Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0140

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0148/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *** ,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20140900336 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн байцаалт: 
Монгол Улсын харъяат, *** төрсөн *** настай, *** дээд  боловсролтой, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн *** 

Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим Дархан сумын 12-р баг 16-р байрны урд байрлах 4-н замын уулзвар дээр ***  маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-д заасан “ жолооч  зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчин О.Одсайханы жолоодож явсан “Хонда GBR” маркын ***  улсын дугаартай мотоциклыг мөргөж *** ны биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 04 дүгээр  сарын 22-ны өдрийн 22 цагийн орчин 16 дугаар байрны урд талын уулзвараар эргэж байтал гэнт урдуур юм гараад ирэх шиг болсон  тормоз гишгээд зогсоход мотоциклтой хүн байсан. Би цагдаа, түргэн дуудаж  хохирогчийг эмнэлэг рүү авч явсан” гэв.

Хохирогч *** ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчим Номингийн уулзвараар гараад Олон улсын үйлчилгээний төврүү явж байсан. Замын баруун талаар эгнээгээ эзлээд явж байсан. Миний зүүн талаас машин мөргөсөн. Мөргүүлээд эрүүгээрээ газар цохиод унасан. Хөлнөөс мөргөсөн учир маш их өвдсөн. 5-10 минутын дараа түргэний машин ирж намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт  очоод яаралтай хагалгаанд орж хадуулсан. Шагайны зөөлөн эд тасарсан. 20 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн” гэв.

Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тэр өдөр Улаанбаатар хотоос өөрийнхөө *** улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр Э*** нарын хамтаар 21 цаг 45 минутын орчим Дархан-Уул аймагт орж ирээд Дархан сумын *** байрны гадаа  ******  эгч нарыг буулгачихаад Дархан сумын 12-р баг 17-р байрны гадаа очиж хүнд юм өгчихөөд тэндээсээ хөдлөөд Дархан сумын 15-р баг мангиртад байх аавынх руугаа хөдөлсөн юм. Ингээд 16-н давхар байрны урдуур гараад баруун гар тийшээ эргээд Мобикомын байрны урдуур зүүн гар тийшээ эргэх гээд дохиогоо өгөөд эргэх үйлдэл хийж байхад урдаас гэнэт нэг юм гараад ирсэн. Тухайн үед гэнэт юм гарч ирсэн болохоор юу байсан гэдгийг анзаарч харж чадаагүй. Тэгээд тоормоз гишгээд зогссон чинь мотоцикл ирээд автомашины урд гуперыг мөргөчихсөн юм.Би зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийж байсан болохоор эсрэг талынхаа урсгалруу орчихсон байсан юм. Миний эсрэг талын урсгалаас буюу Дархан Номингийн талаас автомашин ирж байсан. Мөн холбоо талаас автомашин ирж байсан. Би тэгээд Дархан номин талаас ирж байгаа автомашины урдуур гарчих юм бол амжих юм байна гэж бодоод мөн тухайн автомашин нэлээн зайтай буюу 40-50 метрийн цаанаас ирж байсан болохоор амжих юм байна гэж бодоод зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийж байсан болохоор урдаас мотоцикл ирж байна гэдгийг хараагүй байсан юм.гэсэн мэдүүлэг” гэх мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 4-5,42-43 дугаар хуудас/,

Хохирогч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 15-р баг Үйлдвэрийн районд байх Дулааны цахилгаан станцад байх ажлаасаа 22 цагийн орчим тараад ажлынхаа газрын ***  гэдэг эмэгтэйн хамтаар гэртээ харихаар явсан юм. Явахдаа өөрийнхөө мотоциклыг унаад Лхазаамааг ардаа суулгаад  явсан юм. Ингээд Л*** Олон Улсын худалдааны төв дээр буулгах гээд  үйлчилгээний төвөөс чигээрээ явж байсан. Ингээд Дархан номингийн гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд баруун гар талынхаа эгнээг бариад явж байхад урд талд болон зүүн гар талд миний явж байгаа чиглэлд 2 автомашин явж байсан юм. Би  машины араас явж байсан болохоор 30-40 км цагийн хурдтай явж байсан юм. Мобикомын  уулзвар өнгөрөхөд миний урд явж байсан автомашин түрүүлээд цаашаа явчихсан  ба өөдөөс эсрэг урсгалд нэг автомашин ирж байсан юм. Тэр автомашиныг чигээрээ явах байх  гэж бодож байсан чинь  ямар нэгэн дохио өгөхгүй  зүүн гар тийшээ  эргээд миний урдуур ороод ирэхээр нь мотоциклынхоо хойд тоормозыг  гишгээд баруун гар тийшээ тухайн автомашинаас зугтаалгаж дарсан чинь  тэр машин миний зүүн гар талаас  урд гуперээр  миний зүүн хөлийг ирж мөргөхөд  мотоциклийн рулийг зүүн гар тийш дарагдаж зүүн гар талруугаа унасан юм. Тухайн үед хамгаалалтын мотоциклын малгай өмссөн байсан учир эрүүгээрээ газар тулж унасан” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..... *** бид 2 цуг Дулааны цахилгаан станцад тогоочоор хамт ажилладаг юм. Тэр өдөр 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ харих гэтэл. *** мотоциклтой явж байхаар нь гэртээ хүргүүлэх гээд *** аны мотоциклын ард нь суугаад явсан юм. Ингээд хуучин хороолол өнгөрөөд Мобикомын урдуур гараад явж байсан чинь гэнэт л замын хажууруу уначихсан юм. Би тухайн үед мотоциклын ард нь суугаад явж байсан болохоор урд зам хараагүй явж  байсан юм. Тухайн үед  юу мөргөсөн гэдгийг нь ч хараагүй. Зам дээр мотоциклтойгоо уначихаад босоод ирсэн чинь  *** хөл хөл гээд орилоод байсан чинь хажууд зогсож байсан автомашинаас эрэгтэй  хүн гараад ирэхээр нь түргэн дуудсан юм гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,

Шинжээчийн 477 дугаартай дүгнэлт “О*** биед зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь Дархан сумын 12-р баг 16-р байрны урд байрлах 4-н замын уулзвар дээр 2014 оны 4 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим *** маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-д заасан “ жолооч  зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчин *** ы жолоодож явсан “Хонда GBR” маркын *** улсын дугаартай мотоциклыг мөргөж О.Одсайханы биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

    Иймд шүүгдэгч *** г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
    
    Шүүгдэгч Д.Лхагвасүрэнг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 73 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролд нийт 1 549 000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Хохирогч *** нь цалингийн үр дүнгийн шагнал, өмгөөлөлийн хөлс 400 000 төгрөгийг тус тус шүүгдэгч *** ээс гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд цалингийн үр дүнгийн шагнал /урамшуулал/ нь жилийн эцэст тооцогдох тул Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй байх бөгөөд энэ талаархи  нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 Хохирогч *** нь өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд сайн дураараа хууль зүйн туслалцаа авсаны /өмгөөлөлийн/ хөлсөнд төлсөн 400 000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, энэ тухай  нэхэмжлжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь  цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй байх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн ***ийн ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** г  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч *** ы биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *** д  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 1 549 000 /нэг сая таван зуун дөчин есэн мянган/ төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар *** д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, *** ийн ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардал болон үр дүнгийн шагнал цалингийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шүүгдэгч *** гээс өмгөөлөлийн хөлс 400 000 төгрөг гаргуулах тухай хохирогч ***ы нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ