Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00418

 

2020 оны 06 сарын 18 өдөр

    Дугаар 153/ШШ2020/00417

                  Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн .. тоотод оршин суух, Молхы овогт Ты Э //-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн .. тоотод оршин суух, Залаар овогт Гийн Ц //-д холбогдох,

зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,070,000 төгрөг, нийт 3,070,000 /гурван сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00393/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр машин авах гээд хүүхдүүдтэйгээ явж байсан. Хариуцагч эмнэлгийн тэнд таараад машин зарна гэхээр Эстимо машиныг 2,500,000 төгрөгөөр авсан. Анх бид хоёр ах, дүү болоод манай аав шиг хүн байна гэж бодсон. Машин авахаар манай эхнэр бид нар гэрт нь ирсэн.  Хариуцагчийн машины гадна тал нь сайн болохоор 2,500,000 төгрөгөөр тохироод худалдаж авсан. Хариуцагч арьс ширний үйлдвэр байгуулаад дараа хамтарч ажиллая гэж хэлсэн. Би сайн хүмүүс байна гэж бодоод 2,500,000 төгрөгөө гэрт нь өгсөн. Хариуцагч миний дүү мөнгө байна уу охиноо мордуулах гэсэн юм мөнгө байвал өгөөч гэхээр нь би эхнэр хүүхэдтэйгээ оччихсон байсан энэ хүн сайн хүн байна гээд 2,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч тухайн үед эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би чамайг хохироохгүй нэг сарын дотор хугацаанд нь өгнө ийм тийм асуудал байхгүй гэж хэлсэн. Манай эхнэр энэ хүн сайн хүн байна, мөнгөө баримтгүй өгчихье гэхээр нь би энэ хүнтэй шинэ танилцаад мөнгө өгч байна. Баримтгүй болохгүй байх гэж бодоод бид хоёр нотариат дээр ирээд гэрээ хийгээд 2,000,000 төгрөг өгсөн. 2,000,000 төгрөг өгөхдөө хүүгүй, алданги тооцно гээд гэрээ байгуулсан. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өнгөрөөд ах дээр ирээд хугацаа өнгөрчихлөө миний мөнгийг өгөөдөх гэж хэлсэн. Энэ хүний самган нь сайн хүн шиг харагдсан. Самган нь энэ хүнд бид нарын тэтгэврийн зээлийг төрөөс хааж байна энэ хүүхдийн мөнгийг өгье гэж хэлсэн чинь хариуцагч дургүйцсэн. Би хариуцагчаас машин аваад 6 км яваад мотор цохисон. Машиныг нь гэрийнх нь гадаа аваачиж тавьсан. Буцаж ирээд мөнгөө авъя гэхэд ахын дүү тэтгэврийн зээлийг төр хаах гэж байна, хаахаар нь өгье гэж хэлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш байнга маргааш ир, нөгөөдөр ир гэхээр нь би аксентад байнга бензин хийж ирдэг байсан. Ирж, очсон зардлаа тооцоогүй. 2020 оны 3 сард манай эхнэр чи өгөхгүй байхад дандаа явж байна гэж уурласан….Машиныг нь буцааж өгнө гэж хэлсэн боловч юм нь дутуу байна гэж хэлсэн. Би машинаа шүүхээр шийдүүлж авъя гэж бодож байгаа. Би хариуцагчид та боломжоороо өгөөд бай гэхэд хууль надад үйлчлэхгүй миний талд гарна гээд хэрүүл маргаан гаргаад миний хүүхдийг худлаа хэрэгтэн болгоод өдий хүртэл хэрүүл маргаан гаргасан. Би ахаа та хуваагаад ч гэж хэлсэн өгчих гэхэд чамд өгөх юм байхгүй, тэгэх юм бол би аваагүй гэж хэлнэ гэж муухай зан гаргасан.  Ёстой аюултай хүмүүс байсан байна. Тухайн үед 2,000,000 төгрөг зээлсэн. Алданги 0,5 хувиар тооцохоор 1,070,000 төгрөг нийт 3,070,000 төгрөгийг Г.Цоос гаргуулж өгнө үү....2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд гарын үсэг зуруулж авсан….Алдангийг 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон....Хүүхдийнх нь дэргэд машины мөнгө 2,500,000 төгрөг тоолж өгөөд нотариатын дэргэд хариуцагчид 2,000,000 төгрөг тоолж өгсөн....гэв.

Хариуцагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:… Нэхэмжлэгчийн хэлж байгаа үгийг ойлголоо. Шал өөр асуудал өөрийнхөө бодлоор ярьж байна. Би учрыг нь ойлгохгүй байна. Би авч, өгсөн үнэнээ хэлнэ. Фасебүүкээр мөнгө зээлдүүлнэ гэж зар тавьсан байсан. Манай хүүхдүүд фасебүүкээр мөнгө зээлдүүлнэ гэж хэлсэн зар гарч байна гээд энэ хүнтэй утсаар холбогдоход нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Би эхнэр хүүхэдтэйгээ нэгдсэн эмнэлэг дээр очсон. Энэ хүн машин сонирхоод явж байсан. Нэхэмжлэгч мөнгө зээлдүүлнэ, машин ч авна гэдэг асуудал ярьсан. Би миний унаж байгаа машиныг авуул ав гэж хэлсэн. Нэхэмжлэгч өөр нэг хүнтэй ирээд үзэж байгаад масло дундуур, масло солихоор байна гэж хэлсэн. Би манай гэрийн хүн ажил гэрийн хооронд унадаг сүүлийн сар гарантай асаагаагүй одоо асаагаад гарч ирж байна гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч эхнэр хүүхэдтэйгээ унаж шалгаад үзсэн. Жаахан доголдолтой байсан гэдгийг би хэлж байсан. Хүйтний улиралд машин доголдох тал байдаг. Би машинаа 5,000,000 төгрөг гэж байгаа хурим найрын асуудал байгаа чи хямдхан авна гэвэл 3,500,000 төгрөгт зарна гэж хэлсэн. Нэхэмжлэгч би танд 2,000,000 төгрөг зээлдүүлье гэхээр нь надад мөнгөний шаардлага байсан учраас машинаа 2,5000,000 төгрөгт зарсан. Надад 2,000,000 төгрөг зээлдүүлэхээр болоод нотариат дээр очиход нотариатын хүн хэдэн хувийн хүүгээр вэ гэхэд нэхэмжлэгч 20 хувийн хүү гэхэд нотариатын хүн батлахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч гарч хүүхэдтэйгээ уулзаж байгаад орж ирээд хүүгүйгээр, алданги 0,5 хувиар тооцно гэж хэлсэн. Би тухайн мөнгийг алданги тооцуулахгүйгээр өгнө гэж бодож байсан.  Сарын хугацаа өнгөрвөл алданги тооцно гэж хэлсэн. Барьцаанд нь хашаа байшингийнхаа гэрчилгээг тавьсан. Бид хоёр тохиролцоод гэрт очоод машин тэргээ хүлээж автал орой болсон. Надад 2,000,000 төгрөг биш 1,600,000 төгрөг өгсөн. 400,000 төгрөгөө яаж байгаа юм гэхэд 20 хувийн хүүгээ суутгаж авч байна гэж хэлсэн. Би чамаас 1,600,000 төгрөг авлаа чи бүх зүйлээ хийсний дараа ингэдэг нь ямар учиртай юм гэж хэлсэн. Хоноод маргааш нь ирээд машин пижгэнээд явахгүй байна гэж хэлсэн. Машиныг нь үзээд нэг свича солиод ямар ч асуудалгүй болсон. Нэхэмжлэгч болон хүүхдийг нь дагуулж яваад машиныг нь оношилгоонд оруулсан. Үүнээс хойш машиныг би хариуцахгүй гэж хэлсэн. Би машинаа унаад 1000 км яваад тэгээд чамд машинаа хүлээлгэж өгье чи болно гэх юм бол үүнээс хойш ийм тийм боллоо гэж битгий авчир гэхэд одоо боллоо гээд хүүтэйгээ зөвшөөрөөд аваад явсан.  Шөнө дунд машины мотор цохилоо гэж хэлсэн. Бензинээ нэмээд масло нэмэхгүй явж байгаад өөрөө мотороо цохиулсан. Мотор цохилоо гээд машинаа манайд буцааж авчирчхаад моторын юм авчирна гэж явсан. Би өөр нэг Эстимо машинтай түүнийхээ бүрэн ээлж хийсэн моторыг 1,600,000 төгрөгт бодож машинд нь тавьж өгсөн. Нэхэмжлэгч 400,000 төгрөгтөө ногоо авчирч өгнө гэж хэлсэн. Намайг гадаа юм хийж байхад манай хотоос ирсэн оюутан охиныг цохиж хүнд гэмтэл учруулсан гээд өөрөө шүүхээр торгуулсан. Бид нар янз бүрийн асуудал гаргаагүй. 2,000,000 төгрөгтөө машины мотор өгсөн. Намайг байхгүй үед машинаа асаагаад явсан байсан. Зөрүү 400,000 төгрөгтөө ногоо авчирж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би өгдөг юмаа өгсөн. Хашаа байшингийнхаа гэрчилгээг авмаар байна. Би өвлийн хүйтэнд сайхан сэтгэлээр мотор тавьж өгсөн. Би зээлсэн мөнгөнийхөө оронд машины мотор өгсөн….Би энэ хүнд 1,600,000 төгрөгийн оронд мотор өгсөн. 400,000 төгрөгийн оронд надад ногоо өгнө гэж хэлсэн. Суурин дээрээ юм бүхнийг худал яриад байна. Үндсэн мөнгөө мотороор төлсөн учраас алдангийг зөвшөөрөхгүй....Миний гарын үсэг мөн....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь Г.Цид холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,070,000 төгрөг, нийт 3,070,000 /гурван сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц эс зөвшөөрч шүүх хуралдаанд “....Надад 2,000,000 төгрөг биш 1,600,000 төгрөг өгсөн. 400,000 төгрөгөө яаж байгаа юм гэхэд 20 хувийн хүүгээ суутгаж авч байна гэж хэлсэн....Би энэ хүнд 1,600,000 төгрөгийн оронд мотор өгсөн. 400,000 төгрөгийн оронд надад ногоо өгнө гэж хэлсэн….Үндсэн мөнгөө мотороор төлсөн учраас алдангийг зөвшөөрөхгүй....” гэж маргасан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Т.Э нь Г.Цааганцоожид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1617002830 дугаартай Ховд аймгийн Рашаант багийн 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах 52 м.кв талбай бүхий хувийн сууц, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617002638 дугаартай Ховд аймгийн Рашаант багийн 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 955 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Бүртгэлийн 1606 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

Хариуцагч Г.Ц нь зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Т.Э нь түүнээс зээл, алдангийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

Талууд анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурж, улмаар нотариатаар гэрчлүүлсэн байх ба уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг зээлж аваагүй, 1,600,000 төгрөгийг зээлж авсан гэж маргах боловч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Бүртгэлийн 1606 дугаартай Зээлийн гэрээний ар талын хуудсанд “2000000 авсан үнэн болно. 2019 12.4,” гэх бичвэр байх бөгөөд уг бичвэрийг хариуцагч бичиж гарын үсгээ зурсан гэж тайлбарлах байх тул хариуцагчаас зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,600,000 төгрөгийг зээлсэн талаарх баримтын шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн хариуцагч нь “зээлсэн 1,600,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн өөрөөс нь худалдан авсан автомашины моторыг сольж өгсөн” гэж, харин нэхэмжлэгч нь “хариуцагчаас худалдан авсан Estima маркийн автомашины мотор цохиход хариуцагч нь янзалж өгье, надад нэг муу мотор байгаа чиний мотортой хольж хутгаад асааж өгье гэж хэлсэн” гэж тус тус тайлбарлах боловч талуудын тайлбар хоорондоо зөрж, үнэлхэд эргэлзээтэй, хариуцагчийн зээлсэн мөнгөнийхөө төлбөрт автомашины мотор өгсөн гэх тайлбартай холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Харин талууд автомашин худалдсан, сольж тавьсан автомашины моторын үнийн талаарх маргаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцжээ.

Алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож үзвэл төлөх ёстой төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Г.Цоос зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Г.Цтой 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1617002830 дугаартай Ховд аймгийн Рашаант багийн 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах 52 м.кв талбай бүхий хувийн сууц, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617002638 дугаартай Ховд аймгийн Рашаант багийн 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 955 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалсан гэх боловч дээрх гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүйг дурьдлаа.

Нэхэмжлэгч Т.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цоос 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Г.Цоос зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 /далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,070 /жаран дөрвөн мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цоос улсын тэмдэгтийн хураамж 62,950 /жаран хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ