| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00429/И |
| Дугаар | 00424 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00424
| 2020 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00424 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух Дайрахт овогт Дгийн Р //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 153/2020/00429/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Р нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Би 1982 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд, Увс аймгийн ТМС-д 1982-1984 онд өрлөгчнөөр төгссөн. 1984 оны 8 дугаар сараас 1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 10 сард Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажилд орсон. Тушаал гаргуулахгүйгээр 2, 3 сар ажиллаж байгаад 1988 оноос тушаалаа гаргуулаад 1991 он хүртэл ажилласан. Одоо хөдөлмөрийн дэвтэр олдохгүй болон ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Р нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Р нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1166 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 88/46 дугаартай Доржийн Рийн мэргэжлийн үнэмлэх, гэрч Д.Цогбадрахын “....Д.Р нь Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажилд орсон. Ингээд Д.Р нь 1991 оны 10 дугаар сар хүртэл надтай хамт өрөгчөөр ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Юмжирмаагийн “....Д.Р Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг манай дээд үед төгссөн. Д.Р нь Увс аймагт техник мэргэжлийн сургуулийн өрлөгийн ангийг төгссөн. Ингээд намайг Ховд аймгийн Чандмань суманд засал чимэглэлчинээр очиход Д.Р нь Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажиллаж байсан. Би онуудыг нь мэдэхгүй байна. Д.Р нь намайг 1990 оны 6 дугаар сард ажлаасаа гарах хүртэл надтай хамт ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Рийн Ажилладаг гэх хэсэгт Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Чандмань дахь бригад, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.27 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 14, 22-24, 31-33, 34 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Д.Р нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Д.Р нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Д.Р нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000593 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/216 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 9737 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 6, 7 дугаар тал/
Хавтаст хэргийн 8 дугаар хуудсад авагдсан гэрэл зургийн үзүүлэлт нь хаана, хэзээ авахуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Юмжирмаа, Д.Цогбадрах нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Д.Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дайрахт овогт Дгийн Р //-ийн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Д.Р нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрлөгчин, барилгачнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ