Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Х.Гантуяа,

иргэний нэхэмжлэгч Л.Даваасүх,

шүүгдэгч Т.Баясгалан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Түмэнсүрэнгийн Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010121 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Түмэнсүрэнгийн Баясгалан, Улаанбаатар хотод 1980 оны 4 дүгээр сарын 01ий өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70 дугаар гудамжны 41 тоотод байнгын, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамжны 43 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ЧБ80040197.

Урьд;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сар хорих ял шийтгүүлж,

  • Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2442 дугаар тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 25 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасч  үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
  • Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 02 хоногийн ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Баясгалан нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-48 тоот хашаанд байх Х.Гантуяагийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн хар иштэй махир төмөрийг багаж хэрэгсэл болгон хөшиж эвдэн нэвтэрч орж 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан, машин механизм ашиглан авч явсанаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Хохирогч Х.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд ирсэн чинь гэрийн цоож байхгүй, гэрт хулгай ороод зурагт аваад явсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

            Иргэний нэхэмжлэгч Л.Даваасүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний машиныг бүтүүмжилсэн байгаа. Машинаа авмаар байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Х.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутын орчим хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр яваад 1 цаг орчим болоод гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожгүй байхаар нь ороод харахад зурагт байхгүй байсан. Тэгээд хажуу айлаасаа асуухад Оюунзул гэх хөрш эмэгтэй танай хашааны гадна машин зогсож байсан, Баясаа гэх залуу машин руу хавтгай юм оруулж байсан гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Манайх зурагтаа 2014 оны 11 дүгээр сарын 17-нд худалдаж авсан байсан ба 1.000.000 төгрөгөөр үнэлж хохирлоо нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

...манай гэрт хулгай орохдоо хаалгыг цоожилсон байсан жижиг хар өнгийн хятад цоожийг хөшиж эвдсэн байсан. Гэрт орж зурагт авахдаа орны нимгэн хуучин шаргал өнгийн бүтээлгэнд боож авсан бололтой алга болсон байсан. Гэхдээ уг цоож, орны бүтээлэг нь хуучирч муудсан байсан болохоор нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал),

Гэрч Г.Оюунзулын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим...манай хашааны зүүн урд талд хар өнгийн суудлын машин зогсчихсон, зүс таних Баясаа гэх залуу...суудлын жижиг машины арын хаалгаар эрээн бүтээлгэнд боосон, дөрвөлжин хэлбэртэй зүйлийг хийж байгаа харагдсан. Би энэ үед цонхоороо хараад...ажиглаж байтал машиндаа суугаад хөдлөх гэхэд асахгүй байгаа бололтой буугаад хажууд нь зогсож байсан. Би тухайн үед Баясааг юм авч явж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл удалгүй зүүн талын Гантуяа гэх эмэгтэй орж ирээд зурагт алга болчихсон байна гэхээр нь Баясаа зурагт шиг боодолтой зүйл машин руу хийж байсан талаар хэлсэн. Би Баясааг манай хороонд өмнө нь амьдарч байгаад нүүгээд явсаныг мэднэ. Машины орой хэсэг нь хашааны дээгүүр харагдаж байсан болохоор ямар марк дугаартай машин байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 3 дугаар сард...үл таних залуу гудамжинд таараад зурагт авах уу гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм гэхэд дагуулж яваад замын хажууд зогсож байсан такси бололтой машины арын хаалгыг онгойлгон суудал дээр тавьсан хавтгай дэлгэцтэй зурагтыг үзүүлсэн. Зурагтыг нь үзэж байгаад яагаад зарж байгаа юм гэж асуухад...мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юм гэж хэлсэн. Би өөрөө зурагтыг авах сонирхолтой байсан. Мөн тэр үед би бэлэн мөнгөгүй явсан болохоор...багшийн их сургуулиас хойш байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаар Toshiba маркийн 40 инчийн зурагтыг барьцаанд тавьсан. Зурагт үзүүлсэн залуу нь 30 орчим насны залуу харин машины жолооч нь 50-55 орчим насны хүн байсан. Тэр залуу машинаас буухдаа таксинд мөнгө төлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай ломбарданд Toshiba маркийн 40 инчийн зурагтыг 350.000 төгрөгийн барьцаанд...Баярмаа гэх хүн тавьсан байна. Ингээд уг зурагтыг эргүүлж аваагүй тул зарсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Л.Даваасүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Honda saber маркийн 02-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М.Охиноо гэх хүнээс өөрийн эзэмшлийн Sonata 3 маркийн тээврийн хэрэгслээр сольж авсан. Охиноогоос өмнө хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсныг мэдэхгүй. ...би өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа цагдаагаас битүүмжилсэн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185 дахь тал),

 

Шүүгдэгч Т.Баясгалангийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би Сэлэнгэ аймаг руу самранд явах гэхэд замын зардалгүй болохоор мөнгө олох санаатай явж байтал манайхаас холгүй Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-48 тоотод оршин суугч Гантуяа хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж байгаа бололтой гэрээсээ гараад явж байгаа харагдахаар нь явсаных нь дараа хашааных нь завсараар очиж харахад гэр нь гаднаасаа ил цоожтой, хүнгүй харагдахаар нь буцаж яваад замаар явж байсан хар өнгийн жижиг суудлын машиныг гар өргөж зогсоогоод Гантуяагийн гэр рүү орж хашаанд байсан хар иштэй нарийн төмрөөр хаалганы цоожийг хөшиж онгойлгоод, гэрийн зүүн хойд талд тавиур дээр байсан зурагтыг авч гараад таксинд суугаад нэг эгчид 300.000 төгрөгөөр зараад, мөнгийг архи дарс авч уугаад, хоол унд авч идээд дуусгасан.

...Гантуяагийн гэрээс хулгайлсан зурагтны хохирлыг барагдуулсан, одоо ямар нэгэн төлбөр байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75, 186 дахь тал),

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7), хэргийн газрын гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 22, 116),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 105, 127), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45, 124), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 47-56),

- иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол (хавтаст хэргийн 183), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хавтаст хэргийн 122), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 182), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Баясгалан нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-48 тоот хашаанд байх Х.Гантуяагийн гэрийн хаалганы цоожийг төмөрөөр хөшиж эвдэж нэвтрэн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан, улмаар хэргийн газраас эд зүйлийг такси үйлчилгээнд үйлчилж байсан тээврийн хэрэгслийг ашиглаж авч явсанаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Баясгаланг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Баясгаланг урьд хүнд гэмт хэрэгт холбогдон үндсэн ялаа эдэлж дууссанаас хойш ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг яллах дүгнэлтэд дурдаагүй байгааг тэмдэглэж шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж заасныг баримталж хэлэлцэв.

Түүнчлэн Т.Баясгалангийн ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Т.Баясгалан нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүйг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүйн дээр тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтаар Т.Баясгалан нь Honda saber маркийн 02-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл өмчилж байсан нь тогтоогдсон боловч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ өөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь гэрч Г.Оюунзул, Т.Баярмаа нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнээс тухайн тээврийн хэрэгслийг үнэлсэн 2.000.000 төгрөгийг гаргах шаардлагагүй гэж үзэж,  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Honda saber маркийн 02-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жинхэнэ өмчлөгч болох иргэний нэхэмжлэгч Л.Даваасүхэд буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Баясгалан нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл хэрэглэсэн боловч уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, махир хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэнсүрэнгийн Баясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баясгаланд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Баясгаланд оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Т.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Гантуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт Honda Saber маркийн 02-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Л.Даваасүхэд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, махир хэлбэртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Баясгаланд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Баясгаланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ