| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/06 |
| Дугаар | 06 |
| Огноо | 2012-01-04 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах, Ц.Отгонсүх
хохирогч Б.Н.,
насанд хүрээгүй хохирогч Н.А.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт М овогт Б.М.ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123597 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Б.М.а, /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.
Шүүгдэгч Б.М.а нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжих шөнө Дархан-уул аймгийн Хонгор сумын 2 дугаар “Аргалын гарам” гэх газар өөрийн эзэмшлийн гэх ....ДАР улсын дугаартай “портер” маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-а, 2.7-а, мөн хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж ослын улмаас иргэн иргэн Б.Н. нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М.а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө би эгч Б.Н., дүү Н.А.нартай хамт машинаараа модонд явж байсан юм. Тэгээд замдаа дэлгүүрээс 2 шил пиво авсан бөгөөд нэгийг нь би уусан юм. Тэгээд нэг жалгаар ороод гараад цаашаа явж байгаад ийм юм болсон. Нэг мэдсэн чинь машин замаас гараад хажуулдаж унасан байсан ба би ухаа алдсан байсан.
\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Á.Ìàðòà 215.3-06.doc
Тухайн үед машинтай явж байхад түс, тас дуугараад өнгөрсөн юм. Яг юу болсныг мэдээгүй” гэв.
Хохирогч Б.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний дүү М.а нь өөрийн эзэмшлийн ....ДАР улсын дугаартай “портер” маркийн авто машинаар өөрийн эгч Н., хүү А.нарын хамт Шарын гол руу модонд явсан байсан. Тэгээд дараа нь М.атай уулзахад осол болж Н. нас барсан гэдгийг мэдсэн юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Н.А.шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Тэр өдөр М.а ах машин барьж явсан бөгөөд би ээж М.а ах хоёрын дунд нь сууж явсан юм. Машин яаж унасныг би мэдээгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.М.а нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжих шөнө Дархан-уул аймгийн Хонгор сумын 2 дугаар “Аргалын гарам” гэх газар өөрийн эзэмшлийн гэх ....ДАР улсын дугаартай “портер” маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-а, 2.7-а, мөн хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж ослын улмаас иргэн иргэн Б.Н. нь нас барсан болох нь:
хохирогч Б.Н. мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”…2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний дүү М.а нь өөрийн эзэмшлийн ....ДАР улсын дугаартай “портер” маркийн авто машинаар өөрийн эгч Н., хүү А.нарын хамт Шарын гол руу модонд явсан байсан. Тэгээд дараа нь М.атай уулзахад осол болж Н. нас барсан гэдгийг мэдсэн юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Н.А.ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”…Тэр өдөр М.а ах машин барьж явсан бөгөөд би ээж М.а ах хоёрын дунд нь сууж явсан юм. Машин яаж унасныг би мэдээгүй…Замд гарахын өмнө М.а ах ээж хоёр дэлгүүр орж хоёр лааз улаан касс нэртэй пиво авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/,
гэрч Ш.Д.ын:”…2011 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Хонгор сумын “Аргалын гарам” гэдэг газар гэнэт зам дээр нэг эрхтэй хүүхэд гүйж ирээд зогсооч гэхэд нь зогссон юм. Тэгтэл тэр хүүхэд машин руугаа заагаад эргээд гүйгээд явчихсан. Тэгээд араас нь яваад очтол осолдсон гэх машин ертөнцийн зүгээр бол баруун тийшээ хараад хажуулдчихсан байсан бөгөөд машины кабинд хоёр хүн харагдсан юм. Тэгээд би жолоочийг нь татаж гарагсан бөгөөд жолооч нь ухаангүй байсан. Мөн бас нэг эмэгтэй хүн байсан бөгөөд тархи нь гоожсон байдалтай нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
шүүгдэгч Б.М.аагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”… 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө би эгч Б.Н., дүү Н.А.нартай хамт машинаараа модонд явж байсан юм. Тэгээд замдаа дэлгүүрээс 2 шил пиво авсан бөгөөд нэгийг нь би уусан юм. Тэгээд нэг жалгаар ороод гараад цаашаа явж байгаад ийм юм болсон. Нэг мэдсэн чинь машин замаас гараад хажуулдаж унасан байсан ба би ухаа алдсан байсан. Тухайн үед машинтай явж байхад түс, тас дуугараад өнгөрсөн юм. Яг юу болсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 59 дахь тал/,
Шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 135 дугаартай магадлан шинжилгээний дүгнэлт
1. Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл, тархины эдийн гоожилт, гавал ясны болон сэлтэрхийт зөрсөн хугарал, хатуу бүрхүүлийн урагдал доод, дээд эрүү, хацар, хамар ясны ил далд хугарал, нүүр, их бие, хүзүү мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, шарх, зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой үхэлд шууд нөлөөлөх хүнд зэргийн гэмтэл болно.
3. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6. Талийгаачийн цус нь OI бүлэг байна. гэсэн дүгнэлт /хэргийн 41 дахь тал/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 3-4 дахь тал/,
гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 5-9, 13-14 дахь тал/,
цогцост үзлэг хийсэн зураглал /хэргийн 42-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд М овогт Б.М.ааг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Н. нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н., Н.А.нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.М.аагаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М.а нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.
Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.
Шүүгдэгч Б.М.а нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, урьд ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь арилсан, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
1. М овогт Б.М.ааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдэж бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б.М.аагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.М.ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.М.а энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн .... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, баримтыг нь хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.М.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зугаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.М.ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.М.ад мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М.ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М.ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН