Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1617

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ТГК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ТГК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ч, Т.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 92 078 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Н.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагч Н.Чгийн өмгөөлөгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ТГК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ч, Т.С нар нь манай байгууллагатай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр №41/ЗГ тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээлсэн боловч гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, удаа дараа зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаж, улмаар үндсэн зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 3 сараар, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 3 сараар, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сараар тус тус сунгасан. Гэтөл зээлдэгч Н.Ч, Т.С нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 37 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 505 885,34 төгрөг, зээл сунгалтын шимтгэл 750 000 төгрөг байгаа бөгөөд зээлдэгч нар үүнээс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүүнд 4 650 366 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 99 633 төгрөг, зээл сунгалтын шимтгэлд 250 000 төгрөг төлж нийт 85 705 885 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 5 366 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 005 502 төгрөг, нийт 6 372 168 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

   Иймд хариуцагч Т.Соос татгалзаж байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 92 078 053 төгрөгийг хариуцагч Н.Чгаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

   Хариуцагч Н.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх бизнесийн үйл ажиллагаандаа санхүүжилт хүсч уулзсан болохоос Н.Ч өөртөө ашиглах зорилгоор санхүүжилт хүсээгүй. Хилл металл гээд компанийн үйл ажиллагаатай холбоотой санхүүжилт хүссэн. Энэ мөнгө Н.Чд ямар ч үр ашиг өгөөгүй. Хариуцагч Н.Ч нь өөрөө 50 000 000 төгрөгийн зээлийг “Та глобал капитал” ББСБ-аас аваагүй, Н.Чгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг баримт үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Найз Т.Сид туслах зорилгоор хамтран зээлдэгчээр тухайн гэрээний харилцаанд оролцсон болохоос зээлийг буюу мөнгийг хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.С нь Металл ХХК-ийн төмрийн үйлдвэр нээгээд түүнийхээ үйл ажиллагааг явуулах зорилгоор ББСБ-аас зээл авахыг хүсч гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч баримт үйлдээгүй. Харин Н.Эрдэнэ-Очир нь иргэнийхээ хувьд Т.Стой зээлийн гэрээг амаар байгуулж, 50 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн тайлбар болон гаргасан баримт нь зөрүүтэй. Т.С 50 000 000 төгрөгийг авч, хүүнд нь 5 000 000 төгрөгийг төлсөн. Т.Сийн хувьд авсан зүйлээ өгнө. Гэхдээ энэ зээлийн гэрээтэй асуудалд хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Чгаас нийт 92 078 053 төгрөгийг гаргуулж “ТГК” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Т.Соос татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /586 480+117 000/ 703 480 төгрөгийн 618 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 85 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Н.Чгаас улсын тэмдэгтийн хураамж 618 340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТГК” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...уг зээлийн 50 000 000 төгрөгийг тухайн ББСБ-ын ажилтан Н.Эрдэнэ-Очир банкнаас авч Н.Ч, Т.С нарт бэлнээр олгосон болох нь тогтоогдож байна" гэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан. Би анх 2017 оны 3 сард найз Т.Сийн хамт Н.Эрдэнэ-Очиртой уулзаж, Т.Сийн эрхэлж буй "Лел металл" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж зээл авах, ингэхдээ миний өмчлөлийн 10 машины гарааштай, 2 давхар амины орон сууц бүхий газрыг барьцаалахаар тохиролцсон. Улмаар "ТГК" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээнд намайг зээлдэгч болон барьцаалуулагчаар гарын үсэг зуруулсан ч "ТГК"-аас надад уг гэрээний дагуу гэж 50 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр олгоогүй, Н.Эрдэнэ-Очир нь өөрийн хувийн данснаас бэлнээр 50 000 000 төгрөг авч Т.Сид өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харшцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно" 21.4 дэх хэсэгт "зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэпээр зээлийг олгосонд тооцно" гэж заасан. Гэтэл дээрх 50 000 000 төгрөгийг "ТГК" ХХК-аас олгоогүй, Н.Эрдэнэ-Очир өөрийн хувийн данснаас аман хэлцлийн дагуу Т.Сид зээлсэн бөгөөд шүүх хуралдаанд Т.С уг 50 000 000 төгрөгийг авснаа зөвшөөрч, төлнө гэдгээ илэрхийлснийг Н.Эрдэнэ-Очир хүлээн зөвшөөрч "ТГК"-аас зээл олгосон тухай баримт байхгүй, өөрийн данснаас авч өгсөн гэдгээ хэлсэн. Зээлдэгчдийн хууль мэдэхгүй байдлыг ашиглан хувь иргэн өөрөөсөө мөнгө зээлдүүлж, харин гэрээгээ Банк бус санхүүгийн байгууллагын нэрээр байгуулсан мэт мөнгө хүүлж байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ТГК” ХХК нь хариуцагч Н.Ч, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт 92 078 053 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч Т.Соос татгалзан, хариуцагч Н.Чгаас зээлийн үүрэг шаардсан байна. Хариуцагч Н.Ч “ ... зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсноос мөнгийг шилжүүлэн аваагүй, ... Н.Эрдэнэ-Очир, Т.С нар иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан ...” гэх үндэслэлээр татгалзан, маргажээ.

            Т.С, Н.Ч нар “ТГК” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 41/ЗГ, 41/БГ тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, тус компаниас 50 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, барьцаанд нь Н.Чгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоотод байрлах 2 ширхэг хувийн сууц, 2 авто гараашийг газрын эрхийн хамт барьцаалжээ. /хх-6-16 дахь тал/ Улмаар зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 09, 8 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус бүр 3 сарын хугацаагаар сунгаж, зээл төлөлтийн хуваарийг шинээр баталж байсан болох нь хэргийн 17-25 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Хариуцагч Н.Ч уг гэрээний төрлийн талаар, мөн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж аваагүй, өмнөх барьцаа хөрөнгөтэй холбогдуулан хэлцэл хийсэн гэх үндэслэл заан татгалзсанаа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Энэ тохиолдолд гэрээний нэг тал нь нөгөөгөөсөө үүрэг шаардах эрхтэй.

            Хариуцагч тал зээлийн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн хүүд 3 500 000 төлөх, гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүд нийт 53 500 000 төлөхөөр тохиролцон, гэрээний 4.9 дэх заалтаар уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл төлөгдөх хугацааны эцсийн өдрийн ажлын өдрөөс дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. /хх-8, 18, 20, 24, 6 дахь хуудасны ар тал/

            Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь зээлийн үүрэгт 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төлснийг нэхэмжлэгч тал зээлийн хүүд 4 650 366.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 99 633.33 төгрөг, зээл олгосон шимтгэлд 250 000 төгрөг суутган тооцсон /хх-26, 74 дахь тал/ болох нь нотлогдсон тул хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчид гэрээний 10.2, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн бөгөөд тэрээр шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан тооцно. Үүний улмаас хариуцагчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг үүсчээ. Харин гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсанаар гэрээний хариуцлага ногдуулах үндэслэлгүй учир нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болоогүй байна.

            Иймд дээрх алдааг залруулан, хариуцагч талын зээлийн өрийг тооцвол, үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 42 000 000 /3 500 000 х 12 сар/, нийт 92 000 000 төгрөгөөс зээлийн хүүд төлсөн 4 750 000 000 төгрөгийг хасвал 87 250 000 төгрөг төлөхөөр байх тул уг мөнгийг хариуцагч Н.Чгаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 828 053 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ. Нэхэмжлэгч, талуудын гэрээний 3.1.8-д заасны дагуу  хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн 5 000 000 төгрөгөөс зээл олгосны шимтгэлд 250 000 төгрөг суутган авсныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “92 078 053” гэснийг “87 250 000” гэж, 2 дахь заалтын “618 340” гэснийг “594 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД