Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­06 

 

 

 

  

 

 

  2022 оны   12 сарын  28 өдөр                                  Дуга     2023/ШЦТ/­­­­06                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч, хохирогч: Б.Н,

Шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч: О.О,

Шүүгдэгч, хохирогч: Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Б Н, Их Отог овогт Ц М нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Оба транс ХХК-д нүүрс тээврийн автомашины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Агуйт, Зб-З гудамжны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б Н /РД:*****/.

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Их-Тамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42-р хороо, 14-р хороолол, 15-р байр, 604 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Ц М /РД:******/.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М үл ялих зүйлээр маргалдаж хутгаар хатгасны улмаас зүүн өгзөг-гуя дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н үл ялих зүйлээр маргалдаж нүд, хамар хэсэг рүү нь гараараа цохисны улмаас тархины доргилт, дух, зүүн нүдний дээд болон доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мт нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Нн өмгөөлөгч О.О гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Б.Н гэм буруу дээрээ маргаагүй байгаа. Энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн хэлэхэд Б.Н нь өмнө хэдийгээр гэмт хэрэг үйлдэж байсан боловч энэ гэмт хэрэгт нь ялгүй байх хугацаа тоологдохгүй байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Н үйлдсэн гэмт хэрэг нь хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Тиймээс хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд боломжтой нэг асуудал нь хохирогчтой эвлэрсэн, хоорондоо гомдол саналгүй гэсэн байр суурьтай байгаа. Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан учраас хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болсон. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргахад прокурор хүлээж авсан. Улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд 650,000 төгрөгөөр торгуулах саналыг дэмжиж байгаа. Бид нар харилцан тохиролцсон. Үүн дээр маргаан байхгүй.” гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-28-р хуудас/

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “ОБА Транс” ХХК-ийн 314 дүгээр бөмбөлөгт амралтын өрөөнд ганцаараа амарч байхад хамт ажилладаг Х, Д гэх хоёр хүн гэрт ороод ирээч гэж дуудахаар нь би яваад ороход тэр хоёр нэг шил архи гаргаж ирэхээр нь бид гурав хамтдаа архийг уусан. Тэгээд бид гурав архиа хувааж уугаад дуусах гэж байхад 1 дүгээр гэрт байрлаж байсан жолооч Б орж ирээд надтай өндөр нам яриад хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би уурандаа босож ирээд Б маргалдаж барьцалдаж аваад би тэр хүнийг боосон чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад би гэр лүүгээ Б бас гэр лүүгээ явсан. Тухайн үед би Б боосон байсан учир уучлалт гуйх зорилготой Х хамт 1 дүгээр гэрт ороход Н нь Б өмөөрөөд “чи яахаараа тэгдэг юм” гээд над руу дайраад байхаар нь би Нямжавын нүд хэсэг орчимд алгадсан чинь Х бид нарыг салгаад гарахаар нь би Нямжавыг Б өмөөрлөө гэдэгт уурлаад эргээд орсон. Тэгсэн чинь Нямжав нь намайг хаалгаар дөнгөж ороход шууд миний зүүн гуяны гадна хэсэгт шар иштэй балиус хутгаар хутгалсан. Тухайн үед миний цус их хэмжээгээр гараад би орон дээр сууж байхад бусад жолооч нар орж ирээд эмч дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н: “...2022 оны 11 сарын 03-ны өдөр би гэртээ амарч байхад Ц.М орж ирээд бид хоёр маргалдаж байгаад Ц.М гэрлээ асаа гэж хэлээд Б.Б хэрүүл маргаан хийж байгаад цохиод авахаар нь би “Ц.М чи хүн ахалж байж ингэж болохгүй шүү” гээд хэлтэл “би чамтай яриагүй” гэж хэлээд миний нүүрэн тус газарт зүүн нүдэн дээр цохиод авсан юм. Тэгээд би гэрийн зүүн талд байсан хутга аваад Ц.М хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ОБА транс” ХХК-ийн кемп дээрээ байж байхад “ОБА транс” ХХК-д нүүрс тээврийн машины жолооч ажилтай Л.П гэдэг залуу миний гар утас руу залгаад хэлэхдээ “энд нэгнийгээ дүрчихлээ хурдан хүрээд ир” гээд надад хэлэхээр нь би тухайн хэрэг болсон 1 дугаартай гэрт яваад очиход “ОБА транс” ХХК-ийн жолооч Ц.М нь хутгалуулчихсан хутгалсан газрыг нь Б гэдэг жолооч дарчихсан гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.... Б.Н зүүн нүд нь хөхөрч хавдчихсан байсан... Тусгаарлах байрны 1 дугаартай гэрт хар өнгийн иштэй нэлээн том хутга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Х: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ОБА транс” ХХК-ийн кемпийн 6 дугаартай гэртээ амарч байхад Ц.М намайг дуудахаар нь би амрах гэрээсээ гараад 9 дугаартай гэрт яваад ороход Ц.М, Д, бид гурав байж байгаад нэг шил хараа нэртэй 0.75 граммын архи уугаад байж байтал Б ах ороод ирсэн юм. Би тэгээд тэр гэрээс гараад өөрийн амрах гэртээ ороод тоглоом тоглож хэвтэж байтал миний дүү болох Б.Б гарч орж ирээд Б, М ах хоёр хэрэлдэж маргалдаад байна гээд ороод ирэхээр нь би амрах гэрээс гараад 1 дугаартай гэрт яваад орох гэж байхад Ц.М 1 дугаартай гэр лүү орж байхаар нь би араас нь яваад ортол Б ах М ах хоёр хэрүүл хийгээд зогсож байтал Б.Н дундуур нь ороод “М боль” гээд хэлтэл Мөнхбат ах “би чамтай юм яриагүй байна” гээд хэлтэл “би чамтай юм ярина шүү пизда минь” гээд хэлтэл Ц.М ах Б.Н ахыг нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохиод авахаар нь би боль гэж хэлээд Ц.М татаад автал Б.Н ах “би чамайг ална” гэж хэлээд гэрийн баруун орон дээрээс босоод зуухны урдуур гараад гэрийн зүүн орон дээр явж очоод орон дээр цаасан хайрцаг нь дотор байсан хутга авахаар нь миний төрсөн дүү болох Б.Б, Б.Н араас нь тэврээд автал Б.Н “би чамайг ална” гэж хэлээд миний гуя руу чиглүүлэхээр нь би хойшоо ухраад холдоод байж байтал миний дүү Б.Б араас нь тэвэрсэн чигээрээ түлхээд байж байх хооронд би гэрээс гараад зугтаасан юм. Тэгээд би 3 дугаартай гэрт амардаг Б, П гээд дуудаад байдаг ахын амардаг гэрт нь ороод Б.Н ах хутга бариад ална гээд байна гэж хэлээд буцаад 1 дугаартай гэрт яваад орох гэтэл Б.Н гэрийн дотор талд хаалган дээр хутгаараа над руу зангаад хутгалах гээд намайг гэрт оруулахгүй байсан. Тэгтэл Бямбаа ах гэрт ороод Ц.М хутгалуулсан хэсгийг гараараа дараад орон дээр хэвтүүлсэн юм. Тэгээд цагдаад дуудлага өг гээд цагдаа дуудсан... Б.Н ахтай Ц.М үл ойлголцож маргалдаж хэрэлдэж байгаад Ц.М, Б.Н цохиод авсны дараа уурлаад ална гэж орон дээрээс босож ирээд хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...би өөрийн амардаг гэрийн хойд талын орон дээр амрах гээд хувцсаа тайлаад гэрлээ унтраагаад амрах гэж байхад Ц.М орж ирээд ‘Тэрлээ асаа” гэж хэлэхээр нь би гэрлээ асаагаад орон дээр сууж байтал миний зүүн шанаан тус газарт гараараа нэгээс хоёр удаа цохиод дараа нь миний баруун бөөрний хэсэгт гараараа цохиод авахад Б.Н “та хоёр болиоч хоёул хоёулаа нэг хүн рүү дайраад байгаа юм бэ” гээд хэлтэл Ц.М “чамд хамаа байхгүй” гэж хэлээд Б.Н ахын ор луу ална гээд Ц.М явж байсан. Тэр хооронд би хувцсаа өмсөөд байж байх хооронд Ц.М “намайг хутгалчихлаа” гэхээр нь хартал хутгалчихсан байсан. Тэгээд эмч цагдаад дуудлага өгөөд Ц.М кемпийн эмч аваад явсан... Ц.М, Б.Н бие эрх чөлөөнд халдаж цохисон гээд уурлаад хутгалсан байх... Тусгаарлах байрны 1 дугаартай гэрт байдаг бид хоёр гал тогоондоо хэрэглэдэг хар өнгийн бариултай хутга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Б: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө амрах гэртээ амарч байтал Б.Х амрах гэрт орж ирээд Б.Н ах хутга бариад дайраад байна гэж хэлэхээр нь би гараад 1 дугаартай гэрт яваад очтол Ц.М гуян тус газарт нь хутгалчихсан байхаар нь би хутгалсан хэсэг дээр нь гар нүүрийн алчуураар дараад байж байхад Б.Н нь би чамайг нэг мөсөн гүйцээнэ шүү гээд гартаа хутга бариад зогсож байсан.... Тэр гэрт байсан Ц.М, Б.Нямжав, Б.Х, Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Ц.Н зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай гартаа хутга бариад зогсож байхад Б.Б гарт нь байсан хутгыг нь булааж авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө ...1 дугаартай гэрт яваад ортол Б.Ба, Ц.М хоёр маргалдаж муудалцаж байхад Б.Б ахыг Ц.М хоёроос гурван удаа нүүрэн тус газарт нь алгадаад автал Б.Н ах “М чи бөмбөлөг ахлаж яваа хүн байж ингэж болохгүй” гээд хэлтэл Ц.М “чи хэн байхад чинь би чамайг ажилд оруулсан билээ чамд хамаагүй” гээд Ц.М үгээр идээд байсан. Тэгтэл Ц.М орон дээр сууж байсан Б.Н гэдэг хүн дээр очоод нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод автал Б.Н ах орон дээрээс босож ирээд Ц.М барилцаж авахаар нь тэр хоёрыг салгаад би Ц.Мөнхбат ахыг гэрээс авч гараад гэрт нь оруулж өгөөд буцаад 1 дугаартай гэрт ороод байж байтал дахиад Ц.Мөнхбат орж ирээд хэрүүл хийгээд байж байтал Б.Нямжав ах орон дээрээс босоод гэрийн зүүн талын ор луу зүглээд явж байгаа харагдсан юм. Тэгтэл гэрийн зүүн орон дээр байсан цаасан хайрцаг дотор байсан хутга аваад гартаа бариад “та нар намайг дэндүү доромжилж байна” гээд хэлтэл Ц.Мөнхбат ах өөдөөс нь хэрүүл хийгээд байсан.... Тэгээд би Б.Нямжав ахын гарт нь байсан хутгыг нь булааж аваад Б.Нямжав ах амардаг орны доод талд байсан хайрцаган дээр байсан хувцсан доогуур хийчихсэн юм. Тэгээд би Ц.Мөнхбат ахыг тэврээд гэрт нь оруулаад одоо та унтаж амар гэж хэлээд ...гэрээс нь гараад амрах гэртээ ороод байж байтал хүн хутгалчихлаа гээд явчихаар нь ...1 дугаартай гэрт ороход Ц.Мөнхбат ахыг Б.Нямжав ах хутгалчихсан гүйцээнэ шүү гэж хэлээд гартаа хутга бариад зогсож байхад Л.Бямбажаргал ах миний араас орж ирээд Ц.Мөнхбат ахын хутгалуулсан хэсгийг нь гар нүүрийн алчуураар дараад орон дээр хэвтүүлж байсан... Нямжавын зүүн нүд нь хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай байсан... Ц.Мөнхбат нь зүүн хөлдөө хутгалуулсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хулангийн: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө кемп дээрээ байж байхад 23:04 минутад миний гар утсанд хүн хутгалуулсан байна гээд дуудлага ирсэн юм. Тэгээд би кемпээс гараад тухайн хүн хутгалуулсан газарт яваад очиход Ц.Мөнхбат нь 1 дугаартай гэрийн зүүн орон дээр дээшээ хараад хэвтчихсэн цус гарсан хэсгийг нь Л.Бямбажаргал алчуур тавиад дарчихсан байсан, 1 дугаартай гэрийн шалан дээр, зүүн орны урд хэсэгт их хэмжээний цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-р хуудас/

                   Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 518 дугаартай “1 .Б.Нямжавын биед тархины доргилт, дух, зүүн нүдний дээд болон доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70-р хуудас/

                   Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 531 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Ц.Мөнхбатын биед зүүн өгзөг-гуя дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 82-83-р хуудас/

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Нямжавын: “...Ц.Мөнхбат амрах гэрт орж ирээд гэрлээ асаа гэж хэлээд Б.Батнасан гэрлээ асаагаад байж байхад Ц.Мөнхбаттай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би Ц.Мөнхбатад хандаж чи ингэж хэрүүл маргаан хийж болохгүй гэж хэлээд тэрнээс болж маргалдаж байгаад миний нүүрэн тус газарт цохиод авахаар нь би амрах гэрийн зүүн талд орон дээр цаасан хайрцган дотор байсан хутга аваад нэг удаа Ц.Мөнхбатыг хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Мөнхбатын: “...Хүрэлтулга гэдэг залуугийн хамтаар 1 дугаартай гэрт явж ороод Батнасантай дахиж маргалдаад байж байхад Нямжав хажуу талаас “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “чамд хамаагүй чи яагаад өмөөрөөд байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад би Нямжавын нүдэн тус газарт нь алгадаад автал хажуу талаас Бархасболд салгаад 1 дугаартай гэрээс аваад гарсан. Удаагүй би дахиж 1 дугаартай гэрт яваад ороход Нямжав намайг үгийн зөрүүгүй миний зүүн гуяны хэсэгт хутгалсан... намайг хутгалсан хутга нь хар өнгийн иштэй нэлээн том хутга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-р хуудас/,

            Шүүгдэгч, хохирогч Б.Нямжавын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд /хх-ийн 100, 103, 104, 108-114, 136-139 дугаар хуудас/

           Шүүгдэгч, хохирогч Ц.Мөнхбатын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд /хх-ийн 117-128, 140 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Нямжав нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Мөнхбаттай үл ялих зүйлээр маргалдаж хутгаар хатгасны улмаас зүүн өгзөг-гуя дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нямжавтай үл ялих зүйлээр маргалдаж нүд, хамар хэсэг рүү нь гараараа цохисны улмаас тархины доргилт, дух, зүүн нүдний дээд болон доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Нямжавын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мөнхбатын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбатын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нямжавын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Нямжав нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Мөнхбаттай үл ялих зүйлээр маргалдаж хутгаар хатгасны улмаас зүүн өгзөг-гуя дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “ОБА ТРАНС” ХХК-ийн кемп буюу 1 дугаартай гэрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нямжавтай үл ялих зүйлээр маргалдаж нүд, хамар хэсэг рүү нь гараараа цохисны улмаас тархины доргилт, дух, зүүн нүдний дээд болон доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Нямжав нь хохирогч Ц.Мөнхбатын эмчилгээний зардалд 10,000,000 /арван сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, хохирогч Б.Нямжав нь шүүгдэгч Ц.Мөнхбатаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 100, 104 дугаар хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Нямжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Нямжав нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 96, 113 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямжавт 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Мөнхбатад 550 /таван зуун тавь/ -н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямжавт оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ц.Мөнхбатад оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, бариулын урд хэсэгт төмөр оруулгатай хутганы нийт урт нь 30 см, ажлын хэсгийн урт 18.5 см, бариулын урт нь 11.5 см, уг хутганы ажлын хэсгийн өргөн нь 4 см 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

       - Шүүгдэгч И овогт Ц-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

 

        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ц.М оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Ц.М нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.М эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Н нь шүүгдэгч Ц.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, бариулын урд хэсэгт төмөр оруулгатай хутганы нийт урт нь 30 см, ажлын хэсгийн урт 18.5 см, бариулын урт нь 11.5 см, уг хутганы ажлын хэсгийн өргөн нь 4 см 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

    7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нямжав, Ц.Мөнхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н, Ц.М нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ