| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 007/2014/0128/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0139 |
| Огноо | 2014-02-28 |
| Зүйл хэсэг | 155.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 007/2014/0128/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Тунгалагмаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт *** г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000151 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, *** аймагт төрсөн, *** настай *** бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тодорхой оршин суух хаяггүй, 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 03-нд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацаанасаа өмнө тэнсэн суллагдсан, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 10 жил 9 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 онд хуулийн тэгштгэлт хамрагдаж суллагдсан, 2010 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *** нь урьд дээрмийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 27-29-ний хооронд *** байранд амьдрах иргэн *** ын гэрт хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн иж бүрэн компьютер хулгайлж бусдад нийт 1.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2013 оны 03 дугаар сарын 24-ны өдөр *** багт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын сауны өрөөнөөс иргэн *** ийн цааны арьсан гутлыг хулгайн эд зүйл гэж мэдсээр байж *** тай хамтран зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
`
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хулгайн гутал зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 03 дугаар сарын 24-ний орой манай гэрийн тэнд подволд байдаг 2 дүү ирээд нэг гутал зарах гэсэн юм, зараад өгөөч гэсэн юм. Тэгээд ах нь үзье гэсэн чинь арьсан гутал байсан. Тэр 2 хүүхдийн нэгийг нь Б*** гэдэг, нэгийг нь бол мэдэхгүй. Тэр 2 хүүхэд хоёулаа авч ирсэн юм. Надад тухайн үед хулгайн гутал гэж хэлээгүй байсан. 120 мянган төгрөгөөр зараад махны лангуунаас гарч байхдаа надад хэлсэн юм. Компорт гээд зочид буудлаас хулгайлсан гэж надад хэлсэн. Энэ гутлыг зараад өгөөч л гэж надад хэлсэн болохоос хулгайн гутал гэж надад хэлээгүй юм. Маргааш нь би зах дээр очиж зарж өгсөн юм. Энэ хэргээ л өөрөө хүлээн зөвшөөрч байна. Компьютер хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ажиллаж байсан газар манай хүргэн бид хоёр хамт ажилладаг байсан юм. Манай хүргэн 6 хоног ажиллаад гараад явсан юм. Би тэр газраа 3 сар гаран ажилласан юм. Тэр газраасаа цалингаас болоод гарсан юм. Миний 2 сар ажилласан цалинг бүтэн өгөөд тэгээд 3 дахь сарын цалинг дутуу өгсөн юм. Тэгээд би тэр ажлаасаа гараад Залуучууд театрын урд байдаг 10 давхар барилга дээр ажилд орсон юм. Намайг энэ ажилдаа ороод 2 хоноогүй байхад манай хүргэн түлхүүрээр ороод тэр компьютерыг нь аваад гэртээ өөрөө аваад үлдээсэн байсан. Тэгээд намайг ажилдаа явдаг өдөр надад хэлсэн юм. Ах нь танай ажилладаг газрын компьютерыг аваад 3 хонож байна гэж хэлсэн юм. Тэгээд би юу яриад байгаа юм бэ буцааж аваачаад өгөөч, надад түлхүүр нь байсан шүү дээ гэж хэлсэн юм. Тэгээд ажил дээр очоод байж байсан чинь эзэн нь цагдаа дагуулаад хүрээд ирсэн юм. Тэгээд хүрээд ирэхээр нь би шууд хэргээ хүлээсэн. Тухайн үед нь би хулгай хийгээд авсан юм гэж хэлсэн. Тэгээд би хэргээ хүлээгээд байж байсан чинь хэрэг бүрдүүлэгч чамайг зовж байгаа эр хүн гэдгийг мэднэ, надад эр хүн шиг хэдэн хэрэг олоод өг тэгвэл чамайг зүгээр гаргана гээд байсан юм. Би тэр хэрэг бүрдүүлэгчийн нэрийг бол мэдэхгүй. Тэгээд бараг 6 сар хүртэл байж байгаад энэ хэрэг эргэж сөхөгдсөн. Тэгээд 145 дугаар зүйлийн 145.4 гэсэн зүйл ангиар гарч ирсэн. Тэгээд би тухайн үед нь аваагүй манай хүргэн *** гэдэг хүн хулгай хийгээд авсан юм гэж хэлж байсан. Тэгээд сарын дараа хэрэг чинь Прокурорт шилжлээ гэж хэлсэн. Тэгээд намайг хэрэгтэйгээ танилц гэсэн тэгээд надад томилолтын өмгөөлөгч уншиж сонсгосон. Би бичиг үсэг мэддэггүй болохоор надад танилцуулж өгсөн. Хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй, канондаж гаргаж ирсэн цаас надад бас уншиж өгөөд байсан. Би хулгай хийе гэж бодоогүй. Би хүргэндээ үнэнгээ хэл гэж захиа бичсэн юм. Надтай хамт байсан залуугаар би захиа бичүүлсэн юм. Би хүргэн ахыгаа дарамталж захиа бичсэн зүйл бол байхгүй ” гэв
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын 29-ны орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, гэр дотор байсан самсунг маркийн хар өнгийн компьютер алга болсон байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаагийн газар дуудлага өгөх гэхэд утас нь яриад байсан. Тэгээд би өглөө дуудлага өгье гэж бодоод унтаж амарсан юм. Тэгээд өглөө 8 цагт цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд надаас танай гэрийн түлхүүр өөр хүнд байдаг уу гэж асуухад нь надад байр зарсан хүнд илүү түлхүүр байж магад гэж хэлсэн. Тухайн үед за за олдохгүй байх гээд тоохгүй орхисон юм. Тэгээд удаагүй 7 хоногийн дараа цагдаа нар алдагдсан компьютерыг олчихлоо ирээд ав гэхээр очиж авсан. Цагдаагийн газарт очиж үзэхэд миний алдсан компьютер мөн байсан бүгдийг хүлээж аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч Д*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан эрүүгийн хэрэгт сэжигтнээр цагдан хоригдоод 2014.03.12-ны өдрийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гарахын урьд өдөр хамт нэг өрөөнд хоригдож байсан *** гэх эмэгтэй хажуу талын өрөөнд хоригдож байсан хүмүүст хэлсэн байсан юм. Тэгээд нөгөө өрөөнд хоригдож байсан *** гэх залуу надад сэтгүүлэн дотор нэг захиа хийж өгөхөд би уг бичгийг гаргаж чадалгүй *** дугаарыг цээжлээд нөгөө захиаг нь урж хаясан. Тухайн үед *** гэх залуу надад хандаж гэрээсээ эргэлт оруулах гэсэн юм наад утас руугаа яриад эргэлт дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би маргааш нь буюу 2014.03.12-ны орой 18 цаг өнгөрөөд цагдан хорих байрнаас гараад батлан даалтад гарсан юм. Маргааш өглөө нь *** ийн өгсөн 99292450 дугаарын утас руу залгаж танай дүү чинь хоригдож байгаа юм байна, эргэлт оруулаарай уулзуулаарай гэж хэлүүлсэн гэж хэлсэн. Түүнээс хойш би дахин яриагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** нь манай найз охин Ц*** ийн ах нь байгаа юм. Би 2012 онд Оюунтунгалагтай танилцаад түүнээс хойш *** ийн ээж *** бид 3 амьдарч байхад *** ах шоронгоос 2013 оны 01 сард гарч ирээд түүнээс хойш хамт амьдарч байсан. 2013 оны 8 сарын сүүлээр байх би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Гадаа бороо орж байхад манай найз охин *** ийн ах болох *** нь бүтэн скочодсон хайрцагтай эд зүйл барьчихсан орж ирэхээр нь наадах чинь юу юм бэ гэж асуухад би хүүхдэдээ компьютер авсан юм танай гэрт орхичихъё 2, 3 хоногоос ирж авна гээд үлдээчхээд явсан. Тухайн үед би гэртээ дүү *** ийн хамт байсан. *** руу ярьж хэлэхэд яахаараа танай гэрт тавьдаг юм бэ гэхээр нь би мэдэхгүй байна гээд утсаа салгасан. Манай дүү гаргаж компьютер дээр тоглоё гэхээр нь хүнийх болохгүй гэж хэлээд дэлгүүр орохоор гараад ирэх хооронд дүү маань аль хэдийн хайрцгийг задалж компьютерыг асааж байсан. Тэгээд нэгэнт задалсан юм чинь дүүгээ ганц удаа тоглуулъя гэж бодоод асаахад нэвтрэх код нууц үг нэхээд байхаар нь буцааж унтраагаад хайрцаганд нь хийсэн. Манай гэрт компьютер тавьсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа намайг хээтэй хороололд *** ийн гэрт хадам ээж *** нартай хамт байхад *** ах ажлынхаа хувцастайгаа 3 цагдаагийн хамт орж ирсэн. Компьютер хайж байна гээд хайж байгаад буцаад *** ахыг дагуулаад гэрээс гарч явсан. Тэгээд орой нь билүү хэд хоногийн дараа билүү *** ах *** гэдэг цагдаатай намайг хадам ээжийн гэрт байхад ирээд танайд үлдээсэн компьютерээ авах гэсэн юм гэж хэлсэн. Ингээд бид 3 манай гэрт очиж би гэрээсээ хайрцагтай компьютерийг нь аваад машинд суулгаж өгсөн. Тухайн үед манай гэрт манай эмээ *** байсан. Гэрээс гарах үед дүү *** бас ирж таарсан. Үүнээс хойш *** ахтай таараагүй байж байтал манай хадам ээж ***мын гар утас руу нэг эмэгтэй хүн залгаад ***чамд цагдан хорих байрнаас захиа өгүүлсэн танай гэр чинь хаана байдаг юм бэ танайхантай уулзах гэсэн юм. Т*** д хандаж урьд нь хэрэг үйлдэж байгаагүй юм чинь компьютерын хулгайн хэргийг миний өмнөөс хүлээчих тэгэхгүй бол би 10 жилийн ял авах гээд байна гэж хэлүүлсэнийг манай хадам ээж надад хэлсэн. ..” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *** йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь одоо сайн санахгүй байна. 2013 оны 8 сарын сүүлээр байхаа намайг гадуур явж байгаад Дархан сум *** тоот гэртээ орж ирээд байж байхад манай ах Батзаяагийн найз охин *** ийн ах гээд нэг ах хайрцагтай компьютер барьчихсан орж ирээд манай гэрт үлдээчхээд явсан юм. Тэгээд би ахаас компьютерыг асааж тоглоё гэтэл ах маань болохгүй гэж хэлээд дэлгүүр гарсан тэр хооронд нь би асааж тоглох гэтэл нууц дугаар нэхээд байсан. Ингээд ах буцаагаад хайрцаганд нь хийсэн юм. тэгээд хэд хоногийн дараа компьютер алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ц*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 8 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байж байх үед манай найз залуу *** өөрийнхөө гар утсаар над руу залгаад сая *** ах хайрцагтай компьютер барьчихсан манай гэрт орж ирээд үлдээчхээд явлаа хүүхэд дээ авсан гэнэ гэж хэлэхэд нь яахаараа хүүхэд дээ авсан компьютероо танайд үлдээдэг юм бэ буцаагаад өгч явуулаач гэхэд гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай найз залуу *** бид 2 Дархан сум 9 дүгээр *** орц подволд байж байхад *** ах цагдаа нартай хамт орж ирсэн. Тэгээд би *** ахаас юу болсон юм бэ гэж асуухад намайг компьютер хулгайлсан гээд байна гэж хэлсэн. Тэгээд гэрт хайж байгаад буцаад гараад явцгаасан. Орой нь *** надтай хамт манай гэрт байж байхад цагдаа нар дахиж ирээд *** ай уулзаад гэр лүү нь хамт явсан. Маргааш нь манай найз *** ирээд *** ахын манай гэрт үлдээчхээд явсан компьютер нь хулгайнх байсан байна цагдаа нар ирээд аваад явлаа гэж хэлсэн. Тэр үед би ахыгаа хулгай хийснийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт сэжигтнээр Дархан-Уул аймгийн ШШГА-ны байранд хоригдож байгаад 2014.03.13-“ны өдөр надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар болсон. Намайг цагдан хорих байрнаас гарахын өмнө байцаагч өрөөндөө дуудаад ахин байцаалт авч байхад гаднаас өрөөнд нэг бага насны залуу орж ирээд надтай цуг хоригдож байсан *** гэх залуугийн хүргэн дүү орж ирээд байцаагчид хандаж *** ах цагдан хорих байрнаас захиа гаргаад намайг ирж уулз гэж хэлүүлсэн гэж хэлэхэд нөгөө залууг байцаагч “хүн байцааж байна дор сууж бай” гэж хэлээд гаргасан. Тэгээд би байцаалтаа өгчхөөд цагдан хорих байр луугаа ороод сая байцаалт өгч байхад танай хүргэн дүү чинь ирээд чамайг цагдан хорих байрнаас захиа гаргасан байна хэлж байна гэж хэлэхэд *** аан тиймүү гэж хэлсэн. Тэгээд би орой 17 цаг 30 минутын үед цагдан хорих байрнаас гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2013.08.29-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд орж ажилласан. Тэр үед Дархан сумын *** дүгээр баг *** байранд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиход тухайн байрны мансарт буюу 6 давхарт амьдрах *** гэх залуу байж байсан. Түүнээс ямар эд зүйл хулгайд алдагдсан бэ гэж асуухад би 2013.08.27-29-ний өдрийн хооронд гэртээ байхгүй байж байгаад өнөөдөр гэртээ ирэхэд самсунг маркийн иж бүрэн компьютер алдагдсан байна. Манай гэрийн хаалга цоож, цонх зэрэг зүйл бүрэн бүтэн байна хаагуур яаж орсон талаар мэдэхгүй байна. Миний найз нөхөд хамаатан садангийн хүмүүс авсан юм уу хулгайч авсан юм уу сайн мэдэхгүй байна асууж лавлаж байгаад гомдлоо гаргана гэж хэлсэн. Ингээд энэ асуудал тухайн байрны мансардыг барьж байсан барилгын ажилчид дундаас *** гэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талаар гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдсаны дагуу холбогдуулан шалгахад *** нь *** ын гэрээс иж бүрэн компьютер хулгайлсан үйлдлээ хүлээсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одхүү нь манай компанид ороё өөрийн гэх орон байр байхгүй Хөвсгөлөөс ирсэн гэхээр нь өөрийнхөө барьж байгаа мансартны барилгын нэг өрөөнд амьдруулж өдрийн цагаар туслах ажил хийлгэдэг байсан. Тэгээд би 2013 оны 8 сарын эхээр *** нь ажиллаа хийхгүй худлаа үнэн яриад яваад байсан. Тухайн үед ***д итгэж зарим байрныхаа хаалганы илүү түлхүүрийг өгч дутуу хийсэн ажлыг хийлгэдэг байсан. Тэгээд 2013 оны 8 сарын сүүлээр ***д цалинг нь өгчхөөд нөхөр бид 2 Улаанбаатар хот уруу явсан. Тэгэхдээ айлуудын илүү түлхүүрийг авалгүйгээр *** д орхичхоод явчихсан байна лээ. Хотод явж байхад нэг цагдаа утсаар яриад танай мансартны байранд амьдардаг иргэн *** ын гэрт хулгай орж компьютер алдагдсан байна. Та ирж уулз гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр *** рүү залгаж чи авчихсан юм уу гэж асуухад тиймээ би авсан тэгээд буцаагаад өгсөн гэж хэлсэн. Түүнээс хойш цагдаа нар дахиж яриагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *** гэх эмэгтэйгийн хамт цагдан хорих байрны 7 дугаар камерт хоригдож байсан, 5 дугаар камерт хоригдож байсан *** нь *** г батлан даалтад гарахыг сонсчихоод манай камер луу захиа шидэж *** р гаргуулахыг гуйсан юм. Тухайн үед би захиаг авч уншихад “Заяа чи ахынхаа хийсэн хулгайн хэргийг даахгүй бол ах нь 10-15 жилийн ял авах гээд байна. Чи анхны хэрэг юм чинь ялгүй тэнсэн аваад гарна гуйж байна” гэж бичсэн байсан. Тэр үед би *** г уг захиаг авч гарах уу гэхэд үгүй гэхээр нь нойлын суултуур луу хийж устгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт *** буудлын саун дээр ажил дээрээ очиж гадуур хувцасаа үүдний шүүгээнд хийчхээд цааны годон гутлаа үүдний гутлын хайрцаганд хийчихээд ажил үүргээ гүйцэтгэсэн. Тэгээд 21 цагийн үед гадагш гарах шаардлага гараад гутлаа шүүгээнээс авах гэсэн чинь миний цааны годон гутал алга болчихсон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 105 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Буян захын махны лангуун дээрээ махаа зараад зогсож байсан чинь махлаг шар залуу лангуун дээр зогсож наймаа хийж байгаа хүмүүс дээр очоод гутал авах уу гээд үзүүлээд явж байсан тэгээд над дээр ирээд гутал авах уу гээд асуухаар нь би ямар гутал юм гэсэн чинь барьж явсан торноосоо цагаан саарал өнгийн цааны арьсан годон гутал гаргаж ирсэн хэл гэж байгаа юм хулгайнх биш биз гэж асуухад мөнгөний хэрэг болоод байна 200,000-д зарлаа гэхээр нь яагаад хямдхан өгөх гээд байгаа юм бэ гэж асуухад махлаг шар залуу манай эхнэрийн бие муудаад хагалгаанд орох гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид 2 тохиролцож байгаад 120,000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар ч байсан гутал зарах үедээ 2-уулаа явж байсан би харах юм бол танина...” гэх мэдүүлэг /хэргийн 107 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байсан чинь *** ах цааны арьсан гутал авчирсан тэгэхлээр нь юун гутал юм гээд асуусан чинь *** ах тамхи авах гэж явж байгаад Компорт буудлын сауны үүдэнд байсан хайрцагнаас гутал авчихсан юм гэж хэлсэн тэгээд удалгүй гутлаа аваад *** ах бид 2 хээтэй хорооллын 4.3-р байранд байдаг *** ахын гэрт нь очоод *** ахыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд *** ах Компорт буудлын сауны үүдэнд байсан хайрцгаас гутал авчихсан маргааш бирж ороод зарах уу гээд хэлсэн чинь тэгье гэсэн. Маргааш өглөө *** ах бид хоёр *** ахтай уулзаад гутлаа аваад бирж орсон. Тэгээд би Буян захын мах зардаг гардаг хаалганы үүдэн дээр зогсож байсан чинь *** ах мах зардаг нэг эгчид гутлаа 120,000 төгрөгөөр зарчихаад ирсэн. Тэгээд бид гурав 120.000 төгрөгийн нь тэнцүү хувааж авсан..би болон *** ах уг гутлыг хулгайн гутал гэдийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 109 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г***гутал зарсан гэх хүнийг фото зургаар таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 101-103 дугаар хуудас/,
***гийн урьд ял шийтгүүлж байсан лавлагаа шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 57-74 дүгээр хуудас хуудас/,
Яллагдагч *** ын сэжигтэн болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2013 оны 12 сарын 27-ны өдрийн 20 цагийн үед тамхи авах гэж дэлгүүр орох замдаа Дархан сум *** дүгээр багт байрлах Компорт буудлын сауны үүдэнд байрлах гутлын хайрцагнаас цааны арьсан цагаан саарал өнгөтэй годон гутлыг авсан. Тэгээд дүү Отгонбаатарыг дагуулаад орой ах ***гийн гэрт очиж үзүүлээд “Комфорт” зочид буудлаас хулгайлчихсан” юм гээд үзүүлэхэд *** ах маргааш өглөө цэвэрлээд аваад ир” гэсэн... тэгээд маргааш нь *** ах, дүү *** нартай хамтран зарж борлуулсан...” гэж мэдүүлэг /хэргийн 115-116, 120-121 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж байгаад Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн *** ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа 2013 оны 08 дугаар сарын 27-ноос 29-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг *** дугаар байрны дээд талд *** байранд амьдрах иргэн *** ын гэрт хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн иж бүрэн компьютер хулгайлж бусдад нийт 1 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Б*** ын гэмт хэрэг үйлдэж олсон цааны арьсан гутлыг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа боловч уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ц*** аас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хулгайн үйлдэл нь Эрүүгийн хууийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж, зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчлөх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч *** нь Дархан сумын хуучин хороололын 33 дугаар байрны мансард барих ажлыг 2013 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл хийж гүйцэтгэж байсан ба түүнд тус барилгын захирлаас “иргэн *** ын гэрийн босоо дүүшийг суулгуулах” зорилгоор өгсөн түлхүүрийг ашиглан 2013 оны 08 дугаар сард иргэн М*** ын гэрийн хаалгыг онгойлгон орж, түүний Самсунг маркийн иж бүрэн компьютерыг хулгайлсан болох нь хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын 29-ны орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, гэр дотор байсан самсунг маркийн хар өнгийн компьютер алга болсон байсан. ..Цагдаа нар ирээд надаас танай гэрийн түлхүүр өөр хүнд байдаг уу гэж асуухад нь надад байр зарсан хүнд илүү түлхүүр байж магад гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/ , гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** нь манай компанид орьё өөрийн гэх орон байр байхгүй Хөвсгөлөөс ирсэн гэхээр нь өөрийнхөө барьж байгаа мансартны барилгын нэг өрөөнд амьдруулж өдрийн цагаар туслах ажил хийлгэдэг байсан. Тухайн үед ***д итгэж зарим байрныхаа хаалганы илүү түлхүүрийг өгч дутуу хийсэн ажлыг хийлгэдэг байсан. Тэгээд 2013 оны 8 сарын сүүлээр нөхөр бид 2 Улаанбаатар хот уруу явахдаа айлуудын илүү түлхүүрийг авалгүйгээр *** д орхичихоод явчихсан байсан. ...Нэг цагдаа утсаар яриад танай мансартны байранд амьдардаг иргэн *** гэрт хулгай орж компьютер алдагдсан байна гэж хэлэхээр манай нөхөр *** рүү залгаж чи авчихсан юм уу гэж асуухад тиймээ би авсан тэгээд буцаагаад өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *** нь иргэн М.Энхбаярын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж эд зүйлийг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байх тул барилгын захирал *** с байрны хаалганы илүү түлхүүрийг өгснөөр шүүгдэгч *** г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч ***гиийн үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч *** ын “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан компьютероо бүрэн бүтэн хүлээн авсан” гэх, хохирогч *** гийн “ гутлаа олж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх зэрэг мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хурааж ирүүлсэн 1 хуудас гар бичмэл зурвасыг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** энэ хэрэгт 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар *** д ногдох эд хөрөнгөнөөс 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *** энэ хэргийн улмаас 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс 2014 оны 7 дүгээр сарын 7-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 134/ нэг зуун гучин дөрвөн/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар
хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн гар бичмэл бүхий 1 ширхэг бичгийн зурвасыг уг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА
Т.ЭНХЖАРГАЛ