Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00421

 

  2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00421

     Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Баакаа овогт Дын О //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нт холбогдох,

1,760,000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00401/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч С.Жаргалсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хүү Д.О маань 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нарийн гэдэс хоёр цоорч, зүүн хөлөө өвдөгнөөсөө доошоо бяцарч, баруун хөлийн шилбэ эгц хугарч, баруун гарын тохой яс хугарч маш хүнд осолд орсон билээ. Тэгээд Өмнөговь аймгийн эмнэлэгт нарийн гэдсэндээ хоёр газар оёдол хийлгэж, Улаанбаатар хотын Гэмтэл Согог судлалын үндэсний төвд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ирж зүүн хөлөө дунд чөмөгөөрөө тайруулж, баруун хөлийн шилбэндээ түгжээст хадаас хийлгэж, тохой ясаа гипсдүүлж 4 сар гаруй эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад Ховд аймгийнхаа эмнэлэгт шилжин ирж 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгочихоод сумандаа ирсэн. Түүнээс хойш хоёр сар орчим хугацаанд хүүгийн маань үйлдвэрлэлийн осол тогтоосон акт манай сумын нийгмийн даатгалын тасагт ирээгүй учир би 3 удаа аймаг орж аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр хүүгийнхээ үйлдвэрлэлийн ослын актыг хайж явсан боловч олдоогүй. Ингээд 2 сар орчим хугацааны дараа манай сумын нийгмийн халамжийн байцаагчид үйлдвэрлэлийн ослыг ахуйн осол гэж буруу тогтоосон акт ирснийг олж авсан.

Сумынхаа Н дээр тус актыг барьж очоод үйлдвэрийн ослыг ахуйн осол гэдэг байдлаар акт гарсан талаар хэлсэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танай суманд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын очиж ажиллана тэр үед уулзаарай гэж хэлсэн.

Тухайн үед тус комисс ирж ажиллахаар нь хүүхдийнхээ осолд орсон зураг болон цагдаагийн байгууллагын баримтуудаа авч ороод үзүүлэхэд “яагаад ингэж андуурагдсан юм бол оо мэдэхгүй” гэж хэлээд хугацааг нь засаж өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрийн ослоор акт тогтоодог комисс болох Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын Б.Амаржаргал, Б.Базаррагчаа, Д.Цэрэнбадам, Н.Баясгалмаа, Б.Батсайхан, Б.Сүхбаатар, Д.Очирчимэг, Л.Эрдэнэцэцэг гэсэн нэр бүхий 8 хүний акт орсон байдаг. Гэтэл үйлдвэрлэлийн ослыг ахуйн осол гэдэг байдлаар дүгнэлт гарсан байдаг. Үүнээс хойш нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоосны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно” гэж заасан заалтын дагуу энэ талаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид хэлсэн боловч хугацаа хэтэрсэн. 1 сарын дотор хүсэлтээ гаргах ёстой гэж хэлээд олгогдоогүй.

Энэ байдал нь бид нараас ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын буруу шийдвэрээс болоод хугацаа алдаж хүүхэд маань хохирсон. Би Ховд аймгийн Булган сумаас Ховд аймгийн төв руу 3 удаа явахдаа таксигаар нэг талдаа 30,000 төгрөгийн зардлаар явдаг. Замын зардалд нийт 180,000 төгрөг гарсан. Энэ талаар баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Иймд хүүгийн маань нурууны суулттай, байнгын асаргаанд байдаг, 2 нялх хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү....Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан заалтын дагуу 1,580,000 төгрөг, хүүхдийнхээ ослын актыг 3 удаа хайж ирж, буцсан замын зардал 180,000 төгрөг, нийт 1,760,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү....2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосноос өмнөх 2018 оны 6, 7 сарын тэтгэвэр нэхэмжилж байгаа. Мөн осол гэмтлийн акт 4 хувь хийгдээд өөрт нь 1 хувийг авдаг бөгөөд 1 хувийн Хөдөлмөр магадлалын хурал дээр авч ирж өгсөн гэдгээ хэлдэг. Үлдсэн 3 хувийн 1 хувь нь компани дээр, Өмнөговь аймгийн байцаагч дээр 1 хувь нь үлдсэн гэж хэлсэн. Энд 3 хувь акт ирээд анх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлалын комиссоор орохдоо авч орсон талаар хэлэхэд олдохгүй байна гэж нарийн бичиг хийдэг охин хэлсэн. Би өөр дээрээ байсан эх хувь баримтыг хуулбарлаж авч үлдээд Нт материал бүрдүүлж өгсөн. Өмнө нь актгүй орсон гэдэг нь худлаа....Төрийн албан хаагч аливаа зүйлийг хуулийн дагуу, цаг хугацаанд нь иргэдийг чирэгдүүлэхгүй, хохироохгүй байх үүргийг төр хүлээсэн байдаг. Нийгмийн даатгалын хэлтгээс болоод чирэгдэл гарсан. Би актаа аваад хүүхдийнхээ тэтгэврийг хугацаа алдахгүй тогтоолгох зорилгоор хөдөлмөр чадвар алдалтын актаа хайгаад яваад байсан. Манай сумын халамжийн байцаагчийн ширээн дээрээс ахуйн осол гэсэн дүгнэлттэй акт нь 2 сарын дараа гарч ирсэн. Үйлдвэрлэлийн осолд орсон байхад ямар шалтгаанаар ахуйн осолд орсноор дүгнэлт гарсан талаар Ховд аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын байцаагчаас асуухад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирэх холбогдох хүмүүсээс асуухыг зөвлөсөн. Энэ хооронд би актыг Ховд аймгийн Булган сумаас Ховд аймгийн Жаргалант сум руу удаа дараа ирж асууж байсан.... Үйлдвэрлэлийн ослын акт 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч гаргасан. Энэ талаарх мэдлэгийг холбогдох байгууллага хангах үүрэгтэй гэж ойлгож байна... Өмнөговь аймгийн байцаагч 3 хувь актыг шуудангаар явуулахаар уддаг гэж хэлээд хүүд маань өгсөн....гэв.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэвэр авагч Д.Огийн хувьд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжлээс хамаарах даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгож авсан. Анх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн ослын актыг Ховд аймагт тогтоолгохдоо үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаа авч ирж үзүүлээгүй учраас анхны актыг ахуйн осол гэдэг байдлаар дүгнэж тогтоосон байсан. Д.Огийн аав нь сүүлд надтай ирж уулзаад энэ байдлаа тайлбарлахаар нь үйлдвэрлэлийн ослын актаа үзүүлсэн талаар асуухад “үзүүлээгүй, надаас акт асуугаагүй” гэж хэлдэг. Миний зүгээс дахин магадлагч эмчтэй уулзаад Д.Огийн актыг буруу гаргасан талаар янзалж өгөхийг хэлсэн. Актыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс Ховд аймгийн Булган суманд нүүдлийн хурал хийх үед дахин акт тогтоож өгсөн. Дахин 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр актыг тогтоохдоо 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоосон. Үүний дагуу Нийгмийн даатгалын байгууллага Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоогоод одоог хүртэл тэтгэврээ аваад явж байгаа. Тахир дутуугийн тэтгэврийг юуг үндэслэж тогтоодог гэхээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг үндэслэж тогтоож олгодог. Д.Огийн хувьд манай байгууллагаас актыг үндэслээд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд тэтгэврийг нөхөн тогтоогоод, нөхөж олгосон. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойших 15 хоногийн мөнгө, 9, 10, 11 саруудын мөнгө нийт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны дансаар 2,777,741 төгрөгийг Д.Од олгосон. Эхний актын хувьд эмч нар болон Д.О, түүний аав нь буруу ойлгосноос болоод ахуйн осол гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. Анх Өмнөговь аймагт 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрлэлийн осол гэсэн актыг тогтоосон байсан. Харин унааны зардлын хувьд манай байгууллагад хамааралгүй буюу төсөвт зардал тусгагдаагүй учраас гаргуулах үндэслэлгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс тэтгэврийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан өдрөөс нөхөөд олгочихсон учраас төлөх боломжгүй....Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь ажилладаг. Харин манай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд салбар комисс нь ажилладаг. Салбар комисст Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөл, нарийн мэргэжлийн эмч нар, даатгуулагч эздийн эрх ашгийг хамгаалах үүднээс тэдний төлөөлөл байдаг....Комисс хуралдаад маргааш нь манай хэлтэс дээр ажилладаг магадлагч эмч нь ялгаад халамжийн болон нийгмийн даатгалын байцаагчид нь өгдөг. Халамжаас авах ёстой хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг халамжийн байгууллагад нь өгдөг. Харин даатгуулагчид нь өгч явуулдаггүй. Өмнө нь актыг даатгуулагчид нь өгч явуулдаг байсан боловч алга хийгээд үрэгдүүлчихдэг учраас 2017 оноос эхлээд манай байгууллагын зүгээс төрийн холбогдох байгууллага руу нь явуулдаг болсон....Надтай 2018 оны 8 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээд уулзаж байсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг Мэргэжлийн хяналтын байгууллага 4 хувь үйлдээд, 1 хувийг өөртөө үлдээгээд, 1 хувийг даатгуулагчид, 1 хувийг харьяалах нийгмийн даатгалын байгууллага руу нь явуулж байх ёстой. Гэтэл Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай байгууллагад албан ёсны акт нь ирээгүй....Манай байгууллага хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс тогтоосон учир 2018 оны 11 сард актад тогтоосон хугацаагаар тэтгэврийг олгосон. Түүнээс биш Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт тогтоогдоогүй хугацааг нөхөж тогтоох боломжгүй....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Ховд аймгийн Нт холбогдуулан 1,760,000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь “....Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан заалтын дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосноос өмнөх 2018 оны 6, 7 сарын тэтгэвэр 1,580,000 төгрөг, хүүхдийнхээ ослын актыг 3 удаа хайж Ховд аймгийн Булган сумаас Ховд аймгийн Жаргалант суманд ирж, буцсан замын зардал 180,000 төгрөг, нийт 1,760,000 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах...” гэж тодруулав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа эс зөвшөөрч “....Унааны зардлын хувьд манай байгууллагад хамааралгүй буюу төсөвт зардал тусгагдаагүй учраас гаргуулах үндэслэлгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс тэтгэврийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан өдрөөс нөхөөд олгочихсон учраас төлөх боломжгүй....” гэж мэтгэлцсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс үйлдвэрлэлийн ослын улмаас ердийн өвчний жагсаалтын 1-10-37-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн болох нь 0162163 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

Ховд аймгийн Н нь дээрх Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Д.Од үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгосон болох нь Д.Огийн Төрийн банк дахь 110200304530 дугаартай депозит дансны харилцагчийн монгол хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдлоо /хх-ийн 5 дугаар тал/. Энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болохыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Нэхэмжлэгч Д.Огийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан нь ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн осол биш ба энэ тохиолдолд Д.Од тахир дутуу болсныг нөхөн тогтоож, тэтгэврийг нөхөн олгох харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт хамааралгүй.

Тодруубал, хуулийн дээрх заалт нь ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдсан иргэнд хамааралтай зохицуулалт юм.

Харин нэхэмжлэгч Д.О нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тахир дутуугийн тэтгэвэр авдаг даатгуулагч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.”,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс үйлдвэрлэлийн ослын улмаас ердийн өвчний жагсаалтын 1-10-37-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн 0162163 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан байна.

Харин нэхэмжлэгч Д.Ог 2018 оны 6, 7 дугаар сард тахир дутуу болсныг нөхөн тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /акт/-ийг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр олгодог.

Гэтэл нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүйн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг нөхөн тогтоолгох талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосноос өмнөх 2018 оны 6, 7 сарын тэтгэвэр 1,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Замын зардал 180,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нийгмийн даатгалын тухай 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.” гэж хуульчилсан.

Дээр хуулийн дагуу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ажилладаг.

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослын тухай актыг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд өгсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ажилладаг бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсгийн 8-д зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах бүрэн эрхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл эдэлдэг.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад үйлдвэрлэлийн ослыг ахуйн осол гэж бичсэн талаарх гомдлоо Үндэсний зөвлөлд гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын буруутай шийдвэрээс иргэнд учирсан хохирлыг Ховд аймгийн Н нь хариуцах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, замын зардал гаргуулах шаардлагын хариуцагч нь Ховд аймгийн Н биш байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Нт холбогдох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан заалтын дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосноос өмнөх 2018 оны 6, 7 сарын тэтгэвэр 1,580,000 төгрөг, замын зардал 180,000 төгрөг, нийт 1,760,000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Нт холбогдох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан заалтын дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан акт тогтоолгосноос өмнөх 2018 оны 6, 7 сарын тэтгэвэр 1,580,000 төгрөг, замын зардал 180,000 төгрөг, нийт 1,760,000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,110 /дөчин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                               Х.ОТГОНЖАРГАЛ