Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0143

 


        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0145/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000162 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр ***  төрсөн, ***  настай, ***  тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ***  тоотод суух,   урьд *** ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн *** тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлэн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны 1 давхарт байрлах “*** ” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 399.850 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2014 оны 2 дугаар сарын 13-ны орой гэрээсээ гарч явсан. Найзуудтайгаа баар орж 2-3 пиво уугаад ангийнхаа охины гэрт очиж пиво уугаад гараад гэр рүүгээ явсан. Замдаа тамхи авах гээд *** дэлгүүрийн хаалга цохиход хаалттай байсан. Тэгээд гэр рүүгээ явах гээд алхаж байтал дэлгүүрийн цонх нь онгорхой салхинд савж байхаар нь цонхоор нь ороод хүнсний ногоо 7-8кг, салиам хиам 9кг, кетчуп, 2 утас, 3 торонд хийж 2 удаа авсан” гэв.

***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***аас гарч  тамхи авч татах гээд 30-р байрны “*** ” хүнсний дэлгүүрийн цонхыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь буцаад үүдний шатаар нь бууж явтал хажуугийн агуулахын дээд талын цонх онгорхой байгааг харсан. Тэгээд би шууд агуулахын дээд талын нь цонхоор ороод цаад өрөөний дээд цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод дэлгүүр лүү  орсон. Тэгээд дэлгүүрийн хяналтын камеруудыг нь эргүүлж доош нь харуулчихаад дэлгүүрээс Alpen gold шоколад 10 ширхэг, Mars шоколад 10 ширхэг, Snickers 10 ширхэг, ургамлын тос 4-н ширхэг, кетчуп 2 ширхэг, хүнсний ногоо 7-н кг, хиам 10-н кг орчим, Chokopai 4-н хайрцаг, кинбаб 2 ширхэг, кассан дээрээс нь 50 төгрөгний дэвсгэрт 30 ширхэг байсныг нь авсан, мөн Esse тамхи 2 хайрцаг Samsung маркын хар өнгийн энгийн гар утас 1 ширхэгийг авсан. Бас дэлгүүр дотор байж байхдаа хайрцагтай Фрута ундаанаас 1 ширхэгийг уусан. Би авсан зүйлүүдээ тэр дэлгүүр дотор зарж байсан цагаан уутнаас 6-н ширхэгийг аваад хоёр хоёроор нь давхарлаад 3 уутанд хувааж хийж тавьчихаад 1 ууттайг нь аваад дэлгүүрийн хаалганы хажуугийн цонхны дээд талын цонхоор гараад 13-р байранд гэртээ аваачиж тавьчихаад өмсөж явсан нимгэн хар куртик, саарал даавуун өмд зэргээ солиод юүдэнтэй малгай ногоон куртик, саарал өнгийн биеийн тамирын өмд өмсөөд буцаад ***-р байрны “***” хүнсний дэргүүрлүү явсан. Дэлгүүр дээр очоод хаалганы хажуугийн цонхоор ороод үлдсэн 2 уудттай хүнсний зүйлээ аваад буцаад хаалганы хажуугийн цонхоор гарсан. Тэгээд хуучин хорооллын 13-р байр луу гэртээ очиж хулгайлсан зүйлсээ тавьчихаад унтсан...” гэх мэдүүлэг /хэргийн 35,37 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 02 дугаар сарын 13-ний өдөр дэлгүүрээ 23 цаг өнгөрөөгөөд хаагаад явж маргааш өглөө нь нээхээр иртэл агуулахын цонх болон үүдний цонхны салхивч дотогшоогоо онгойсон байдалтай,  хүнсний бараа алдагдсан байсан. Алдагдсан зүйлс бүгд нийлээд 399.850 төгрөгний эд зүйл алдсан байсан. Манай дэлгүүр камертай бөгөөд камерийн бичлэгт 20 орчим насны залуугийн дэлгүүр лүү агуулахын цонхоор дотогшоо нэвтэрч байгаа бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дархандаваа манай хүү *** 1 утас зарна гэсэн гэхээр нь үзэж байгаад аваад *** руу залгаад утсыг чинь авлаа маргааш өглөө дүүд чинь мөнгийг чинь өгчихье гээд аваад явсан. Тэр утсыг *** аас 5000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд байж байтал 1 эмэгтэй хүн над руу залгаад та дөнгөж сая миний алдсан утсанд sim картаа хийчихлээ шүү дээ гэхээр нь чиний алдсан гээд байгаа утас чинь “Samsung” маркын жижигхэн хар утас мөн үү гэхэд мөн гэхээр нь би хүнээс худалдаж авсан юм аа гэж хэлсэн. Дараа нь би *** руу залгаад энэ утас чинь ямар утас юм бэ цагдаагаас хүн залгаад байна гэхэд би зах дээрээс согтуу хүнээс авсан юм аа та мэдэхгүй надаас авсан гэж цагдаад битгий хэлээрэй гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 02 дугаар сарын 13-ны шөнө ээж Дархандаваа ажилдаа явчихсан ах *** бид 2 гэртээ байж байтал 23 цагийн үед ах найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд би унтаад өглөө сэртэл ах Мөнх-Амгалан ирчихсэн гэрт 2-3 тортой баахан хиам, Алпенголд, Сникерс шоколад, хоол амтлагчнууд кетчуп, ургамалын тос, зэрэг эд зүйлүүд байсан бөгөөд намайг эд гэхээр нь би аваад идсэн. Тэгэхэд намайг ах наадуулаа гадагш нь авч гарч болохгүй  шүү гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл үнэлэх комиссын шийдвэрт ...гишүүдийн шийдвэрээр эд хөрөнгийг гарван зуун ерөн есөн мянга найман зуун тавин төгрөгөөр үнэлэв...” гэх үнэлгээний баримт  /хэргийн  60 дугаар хуудас/, 
Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргйин 4-6 дугаар хуудас/, 
Фото зургийн үзүүлэлт /хэргийн 7-8 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар баг ***дугаар байрны 1 давхарт байрлах “***” хүнсний дэлгүүрийн цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, иргэн ***д  399.850 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.    
    
    Иймд шүүгдэгч ***бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
Шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

    Шүүгдэгч ***нь  мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, хадгалах гэмт хэрэг үйлдсэний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин  үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн хос ажлын бээлийг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***нь ялтай байхдаа бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ***нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
    
    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
 
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн хос ажлын бээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2014 оны 7 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    


    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ