж байгаа нь бусдыг төөрөгдүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байна.

Дөрөв. Мөн Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д хуулийн этгээдийн нэр хаяг нь монгол хэлээр байх шаардлагыг тусгажээ.

Гэтэл карго гэдэг үг нь монгол хэлэнд ачаа тээш гэсэн утгаар хэрэглэгдсээр байтал энэ үгийг монгол хэлээр нь хэрэглэхгүйгээр Монгол хэлний тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.4-д Хуулийн этгээдийн нэр монгол хэлээр илэрхийлэгдсэн байна гэдийг тус тус зөрчиж Ш хэмээн нэрийг нь баталгаажуулсан байна.

Тав. Нөгөөтэйгүүр, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын
конвенцын 8 дугаар зүйлд "аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд
орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл
бүртгэлгүйгээр хамгаална" гэж заасан ба тус конвенцид Монгол Улс нэгдэн орж,
1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталж Монгол улсын хууль
тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөгддөг.

Мөн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын обьектод ... аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана, 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж зааснаас үзэхэд тухайн аж ахуй эрхлэгчийн нэр нь олонд танигдсан, зах зээлд байр сууриа эзэлсэн байдал, түүний нэр хүндийг ашиглан, өөрийн бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнийг борлуулахын тулд өөрийн оноосон нэрийг сонгохдоо өөрт ашигтай таатай ямар нэг байдлаар эзэмших, хэрэглэх, оролцуулахыг хориглосон байдаг.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ш ХХК-ийн нэрийн бүртгэлийг баталгаажуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажих журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-г зөрчсөн, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан үндэслэлээр захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ба******р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тын гаргасан Ш ХХК- ийн нэртэй холбоотой нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Хуулийн этгээдийн нэр монгол хэлээр, кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна" гэдэг нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам-ын 3.4 дэх заалт бөгөөд Ш нэрийг анх 2018 оны 02 дугаар сарын 22-нд олгож баталгаажуулан олгож, бүртгүүлэх ажпын 10 хоног хэтэрсэн тул 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин баталгаажуулсан байх тул огт хамааралгүй байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3.2-т хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна гэж заасныг зөрчөөгүй кирилл үсгээр Ш гэж баталгаажуулсан, мөн журмын 3.3-т хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй. Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт гэсэн заалт нь next гэсэн нэрийг кирилл үсгээр нэкст гэж галиглан баталгаажуулж олгосон бол өөр иргэнд некст гэж олгохгүй гэсэн утга агуулгатай зохицуулалт тул хамааралгүй байна.

Хоёр. Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1-р тогтоолоор батлагдсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг нь зөв бичихтэй холбоотой бөгөөд карго гэсэн үгийг хэрэглэхийг хориглоогүй байна.

Гурав. Иргэний хуулийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэсэн зохицуулалтын үзэл баримтлал, утга агуулгыг Иргэний хуулийн тайлбарын жишээнд дурдсан Marlboro, Manlboro гэх нэрнүүдээс харж болох ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэрийн санд Ш нэртэй ижил төсөөтэй нэр бүртгэлгүй байна.

Дөрөв. Монгол хэлний тухай хуулийн хуулийн этгээдийн нэр, хаяг нь монгол хэлээр байх шаардлага бол тухайн хуулийн этгээд нэр, хаягаа монгол хэлээр бичих шаардлага бөгөөд тус газар Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3.2-т хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна гэж заасны дагуу кирилл үсгээр баталгаажуулсан. Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан тул Ш нэрийг 2018 оны 02 дугаар сарын 22-нд олгож баталгаажуулсантай хамааралгүй байна.

Тав. Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэсэн заалт нь оюуны өмч барааны тэмдэгтэй хамааралтай бөгөөд тус газрын мөрдөж буй хууль, журамд огт тусгагдаагүй болно.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолын 1-т Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д Хуулийн этгээдийн нэртэй давхардсан гэдэгт хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авианы дуудлагын хувьд Улсын татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно гэсэн тайлбарыг үйл ажиллагаандаа үндэслэл болгон ажилладаг.

Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэсэн заалтын агуулгыг харахад улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт огт хамааралгүй байгаа бөгөөд оюуны өмчийн байгууллага хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг тул уг байгууллагад хамааралтай байна. Өөрөөр хэлбэл Shuurkhai cargo гэсэн нэртэй аж ахуйн нэгж АНУ-д бүртгэлтэй байхад Shuurkhai cargo гэсэн нэрийг монголын оюуны өмчийн байгууллага хамгаалахаар заасан байна.

Энэ нь Ш гэсэн нэр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй болохыг нотолж байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Ш ХХК-ийн зархирал А.Х*****л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тусгаар тогтносон Монгол Улсын Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд хамааралтай заалт журмуудыг Америкийн нэгдсэн улсын Иллинойс Мужийн дотоодын SH LLC үл хүндэтгэн Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын тушаал шийдвэрийг үгүйсгэн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх зорилгоор төрийн байгууллагын үйл ажиллагааг буруутган нэхэмжлэл гаргаж байгаа нь зохисгүй үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол улсын иргэн А.Х*****л би Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлагыг хангаж Ш "ХХК-г 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан нь ямар нэгэн хууль журам зөрчсөн зүйл байхгүйг манай компани мэдэгдэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд SH LLC нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч талаас ...Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах журамд Хуулийн этгээдийн нэр монгол хэлээр, кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна, Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй гэж заасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Ш ХХК-г бүртгэхдээ энэхүү шаардлагыг биелүүлээгүй... гэх үндэслэлийн тухайд:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Ш гэх нэрийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажуулж олгосон байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.2-т Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна гэж заасан бөгөөд Ш гэж кирилл үсгээр баталгаажуулан олгосон тул уг заалтыг зөрчөөгүй байна.

Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.3-т Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй. Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт гэж заасан бөгөөд энэхүү заалт нь Монгол улсад улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа өөр аж ахуйн нэгжүүдийн нэртэй ижил төсөөтэй байж болохгүй тухай зохицуулалт юм. Жишээлбэл, next гэсэн нэрийг кирилл үсгээр нэкст гэж баталгаажуулж олгосон бол өөр аж ахуйн нэгжид некст гэж олгохгүй гэсэн утгатай зохицуулалт байх бөгөөд хариуцагчийн зүгээс ижил төсөөтэй нэр байхгүй талаар хариу тайлбартаа илэрхийлсэн тул Ш ХХК-д хамааралгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч талаас ...Монгол Улсын гадаад хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолд карго гэдэг үгийг анх журамласан байна. Гэтэл уг тогтоол батлагдахаас өмнө Ш гэдэг нэрийг баталгаажуулсан нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн... гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын гадаад хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор монгол хэлний зөв бичих дүрмийг үндэслэн гадаад үгийг зөв бичих талаар журамласан бөгөөд улсын бүртгэлийн нэр олгоход зориулж журамлаагүй тул Ш ХХК-ийн нэрэнд карго гэдэг үг орсныг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл карго гэх үгийг монгол хэлний зөв бичих дүрмийг дагуу журамлаагүй байсан нь тухайн үг нь хуулийн этгээдийн нэрийн бүрдэлд орсон нь үндэслэлгүй гэж үзэхгүй.

Гурав. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1-д Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан гэдэгт Хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авиан дуудлагын хувьд Улсын татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн жагсаалтанд бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно. гэж заасан байна

Иргэний хуулийн дээрх заалт болон Улсын дээд шүүхийн тайлбарыг нэгтгэн дүгнэвэл нэр давхардах гэх ойлголт нь Монгол улсад бүртгэлтэй өөр аж ахуйн нэгжийн нэртэй ижил төсөөтэй эсэх тухай зохицуулалтыг агуулсан байх тул дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Тав. Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц-ын 8 дугаар зүйлийн зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Уг конвенцийг Монгол улс 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталсан бөгөөд уг конвенц нь 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална. гэж заасан байна.

Гэвч уг конвенцийг болон Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридийн хэлэлцээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 2 дугаар дүгнэлтийг тус тус бүхэлд нь судалвал Монгол Улсын Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах байгууллага нь хууль ёсны хамгаалалтын эрхтэй нэрийг хамгаалах, энэхүү нэр нь барааг худалдахад хэрэглэсэн нэр буюу худалдааны нэршилтэй холбоотой зохицуулалтыг агуулсан, барааны тэмдгийн хувьд олон улсын болон дотоодын бүртгэл нь ялгаатай талаар зохицуулсан байх тул шүүхээс хариуцагчийг аж ахуйн нэгжийн оноосон нэрийг хамгаалах үүрэгтэй гэж буруутгах боломжгүй, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцоос зөвхөн 8 дугаар зүйлийг салгаж хэрэглэх боломжгүй.

Түүнчлэн уг конвенцоор хамгаалагдсан барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр байх эсэх талаар дүгнэвэл, нэхэмжлэгч Америкийн нэгдсэн улсын SH LLC нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад барааны тэмдэг агуулгаар өөрийн нэрийг бүртгүүлсэн байна.

Харин гуравдагч этгээд болох Ш ХХК анх 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр барааны тэмдгээ бүртгүүлэхээр мэдүүлсэн бөгөөд Монгол улсын барааны тэмдэгт тавигдах шаардлага нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй: ...үсэг, гэж заасан байхад зохицуулагдсан тул зөвхөн Ш хэмээн дан үгчилсэн байдлаар мэдүүлсэн тул Оюуны өмчийн газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээр холбогдох засварыг хийж ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Ингээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дүрс тэмдгийг мэдүүлгийн бүрдүүлбэрт оруулж бүртгэж өгөхийг хүссэн боловч Оюуны өмчийн газар нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс нь барааны тэмдэгт тооцохгүй гэсэн заалтыг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг гаргаж 3 сарын дотор хариу тайлбар ирүүлэх боломжтой болохыг дурдсан байна. Улмаар гуравдагч этгээдийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбараа Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Оюуны өмчийн газар Барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт-ээр уг тэмдгийг барааны тэмдгээр бүртгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, SHUURKHAI CARGO гэдэг нэр болон барааны тэмдэг Америкийн Нэгдсэн Улсад хамгаалагдахаас өмнө буюу гуравдагч этгээд Ш ХХК 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Ш хэмээн барааны тэмдгээ бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн улсын эрхийн газарт илэрхийлсэн байх бөгөөд аль аль дотоодын барааны тэмдгийн бүртгэл байгааг дурдах нь зүйтэй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй; хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан; кирилл үсгээр илэрхийлэгдсэн; бусад хуулиар хориглоогүй, 14.5-д Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заасныг баримтлан Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын дагуу гуравдагч этгээд Ш ХХК-г бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд SH LLC-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд SH LLC-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА