Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2019/0035

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Б.Б, Г.Н, Б.Б, О.О, Г.А, Б.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захиргаанд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалын 2 дугаар ангийн хүүхдийн тоог тэгшитгэх гэсэн заалтын Б.А , Ч.Ч , О.Г , Б.О, Х.Ц, М.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, Г.Н, Б.Б, О.О, Г.А, Б.Э, хариуцагч Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирал Л.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунхүү, гэрч Д.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хүүхдүүд Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу 2018-2019 оны хичээлийн жилд 3уунмод сумын Х Ц бага сургуулийн 1А ангид 6 настайдаа элсэн орсон. Гэтэл 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн захиргааны зүгээс анги дүүргэлтийг зохион байгуулж байна гэх нэрийдлээр тус ангийн эцэг эх сурагчдыг 2019.09.02-ний өдөр гэнэт цуглуулж хүүхдүүдээр сугалаа сугалуулж өөр ангид хуваарилсан шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаал зэрэг хууль эрхийн актуудыг зөрчсөн. 1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд, сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 тушаалаар зохицуулах харилцаа нь багш сургалтын менежерын цалин хөлстэй холбоотой асуудал. 2018-2019 оны хичээлийн жилд 1А бүлэг 54 сурагтай байсан нь дээрх тушаалыг сургуулийн захиргааны зүгээс хэрэгжүүлж ажиллаагүй байсан нь харагдаж байна. Мөн журмаар тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог сургуулийн захиргаанаас тогтооно гэсний дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Х Ц сургуулийн захиргааны зүгээс бага сургуулийн 2 дугаар анги хэдэн бүлэгтэй байх, хэдэн багшийн орон тоотой байх зэрэг асуудлыг хэзээ тогтоосон эсэх, шинээр үүсгэсэн ангид багшлах анги удирдсан багшийг боловсролын тухай хуульд заасанчлан хэзээ сонгон шалгаруулж ямар шийдвэрээр ажилд томилсон эсэх нь тодорхойгүй байна. Нэгэнт бүрэлдсэн ангиас сурагчдыг өөр ангид шилжүүлэх болсон шийдвэр нь захиргааны акт, захирамжилсан шийдвэр болохын хувьд Захиргааны Ерөнхий хуулийн 40.2 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүй байна. Уг актыг хэзээ гаргасан нь тодорхойгүй оролцогч нарт танилцуулаагүй. Сурагчдыг өөр ангид шилжүүлэх болсон шийдвэр захиргааны актыг оролцогч нарт тухайлбал сурагч, эцэг эхчүүдэд мэдэгдээгүй, Сурагчдыг өөр ангид шилжүүлэх болсон шийдвэр захиргааны акттай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт сонсох боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, хуулийн 27.2 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй, Захиргаа шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг тодорхойлоогүй, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй. ...2018-2019 оны хичээлийн жилд Х Ц сургуулийн 1а гэдэг анги бүрдсэн. Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа үүссэн, бүгд сургуулийн цахим мэдээллийн санд орсон байгаа. Нэгэнт үүссэн энэ захиргааны эрх зүйн харилцааг өөрчлөх, эсвэл дуусгавар болгох хууль зүйн фактыг зөвхөн хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах ёстой...... Эрх зүйн чадамжгүй субъектийг захиргааны эрх зүйн харилцаанд оролцуулж, ангийнх нь сонголтыг хийлгэсэн. С.Эрдэнэтуяа гэж мэргэжлийн бус багш дааж байгаад 2 хоноод явсан, Дараа нь Ц.Энхнасан багш анги даасан. ...Багш нарыг нь олон сольж байгаа нь хүүхдийн сэтгэхүйд маш ихээр нөлөөлсөн. Багшийн заах арга зүй өөрчлөгдсөн ...Б.А  хичээл ойлгохгүй байна, эрх нь зөрчигдөж байна...Д.Оюунтуяа багшийн ангид хүүхэд сайн сурдаг байсан. 2ж ангид орсноос хойш Х.Ц их алдаж бичдэг болсон, сэтгэл санааны асуудал гарч сурах арга барил нь буурч байна. ... О.Г ыг 2ж ангид суулгах хүсэлгүй байсан учраас одоогийн байдлаар өөр сургууль руу шилжүүлсэн байгаа. ...Яамнаас шийдвэр гарсан гэж хэлсэн учраас М.Хг дагуулж сургууль дээр очсон, яамны гаргасан тушаал шийдвэрийг танилцуулаагүй. Олонхыг дагаад, сугалуулсан. Сугалаа явуулахад дургүй байсан. Хүүхдийн суурь хүмүүжил, суурь мэдлэг нэг багшаар явах ёстой. Өөр ангид оруулаад, олон дахин багшийг нь сольж байгаа нь хүүхдийн сэтгэл зүй, бүх талаар сөргөөр нөлөөлсөн. ... Б.О ноднин Д.Оюунтуяа багшийн ангид 100 хувь онц сурдаг байсан.... хичээлээс хоцорч байгаа.... Ч.Чингүүний сурлага муудсан, 100.000 төгрөгийн төлбөртэй давтлага авч байгаа. ...Шүүхэд Төв аймгийн Зуунмод сумын Х Ц сургуулийн захиргаанаас 2а ангийн сурагчдыг сугалаагаар өөр ангид хувиарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Захиргааны акт хэдэн сарын хэдний өдрийн хэд дугаартай ямар акт гэдгийг нэхэмжлэгч нар мэдээгүй учраас 2а ангийн сурагчдыг өөр ангид хувиарласан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж бичсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалын 2 дугаар ангийн хүүхдийн тоог тэгшитгэх гэсний Б.А , Ч.Ч , О.Г , Б.О, Х.Ц, М.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Ц сургуулийн захирал Л.Э шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын 6 иргэний нэхэмжлэл бүхий асуудалд хариуцагч талаас дараахи тайлбарыг өгч байна. Үүнд: Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори "Хүмүүн" цогцолбор сургууль нь Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бага, дунд, ахлах гэсэн хичээлийн 3 байртай ба суурь боловсрол эзэмшүүлдэг ... 2017 оноос эхлэн 1-р ангид элсэх сурагчдын тоо эрс нэмэгдэж анги дүүргэлт 40-өөс дээш гарч багш нарын ачаалал нэмэгдэж, ангийн багтаамжинд ч хүндрэл үүсч эхэлсэн. Иймд бид 1-р ангийн элсэлтийг I, VI баг болон II багийн жалганаас нааших тойргийн хүүхдүүдийг бүртгэн авч байгаа. Гэтэл эцэг эх багшийг сонгон нэг багшид бүгд хүүхдээ өгөх хүсэлтэй байдаг тул сугалуулан анги бүлгийг зохион байгуулж ирлээ. 2018-2019 оны хичээлийн жилд эцэг эхчүүд бүгд 1а буюу Д.Оюунтуяа багшийн ангид орох хүсэлт гаргасан. Бид уламжлал ёсоор сугалуулан анги бүлгийг зохион байгуулсан боловч зарим эцэг эхчүүд сугалаанд оролцохгүй, оролцсон ч өөр ангид орохоор сугалсан хэдий ч Д.Оюунтуяа багшийн 1а ангид хүүхдээ оруулан суулгачихаад огт үгэнд орохгүй хэрүүл үүсгэн бүтэн хоёр сар сургалтын үйл ажиллагааг үймүүлж, сургуулийн захиргаанаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүйн улмаас тус анги 54 сурагчтайгаар 1-р ангийг төгссөн. Бид энэ хичээлийн жилд төсөв, орон тоондоо багтаан "Боловсролын тухай хууль"-ийн 28.1.4, 44.1.1, 45.1.1, "Төсвийн тухай хууль"-ийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, 16.5.4 дэх заалт, "Бага, дунд боловсролын тухай хууль"-ийн 20.1.1, 20.2.9 дахь заалт, БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08-р сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан "Цэцэрлэг ЕБС-н багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам", аймгийн БСУГ-аас өгсөн чиглэлийн дагуу тус сургуулийн ззхирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн олон хүүхэдтэй 2-р ангийг задлан 1 бүлэг нэмэгдүүлэх, 1-р ангийн 8-н бүлэг нээх /1 бүлэг нэмсэн/, дунд, ахлах сургуулийн цөөхөн хүүхэдтэй зарим ангийг нэгтгэх. Үүнд: - Дунд сургуульд 8, 9-р ангиас тус бүр 1 бүлэг - Ахлах сургуульд 11, 12-р ангиас тус бүр 1 бүлгийг тараан нэгтгэх ажлыг зохион байгуулахаар болж шийдвэр гарсан. Анги дүүргэлт хэтэрхий олон, хэтэрхий цөөн байгаа нь багшийн ачаалал жигд биш байгаа, бага сургуулийн анги дүүргэлт их байгаа нь ангийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агааржуулалтгүй, ширээ сандал хүрэлцэхгүй байгаа зэрэг хүндрэлүүд байгааг эцэг эхчүүд удаа дараа гомдол гарган аймгийн МХГ-аас ирж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар шаардлага өгч байсан. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд ойлгохгүй бидний ажилд хүндрэл учруулсаар байна. Ингээд энэ хичээлийн жил эхлэхэд анги удирдсан багш нараар зар хүргүүлэн 2-р ангийн 1 шинэ бүлэг нээх сугалааг 9-р сарын 02-ны өдөр 14.00 цагаас Бага сургууль дээр зохион байгуулсан. Бүх эцэг эхчүүд ирсэн байсан. Анги дүүргэлтийг багасгах шалтгааныг эцэг эхчүүдэд танилцуулан анги бүрээс эцэг эхийн төлөөлөл бүхий ажиглагчтайгаар сурагчид өөрсдөө сугалааг ил тод сугалан, сугалсан даруйд ангийг зарлах замаар үйл ажиллагааг явуулсан. Явуулах зарчмыг эцэг эхэд эхлээд танилцуулахад бүгд зөвшөөрсөн. Анги бүрээс 3-6 эцэг эх ажиглагчаар оролцсон. Ийнхүү анги бүрээс зохих тооны сурагчдыг авч шинээр нэг бүлэг нээсэн бөгөөд бүгд 41 хүүхэдтэй болсон юм. Танай байгууллагад нэхэмжлэл гаргасан иргэдийн хүүхдүүд шинээр бий болсон ангийг сугалсан. Бид журмын дагуу 32-35 хүүхэдтэй болговол дахин хуваах шаардлагатай хэдий ч мэргэжлийн багшийн болон хичээллэх анги танхимын хүрэлцээ хангамжаас шалтгаалан дахин бүлэг нээж чадахгүй байна. Бидний зохион байгуулсан ажил хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэх, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, хүүхдийн эрүүл ахуйн нөхцөл байдлыг хангах, сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хийсэн. Харин өргөдөл гаргаж буй хүмүүс 1-р ангидаа сугалаанд оролцоогүй дур мэдэн 1а ангид албаар хүүхдээ суулгасан, энэ хичээлийн жилийн сугалаанд шинэ ангид орохоор сугалсан хүмүүс байгаа учир бид эргүүлэн 53 хүүхэдтэй анги үүсгэн өөрсдийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах боломжгүй гэж үзэж байна. Бид шинэ залуу төгсөж ирсэн багш нарыг чадваржуулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Шинээр багшийг ажилд авахдаа зохих ёсны сонгон шалгаруулалт хийж авсан болно....

...Сонсох ажиллагааны хувьд 321 эцэг эхийг зуны амралтаар дуудах ёстой байсан юм байна. Энэ бол амьдрал дээр хэцүү асуудал. Хоёрдугаарт, 8 дугаар сарын 12-нд сургуулийн захирал, менежер бүгд дуудагдаж ороод, энэ тухай асуудлыг захирлын зөвлөлийн дэргэдэх хурлаар хэлэлцээд энэ тушаал гарсан. Бүх багш нар зуны амралтаар байхгүй байж байгаад 8 дугаар сарын 28-нд ажилдаа ороод, багш нарын шуурхай сургууль, сургууль дээрээ болдог учраас сургууль, сургуулийг хариуцсан сургалтын менежер нарт үүрэг болгосон учраас менежерүүд 7 хоногийн ажлын төлөвлөгөөнд 2 дугаар ангийг шинээр бүлэг үүсгэх асуудлыг тусгасан. Хүүхдүүдийг эрх зүйн чадваргүй гээд байна. 8 дугаар сарын 28-нд бүх хүүхдүүдтэйгээ цугла гэсэн бэ гэвэл эцэг эхийг нь байлгаж байж энэ асуудлыг шийдэх ингэсэн. Түүнээс эцэг эхчүүдгүйгээр хүүхдүүдийг ганцааранг нь байлгаж байгаад энэ асуудлыг шийдвэрлэсэн бол бас нэг асуудал байх. Бүх эцэг эхчүүд ирсэн. Энэ нэхэмжлэл гаргасан хүмүүс өөрийнх нь хүүхэд өөр анги сугалсан учраас ингэж байна. Түүнээс сугалахын өмнө яриад, танилцуулаад, сугалаа хийх үү яах вэ гэхэд хийе гэцгээсэн. Тэгвэл яаж хийх вэ гэсэн. Эцэг, эхийн төлөөлөл өөрсдөө зохион байгуулна гээд Б.Б микрофон бариад хүүхдүүдийг нэр дуудаад сугалуулж байсан. Бид нар ажиглагчаар сууж байсан, заавал хүүхдүүдээр сугалуул гэж шаардаагүй. Ингээд, хүүхдүүдээр сугалуулаад, өөрсдийнх нь хүүхэд энэ ангид орсон учраас ингэж байгаа байх. Тэр ангид 39 хүүхэд байгаа. 39 хүүхдийн 6 хүүхдээс бусад 33 хүүхдийн эцэг, эх сургалтын үйл ажиллагаагаа буруу явуулаад байна, муу явуулаад байна гэж гомдол санал гаргахгүй... дахиж энэ ангийг тараахгүй шүү, одоо зүгширч байхад нь эцэг, эхчүүд шүүхдээд явж байна гэж сонсогдоод байна гэж эцэг эхчүүд орж ирж байгаа. Сугалаа хийхэд та нар ард нь зохион байгуулаад, яагаад сургалтын үйл ажиллагаагаа буруу явуулаад байна гэж гомдол санал гаргахгүй байгаа юм. Сугалаа зохион байгуулахад гардан зохион байгуулж, дотор нь байсан, тухайн үед нь өнөөдөр энэ сугалааг хийхгүй, хууль дүрмийн дагуу сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй, тушаал шийдвэрийг чинь бид нар оролцож байж гаргах ёстой гээд тэр ангийг хуваахаас өмнө бүх эцэг, эхчүүд байхад энийгээ хэлээгүй юм бэ. Цалин тогтоох журмыг үндэслэсэн гэж байна. Энэ журман дээр анги дүүргэлт 30-35 байна гээд заачихсан байгаа. Х Ц сургуулийн хувьд 3.000 хүүхэдтэй. Бүтэн 2 ээлжээр хичээллэж байна. Багшлах боловсон хүчин олдохгүй байгаа. Одоо та нар багш нарыг голж байна. Төгсөж ирж байгаа хүн байхгүй, анги, танхим хүрэлцээгүй байхад 3 ээлжинд оруулах уу, мөн төсөв мөнгө гээд янз бүрийн асуудал байна. 3 ээлжинд оруулахгүй нь тулд 50 гаран хүүхэдтэй ангийг 39, 40 хүүхэдтэй болгосон байгаа. Ийм л байдалтайгаар хичээллэж байгаа. ...Багшийг эцэг эхчүүд үнэлж дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Хүүхдийнхээ дэргэд муу багш, сайн багш гээд байхаар цаад хүүхдүүд чинь ямар байдалтай хүмүүжиж, ямар байдалтай багшдаа хандах вэ гэдгийг эцэг, эхчүүд бодмоор байгаа. Төгсөөд ирсэн, багшлах эрхтэй хүнийг сайн хүн, муу хүн гэж хэлэх нь буруу. ...Захирал өөрөөр 320 гаруй эцэг, эхэд дамжуулах ёстой байсан, шийдвэр гаргасан хүн гэж байна. Миний хариуцдаг 7 байшин байна, би ганцаараа хүртэж ажиллахгүй. Энэ дотор төлөөлөл болоод сууж байгаа хүмүүс нь менежерүүд, ангид сургуулийг төлөөлөөд ангийн багш байна. Тийм учраас бид нар төлөөллөөрөө хэл хүргэсэн. Цахим хөгжсөн энэ үед ямар нэг байдлаар мэдээлэл хүргэх нь ойлгомжтой, бид нар өөрсдөө группээрээ хүргэсэн. Тэрийг хувийн гэж хэлээд байгаа. Хэрвээ хүүхдүүд нь хуучин ангидаа байсан бол энэ асуудал ерөөсөө яригдахгүй байсан байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багшийг зөвийг буруу, бурууг зөв гэж засдаг гэж эцэг эх хэлж байна. 1111 дугаарын утсанд мэдээлэл очсоны дагуу Боловсрол, соёл, урлагийн газраас 2 удаа ирж Ц.Энхнасан багшийн хичээл дээр суусан, хийж байгаа үйл ажиллагаа хүүхдүүдийн дэвтэртэй танилцсан. Бид нар багш нарыгаа чадавхижуулахын тулд багшийнхаа хичээлд хэдэн удаа суусан, дэвтэр засалт дээр нь ямар зөвлөгөө өгсөн, тэр болгонтой танилцаад явсан. Давтлагыг 100.000 төгрөгөөр авч байгаа нь тухайн эцэг, эхийн эрхийн асуудал. ... 9 дүгээр сарын 2-ноос өмнө 8 дугаар сарын 28-наас хойш 5 хоногийн өмнө багш нартаа мэдэгдээд, багш нараар дамжуулж, эцэг эхүүдэд хүргэсэн байгаа. Х Ц бага сургууль гэсэн вэб хуудас байдаг. Тэр вэб хуудсан дээр тавихад 325 хүүхдийн эцэг эхүүд маань тэрийг үзэх, харах нь тодорхой бус байдаг учраас аливаа мэдээллийг анги удирдсан багш нараар нь дамжуулж хүргэдэг. Тэр утгаар нь арай илүү давуу анги удирдсан багш өөрийнхөө хариуцсан эцэг эхэд хүрэх хүртээмж нь илүү байдаг. Тийм учраас энэ сугалаан дээр 7 бүлгийн 320 гаруй эцэг эхүүд бүгд ирсэн. Хэрвээ бид нар мэдээлэл өгөөгүй юм бол энэ эцэг, эхчүүд яагаад ирсэн юм бэ? Оюун-Эрдэнийн ээж өдөр бүр хүүхдэд маань хувь тавьдаггүй гэж байна. Боловсрол, соёл, шинжлэн ухаан сайдын тушаалаар 1-2 дугаар ангийн хүүхдэд хувь тавьж болохгүй гэсэн. Тухайн чадварыг эзэмшсэн хугацаанд нь нэмэх тавь, чадварыг эзэмшээгүй бол онгорхой орхиж, сар өдрийг нь тавина гэсэн. Тэгэхээр багш хувь тавих ёсгүй. Оюун-Эрдэнийн ээж Э Улаанбаатарын харъяалалтай. Манайх 1 дүгээр баг, 6 дугаар багийн хүүхдийг сургах чиг үүрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүд 1 дүгээр ангид байхдаа онц сурдаг байсан, одоо хачин муудсан гэж яриад байна. Би өөрөө харьцуулалтыг хийж байхдаа харсан, өнөөдөр муу болсон юм олж хараагүй. Та нар ч гэсэн харсан байх. 1 дүгээр ангидаа бүх чадвар эзэмшүүлэлт нь цаг хугацаандаа байсан уу, сургуулиас хийсэн дотоодын хяналт дээр энэ хүүхдүүд бүгд 100 хувь байсан юм уу гэдгийг харсан байх. Ц.Энхнасан багш үнэхээр муу юм бол 1а ангидаа 10 минутад нэг үг бичдэг байсан хүүхэд Ц.Энхнасан багшийн ангид 5 минутад бичдэг болгосныг үгүйсгэж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гэрч Д.Оюунтуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 8 сарын 28-ны өдөр багш нарын зөвлөгөөн дээр анги хуваарилах тухай мэдээллийг сургалтын менежер мэдэгдээд энэ мэдээллийг эцэг эхчүүдэд хүргээрэй гэж хэлсэн...Эцэг эхчүүдэд хүргэх мэдээллийг эцэг эхийн хурал дээр хэлдэг...тулгамдсан хугацаатай мэдээллийг эцэг эхийн зөвлөлөөр дамжуулдаг. Б.Б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга байсан болохоор би Б.Бд утсаар хэлсэн, 2-3 эцэг эх рүү мессэж бичсэн, энд сууж байгаа бусад эцэг эхчүүдэд мэдэгдээгүй... Захирлын 2019 оны 8 сарын 15 өдрийн А/32 тушаалыг хараагүй...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Б.Б нарын 6 иргэний тус шүүхэд гаргасан Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захиргаанаас 2019-2020 оны хичээлийн жилд бага сургуулийн 2а ангийн сурагчдыг сугалаагаар өөр ангид хуваарилсан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар тодруулахад Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалын 2 дугаар ангийн хүүхдийн тоог тэгшитгэх гэсэн заалтын Б.А , Ч.Ч , О.Г , Б.О, Х.Ц, М.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноор тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иймээс тухайн захиргааны маргаан нь Х Ц сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалын дагуу 2ж ангид суралцаж буй нэхэмжлэгч нарын хүүхдүүд болох нэр бүхий 6 сурагчаас бусад сурагчид болон анги бүлэг нэгтгэснээр нэг ангид суралцаж буй суралцагчдад хамааралгүй, тэдгээр сурагчид захирлын тушаалыг хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирлын Бүлэг дүүргэлтийн нормативыг мөрдөн ажиллах тухай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай тушаалаар Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, ...Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.9, БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаал, аймгийн БСУГ-аас өгсөн чиглэлийг үндэслэн, тушаалын 1 дэх заалтаар ...анги дүүргэлтийн тоо 50-иас дээш байгаа 2-р ангийн 7 бүлгийг 8 бүлэг болгон анги дүүргэлтийн хүүхдийн тоог тэгшитгэх...ажлыг зохион байгуулахыг бага сургуулийн сургалтын менежер..т даалгаж,...3 дахь заалтаар анги зохион байгуулалтыг өөрчлөхөд эцэг эхийг байлцуулан шударга, ил тод явуулахыг сургалтын менежерүүдэд үүрэг болгон шийдвэрлэжээ. Тухайн тушаалын дагуу сургуулийн захиргаанаас 2-р ангийн шинэ бүлэг нээх ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагаас зохион байгуулж, 2-р ангийн сурагчдын бүх эцэг эхчүүдийг байлцуулан, анги бүрээс эцэг эхийн төлөөллийг ажиглагчаар оролцуулж, сурагчдаар сугалаа сугалуулан шинэ бүлэг болох 2ж ангид суралцах сурагчдыг сонгосноор нэхэмжлэгч иргэдийн хүүхдүүд болох нэр бүхий 6 сурагч 2ж ангид суралцахаар болсон байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т сургуулийн захирал холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх эрхтэй, 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулах бөгөөд сургуулийн нэг бүлэгт байх хүүхдийн болон долоо хоногт хичээллэх цагийн тоо, ... боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж тус тус заасан. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох... журам-ыг баталж, нэгийн 4 дэх хэсгээр анги дүүргэлтийг бага ангид 30-35...хүүхэдтэй байхаар зохион байгуулна гэж журамлажээ.

Х Ц сургуулийн захиргаанаас 2018-2019 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилсанаар тус сургуулийн 1а ангид 58 хүүхэд, 1б ангид 50 хүүхэд, 1в ангид 45 хүүхэд, 1г ангид 44 хүүхэд, 1е ангид 42 хүүхэд, 1д ангид 47, 1ё ангид 41 хүүхэд тус тус элсэн суралцсан, түүний дотор нэхэмжлэгч нарын хүүхдүүд болох нэр бүхий 6 хүүхэд хамгийн олон хүүхэдтэй анги болох Д.Оюунтуяа багштай 1а ангид элсэн суралцсан бөгөөд тухайн ангид 53 хүүхэд суралцаж төгссөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2018-2019 оны хичээлийн жилд хууль, журамд зааснаар 1-р ангийн 7 бүлэгт хуваарилагдан суралцаж байсан хүүхдүүдийг 2019-2020 оны хичээлийн жилд дахин анги бүлэгт хуваахаар шийдвэрлэсэн сургуулийн захирлын 2019 оны 8 сарын 15-ны өдрийн А/32 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглүүлж гаргасан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, тодруулбал суралцагч хүүхдүүдийн суралцах анги бүлгийг өөрчлөн зохион байгуулах тухай захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт байна. Иймд хариуцагчаас Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, 4.2-т заасан тусгай зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах үүрэгтэй болно.

Хариуцагч тал ...өргөдөл гаргаж буй хүмүүс 1-р ангидаа сугалаанд оролцоогүй дур мэдэн 1а ангид албаар хүүхдээ суулгасан, энэ хичээлийн жилийн сугалаанд шинэ ангид орохоор сугалсан...БСУГ-аас өгсөн чиглэлийн дагуу 2-р ангийн хүүхдийн тоог тэгшитгэх шийдвэр гаргасан, амаар чиглэл өгсөн, ...Оюун-Эрдэнийн ээж Э Улаанбаатар хотын харъяалалтай...[1] гэж тайлбарласнаас үзвэл тухайн шийдвэрийг гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захиргаанаас 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг анги бүлэгт хувиарлах ажлыг зохион байгуулахад 1а ангид суралцахаар хувиарлагдаагүй хүүхдүүдийг эцэг эхчүүд нь тус ангид дураараа суулгасан, мөн харъяаллын бус хүүхэд хамгийн олон хүүхэдтэй ангид суралцаж байхад хариуцагч тухайн нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоолгүйгээр хүүхдүүдийг сугалаагаар шинэ ангид хуваарилахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэнтэй нийцээгүй байна.

Хариуцагчийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд А/32 тоот тушаалыг гаргасан, шийдвэрээ анги удирдсан багш нараар дамжуулан эцэг эхчүүдэд мэдэгдсэн... гэх тайлбар, гэрч Д.Оюунтуяагийн ...А/32 тушаалыг хараагүй...2019 оны 8 сарын 28-ны өдөр анги хуваарилах тухай мэдээллийг сургалтын менежер мэдэгдээд энэ мэдээллийг эцэг эхчүүдэд хүргээрэй гэж хэлсэн, би эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Бд утсаар хэлсэн, 2-3 эцэг эхэд месеж бичсэн... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шийдвэр гаргах ажиллагааны талаар эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим баримтална, 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 43 дугаар зүйлийн 43.1-т захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Х Ц сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 8 сарын 12-ны өдрийн хурлаар бага ангийн хувьд 2 багш шинээр авах...сонгон шалгаруулалт явуулах...[2] тухай хэлэлцсэнээс үзэхэд 2-р ангид 1 бүлэг нэмэх зорилгоор багшийн сонгон шалгаруулалт явуулсан байх ба тухайн өдөр 3 багш сонгон шалгаруулалтад орж О.Мөнхзул 86,2, С.Эрдэнэтуяа 85, Ц.Энхнасан 83,7 оноо авсан[3], С.Эрдэнэтуяа багш шинээр үүссэн анги болох 2ж ангийн багшаар 3 хоног ажиллаад гарсан, тус ангийг Ц.Энхнасан багш дааж ажиллаж байгаа болох нь бичгийн нотлох баримт, оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч тал С.Эрдэнэтуяа багш дунд ангийн гадаад хэлний багш мэргэжилтэй, бага ангийн багшийн хөрвөх сургалтанд суралцаж байсан, эцэг эхчүүд гомдол гаргасан учраас Ц.Энхнасан багшаар 2ж ангийг даалгасан хэмээн тайлбарласан тул хариуцагчийг шинээр үүсгэсэн 2ж ангийн багшаар тогтвортой ажиллах мэргэжлийн багшийг хичээлийн жил эхлэхэд сонгож ажиллуулаагүй, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломжийг бүрдүүлээгүйгээс нэхэмжлэл гаргасан иргэдийн хүүхдүүд болох нэр бүхий 6 сурагчийн Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т заасан суралцах нөхцөл бололцоогоор хангуулах эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасан боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих... үүргээ биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар явагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын нэр бүхий 6 хүүхэд 1-р ангидаа эзэмших ёстой чадваруудыг хугацаандаа бүрэн эзэмшиж байгаагүй нь 1а ангийн багшийн бүртгэлээр тогтоогдож байх ба, нэхэмжлэгч Б.Б хүүхдүүдийг сугалаагаар анги сонгох үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдүүдээр сугалаа сугалуулсан байх тул нэхэмжлэгч талын хүүхдүүдийн сурлагын чанар муудсан, багшийн заах арга чадвар муу...эрх зүйн чадамжгүй хүүхдүүдийг хүчээр сугалаа сугалуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Ерөнхий боловсролын Х Ц сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалын 1 дэх заалтын ...2 дугаар ангийн 7 бүлгийг 8 бүлэг болгон анги дүүргэлтийн хүүхдийн тоог тэгшитгэх... гэсэн хэсгээс тус сургуулийн 2-р ангийн сурагч Б.А , Ч.Ч , О.Г , Б.О, Х.Ц, М.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 19 дэх тал,

[2] Хавтас хэргийн 22 дахь тал,

[3] Хавтас хэргийн 27 дахь тал,