| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/07 |
| Дугаар | 07 |
| Огноо | 2012-01-04 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э-,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Д.Ч-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123543 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ч- /РД: /, 1992 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял эдэлж байгаагүй.
Шүүгдэгч Д.Д.Ч- нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Дархан 50” цогцолборын хашаанд иргэн Б.Б.Э-ын нүд рүү хувийн сэдэлтээр өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5-аас 6 цагийн үед найзуудтайгаа уулзсан юм. Тэгтэл хохирогч Б.Б.Э- манай найз У-тай зодолдоод дээр нь гарчихсан “би чамайг яах юм бэ” гэж хэлээд зодох байдалтай уурлаад орилохоор нь би найзыгаа өмөөрөөд хохирогчийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед хохирогч манай найзын дээр нь гарчихсан байх үед хохирогчийн найз нарын нэг нь манай найз У-ыг өшиглөхөөр нь би хохирогчийг өшиглөсөн юм. Би нүдэнд нь гэмтэл учруулна гэж бодоогүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа сагс тоглож байхад манай найз З- руу нэг хүн дугаараа нууцалж залгаад ална шүү, шинэ
\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Ä.×èíáàò 98.1-07.doc
хорооллын 1 дүгээр байрны гадаа хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд хүн байгаагүй юм. Тэгтэл нөгөө хүүхэд ахиж залгаад “Дархан 50” дээр хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд зүс үл таних хэдэн хүүхэд байсан юм...Тэгээд би найз Б-ыг өмөөрөөд У-тай муудалцаад түүний дээр нь гарчихсан сууж байсан чинь Д.Ч- миний нүд рүү өшиглөсөн юм” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э-ын хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Би саяхан хүүгээ аваад Оросын холбооны улс руу эмчилгээнд яваад ирсэн юм. Бид хоёрыг дахиж ирж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн юм…Тиймээс дахиж Оросын холбооны улс руу эмчилгээнд явах тул тухайн үед гарах зардлыг авмаар байна” гэв.
Шүүгдэгч Д.Д.Ч- нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Дархан 50” цогцолборын хашаанд иргэн Б.Б.Э-ын нүд рүү хувийн сэдэлтээр өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа сагс тоглож байхад манай найз З- руу нэг хүн дугаараа нууцалж залгаад ална шүү, шинэ хорооллын 1 дүгээр байрны гадаа хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд хүн байгаагүй юм. Тэгтэл нөгөө хүүхэд ахиж залгаад “Дархан 50” дээр хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд зүс үл таних хэдэн хүүхэд байсан юм...Тэгээд би найз Б-ыг өмөөрөөд У-тай муудалцаад түүний дээр нь гарчихсан сууж байсан чинь Д.Ч- миний нүд рүү өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Б.У-ы:”...Б.Э- надад хандан хоёулаа зодолдъё гээд намайг хальт цохиод газар унахдаа миний хөл нөөс татаад намайг унгасан юм. Тэгээд миний дээр гараад суухад Б.Э-ын найз нарын хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг өшиглөсөн юм. Тэр үед манай найз Д.Ч- намайг өмөөрөөд Б.Э-ын нүүр рүү өшиглөсөн чинь хохирогч нүдээ бариад газар суучихсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Б.Б-ын:”... 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед найзуудтайгаа сагс тоглож байхад манай найз З- руу нэг хүн дугаараа нууцалж залгаад ална шүү, шинэ хорооллын 1 дүгээр байрны гадаа хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд хүн байгаагүй юм. Тэгтэл нөгөө хүүхэд ахиж залгаад “Дархан 50” дээр хүрээд ир гэхэд нь бид нар очтол тэнд зүс үл таних хэдэн хүүхэд байсан юм. Тэгтэл У- гэдэг хүүхэд над руу томроод чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Б.Э- намайг өмөөрөөд У-тай муудалцаад түүний дээр нь гарчихсан сууж байсан чинь Д.Ч- түүний нүд рүү өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,
гэрч У.У.М-ийн:”...Б.Э- У-ыг хальт цохиод газар унаад У-ы хөл нөөс нь татаад газар унагаад Б.Э- дээр нь гарчихсан түүнд хандан “чиний хаана чинь цохих юм бэ” гэж хэлж байсан юм. Тэгтэл нэг харсан чинь Д.Ч- Б.Э-ын нүүр рүү өшиглөсөн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 тоот акт.
1. Б.Б.Э-ын биед зүүн нүдний алимын зөөлөн эдийн няцрал, нүдний алимын доргилт, нүдний даралт ихэдсэн байдал, хүүхэн харааны агшаагч булчингийн урагдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтэл нь цаашдын байнгын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эцэс төгсгөлөөс хамаарна. гэсэн дүгнэлт /хэргийн 23 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Д.Ч-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д.Ч- нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогчид 3.250.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э- хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д.Ч- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 32 дахь тал/
Шүүгдэгч Д.Д.Ч- нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, их дээд сургуульд суралцдаг зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Ч-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Д.Ч-ад 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д.Ч-ад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Д.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Б.Э- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргахыг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.Ч-ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 983.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Д.Ч-ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.Ч-ад мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Ч-ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д.Ч-ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН