Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00420

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00420

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт оршин суух, Молхы овогт Иын Ж //-н нэхэмжлэлтэй,

нөхөх олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00412/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахатгүл, прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахатгүл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....И.Ж нь миний эмээ байгаа. 1937 онд төрсөн. Одоо 83 настай. Ховд аймгийн Ховд суманд оршин суудаг. Эмээгийн эцэг болох И нь 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын1938 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэж байсан. Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоолоор цагаатгагдаж байсан. 

Манай эмээ И.Ж нь садан төрлийн холбоогоо Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00010 дугаартай шийдвэрээр тогтоолгож байсан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхдэд нөхөн олговор олгохтой холбогдуулан өөрийн материалаа бүрдүүлж өгсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох нэрсийн жагсаалт Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаарт гарсан байгаа.

Иймд манай эмээ И.Жд төрсөн эцэг болох Нажидбайн Иын нөхөх олговор болох 80,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг гаргасан....Эмээ Ж нь эцэг, эхээс 4-лээ гэж ярьдаг. И.Аси, И.Хапиз гэдэг ах нартай, К.Жупар гэдэг дүүтэй байсан гэж хэлдэг. Одоо амьд сэрүүн байгаа нь манай эмээ И.Ж байгаа. Бусад нь нас барсан....Хэлмэгдэгчийн анхны эхнэрээс хоёр хүүхэд төрсөн. Хоёр дахь эхнэрээс нь бас хоёр хүүхэд төрсөн....Хэлмэгдэгчээс И.Аси, И.Хапиз, И.Ж, К.Жупар нар төрсөн....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу И.Жгийн нэхэмжлэлтэй цагаатгалын нөхөн олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцон тайлбар гаргаж байна. Хэрэгтэй танилцахад тодорхой нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна.

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг өмнө гаргаж шүүхээр шийдвэр гаргуулсан байна. Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27 өдрийн 59 дугаартай жагсаалтад орсон байна. Нас барсны бүртгэлийн лавлагаануудыг авсан байна. 1938 оны байдлаар Н.И нь хоёр эхнэр таван хүүхэдтэй гэж байсан ч гэсэн И.Жгаас бусад хүүхдүүд нь нас барсан байна. Нэг хүүхэд нь багадаа нас барсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, БНМАУ дээд шүүхийн 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн магадлал, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багийн Засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж иргэн И.Жд цагаатгалын нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Ж нь цагаатгалын нөхөн олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч  Нажидбайн И /Ибарай/ нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэн, цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5663 тоот архивын лавлагаа, нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 18, 19-21 дүгээр тал/

Нэхэмжлэгч И.Ж нь хэлмэгдэгч Нажидбайн И /Ибарарй/-ын төрсөн хүүхэд мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00010 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо. /хх-ийн 38-40 дүгээр тал/

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч И.Ж нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хэлмэгдэгч Нажидбайн И /Ибарай/, түүний эхнэр, Н.Жгаас бусад төрсөн хүүхдүүд нь нас барсан болох нь Иврайханы Аси /БЖ22031872/-гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Иврахимын Хапизийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Т.Жазигийн нас барсныг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00258 дугаартай шүүхийн шийдвэр, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2020/00559 дугаартай шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 23-24,31-34, 35-37 дугаар тал/

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт “энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана” гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №59 /6284/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Иын Жн нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 80,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 30 дугаар тал/

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Молхы овогт Иын Жд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Молхы овогт Иын Ж //-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Жн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ