Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 123/2016/0017/з |
Дугаар | 221/МА2017/0012 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0012
“Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Угтаалцайдам сумын газрын даамал Б.*******, гуравдагч этгээд П.*******нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга болон тус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн “сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Угтаалцайдам сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ үндэслэл бүхий хууль зүйн дагуу тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь шүүх Угтаалцайдам сумын Талын-Уул багт байрлах газрыг Ө.Хавчуурын эзэмшлийн ахуйн зориулалттай газар мөн бөгөөд түүнд “Ч*******” ХХК-нд эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байх тул Галаагийн нэр дээр шилжүүлсэн сумын Засаг даргын А/125 дугаар захирамж нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзсэн. Гэтэл Талын-Уул багт байрлах газар нь одоо Ө.Хавчуурын эзэмшлийн газар мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өрөөр хэлбэл, 1998 оноос хойш 18 жил 6 cap болоход тус газарт газар эзэмших гэрээг нэг ч удаа дүгнэж байгаагүй, 1998 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд тухайн үедээ эзэмших эрх нь хүчингүй болсон байхад мөн тус газрыг *******10-аас доошгүй жил ашиглаагүй, амьдраагүй, харин сүүлийн 6 жилд нь зарах нэрийдлээр *******оос 2.000.000 төгрөг хууль бусаар авсан, уг газарт нь ******* 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж улмаар үл хөдлөх хөрөнгө барих, цахилгааны шугам татах зэргээр эзэмшиж ашиглаж байсныг нь *******болон сумын Засаг дарга мэдэж байсан. Гэвч Засаг дарга хэн нэгний эрх ашгийг хохироохгүйн тулд тус газарт захиргааны акт гаргахаасаа өмнө судалж, шалгаж тодруулалгүйгээр мөн түүнд мэдэгдэлгүйгээр хууль бус захирамжийг Галаагийн нэр дээр шилжүүлэн гаргаснаас болж маргаан үүсч дунд нь “Ч*******” ХХК, ******* бодитойгоор хохирч эрх ашиг нь зөрчигдөхөд хүрээд байхад шүүх эзэмших эрхийг Галаад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж өнгөцхөн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна.
Мөн хариуцагч Засаг дарга Гантулга 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан А/125 дугаар захирамжаа хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрч /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/ шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтандаа “Иргэн *******нь 1998 оноос хойш 2015 оныг хүртэл газрын төлбөр төлөөгүй тул аймгийн Засаг даргын 01/1451 тоот албан бичгийн дагуу Засаг даргын 2015 оны А/125 дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй, цаашид уг газрыг хуулийн дагуу дуудлага худалдааны зарчмаар дахин олгох болсныг мэдэгдэж байна” гэж, мөн шүүх хуралд өгсөн тайлбартаа “Хэн аль нь Газрын тухай хуулиар уг газрыг эзэмших эрхгүй учир А/125 дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй, шүүх яаж шийдвэрлэнэ тэрийг дагана” гэж тайлбар өгч байсан нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа юм. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй бөгөөд шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт ч дурдаагүй дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байгаа юм.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Чонос Эмбо” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар захирамжаар иргэн Ө.Хавчуурт тус сумын Талын Уул багийн нутагт байрлах 750 м2 газрыг эзэмшүүлсэн боловч газар эзэмшигч Ө.Хавчуур нас барсан тул Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/125 дугаар захирамж гарган түүний эхнэр П.Галаад уг газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн захирал Н.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2009 онд би П.Галаатай тохиролцож, тухайн газрыг 2 000 000 төгрөгөөр худалдан авсан. Би энд өөрийн хөрөнгөөр 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6 жил тасралтгүй ямар нэгэн маргаангүй үйл ажиллагаагаа явуулсан... Сүүлийн 6 жил манай “Ч*******” ХХК тухайн газрыг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаагаа явуулж ирснийг Засаг дарга мэдсээр байж дээрх зөрчил болон бодит байдлыг судалж шалгаж үзэлгүйгээр хууль бус захирамж гаргасан ...тухайн үед би газрыг худалдаж авсан, хүний газрыг луйвардаж аваагүй, худалдаж авсан гэдгээ нотлох гэрчтэй хамт газрын даамал дээр очиж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж хэлэхэд таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. 2 жилийн дараа газрын даамалтай уулзахад газрын гэрчилгээг П.Галаагийн охин Х.Мөнгөнтуул нь аваад явсан гэж хэлсэн. Газрын даамал Б.******* нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж бичиг баримтыг аваад гаргаж өгөлгүй удааж эцэст нь надад хэлж мэдэгдэлгүй П.Галаад буцааж өгснөөр би хохирч байна” гэж тайлбарласан боловч маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах тухай хүсэлтээ, холбогдох гэрээний хамт эрх бүхий байгууллагад албан ёсоор гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. Түүнчлэн маргаан бүхий газрыг П.Галаагаас 2 сая төгрөгөөр худалдаж авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч энэхүү байдлаа баримтаар нотлоогүй байна.
Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Учир нь маргаан бүхий газрыг 2009 оноос хойш эзэмшин барилга барих, цахилгаан татах зэргээр хөрөнгө оруулалт хийснээр “Ч*******” ХХК-ийг уг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй төдийгүй энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй.
Нэгэнт нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж аваагүй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “...тус газрыг П.*******10-аас доошгүй жил ашиглаагүй, амьдраагүй... захиргааны акт гаргахаасаа өмнө Засаг дарга тухайн газрыг судалж, шалгаж, тодруулалгүйгээр газар эзэмших эрхийг П.Галаад шилжүүлсэн нь хууль зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Тэрчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар газрын даамал нь газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрт үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нөхцөл бүрдэх тул “Чонос Эмбо” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй газрын даамлын эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН