Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00422

 

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00422

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, Бүргэдүүд овогт Жын Ч //-ын нэхэмжлэлтэй,

нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00408/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ж.Ч, прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний аав Ж нь 8 жилийн цэргийн алба хаахаар яваад 5 жилийн цэргийн алба хааж байх хугацаандаа хэлмэгдээд 3 жилийн хорих ял эдлээд гарч ирсэн. Миний ээж гэртээ ганцаараа үлдсэн. Бид нар эцэг, эхээсээ өргөмөл дүү Өлзий-Орших, ах Очирбат гэсэн хүмүүс байсан. Эцэг эхээсээ төрсөн нь Батсуурь ах бид 2 юм. Миний ах Батсуурь нь бага байхдаа нас барсан. Ах Очирбатыг 1944 онд өргөж авсан. Дүү Өлзий-Орших нь 1947 онд төрсөн бөгөөд надаас 2, 3 сарын зөрүүтэй. Бид нар эцэг, эхээсээ 4-үүлээ. Аавыг цэргээс халагдаж ирсэн хугацааг сайн мэдэхгүй байна. Миний аав Ж нь 1993 онд нас барсан. Ах Очирбат нь 2015 онд нас барсан. Одоо амьд сэрүүн байгаа нь Өлзий-Орших бид 2 юм. Миний ээжийг Дарьжавын Чалхаажав гэдэг байсан. Иймд надад хэлмэгдүүлэлтийн нөхөн төлбөр болох 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү....Миний ээж 1964 оны 6 сард нас барсан....Ж.Өлзий-Орших надад итгэмжлэл хийж үлдээгээд явж байна. Би 40,000,000 төгрөгийг дүүгийнхээ хамт 20,000,000 төгрөгөөр нь хувааж авна гэж ойлгож байгаа. Би өөрийнхөө нэр дээр цагаатгалын нөхөн олговор гаргуулчихаад хувааж авна....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн Жын Чын нэхэмжлэлтэй, цагаатгалын нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт шаардлагатай нотлох баримтууд болох Ж.Ч нь Жын хүү мөн болохоо шүүхээр шийдвэрлүүлсэн шийдвэр, Бүгд Найрамдах Монгол улсын Дээд шүүхийн Цэргийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн магадлалын хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 222 дугаартай “Зууны мэдээ” сонин, архивын лавлагаа авагдсан байна. Иймд Ж.Чулуубатын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч Лувсандондогийн Ж нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1939 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 2 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 3 жил хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/6650 тоот архивын лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7, 8-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ж.Ч нь хэлмэгдэгч Лувсандондогын Жын төрсөн хүү мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 153/ШШ2020/00207 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдлоо. /хх-ийн 4-6 дугаар тал/

Хэлмэгдэгч Л.Ж, түүний эхнэр, хүү Ж.Батсуурь, Ж.Очирбат нар нь нас барсан болох нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 36/005277 дугаартай Жын Очирбат /ПВ41061211/-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 126/4010861 дугаартай Дондогийн Жын нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14, 35 дугаар тал/

Лувсандондогийн Жын хүүхдүүдээс Жын Ч //, Жын Өлзий-Орших /ПЗ47012001/ нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байх боловч Ж.Өлзий-Орших нь Ж.Чад нэхэмжлэл гаргах эрхийг олгож, нөхөх олговорт олгогдсон мөнгийг хувь тэнцүү хувааж авахаар тохиолцсон болох нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн хэлцэлээр тогтоогдлоо. /хх-ийн 13 дугаар тал/

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны №222 /6189/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Лувсандондогийн Жын нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 40,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 18 дугаар тал/

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Бүргэдүүд овогт Жын Чад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Бүргэдүүд овогт Жын Ч //-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Чын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ