| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00409/И |
| Дугаар | 00423 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00423
| 2020 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00423 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Тольтон бургууд овогт Өгийн Н //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00409/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ө.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1970 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадын “Хөшөө бэл” гэх нэртэй газар төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 1978-1982 онуудад суралцаж 4 дүгээр ангиа төгсөөд, Ховд аймгийн Нэгдүгээр 10 жилийн сургуульд орж суралцаад 1986 онд 8 дугаар анги төгссөн.
Говь-Алтай аймгийн Анагаах ухааны их сургуулийг эх баригч мэргэжлээр 1990 онд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт Хонгио хэсгийн эмнэлгийн эмчээр томилогдож ажиллаж байгаад 1992 онд жирэмсний амралтаа аваад түр ажилгүй байсан.
Эргээд 2004 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад, 2007 оноос өнөөдрийг хүртэл эх баригчаар ажиллаж байгаа.
Одоо 50 нас хүрээд тэтгэвэрт гарах болсон тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Мөн ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байгаа.
Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хонгио хэсгийн хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хонгио хэсгийн хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Н нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хонгио хэсгийн хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1231 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаартай “Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаалын хуулбар, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №1682 дугаартай Өн Нын бага эмч-эх баригч мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №372134 дугаартай Өн Нын хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Пүрэвцэвээний “....Ө.Н нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн эмнэлэгт Хонгио багийн бага эмчээр ажилд орсон. Тухайн үед тус Хонгио багийг Мал аж ахуйн хэсэг гэж нэрлэдэг байсан. Ө.Н нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Мал аж ахуйн хэсэгт бага эмчээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан. Үүний дараа нэг хэсэгтээ ажилгүй байж байгаад эргээд эмнэлэгтээ эх баригч, сувилагчаар ажиллаж байсан. Ө.Нойхожав нь одоог хүртэл тус сумынхаа хүн эмнэлэгт эх баригчаар ажиллаж байгаа юм....” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбажавын “....Ө.Н нь 1990 оны 7 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн эмнэлэгт Хонгио багийн бага эмчээр анх ажилд орсон. Тухайн үед тус Хонгио баг, Хотгор баг, Баянбулаг багуудыг Мал аж ахуйн хэсэг гэж нэрлэдэг байсан. Ө.Н нь 1990 оны 7 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Мал аж ахуйн хэсэгт бага эмчээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан. Ө.Н нь 1991 онд Дамдинсүрэнгийн Цэрэндагватай гэр бүл болсон. Ө.Н нь намайг өндөр насны тэтгэвэртээ гарах үед бага эмчээрээ ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 11, 15-38, 46-48, 49-51 дүгээр тал/
Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Бямбажав, Б.Пүрэвцэвээн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ө.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тольтон бургууд овогт Өгийн Н //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хонгио хэсгийн хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ