Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун, Д.Чулуунжав,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгэр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Ж овогт Б.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123543 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Б.Б. /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын .. баг .. хорооллын .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.Б. нь 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг Дэлгэр хорооллын нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн О.Б., Н.Ө. нарыг хутгаар зүсэж Н.Ө.гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ногооны талбай дээрээ байж байгаад орой 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд явж байхад Дэлгэр хорооллын гудамжны үзүүрт урдаас хоёр залуу ирж байсан юм. Тэгээд тэр хоёр залуу миний хажуугаар зөрөх үед нэг залуу нь надад хандан “чи ямар пээдгэр юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “би Б. л байна шүү дээ гэж хэлэхэд” Тэр хоёрын нэг нь болох өндөр нь миний нүүр рүү гараараа цохиод намайг газар унагаасан юм. Тэгээд тэд нар намайг газар унасан хойно зодоод байхад нь би аргаа бариад өөрийнхөө дүүг нэрээр нь дуудаж “намайг авраарай” гэж орилсонд манай эмэгтэй дүү, ээж хоёр ирээд намайг тэр хоёр залуугаас салгаж аваад явсан юм. Тухайн үед би өөрийгөө хамгаалж тэр хоёр залууг айлгах зорилгоор халааснаасаа энэ хутгийг гаргаж ирсэн юм. Би тэр хоёр залууг хутганд зүсүүлснийг мэдээгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б. нь 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг Дэлгэр хорооллын нутаг дэвсгэрт иргэн О.Б., Н.Ө. нарыг хутгаар зүсэж Н.Ө.гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Á.Áàÿðõ¿¿ 99.1-13.doc

хохирогч О.Б.ийн:”...2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ө. бид хоёр манай гэрт очиж хонохоор явж байхад манай гудамжны үзүүрээс нэг залуу урдаас ирж байсан юм. Тэгээд тэр залууг бид хоёрын хажуугаар зөрөх юм байх гэж бодсон чинь бид хоёроос хэрүүл өдөөд тэгээд Ө.г зохих шиг болсон юм. Тэр үед би Ө.г аваад тэр залуугаас холдоход Ө. надад хандан “намайг хутгалчихлаа” гээд уйлаад байхад нь би гэдсийг нь үзэхэд түүний гэдэснээс цус гарчихсан байсан...Би тухайн үед цээжин тус газраа хутгаар зүсүүлсэн гэдгээ мэдээгүй юм. Харин эмнэлэг дээр очтол миний цээж хорсоод байхад нь харсан чинь миний өмсөж явсан подволк цоорсон байдалтай байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 23, 125 дахь талууд,

хохирогч Н.Ө.гийн:”... 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б.ийн гэрт нь хонохоор бид хоёр хамт явж байхад Б.ийн хашааны наад талын гудмаар эргэх үед урдаас нэг хүн ирж явсан юм...Тэгээд нөгөө залуу бид хоёрын хажуугаар зөрөхгүйгээр эхлээд Б.ийг цохиод авсан юм. Тэгээд над дээр ирээд миний гэдэс рүү цохих шиг болсон юм. Тэгээд бид хоёр тэр хүнээс салаад цааш явах үед миний гэдэснээс сэрүү татаад нойтон болоод байх шиг санагдаад байхад нь би гэдсээ хартал хутгалуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20, 124, 146 дахь талууд,

гэрч Б.Н-ийн:”...Тухайн үед Б. ах газар суучихсан мөн хажууд нь хоёр залуу байж байсан юм. Тэр хоёр залуугийн нэг нь хутгалуулсан гэж хэлээд газар суучихсан байсан бөгөөд нэг нь хажууд нь зогсож байсан...Тэгээд манай хүргэн ах Болдбаатар машинаа асааж ирээд Б. ахыг тэр хоёр залуутай хамт эмнэлэг рүү аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 96, 131 дахь талууд,

гэрч Б.Г-ийн:”...Юу болсон талаар Б.оос асуухад Б. надад хандан “Б. урдаас ирээд намайг хутгалах гэхэд нь би бултсан чинь Ө.г хутгалчихлаа” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 100 дахь тал/,

гэрч Б.Д-ийн Б. ах манай хашааны хаалганаас хоёроос гурван алхмын цаана хоёр залуутай зууралдаад зогсож байхаар нь би урдаас нь очоод юу болж байгаа талаар асуухад улаан цамцтай залуу нь надад хандан “танай ах чинь хүн хутгалчихлаа” гэж хэлэхэд нь би Б. ахыг салгах зорилгоор татсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 35, 101, 128, 130 дахь талууд/,

шүүгдэгч Б.Б.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ногооны талбай дээрээ байж байгаад орой 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд явж байхад Дэлгэр хорооллын гудамжны үзүүрт урдаас хоёр залуу ирж байсан юм. Тэгээд тэр хоёр залуу миний хажуугаар зөрөх үед нэг залуу нь надад хандан “чи ямар пээдгэр юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “би Б. л байна шүү дээ гэж хэлэхэд” Тэр хоёрын нэг нь болох өндөр нь миний нүүр рүү гараараа цохиод намайг газар унагаасан юм. Тэгээд тэд нар намайг газар унасан хойно зодоод байхад нь би аргаа бариад өөрийнхөө дүүг нэрээр нь дуудаж “намайг авраарай” гэж орилсонд манай эмэгтэй дүү, ээж хоёр ирээд намайг тэр хоёр залуугаас салгаж аваад явсан юм. Тухайн үед би өөрийгөө хамгаалж тэр хоёр залууг айлгах зорилгоор халааснаасаа энэ хутгийг гаргаж ирсэн юм. Би тэр хоёр залууг хутганд зүсүүлснийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 76 дахь тал/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 651 тоот акт.

1. О.Б.ийн биед цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт тогтоогдлоо.

2. Энэ нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. гэсэн дүгнэлт /хэргийн 53 дахь тал/,

 шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 652 тоот акт.

1. Н.Ө.гийн биед хэвлийн өмнө хэсгийн шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

 

 

Шүүгдэгч Б.Б.гийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй, гэмт хэргийн сэдэлт нь хувийн шинжтэй бөгөөд танхайрах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б.г үйлдсэн гэж зүйлчилсэн нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Ж овогт Б.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Б. нь бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.Ө.д 250.000 төгрөгийг өгсөн, мөн  хохирогч О.Б., Н.Ө. нар нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Б.гээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Б. урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 80 дахь тал/.

 

Шүүгдэгч Б.Б. нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Ж овогт Б.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

 

2. Ж овогт Б.Б.г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 /зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх тул Ж овогт Б.Б.г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

                          

  ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                  Ё.РИНЗААН

                                   

      ШҮҮГЧИД                                               А.АЛТАНХУЯГ

                                                                         

   Б.МАНЛАЙБААТАР