| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
2023 12 12 2023/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.А-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч И.А нар оролцов.
Монгол улсын иргэн, .........оны ........... дүгээр сарын .........-ний өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, .......... настай, ............, ..........боловсролтой........... мэргэжилтэй, .........., ам бүл ............., ээжийн хамт иргэний үнэмлэхний лавлагаагаар ..........аймгийн ............. баг,...........оршин суух, одоо............аймгийн ............сум, ........... баг, “...........” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ..........аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ............ дугаар сарын ..........-ны өдрийн ..........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............. дүгээр зүйлийн ........... дэх хэсэгт зааснаар ................ялаар шийтгүүлж байсан ........................... овгийн И-н А /РД:/.
И.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины шилээр хохирогч Э.М-г цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын шанааны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч И.А-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би самарт явж байгаад .......... оны ........... дүгээр сарын ...........-ны орой .............. ирээд “...........” ............. тоот өрөөнд найзуудын хамт орж ойролцоогоор 3-4 шил архи хувааж уусан. Маргааш орой нь бааранд орж бүжиглэж байгаад ..........цагийн үед буцаж буудалдаа ирээд М, Т бид 3 нэг шил архи хувааж ууцгаасан. Тэр үед М надад хандан “та намайг загналаа, би хэрэндээ л ажилласан” гэж хэлээд шүлсээ газар хаяад ширээн дээр байсан зүйлүүдийг түлхээд газар унагаахаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан ундаа гэж бодоод М-н зүүн шанаа хэсэгт нэг удаа цохитол дотроо архитай байсан архины шил хагарч газарт унасан бөгөөд архины шилээр М-г цохисноо тэр үед мэдсэн. Би тухайн үед архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж тийм ухаангүй зүйл хийсэндээ гэмшиж байна. Би дараа нь М-д сорвины тос, шарх эдгээдэг эм зэргийг авч өгсөн. Би маш их гэмшиж байгаа, миний буруу..” гэх мэдүүлэг (хх-ийн 47,60, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Э.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би самарт явж байгаад ...........оны ...........дүгээр сарын .........-ны орой ........... ирээд “..........” зочид буудлын............. тоот өрөөнд буусан. Тэгээд бид нар архи ууцгаасан бөгөөд тухайн үед А-тай ажлын талаар яриад муудалцаад эвлэрсэн. ...А бид хоёр авчирсан архийг нь хувааж ууж байхдаа маргалдаж, А намайг тал архитай архины шилээр миний зүүн чихний ар тал болон шанаа хэсэгт нэг удаа цохиж миний биед гэмтэл учруулсан бөгөөд 15 оёдол тавиулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35),
Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Эргүүлд явж байгаад “...........” зочид буудалд ......... цаг .......... минутын ороод ...........тоот өрөөний гадна очтол эрэгтэй хүмүүс хоорондоо чанга дуугаар ярих нь сонсогдоод байхаар нь ортол А гартаа байсан архины шилээр М-н зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж архины шил хагарч, чанга дуу чимээ гарсан. М-н зүүн шанаа хэсгээс их хэмжээний цус гоожоод тогтохгүй болохоор нь орон дээр байсан дэрийг авч дараад цусыг нь тогтоох хооронд Г эмнэлэг цагдаа дуудсан. А М-г цохиж байхыг би харсан...” гэх мэдүүлэг (хх-н 42),
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ........ оны .......... дүгээр сарын ........-ны өдрийн .......... дугаартай: “Э.М-н биед зүүн талын шанаа хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. (хх-ийн 50-51),
Иргэний нэхэмжлэгч Н.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч Э.Мөнхнасан нь ....... оны ...... дүгээр сарын ........-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, түргэн тусламжийн үйлчилгээ 48.000 төгрөг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн төвд амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000 төгрөг, нийт 224.000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч И.А-с 224.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 40)
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “уг хэрэг учрал болсон гэх газар нь .............. хороо, “........” нэртэй зочид буудлын ............ тоот өрөө байв. ...модон орны дээрх улаан өнгийн матрасны гадаргуу хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зураар бэхжүүлэв. Тухайн орны толгой хэсгийн матрас дээр орны хажууд шалан дээр “Х” архины шилний хагархай байсныг “1” гэсэн тоон үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийн үеэр “Х” нэртэй архины шилний хагархайг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “...а/д Г.Г-с ..................зочид буудалд согтуу хүмүүс зодолдож нэгнийхээ биед гэмтэл учруулсан” гэх мэдээллийг .........оны .......... дүгээр сарын .........-ны ........... цаг ......... минутад хүлээн авав” гэжээ. /хх-н 02/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Эрүүгийн .............дугаартай хэрэгт дээр дурдсан хэрэгт ач холбогдолтой архины шилний хагархай хэсгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-ийн 23/
Хохирогчийн нүүрний зүүн шанаа хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27/
Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “И.А нь 2.99, Э.М 2.54 хувьтай” гэжээ (хх-ийн 27)
Хохирогч Э.М-н эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 37)
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “......... регистрийн дугаартай ......... овгийн И-н А нь ............... аймгийн ................ сумын .......... баг, .........гэх газарт оршин суудаг...” гэжээ. (хх-н 66-67)
Шүүгдэгч И.А нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-н 108, 110-115) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.А нь согтуугаар ...............оны .......... дүгээр сарын ...........-ний орой .......... цагийн үед ......... хороо, .......... үйл ажиллагаа явуулдаг “............” .......... тоот өрөөнд хохирогч Э.М-тай “самар түүсэн” гэх асуудлаас болж таарамжгүй харилцаа үүсгэж улмаар ширээн дээр байсан “Экс” нэртэй архины шилээр түүний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн талын шанааны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “уурандаа архины шилээр М-н нүүрэнд цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.М-н мэдүүлсэн “Ань архины шилээр миний зүүн чихний ар тал болон шанаа хэсэгт нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б-н “А гартаа байсан архины шилээр М-н зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж байсныг харсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед зүүн талын шанаа хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн .........оны ........ дүгээр сарын ...........-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүрний зүүн шанаа хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч, хохирогч нарын хэн алины зүй бус хэрэглээтэй холбоотойгоор үүссэн бөгөөд “самар муу түүсэн” гэх шалтгаанаар тэдний хооронд хэрүүл маргаан үүсч улмаар хэн нэгэндээ хүч хэрэглэхэд хүрсэн байна. Шүүгдэгч И.А нь хохирогчийг зодсон үйл явдлыг шүүгдэгч, хохирогч нараас гадна тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч гэрчээр тодорхой мэдүүлжээ.
Шүүгдэгч И.А-н хохирогчийн эсрэг хийсэн “ширээн дээр байсан архины шилийг авч хохирогчийн зүүн шанаа хэсэгт цохьсон” үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч И.А-н хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч И.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.А нь хохирогч Э.М-н биед зүүн талын шанаа хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гэмтэлтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна. (хх-н 34-35)
Мөн шүүгдэгч И.А нь хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 224.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 134 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч И.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс И.А-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч И.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл торгох ялыг төлж биелүүлэх хамгийн бага хугацааг 90 хоног байхаар хуульчилсан.
Иймд улсын яллагчийн “торгох ялыг 1 сарын хугацаанд төлж биелүүлэх” талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй тул шүүгдэгч И.А-н орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ........... овгийн И-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............. овгийн И-н А-г 1.000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг И.А-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг И.А-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол И.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. И.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА