| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0151/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0147 |
| Огноо | 2014-06-25 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0151/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000190 дугаартай хэргийг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн гэх
Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл иргэн *** дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын эд хөрөнгөнөөс 2.317.900 төгрөг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр анх ажилд ороод 20 хоног ажиллаж байгаад, амраад тэгээд эргэж ороод 2.300.000 / хоёр сая гурван зуун мянга/ төгрөгний өрөнд орсон. Тэгээд би 1.300.000 / нэг сая гурван зуун мянга/ төгрөг хүнээс зээлж аваад өрөндөө өгсөн” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *** анх 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 400.000 / дөрвөн зуун мянга/ төгрөг дутаасан. 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 2.000.000 / хоёр сая/ төгрөг дутаасан байгаа. Иймд би цагдаад хандсан юм. Шинжээчийн дүгнэлтээр хохирол төлбөр гэж 2.300.000 / хоёр сая гурван зуун мянга/ төгрөгний хохирол төлбөр гарч байгаа юм” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Шарын гол сумын Хайрхан багийн 21 дүгээр байрны ****** гэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2013 оны 11 дүгээр сарын 15-аас 12 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл дэлгүүртээ *** тоотод оршин суух *** гэх эмэгтэйг ажиллуулсан. Тухайн үед *** нь энэ хугацаанд 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн бараа дутаагаад төлж байсан. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин манай дэлгүүрт худалдагч хийхээр *** бид хоёр гэрээ байгуулаад 2014 оны 01 дүгээр сарын 26-ны дараагийн худалдагч ажлаа авах гээд тоолсон чинь *** гэх эмэгтэй дээр 2.487.000 / хоёр сая дөрвөн зуун наян долоон мянга/ төгрөгний өр гарсан. Тэгээд би ***д хэлсэн чинь би хүмүүст зээл өгсөн. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүх өрөө барагдуулж дуусгана гээд надад баталгаа гаргаж өгөөд явсан. Тэгээд манай охин *** утсаар залгаад та мөнгөө өгөхгүй юм уу гэж асуусан чинь тэгэж байгаад хүмүүсээс мөнгөө авч өгнөө гээд тоосон шинжгүй байна гэж манай охин хэлсэн. Тийм болохоор *** гэх эмэгтэйгээс мөнгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг, /хэргийн 7-9 дүгээр хуудас/
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр дэлгүүртээ худалдагч авах гээд шарын гол сумын телевизэрээр *** нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагч авах гээд зар явуулсан чинь хайрхан багийн 31-08 тоотод оршин суудаг *** гэж эмэгтэй худалдааны үнэмлэхтэйгээ ирээд манай ээж, бид хоёртой ирж уулзаад 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Талст дэлгүүрт суугаад тоолсон чинь 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний бараа дутаагаад эргүүлээд төлж байсан. Тэгээд мөн 2013 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл дэлгүүрт суулгаад бараагаа тоолсон чинь *** гэх эгчээс 2.487.000 / хоёр сая дөрвөн зуун наян долоон мянга/ төгрөгний бараа дутсан. Тэгээд мөнгөө төлөхийг шаардсан чинь тоохгүй байсан” гэх мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хайрхан багийн ***тоотод оршин суух *** гэх эмэгтэйг хайрхан багийн 21 дүгээр байрны *** дэлгүүрт худалдагч хийж байхыг нь мэднэ. 2013 оны 11 дүгээр сард *** дэлгүүрт ажиллаж байхад нь 15.000/ арван таван мянга/ төгрөгний бараа зээлээд эргүүлээд өгч байсан. Мөн 2014 оны 01 дүгээр сард *** гэгчээс 30.000 / гучин мянга/ төгрөгний бараа зээлээд тухайн үед нь өгч чадаагүй, дараагийн худалдагч *** гэх эмэгтэйд өгч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *** багийн 21-12 тоотод амьдардаг юм. Би 2003 онд *** дэлгүүр нээгдсэн цагаас эхлээд үйлчлэгчээр ажиллаж байна. 2013 оны 11 дүгээр сард ***гэх эмэгтэй худалдагчаар ажилд орсон. Тэрнээс хойш таньдаг болсон. Би *** гэх эмэгтэйг *** дэлгүүрт ажиллаж байх үед нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээр, шинэ жилийн баярын үеэр 150.000 төгрөгний бараа зээлээд цалин дээрээс суутгуулаад төлж байсан. Өөр зээл авч байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/
- Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2013 оны 12 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн буюу хиам, өндөг, төмс, ундаа, архи зэрэг зүйлсийг *** гэдэг худалдагчаас зээлж авсан. Манай нөхөр ажилдаа явсан байгаа цалин буухаар өрөө өгнө. Би тэр худалдагч ***г танихгүй” гэх мэдүүлэг / хэргийн 66 дугаар хуудас/
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2013 оны 12 дугаар сард шинэ жилийн баяр болох гээд *** дүгээр байранд байдаг дэлгүүрээс хоёр бэлэг, салаад хийх төмс, хиам, ундаа, чихэр зэргийг зээлээр авсан.Тэр худалдагч надад өргүй, надаас ямар нэгэн барьцаа аваагүй” гэх мэдүүлэг / хэргийн 70 дугаар хуудас/
-Гэрч Б***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 12 дугаар сард манай нөхөр Дандар 5.000 төгрөг гэрээсээ аваад гарсан. Тэгсэн чинь Хайрхан багийн 21 дүгээр байранд байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчаас Чанар нэртэй архи худалдан авсан байсан. Тэгээд би буцааж оруулж өгөөд мөнгөө авсан, тэгээд ахиж архи битгий манай нөхөрт зараарай гэж хэлсэн тэгсэн чинь 3 хоногийн дараа дахин архи зарсан байсан. *** нэртэй 2 архи зарсан байсан. Тэгээд би худалдагч ***д хандаж яагаад архи зараад байгаа юм бэ, би мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь 19.200 төгрөгний өр нэхээд байна би 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төлөх ёстой 11.000 төгрөгний өрөө өгсөн байгаа” гэх мэдүүлэг / хэргийн 73 дугаар хуудас/
-Шарын гол сумын *** багийн засаг даргын тодорхойлолт / хэргийн 13 дугаар хуудас/
-“***” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн регистрийн ***дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 16 дугаар хуудас/
-2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ / хэргийн 18-20 дугаар хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хэргийн 15 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь “*** ХХК-ийн Талст хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 317 900 төгрөгийг завшсан үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд прокурорын газраас ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *** аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг
итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь *** ХХК-ийн *** хүнсний дэлгүүрт гэм хэргийн улмаас учруулсан хохирол 2 317 900 төгрөгнөөс 389.000 / гурван зуун наян есөн мянга/ төгрөгийн хохирлыг төлж, үлдэгдэл 2.028.000 / хоёр сая хорин найман мянга/ төгрөгийг төлөөгүй болох нь *** ХХК-иас ирүүлсэн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57 хуудас бүхий 1 дэвтэр, 42 хуудас бүхий 1 дэвтэр, 46 хуудастай 1 дэвтэр, хөдөлмөрийн гэрээ гэсэн нэртэй 2 хуудас А4-ийн хэмжээтэй цаас, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г аж ахуйн нэгж
байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар шүүгдэгч ***г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг / сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ***д оногдуулсан 1 /нэг / сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57 хуудас бүхий 1 дэвтэр, 42 хуудас бүхий 1 дэвтэр, 46 хуудастай 1 дэвтэр, хөдөлмөрийн гэрээ гэсэн нэртэй 2 хуудас А4-ийн хэмжээтэй цаас зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 2.028.000 / хоёр сая хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *** *** ХХК-д олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д урьд гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-т зааснаар шүүгдэгч ***гийн асрамжинд байсан *** 2000 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү ***г харгалзан дэмжихыг *** тоотод оршин суух *** -т даалгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ