| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00372/и |
| Дугаар | 133/ШШ2020/00409 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 133/ШШ2020/00409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоот, “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** газарт холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-2, ГААОНӨГ/201801005 багц-7 дугаартай гэрээнүүдий үлдэгдэл 42.814.627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК нь 2012 оноос хойш барилгын хийц эд анги үйлдвэрлэдэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн 84892309 төгрөгний өртөгтэй “Баян-Уул сумын төвд жижиг гудамж бий болгож тохижуулах ажил багц-2” ГААОНӨГ /201801005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн Хөхморьт суманд 87348910 төгрөгийн төсөвтэй “Сумын төвд жишиг гудамж бий болгож, тохижуулах ажил багц-7” 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГААОНӨГ /201801005 дугаартай гэрээ тус тус байгуулж, ажил гүйцэтгэн барилга байгууламжийг ашиглалтад оруулж, 2019 оны 12 сард комисст хүлээлгэн өгсөн. Дээрхи 2 ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахдаа Баян-Уул сумын багц-2 ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээс 73.213.296 төгрөгний санхүүжилтийг авч 11.679.013 санхүүжилт дутуу, мөн Хөхморьт сумын ажлын санхүүжилтээс 56.213.296 төгрөгийн санхүүжилт авч 31.135.614 төгрөгийн санхүүжилт аваагүй байна. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэж өгч, Говь-Алтай аймгийн *** газарт 2 багц ажлын нийт үлдэгдэл 42.814.627 төгрөгийн санхүүжилтийг авах нэхэмжлэх гаргахад 2019 оны төсөвт суугдсан ажлуудын санхүүжилт дууссан гэсэн шалтгаанаар өгөхгүй байна. Манай компани дээрх ажлуудыг ашиглалтад оруулахаар банкнаас зээл авч, ажилчдад төлөх ажлын хөлсний өртэй зэрэг хүнд нөхцөл байдалд байна. Татвар дээр мөн НӨАТ-ын өртэй байгаа. Өөр бусад тендерийн ажилд оролцож чадахгүй гацалтын байдалтай байна. Тодотгол хүлээж болж байгаа. Энэ жил сонгууль болж байгаа учир сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдсаны дараа хурлаар оруулна гэсэн. Тэгэхээр сонгуулийн дараа ямар нам гарах нь мэдэхгүй учраас яаралтай мөнгөө гаргуулж авмаар байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээ болон хуульд зааснаар гүйцэтгэсэн багц-2, багц-7 ажлын үлдэгдэл санхүүжилт болох 42.814.627 төгрөгийг Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээтэй холбоотойгоор захиалагч нь ажлыг хүлээж авсан боловч үлдэгдэл санхүүжилт болох 42.814.627 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад өгөөгүй. Захиалагч талаас тайлбар өгөхдөө ажлыг гүйцэтгэсэн, тухайн ажлыг хүлээж авсан байна гэдэг албан тоотыг “*** ” ХХК-д өгч байсан. Үүгээр хүлээн зөвшөөрсөн үйлдэл харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Иймээс хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, шүүхэд тайлбар ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн *** газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-2, ГААОНӨГ/201801005 багц-7 дугаартай гэрээний үлдэгдэл 42.814.627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “*** ” ХХК нь Говь-Алтай аймгийн *** газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-2, ГААОНӨГ/201801005 багц-7 дугаартай гэрээнүүдийн үлдэгдэл 42.814.627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч “*** ” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГААОНӨГ/201801005 багц-2 дугаартай сумын төвд жишиг гудамж бий болгож, тохижуулах ажлын багц-2 Баян-Уул сум, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГААОНӨГ/201801005 багц-7 дугаартай сумын төвд жишиг гудамж бий болгож, тохижуулах ажлын багц-7 Хөхморьт сум гэх гэрээг тус тус байгуулж, Баян-Уул сумд жишиг гудамж бий болгох, тохижуулах, тохижилтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2018 оны 10 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар 84.892.309 /наян дөрвөн сая найман зуун ерөн хоёр мянга гурван зуун есөн/ төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, Хөхморьт сумд жишиг гудамж бий болгох, тохижуулах, тохижилтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2018 оны 10 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 87.348.910 /наян долоон сая гурван зуун дөчин найман мянга есөн зуун арван/ төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байна.
Уг гэрээнүүдийг захиалагч тал Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, зөвшөөрсөн Говь-Алтай аймгийн *** газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч “*** ” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг Говь-Алтай аймгийн Засаг дарга баталсан байна.
Дээрх 2 гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч “*** ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг захиалагчид шилжүүлсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн КА-44/2019 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн КА-45/2019 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн, ажлын хөлснөөс нэхэмжлэгчийн шаардаж буй төгрөгийг захиалагч тал төлөөгүй байна.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн КА-44/2019 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн КА-45/2019 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд “...энэхүү барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийг заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв...” гэжээ.
Эндээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлаа гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр тохиролцсон хөлсөө шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уулзалт зөвлөгөөнтэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчид хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах эрхтэй боловч уг шалтгаан үндэслэлээ нотолсон баримтыг хүсэлтийн хамт ирүүлэхээр заасан байгаа. Уг хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 42.814.627 /дөчин хоёр сая найман зуун арван дөрвөн мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372.023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас 372.023 /гурван зуун далан хоёр мянга хорин гурван/ төгрөгийг гаргуулж, “*** ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 42.814.627 /дөчин хоёр сая найман зуун арван дөрвөн мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулан “*** ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372.023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас 372.023 /гурван зуун далан хоёр мянга хорин гурван/ төгрөгийг гаргуулж, “*** ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН