| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0263/З |
| Дугаар | 221/МА2026/0294 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0294
“Ю*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******
Нэхэмжлэгч: “Ю*******” ХХК
Хариуцагч: “М*******” ТӨХК
Хариуцагч: “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “М*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид даалгах, “М*******” ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “Ю*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0266 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, У.П*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, Б.У***
Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0263/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас “М*******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид даалгах, “М*******” ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “Ю*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0266 дугаар шийдвэрийн:
“1 дэх заалтаар “М*******” ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “Ю*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагад дурдсан маргаж буй “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хариуцагч “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 21 /хорин нэг/ хоногийн хугацаатай түдгэлзүүлж,
2 дахь заалтаар “М*******” ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт хийх тендер шалгаруулалтад “Ю” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар хариуцагч “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.21-д заасан нэмэлт ажиллагааг хийх замаар дахин шинэ акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр,
4 дэх заалтаар хариуцагч “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь шүүхээс тогтоосон 21 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-д заасан маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...“М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар:
“Монголын төмөр зам” ТӨХК-иас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.2 дахь заалтад үндэслэн дахин үнэлэхдээ “М*******” ХХК-ийг тендерийн техникийн тодорхойлолтыг хангахгүй байхад Тендерийн үнэлгээний хороо хангаж байна гэж үзэн шалгаруулсан байдаг.
Сангийн яамнаас 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дүгээр албан бичгээр гомдлыг хянаж шийдвэрлэхдээ ТШЗ-ны 16.1-д “техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлохыг шаардана, техникийн тодорхойлолтын 1.4-т заасан тээврийн хэрэгсэл RFID tag уншигч тоног төхөөрөмж ажиллах температур -40+70С гэсэн шаардлагыг хангах ёстой гэсэн байтал “М*******” ХХК-ийн ирүүлсэн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас -25+40С гэж заасныг нягтлан үзэх шаардлагатай гэсэн.
Гэтэл “М*******” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороо нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тендерийг дахин үнэлэхдээ 2026 оны 02 дугаар сарын 10-ны үнэлгээний хорооны тэмдэглэлд “... С.Г***: Сангийн яам чинь техникийн тодорхойлолтыг нь ахиад хянаад нийцэхгүй байна аа гэсэн утгатай юм ирүүлсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр бид хэд бол ирсэн материалыг нь үзэхээр ингээд ойлгомжтой байхгүй юу. Сая энэ системийн чинь техникийн тодорхойлолтыг анх боловсруулахдаа манай байгууллага чинь Монгол Улсын нүүрсний экспортын гол массыг экспортолж байгаа тээврийн гарц, түүнийг одоо хурдан шуурхай болгох үүднээс энийг чинь яалт ч үгүй техникийнхээ ажлын шаардлагыг хангах зайлшгүй шаардлагатай юмнуудаа, температурын хувьд хүртэл эрс тэс нөхцөлийг тусгаад л -40-өөс +70-ын хооронд гэх маягаар... нягталж үзэхэд ерөнхий шаардлагаа хангачихсан...” гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна. Дээрх тэмдэглэлээс үзэхэд “М*******” ХХК-ийн техникийн тодорхойлолт ирүүлсэн материал нь тэнцсэн гэж үнэлгээний хороо дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлт нь илт үндэслэлгүй буруу, хэт нэг талыг барьсан дүгнэлт байсан байна.
Учир нь Сангийн яам 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгээр техникийн тодорхойлолтын 1.4-т заасан тээврийн хэрэгсэл RFID tag уншигч тоног төхөөрөмж ажиллах температур -40+70С гэсэн шаардлагыг хангах ёстой гэсэн байтал “М*******” ХХК-ийн ирүүлсэн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас -25+40С гэдгийг шалган тогтоосон, харин гагцхүү Үнэлгээний хороо нь -25+40 гэсэн уншигч төхөөрөмжийг шалгаруулсанаа эргэн харах боломж олгосон.
Гэвч “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь “М*******” ХХК-д илтэд давуу байдал бий болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасныг зөрчин ялагч болсон “М*******” ХХК-ийн санал болгосон уншигч төхөөрөмж нийцэхгүй байхад зөрчихгүй байна гэж дүгнэн шалгаруулсан байна.
Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамнаас 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичигт дурдаж буй www.hopelandrfid.com сайтад үзлэг хийлгэж, “М*******” ХХК-ийн санал болгосон HF-100 загварын уншигч төхөөрөмжийн ажиллах температур нь -25+70 гэснийг нотлох, мөн уг сайтад байсан HF-100 уншигч төхөөрөмжийн ажиллах орчны төхөөрөмжийн үзүүлэлтийг баталгаат орчуулгаар орчуулж, хавсарган өгсөн ч шүүх уг хүсэлтийг хангаагүй.
Шүүхээс тодруулахдаа -25+70 гэх горимд HF-100 уншигч ажилладаг гэх үйл баримтад хариуцагч, гуравдагч этгээд маргаан байгаа эсэхийг тодруулаад маргаан байхгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Өөрөөр хэлбэл хариуцагч “М*******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо болон гуравдагч этгээд “М*******” ХХК нь HF-100 загварын уншигч төхөөрөмжийн ажиллах горим -25+40С гэдэгт маргаан байхгүй, бүр тодруулбал, ТШЗ 1.4-т заасан -40+70С байхыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад шүүх нэмж тодруулах ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь үндэслэл муутай байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх зохицуулалт бол “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд нэмж тодруулах цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй байсан.
Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичиг болон Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, ТШЗ-ны 1.4-т заасан тодорхойлолт, “М*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал зэргийг харьцуулан судлан үзвэл “М*******” ХХК нь техникийн тодорхойлолтыг зөрчиж техникийн санал ирүүлсэн нь тогтоогдох юм. Гэтэл анхан шатны шүүх нь захиргааны байгууллагын илт хууль бус, үндэслэлгүй ажиллагааг дүгнэн хүчингүй болгохгүйгээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймээс дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийдвэрийн түдгэлзүүлсэн хэсэг нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй.
Зүй нь анхан шатны шүүх ТШЗ-ны 16.1-д “техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлохыг шаардана, техникийн тодорхойлолтын 1.4-т заасан тээврийн хэрэгсэл RFID tag уншигч тоног төхөөрөмж ажиллах температур -40+70С гэснийг зөрчиж -25+40C температурт ажиллах тоног төхөөрөмж санал болгож ирүүлсэн “М*******” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчиж хамгийн сайн тендер гэж үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, тэмдэглэлийг хүчингүй болгох байсан.
Үүний үр дүнд “Ю*******” ХХК болон “Х” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер шаардлага хангасан бол тус түншлэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27-д заасны дагуу үнэлэгдэх, харин түншлэлийн тендер мөн шаардлага хангаагүй гэж дүгнэгдвэл тус хуулийн 281.1.2-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж дахин тендер зарлах гэх 2 үр дүнд хүрнэ. Гэтэл шүүх боломжит хууль зүй шийдэл бүхий шийдвэр гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан. “М*******” ХХК-ийн тендер техникийн тодорхойлолтод заасныг хангаагүй байхад дахин үнэлгээ хийлгүүлэхээр буцааж буй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр энэхүү тендерийн хувьд тээврийн хэрэгсэл RFID tag уншигч тоног төхөөрөмж нь -40+70С ажилладаг байх шаардлага нь зайлшгүй бөгөөд “М*******”-ийн санал болгосон -25+70С ажиллах уншигч төхөөрөмж нь өвлийн улиралд гацах, царцах эрсдэлтэй. Хэрэв шаардлага хангаагүй техникийг хүлээн авснаараа өвлийн улиралд ШАТ-ын ажил зогсох, улмаар нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
3.2.“М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Хоёр гэх хэсгийн 2.5 болон 2.6-д ТШЗ-ны 17.4-т зөвшөөрөл шаардана гэснийг түншлэлийн гишүүн бүр хангах ёстой мэтээр дүгнэсэн нь буруу болсон.
Тодруулбал “Ю*******” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/002 дугаар түншлэлийн гэрээгээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд уг гэрээний ерөнхий зүйл хэсэгт “тендерт хамтран оролцох, тендерт шалгарсан тохиолдолд захиалагчтай байгуулсан гэрээний дагуу хамтран болон тус тусдаа хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэсэн. Мөн уг гэрээний 5.1-т “А” тал буюу “Ю*******” ХХК нь түншлэлийг удирдан зохион байгуулна” гэж заасан ба энэ заалтын хүрээнд тусгай зөвшөөрөл шаардах ажлыг түншлэлийн удирдагч гүйцэтгэж, түншлэлийн гишүүн туслах байдлаар оролцох байсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 17.4-т зөвшөөрөл шаардана гэх хэсэгт түншлэлийн гишүүн бүр шаардах талаар тодотгон тусгаагүй.
Иймээс “Ю*******” ХХК-ийн хувьд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2028 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй байх хугацаатай “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй байсан тул ТШЗ-ны 17.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.7-2.10-т заасан үндэслэлд ТШЗ-ны 19.1-д “хүний нөөц шаардана” гэсэн шаардлагыг “Ю*******” ХХК хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр нь буруу байхад зөвтгөж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь сервисийн багийн талаар Захиалагч нь ТШЗ-ны 19.1-д Сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт, НДШ-ийн мэдээлэл ирүүлэх шаардлагад тооцуулахаар Гашуунсухайт боомтод байнгын ажиллагаатайг нотлох 2024 оны “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” (Техник хангамжийн аутсорсинг)-ийн 2405-05/01 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн акт, НӨАТ-ын баримт болон санал болгож буй инженерүүдийн НДШ-ийн мэдээллийг хүргүүлсэн.
Гэвч анхан шатны шүүх Сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт гэснийг шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.9-д дурдснаар заавал баг томилсон тушаал байх ёстой мэтээр хэт нэг талыг барьж дүгнэсэн.
Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.11-д ижил төстэй туршлагыг нотлох шаардлагыг манай компани хангахгүй байгаа гэх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр яагаад үндэслэлтэй талаар огт дүгнээгүй, ТШЗ-ны 17.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь тодорхой үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-2.10-т заасан үндэслэлд ТШЗ-ны 19.1-д хүний нөөц шаардана гэсэн шаардлагыг “Ю*******” ХХК хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр нь буруу байхад зөвтгөж дүгнэсэн нь үндэслэлгүй.
...Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.11-д ижил төстэй туршлагыг нотлох шаардлагыг манай компани хангахгүй байгаа гэх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр яагаад үндэслэлтэй талаар огт дүгнээгүй, зөвхөн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэсэн байна.
Гэтэл манай түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд болох “Ю*******” ХХК-ийн хувьд “И Ти Өү Эс” ХХК-тай байгуулсан 2023 оны 450.916.000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” болон акт, НӨАТ-ын баримт, захиалагчийн тодорхойлолтыг хүргүүлсэн атал захиалагч ч тэр, Сангийн яам ч тэр тус ажлыг огт дурдаж үнэлээгүйгээр дан ганц “Говийн мөнгөн жолоо” ХХК-д ажил гүйцэтгэж өгсөн мэтээр дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. “Ю*******” ХХК-ийн хувьд дээрх 2 ажлаар нийт 606.588.000 төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн тул ТШЗ-ны 17.1-д заасныг бүрэн хангаж байсан.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж хуульчилсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
Шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг “…учир зүйн уядлаа холбоо, дэс дарааллаар нь бүлэглэж, энэ агуулгаар үндэслэлийг тайлбарласан…” гэх боловч хийсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, шийдвэр бодитоор хэрэгжих боломжгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэж болохоор, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлага захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхад түүнийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл тодорхой хугацаа тогтоож түдгэлзүүлж шийдвэрлэсэн, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, маргаанд хамааралгүй зүйл, заалтыг баримталсан, өөрөөр хэлбэл “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, эдгээр нөхцөл байдал нь бүхэлдээ дээрх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үр дагаварт хүргэхээр байсан ч, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4, 112.4.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эдгээрт зөвтгөсөн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.“М*******” ТӨХК-иас зарласан “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх МТЗ/2025/0101222 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Ю*******” ХХК дангаараа бус 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Тендерийн түншлэлийн гэрээ”-нд зааснаар “Х” ХХК-тай түншлэлээр тухайн тендер шалгаруулалтад оролцсон, уг гэрээний 5.1-т “Түншлэлийн хамтын үйл ажиллагааг “А” тал буюу түншлэлийн удирдагч болох нэхэмжлэгч бүхэлд нь удирдан зохион байгуулж ажиллана”, 5.2-т “Түншлэлийн удирдагч нь захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын хүрээнд түншлэлийг бүрэн төлөөлөх эрхтэй ба захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд түншлэлийг төлөөлж, аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурах бүрэн эрхийг эдэлнэ” гэж тус тус заасныг тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргаан үүсэх тохиолдолд түншлэлийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг “Ю*******” ХХК-д олгосон зохицуулалт гэж үзэх эсэх нь эргэлзээтэй.
Тэр тусмаа Үнэлгээний хорооноос түншлэлийг шалгаруулахаас татгалзсан 1 шалтгаан нь ТШЗ-ны 17.4-т заасан “Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, гадна холбооны кабель шугамын угсралт”-ын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг нэхэмжлэгч “Ю*******” ХХК хангаж байгаа /тусгай зөвшөөрөл 2028 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй/ боловч түншлэгч “Х” ХХК-д холбогдох тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, иймд түншлэлийн гишүүн тус бүрт тавигдах энэхүү шаардлагыг бүрэн хангаагүй гэж, өөрөөр хэлбэл татгалзлын энэ хэсэг нэхэмжлэгчид бус түншлэгчид хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн дээрх гэрээний заалтаар тайлбарлах нь хангалтгүй юм.
Гэвч давж заалдах шатны шүүхээс цаашид нэхэмжлэл гаргах эрхийн талаар анхаарч үзэх нь зүйтэй болохыг тэмдэглээд, “Ю*******” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар байнгын бус ажиллагаатай Үнэлгээний хорооны хувьд тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилгыг боловсруулж, оролцогчдын тендерийг хүлээн авч, нээн, улмаар хянан үзэж үнэлээд, захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан буюу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, эсхүл шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай шийдвэр гаргах, эсхүл шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй.
Иймд хариуцагч “М*******” ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны тухайд зөвхөн уг хуулийн 50.2.3-т зааснаар 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаас гарсан гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайнаар үнэлсэн МТЗ/2025/0101222 дугаар зөвлөмж /1-р хх-ийн 131-132-р талд авагдсан/ захиргааны актад хамаарахаас бус тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг захиргааны акт гэж үзэхгүй.
Учир нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.3-т “Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно”, 51 дүгээр зүйлийн 51.6-д “Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна”, 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас тус тус үзэхэд тэмдэглэл нь тухайн хурлаар хэлэлцсэн асуудал болон явц, гаргасан шийдвэр зэргийг тусгасан баримт бичиг болохоос бус Үнэлгээний хорооны шийдвэрт үл хамаарах, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг шинжийг агуулахгүй.
“Ю*******” ХХК-иас анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ, мөн захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид Үнэлгээний хороонд холбогдох шаардлагыг “…шийдвэрийг хүчингүй болгуулах…” гэж тодорхойлсон, гэвч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.П***аас “…тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасан…” гэж тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 3 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах атал шийдвэрт “тэмдэглэл”-ийг захиргааны акт гэж дүгнэсэн төдийгүй хариуцагчаас дахин шинээр акт гартал 21 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
3.Тендерийн үнэлгээний хорооноос 1-рт нэхэмжлэгчийн түншлэлийг сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт мэдээллийг ирүүлээгүй, 2-рт нүүрс ачиж буулгах талбай, гаалийн хяналтын бүсийн талбайн ухаалаг гарцны ажлын туршлага нь тендерт ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээнд заасан үнийн дүнтэй харьцуулахад төсөвт өртөгт хүрээгүй, 3-рт энэхүү магадлалын Хянавал хэсгийн 1-т дурдсан түншлэгч “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй гэсэн 3 шалтгаанаар шалгаруулахаас татгалзсан,
-Сангийн яамны 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/741 дүгээр албан хариунд “Ю*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан 1 болон 3-р шалтгааныг үндэслэлтэй гэж, харин 2-р шалтгааныг “…ТШЗ-ны 19.1-д заасан “сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт” гэсэн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байсан байна” гэж дүгнэсэн,
-харин шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-2.12-т “М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх 3 шалтгааныг бүгдийг нь үндэслэлтэй буюу Үнэлгээний хорооны зөвлөмж, түншлэлийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг тус тус хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа “…“Ю*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийг дахин шинээр акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь логикийн хувьд уялдаагүй, хууль зүйн үндэслэлгүй, дүгнэлт болон шийдэл нь өөр хоорондоо зөрчилтэй болжээ.
Нэгэнт нэхэмжлэгчийн түншлэлийг шалгаруулаагүй зөвлөмж, захиалагчийн татгалзлыг тус тус хуульд нийцсэн гэж үзэж буй энэ тохиолдолд зөвлөмжийн холбогдох хэсгийг түдгэлзүүлэх шаардлагагүй, үр дагавар, ач холбогдолгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн түншлэлийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг баталгаажуулж, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн мэдэгдэл буюу шийдвэрийг хамтад нь бус зөвхөн зөвлөмжийг түдгэлзүүлж буй нь, мөн зөвлөмжийг түдгэлзүүлсэн атлаа нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, угтаа хэрэгжүүлэх ямар ч боломжгүй шийдвэр гаргасан байна.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан, гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн тендерт санал болгосон ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автомат төхөөрөмжийн үйлдвэрлэгч болох БНХАУ-ын “Шеншен Хөүпленд Техноложис Компани лемитед”-ийн HF-100 бүтээгдэхүүний 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөр огноолсон “Бараа бүтээгдэхүүний чанарын мэдүүлэг”-т:
“…хэт өндөр хэлбэлзлийн радио долгион таньж унших нэгдсэн уншигч төхөөрөмжийн стандарт хувилбарын ажиллах температур -250C-ээс 700С хүртэл байдаг. Харин Монгол Улсын нам температур бүхий уур амьсгалын нөхцөлийг харгалзан үзэж хэрэглэгчийн зүгээс ирүүлсэн шаардлагын дагуу үзүүлэлтийг нэмж сайжруулсан. Зарим түүхий эд материалд өөрчлөлт оруулсаны үр дүнд “М*******” ХХК-д ханган нийлүүлж буй “HF-100” төхөөрөмжийн тусгайлан тохируулсан хувилбар нь -400С хүртэлх нам температурт тэсвэртэй болсон. Иймд тус уншигч төхөөрөмж нь -400С-ээс 700С хүртэлх температурын нөхцөлд удаан хугацаанд тасралтгүйгээр, аливаа доголдолгүй ажиллах боломжтой болохыг бид ийнхүү баталж байна…” гэсэн /Англи хэл дээрх, мөн орчуулсан/ нотлох баримт хэрэгт авагдсан байхад үүнийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн,
-тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.18-д “…хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны хэрэгжүүлэх ёстой байсан нягтлах ажиллагааг шүүх нөхөн гүйцээж хийхгүй” гээд, үүнийхээ Зүүлт 14-т “…шүүхийн шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар даалгасан ажиллагаа хийгдээгүй, зөрчил хэвээр байгаа бол “хууль тогтоомжид нийцсэн байх” эрх зүйт төрийн шаардлагын үүднээс, мөн түүнчлэн талуудад болон нийтийн ашиг сонирхолд ирээдүйд учирч болзошгүй “эрх зүйн болон бусад эрсдлээс сэргийлэх” үүднээс шүүх тэрхүү нэмэлт ажиллагааг захиргааны байгууллагаар өөрөөр нь гүйцэтгүүлэх учиртай” гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хуулиар шүүхэд хүлээлгэсний нэгэн адил магадлалын Хянавал хэсгийн эхэнд дурдсанчилан хэрэгт авагдсан баримтыг үнэлэх үүргийг ч мөн шүүхэд үүрэгжүүлсэн байхад ийнхүү нэгэнт хэрэгт авагдсан, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг үнэлэхээс татгалзсан нь процессийн зөрчилд тооцогдоно.
5.Шүүгчийн 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1673 дугаар захирамжаас үзэхэд “Юуком групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “…“М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид даалгах, тендерийн баримт бичгийн шалгуурыг “Ю*******” ХХК-ийг хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулга бүхий шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэхүү шаардлагаа өөрчлөөгүй, шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 1.2-т “Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа ““М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, “М*******” ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “Ю*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан...” гэх боловч энэ талаар бичгээр болоод шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зүйл огт байхгүй байхад шийдвэрт “…“М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах…” шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, магадгүй шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т “…шаардлагуудыг…” гэсэнд энэ нь багатсан гэж үзэх тохиолдолд ийнхүү хэрэгсэхгүй болгох болсон үндэслэл буюу дүгнэлт энэ шаардлагын тухайд огт хийгдсэнгүй.
6.“М*******” ТӨХК-иас баталсан 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Ухаалаг гарцын техникийн тодорхойлолт”-ын 1.4-т тээврийн хэрэгслийн RFID уншигч төхөөрөмжийн ажиллах температурыг /-40-70/ 0C байхаар тогтоосон, харин “М*******” ХХК-ийн тендерт санал болгосон төхөөрөмжийн танилцуулгад ажиллах температурыг “-300C+700С” гэж, үйлдвэрлэгчийн цахим хуудаст “-250C+700С” гэж тус тус заасан, эдгээр үйл баримттай талууд маргаагүй болохыг шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.15-д тодорхой тусгажээ.
Хэдийгээр Сангийн яамнаас эхний тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дээрх нөхцөл байдлыг дахин нягтлахыг захиалагчид үүрэг болгосон байхад Үнэлгээний хорооноос зохих ажиллагааг хангалттай хийгээгүй, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн боловч шүүхийн маргааны явцад төхөөрөмжийн ажиллах температурыг Монгол Улсын цаг агаарт тохируулан, нөгөөтэйгүүр техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлж өөрчилсөн болох нь баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн энэхүү нотлох баримтыг хариуцагч Үнэлгээний хороогоор үнэлүүлэхийн тулд зөвлөмжийн “…“М*******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн…” хэсгийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгддэг үр дагавартай байх зарчимд үл нийцнэ.
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргахаар заасан, гэтэл энэ тохиолдолд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй, эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжтой байна.
7.Харин шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т нэхэмжлэгчийн түншлэлийг тендер шалгаруулалтаас татгалзсан 2 шалтгааны талаар, тухайлбал түншлэгч “Х” ХХК-ийн Харилцаа, холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг хангасан эсэх нь цахим системээс шалгахад тодорхойгүй байсан талаарх, энэ нь ТШЗ-ны 17.4-т зааснаар түншлэгч гишүүн бүрт тавигдах шаардлага болохын тухайд,
-мөн ТШЗ-ны 19.1-т заасан “…Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудад тухайн төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг доод тал нь нэг, нэг удаа гүйцэтгэсэн байх” шаардлагыг хангаагүй, мөн нэхэмжлэгчийн 2023 онд “И Ти Өү Эс” ХХК-тай, 2024 онд “Говийн мөнгөн жолоо” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн нь түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүний хувьд шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг тус тус хангасан байх шаардлагад нийцээгүй талаар,
-түүнчлэн Үндэслэх хэсгийн 1.34-т нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийн аль алинд техникийн тодорхойлолтын 1.7-1.10, 1.12, 1.13-т заасан шаардлагыг хангасан талаар харилцан адилгүй бичигдсэн боловч тухайн бүтээгдэхүүнүүдийн техникийн үзүүлэлтийн талаарх ерөнхий мэдээллүүд бүрэн тусгагдсан талаар тус тус үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Давж заалдах гомдолд “…“Ю*******” ХХК түншлэлийн гэрээнд зааснаар тусгай зөвшөөрөл шаардах ажлыг түншлэлийн удирдагчийн хувьд нэхэмжлэгч гүйцэтгэж, түншлэлийн гишүүн туслах байдлаар оролцох байсан...” гэх боловч тендерийн баримт бичигт заасан шаардлагыг энэ мэтчилэн түншлэлийн гэрээгээр зохицуулахгүй, мөн ТШЗ-ны 17.4-т тусгай зөвшөөрлийг түншлэлийн гишүүн бүр хангасан байх шаардлагыг ямар ч хоёрдмол утгагүйгээр тусгасан байх тул ТШЗ-д “…гишүүн бүрээс шаардах талаар тодотгон тусгаагүй…” гэх гомдол үндэслэлгүй болно.
Мөн Үнэлгээний хорооноос түншлэлийг ТШЗ-ны 19.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхдээ давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчийн зөвхөн 2024 онд “Говийн мөнгөн жолоо” ХХК-тай байгуулсан гэрээний үнээс харьцуулж дүгнээгүй, тус гэрээний дүн болох 155.0 сая төгрөгөөс гадна 2023 онд “И***” ХХК-тай байгуулсан гэрээний 450.0 сая төгрөг, нийт 605.0 төгрөгөөс тооцсон, энэ талаар ч давж заалдах шатны шүүх хуралдаанд тодорхой мэтгэлцсэн.
ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтийн 2.1-т зааснаар тендерийн төсөвт өртөг 902.0 сая төгрөг, иймд ТШЗ-ны 19.1-т заасны дагуу 2023, 2024 он тус бүрт энэхүү төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ажил доод тал нь нэг, нэг удаа гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс түншлэгч “Х” ХХК-иас 2023 онд “С***” ХХК-тай 1.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн гэх боловч ТШЗ-ны 17.3-т “…түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, …хангасан байх” шаардлагыг “Ю*******” ХХК 2023 онд хангаж байгаа ч, 2024 оны тухайд 155.0 сая төгрөгийн гэрээний дүн нь дээрх шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл 2024 оны 155.0 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил нь одоогийн тендерийн төсөвт өртгийн 40 хувьд хүрэхгүй байна.
8.Харин “Сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт мэдээллийг ирүүлээгүй” гэх Үнэлгээний хорооны татгалзлыг Сангийн яам гомдлыг хянахдаа зөв гэж шууд үзээгүй талаар өмнө дурдсанаас гадна шийдвэрт Үнэлгээний хорооны энэхүү татгалзалыг үндэслэлтэй гэж дүгнэснийг мөн зөвтгөх боломжгүй юм.
Учир нь ТШЗ-ны 19.1-т “…ажил гүйцэтгэх хүний нөөцийн талаарх мэдээлэлд санал болгож буй ажилтнууд сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтан байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хавсаргах, …Гашуунсухайт орчимд байнгын сервисийн багтай байх, сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт…” гэсэн шаардлага тавигдсаныг заавал сервисийн баг томилсон шийдвэр байх ёстой гэж тайлбарлах нь хангалтгүй, өөрөөр хэлбэл дээрх байршилд ажил гүйцэтгүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, ажил гүйцэтгэснээс олсон орлогод НӨАТ төлсөн баримт зэргийг тендерт ирүүлсэн байгааг энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзэх нь учир дутагдалтай.
Гэвч Үнэлгээний хорооны нэхэмжлэгчийн түншлэлийг тендерээс татгалзсан 3 шалтгааны 2 нь үндэслэл бүхий, мөн гуравдагч этгээдийг шалгаруулсан зөвлөмж болон захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь хуульд нийцсэн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул энэхүү дүгнэлт нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “М*******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хорооноос “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх МТЗ/2025/0101222 дугаартай тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийн түншлэлийг 2 шалтгаанаар хассан нь, мөн гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайнаар шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ю*******” ХХК-иас 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тендерийн баталгаагаа цуцлуулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн талаар тайлбарласан болохыг,
-мөн шүүгчийн 2026 оны 1679 дүгээр захирамжид “Ю*******” ХХК-ийн гомдлоор бус нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд “шүүхэд гомдол гаргах” гэж зохицуулсан ч энэ нь нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болохоос бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “гомдол”-д хамаарахгүй болохыг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ю*******” ХХК-ийн гаргасан “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-иас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “Ю*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид даалгах, тендерийн баримт бичгийн шалгуурыг “Ю*******” ХХК-ийг хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.6 дахь хэсэгт заасныг баримтлан тус компанийн гаргасан “…тендерийн баримт бичгийн шалгуурыг “Ю*******” ХХК-ийг хангахгүй гэж үзсэн болон “М*******” ХХК-ийг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН