Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 647

 

185/2019/0514/Э

 

 

 

  2020           05            21                                          2020/ДШМ/647    

 

                                   Н.М-, Б.Т-, Т.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Мажигсүрэн,

хохирогч Б.Э-н өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат,

шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.М-, Б.Т-, Т.О- нарт холбогдох эрүүгийн 201725020202 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М-, 1968 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

2. Т-,1959 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино оператор, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн отод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:

2002 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 196 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 8 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан;

 

3. О-, 1986 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Т.О-, Н.М-, Б.Т- нар нь бүлэглэн, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Хэбэ Гуан Тунг” ХХК-ийн захирал Б.Э-д “зам тавих тусгай зөвшөөрөлтэй” гэж “Гантөмөр гүүр” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөн дээрх аргаар “Дархан Конкрет” ХХК-ийг 64.000.000 төгрөгөөр тус тус зарж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.О-, Б.Т-, Н.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Намжилын М-, Боржигон овогт Батцэндийн Т-, Дамчаа овогт Т-ын О- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.М-ыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.О-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Т-, Н.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.О- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Н.М-ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Т-, Т.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Т-аас 44.666.666 төгрөгийг, шүүгдэгч Н.М-аас 25.666.666 төгрөгийг, шүүгдэгч Т.О-аас 14.666.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-д олгож, эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Т-, Н.М- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Т.О-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Миний өгсөн мэдүүлгийг хохирогч Э-, гэрч Цагаанхүү, Мөнхбат, Уламбаяр нар гэрчилнэ. 21.000.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж дуусгасан. Шүүх хохирлын нөхөн төлбөр болох 134.000.000 төгрөгийг 3 хуваасанд гомдолтой байна. Би 1993 оноос “Их баян өндөр хайрхан” ХХК-ийг хариуцан барилга болон гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажилчдын ажлын байр барьж байгуулах ажлыг аваад 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэр бүлийн хувьд эхнэр Я.Оюунчимэг нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ар гэрийн болон ажил хийж байгаа нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М- нь хийсэн хэрэгтээ маш их харамсаж, анхнаасаа хийсэн үйлдлийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурал дээр мэдүүлгээ үнэн зөвөөр өгч ирсэн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Т- нь Зам тээврийн яамны дарга нарын тавьсан шаардлагыг хүлээн авах юм бол замын ажил, гэрээ, мэдэгдэх хуудсыг асуудалгүй гаргаад өгнө гэж надад хэлсэн. Зам тээврийн яамны замын тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа нэг компанийг 53.000.000 төгрөгөөр худалдан авах ёстой. Үүний 3.000.000 төгрөгийг замын зургийн үнэ гэж хэлсэн. Тухайн үед Т- надад хэлэхдээ “уг зарж байгаа компанийг хууль ёсны дагуу хийгдэж байгаа” гэж хэлж ойлгуулсан. Би өөрийн зуучилсан мөнгө болох 17.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ Т- компанийг зарах үнэнд зуучилж зарсан, Э-д хэлэхдээ уг үнийг өсгөн 70.000.000 төгрөг гэж хэлээд өөртөө 17.000.000 төгрөгийг авсан. Уг үйлдэл миний буруу, энэ үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна, 17.000.000 төгрөгийг Э-д, нөхөн төлж бараглуулна, мөн үүний адилаар дараагийн зуучилсан компаниас 4.000.000 төгрөгийг өсгөн хэлээд авсан. Нийт 21.000.0000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хурлын дараа М-ын эхнэр Ядмаагийн Оюунчимэг нь өөрийн эзэмшлийн 59-07 УБН “Corolla Axio” загварын автомашиныг /Бичил Глобус Финанс ББСБ-д зээлийн барьцаанд байсныг/ Б.Э-д өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гарган, одоо Б.Э-н өмчлөлд шилжсэн бөгөөд уг автомашиныг 15.000.000 саяд бодож хохирлоос хасаж тооцуулсан. Мөн Оюунчимэг өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө болох газрыг 6.000.000 төгрөгт тооцон өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Э-д өгсөн. Одоогоор өмчлөх эрх нь шилжээгүй байгаа бөгөөд Э- нь монгол хүний нэр дээр шилжүүлж авна гээд салсан гэсэн. Нийт 21.000.000 сая төгрөг төлснөөр Н.М-ын хувьд хохирлоо бүрэн төлсөн. Харин яллах дүгнэлтийн хавсралтад Н.М-, Б.Т-, Т.О- нар хохирогч Б.Э-д учруулсан 134.000 төгрөгийн хохирлын төлж барагдуулаагүй гэсэн нь хэн, хэдэн төгрөгийн хохирол төлөхийг тодорхой дурдаагүй. Мөн анхан шатны шүүх хурал дээр талууд хохирлын талаар маргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс сүүлийн үйлдлийн 50.000.000 төгрөгийг Т-, О- нараас гаргуулах нь зүйтэй талаар маргасан. Миний үйлчлүүлэгч М- нь өөрт ногдох хэсгээ төлнө, Т-, О- нарын бусдад учруулсан хохирлыг төлөхгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч тус бүрээс 44.666.666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Н.М- нь “Их Баян-Хайрхан” ХХК-д гүйцэтгэх захирал хийдэг бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 55.400.000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” хийсэн. Ажлын урьдчилгаа нь дансаар орж ирэн, ажлаа хийж байсан, дансны хуулгыг ч хавтас хэрэгт өгсөн. Иймд Н.М-ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Э-н өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Н.М-ын эхнэр хохирол төлбөрийг төлөх зорилгоор өөрийн машин болон газрыг хохирогчид шилжүүлж өгсөн. Шүүгдэгч Н.М- болон түүний өмгөөлөгчийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахад хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Э-н өмгөөлөгч С.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд Н.М- нь хохиролд 5.000.000 төгрөг бэлнээр өгч цаашдаа хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүх хуралдааны дараа 5.000.000 төгрөгөө буцаан авч автомашинаа 15.000.000 төгрөгт, хашаа, байшингаа 6.000.000 төгрөгт тооцон өмчлөх эрхийг хохирогчийн нэр дээр шилжүүлсэн тул 21.000.000 төгрөгийг хохирол төлөгдсөн гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т- нь гэм буруу дээрээ маргаж, хохирлыг төлөхгүй гэдэг байр суурьтай байсан. Тэрээр энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаад давж заалдах гомдлоосоо татгалзсан. Гомдлоосоо татгалзаж байна гэдэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөд маргахгүй байна гэж ойлгоно. Иймд Б.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Н.М-ын тухайд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учир үүнд прокурор тодорхой байр суурь илэрхийлэхгүй. Хохирлын хувьд шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул учирсан хохирлыг гурав хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.О-, Н.М-, Б.Т- нар нь бүлэглэн, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр замын ажил хийх тусгай зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй “Гантөмөр гүүр” ХХК-ийг “замын ажил хийх тусгай зөвшөөрөлтэй” гэж “Хэбэ Гуан Тунг” ХХК-ийн захирал Б.Э-д 70.000.000 төгрөгөөр, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөн дээрх аргаар “Дархан Конкрет” ХХК-ийг 64.000.000 төгрөгөөр тус тус зарж, “Хэбэ Гуан Тунг” ХХК-ийн захирал Б.Э-г залилсан болох нь:

 

хохирогч Б.Э-н “...“Скай” их дэлгүүрийн үүдэнд М.Цагаанхүү, Б.Уламбаяр, Ч.Мөнхбат, Болдоо нарын хамт Б.Т-, Н.М- нартай уулзахад “Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлд 129 километрийн зам тавих ажил байна, уг ажлыг та нар яаралтай авахгүй бол 30 минутын дараа өөр хүмүүс авах гээд байна, уг ажлыг авахын тулд “Гантөмөр” ХХК нь замын ажлыг зөвшөөрөөд бүх бичиг баримт нь гарчихсан байгаа. Уг компанийг 70.000.000 төгрөгөөр худалдаж авах ёстой. Худалдаж авсныхаа дараа шууд гэрээ байгуулаад ажилдаа орно” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд бид нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд очоод 70.000.000 төгрөгийг өөрийн данснаасаа хоёр хувааж гарган 100 айлын замын эсрэг талд байрлах гудамжинд Б.Т-, Т.О-, Н.М- гуравт бэлнээр өгсөн. “Гантөмөр гүүр” ХХК-ийг нотариатаар орж Т.О- нь миний нэр дээр шилжүүлж өгсөн. ...Тэгээд 7 хоногийн дараа Н.М- над руу залгаад “Т.О- Зам тээврийн яамны мэдэгдэх хуудсыг албаны мэйл хаягаар мэйл хаяг руу чинь явуулчихсан” гэж хэлэхээр шалгахад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03/5983 дугаартай Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй албан мэдэгдэл хүргүүлсэн байсан мэдэгдэлд “Хэбэй гуантан групп” ХХК-д замын ажлын төсөлд хамтран ажиллах боломжтой” гэсэн утгатай мэдэгдэл ирсэн байхаар нь орчуулаад БНХАУ-д байрлах компани руугаа явуулсан юм. ...2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Т-, Т.О-, Н.М- нар нь “надтай уулзмаар байна” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хүнсний нэгдүгээр дэлгүүрийн эсрэг талд уулзахад Б.Т-, Н.М- хоёр “дахиад Завханы замд 114 километр зам тавих ажил байна, энэ ажлыг “Дархан конкрет” ХХК-ийн нэр дээр зам тээврийн яамаар ороод авсан, энэ ажлыг авмаар байгаа бол уг компанийг мөн адил 70.000.000 төгрөгөөр авах ёстой” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 70.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нисдэг машин худалдааны төвд байрлах “ХААН” банкны салбараас Н.М- надаас авсан. Тухайн үед Б.Т-, Т.О- нар машиндаа сууж байсан. Т.О- нь мөн адил “Зам тээврийн яамнаас мэдэгдэх хуудас нь 7 хоногийн дараа ирнэ” гэж хэлсэн. Тэгээд мэдэгдэх хуудас ирэхгүй 2 cap орчим болсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н.М- над руу залгаад “Бөхийн өргөөний урд уулзъя” гэж хэлэхээр нь очиход Б.Т-, Н.М- хоёр байсан. Зам тээврийн яамны мэдэгдэх хуудсыг эх хувиар нь гаргаж үзүүлээд “уг бичиг нь гаргачихсан байна, гэхдээ эх хувийг нь өгөхгүй, уг албан бичгийг флашаар өгнө” гэж хэлсэн. Тэгээд миний зөөврийн компьютерт флаш хийж уншуулахад Хятад програмтай байсан учир уншаагүй. Тэгээд Бөхийн өргөөний хажуу талын орчуулгын газар очоод компьютерт нь флашийг уншуулаад мэдэгдэх хуудсыг гаргаж аваад тэр дор нь би орчуулсан юм. Үүний дараа Б.Т-, Т.О-, Н.М- нар нь “500.000 ам.долларыг урьдчилгаа болгож авна” гэж хэлээд нэхэхээр нь “уг мөнгө нь юуны мөнгө юм бэ, анхнаасаа ийм мөнгө авах байсан юм бол энэ ажлыг хийхгүй байсан шүү дээ” гээд Зам тээврийн яаман дээр очоод Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүнээс асуухад “энэ бичиг чинь хуурамч бичиг байна, маргааш нөгөө хүмүүсээ дуудаад ир, уулзаж ярилцъя гээд хэлчих, цагдаа дуудаад бариулахад бэлдээд байж байя” гэж хэлсэн. ...” /1хх 51-52/,

 

гэрч М.Цагаанхүүгийн “...Б.Э- бид хоёр ярилцаж байгаад уг компанийг худалдаж авахаар болоод Н.М- гэх залуутай хамгийн анх 100 айлын “ХААН” банкны үүдэнд уулзаж Б.Э- өөрийнхөө данснаас 70.000.000 төгрөгийг авч Н.М-т бэлнээр өгсөн. Н.М- мөнгө авч яваад удалгүй Т.О-, Б.Т- нарын хамт ирээд компани шилжүүлэх гэрээг нотариатаар хийлгэсэн. ...Тэгээд удалгүй Н.М- нь Б.Э-д “Зам тээврийн яамнаас замын эрхтэй болсон” гэсэн мэдэгдлийг авч ирж өгсөн. Дараа нь Б.Э- Н.М-аас “Дархан контрет” ХХК-ийг худалдан авахаар тохиролцож “Нисдэг машин” төвийн тэнд Н.М-тай уулзаад уг компанийг 70.000.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг Н.М-т өгсөн. ...Түүнээс хойш замын ажлаа асуухад Н.М- “өнөө маргаашгүй ажил чинь бүтнэ” гэх зэргээр худал яриад байсан. Т.О-ын утасны дугаарыг асуухад өгөхгүй байсан. Тэгээд зам тээврийн яаманд албан бичгээ аваад очиж үзүүлэхэд хуурамч бичиг баримт байна гэж хэлсэн. ...” /1хх 202-203/,

 

 гэрч Б.Уламбаярын “...Бид гурав сонирхож үзээд “Гантөмөр гүүр” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. “Гантөмөр гүүр” ХХК-ийн захирал нь Т.О- гэх залуу байсан. Т.О- “манай ажил бэлэн байгаа, 2-3 хоногийн дараа гэрээг нь хийлгээд ажлыг чинь хийлгэнэ, ажил нь бэлэн болсон байгаа”  гэж хэлсэн. ...2016 оны 9 дүгээр сарын дундуур “Зам тээврийн яамнаас “Гантөмөр гүүр” ХХК-ийн нэр дээр замын ажил хийлгэхээр боллоо” гэсэн мэдэгдэх хуудас авчирсан. Тэгэхээр нь “одоо гэрээгээ байгуулаад ажлаа хийе” гэтэл “замын хоёр ажил авчихаад байна, нэг нь эзэнгүй болчихлоо, үүнээс болж танай ажил уягдаад байна, дахин нэг компанийг худалдан авах хүн олмоор байна” гэж хэлэхэд Б.Э- “за за, тэгвэл би үлдсэн компанийг худалдаж авъя” гээд “Дархан конкрет” ХХК-ийг худалдаж авсан. ...Дээрх хоёр компанийг худалдан авахдаа нотариатаар орж гэрээ байгуулж байсан. Эхний мөнгийг 100 айлд байрлах “ХААН” банкнаас авч өгсөн. Дараагийн мөнгийг Гэсэр сүмийн хойд талд байрлах банкнаас бэлнээр авч өгсөн. ...” /1хх 53-54/,

 

гэрч С.Мөнхтөрийн “...Би 2013 оны 3 дугаар сард зам засварын ажил хийхээр хятад хүмүүстэй тохиролцож “Ган төмөр гүүр” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед хятадууд нь хамтрахаа болиод уг компани нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй улирал болгон компанийн X тайланг нь гаргаж өгдөг байсан. 2016 оны 5 дугаар сард “компаниа зарна” гэж зар тавьсан. 2016 оны 5 дугаар сарын эхээр зарын дагуу 30 гаруй насны Т.О- гэх залуу надтай холбогдоод манай компанийг 1.300.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. ...” /2хх 4-6/,

 

гэрч Ю.Батсайханы “...тус компанийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Т-ын О- гэх хүнд 1.000.000 төгрөгөөр шилжүүлсэн. Уг компани нь 3 жил орчим үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байсан. Компанийг татан буулгах гэхээр ажиллагаа ихтэй байсан учир сонирхсон хүнд худалдаалсан...” /2хх 7-9/,

 

гэрч Э.Шинэбаярын “...тухайн үед би сайн санахгүй байна, ямар ч байсан хоёр эрэгтэй хүн албан бичиг хятад хэлээр орчуулуулахаар орж ирсэн. Тухайн бичгийг орчуулагч найз болох Саранчимэгийн фэйсбүүк хаяг руу явуулж орчуулсан.  Одоо бараг хоёр жил болж байна...” /2хх 10-11/,

 

Н.М-ын яллагдагчаар өгсөн “...Э- компанийг худалдаж авахаар болоод VIP өрөөнөөс 39.000.000 төгрөгийг бэлнээр аваад О-, Т- нартай машин дотор ороод 39.000.000 төгрөгийг өгсөн. ...Т-, О- нар мөнгөө авчихаад О- нь яваад өгсөн. Цаг гаруйн дараа үлдэгдэл 31.000.000 төгрөгийн Э- өгөхөөр нь би аваад Т- ахад 14.000.000 төгрөгийг өгөөд өөрөө 17.000.000 төгрөгийн авсан. ...” /1хх 180-182/,

 

Т.О-ын яллагдагчаар өгсөн “...“Гантөмөр гүүр” ХХК-ийг Э-д бэлэглэлийн гэрээгээр Н.М-ын хүсэлтээр шилжүүлж өгөөд хоёр компанийн төлбөр болох 50.000.000 төгрөгийг Э- надад бэлнээр өгсөн. ...” /1хх 192-195/ гэх мэдүүлгүүд, “...замын ажил хийлгэхээр боллоо. ...” гэсэн утга бүхий Зам тээврийн хөгжлийн яамны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1731 дугаартай албан бичиг, “...“Гантөмөр гүүр” ХХК, “Дархан конкрет” ХХК нь тус яамнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн тендер шалгаруулалтад оролцож байгаагүй. ...” гэсэн утга бүхий Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04/478 дугаартай албан бичиг /1хх 36/, “...“Хэбэй Гуантун Групп” ХХК, “Зянь Су Хуа Нөнг Барилга Инженеринг Групп” ХХК-иудад ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй бөгөөд энэхүү албан бичгийг хуурамчаар үйлдсэн байна. ...” гэсэн утга бүхий Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06/768 дугаартай албан бичиг /1хх 38/, Б.Э-н е мail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 41-46/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 204-213/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Н.М-, Б.Т-, Т.О- нарыг бүлэглэн залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Н.М-, Б.Т-, Т.О- нарын хохирогч Б.Э-д замын ажил хийх тусгай зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй хоёр компанийг “замын ажил хийх тусгай зөвшөөрөлтэй” гэж өндөр үнээр зарж, 134.000.000 төгрөг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл заалтад зааснаар шүүгдэгч Т.О-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Т-т 3 жил 6 сарын, шүүгдэгч Н.М-т 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, Б.Т-, Н.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах үед тогтоогдсон нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн “...шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулахаар шийдвэрлэв...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

           

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахдаа уг ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв

 

Иймд шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч нар болон өмгөөлөгч С.Энх-Эрдэнэд, 2 дугаар сарын 7-ны өдөр өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Ганбадрах нарт, 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогч болон түүний өмгөөлөгч нарт гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасныг зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О- торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН