Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0817/З |
Дугаар | 128/ШШ2019/0870 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2019/0870
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогтой Нгийн Э /РД:**********/
Хариуцагч: Сангийн сайд Ч.Х
Гуравдагч этгээд Ё.Б /РД:********0/
Нэхэмжлэлийн шаардлага: ...Сангийн сайд Ч.Хын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайд Ч.Хт даалгах, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайд Ч.Хаас гаргуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, гуравдагч этгээд Ё.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ******* тоотод оршин суугч иргэн А овогтой Нгийн Э миний бие 1959 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1979 онд Монгол Улсын их сургуулийн Геологи, уул уурхайн Факультетыг Геологийн инженер мэргэжлээр төгсөн, Геологийн байгууллагад 1979-2002 онуудад, 2003-2005 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хяналт бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 104 дүгээр тушаалаар гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. Улмаар Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн дүгнэлтийн дагуу Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаар тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан болно.
Иргэн Н.Э миний бие хуучин нэрээр Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг 2012-2016 онд гүйцэтгэж байгаад Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль,татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сард батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайд ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 315 дугаар тушаал гаргаж, Н.Э миний биеийг Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн боловч холбогдох хууль тогтоомжийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилолгүй ажлаас халсан байна.
Иргэн Н.Э миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд гаргасан байдаг бөгөөд шат шатны захиргааны хэргийн шүүхээс хэргийн үнэн мөнийг олж, хуулийн дагуу шийдвэрлэж, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээх тухай шийдвэр /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0499 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаар захирамж/-ийг тухай бүр гаргаж байсанд гүн талархалтай хандаж байна.
Гэвч захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэр гарсаар байтал хариуцагч этгээд болох Гаалийн ерөнхий газрын дарга *******, Сангийн сайд асан ******* болон Сангийн сайд Ч.Х нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ГХ2018/0016 дугаар гүйцэтгэх хуудас, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот мэдэгдэл, мөн өдрийн 128/Ш32018/0344 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын дарга *******аас Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** албан тоотоор Сангийн сайд Ч.Хт хандан хүргүүлсэн боловч Сангийн сайд Ч.Х шүүхийн шийдвэрийг эс хүндэтгэн, холбогдох саналыг Засгийн газарт танилцуулаагүй байсаар Гаалийн тухай хууль болон Төрийн албаны хууль өөрчлөгдөж, Сангийн сайдын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал болсоор өнөөг хүрээд байна.
Шүүхийн шийдвэр гарсан цагаас эхлэн иргэн Н.Э миний бие Сангийн сайдыг шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэгт итгэж байсан боловч Сангийн сайдын зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул миний бие Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус хандан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэний дагуу дээрх байгууллагуудаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиглэлийг Сангийн сайдад өгсөн боловч мөн л хэрэгжсэнгүй өнөөг хүрлээ. Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрүүд, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын шийдвэрүүд, дээд шатны байгууллагуудын шийдвэрийг ийнхүү эсэргүүцэн, эс биелүүлсэн Сангийн сайдын энэхүү эс үйлдэхүйг иргэн Н.Э миний бие цаашид зүгээр хараад суух тэвчээр үл хүрч, хуулийн дагуу олгогдсон эрхийнхээ хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 21,159,785.43 төгрөгийг Сангийн сайдаас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг гаргасан юм.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх нэхэмжлэлийн дагуу холбогдох шүүх хурлыг хийж, Н.Э миний биеийг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан боловч ажилд нь эргүүлэн томилоогүй байгаа тул Гаалийн ерөнхий газраас 21,159,785.43 төгрөгийг гаргуулж олгохыг даалгасан агуулга бүхий 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрийг гаргаж, улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас ...Гаалийн ерөнхий газар Гаалийн ерөнхий газрын дэд даргад Н.Эыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр санал болгосон боловч Сангийн сайд үүнд хариу өгөөгүй, Сангийн сайдын энэ үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг Н.Э эрх бүхий байгууллагад гаргаагүй байна. Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалд Сангийн сайдад үүрэг болгосон ямар нэг заалт байхгүй тул Сангийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах үндэслэлгүй гээд Гаалийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /Гаалийн ерөнхий газрын дарга *******аас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Сангийн сайдад хүргүүлсэн өдөр/ хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 16,235,138 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх/ 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи/ 4,925,647 төгрөгийн шаардлагыг Сангийн сайдад холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох агуулга бүхий 001/ХТ2019/000587 дугаар тогтоолыг гаргажээ.
Иргэн Н.Э миний бие Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны дээрх тогтоолд хяналтын журмаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6/3501 албан бичгээр холбогдох хариуг ирүүлж, түүнд ... тогтоолыг хүчингүй болгохын тулд дүгнэлт гаргахгүй, энэ хэргийг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн гэсэн байна.
Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 4/1692 албан бичигт ... Таныг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Сангийн сайд шийдвэрлээгүйгээс учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж дурджээ.
Иргэн Н.Э миний бие улсад нийт 34 жил, хувийн хэвшилд 3 жил ажилласан бөгөөд үүнээс улсад 23 жил, төрийн тусгай албанд 11 жил ажилласан байна. Энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тэргүүний ажилтан, сангийн яамнаас Гаалийн албаны тэргүүний ажилтан, Хил хамгаалах ерөнхий газраас Онц хилчин, Гаалийн ерөнхии газраас Гаалийн итгэмжит зөвлөх цол тэмдэгээр шагнагдаж байсан бөгөөд захиргааны зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Иймд Сангийн сайд Ч.Хын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, төрийн тусгай албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайд Ч.Хт даалгах, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайд Ч.Хаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*******, К.Г******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Н.Эод холбогдох захиргааны акттай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрт 1. Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2. Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, 3. Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэлх хугацаанд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх, 4. Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин 10.067,848 төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0499 дугаартай Магадлалаар нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан боловч Засгийн газрын дээрх маргаан бүхий 62 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин 10.067,848 төгрөгийг Сангийн сайдаас бус Гаалийн ерөнхий газраас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна.
Захиргааны хэргийн анхан болон давж заалдах аль ч шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Эыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилохыг Сангийн сайдад даалгаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Н.Эын нэхэмжилсэн 10.067,848 төгрөгийг Гаалийн ерөнхий даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 тушаалаар бүрэн олгосон байна.
Иймд Сангийн сайдаас эс үйлдэхүй гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Мөн ...Нэхэмжлэгч Н.Эод холбогдох захиргааны акттай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрт а)Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгох, б)Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, в)Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэлх хугацаанд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх, г)Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин 10.067.848 төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0499 дугаартай Магадлалаар нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Засгийн газрын дээрх маргаан бүхий 62 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин10.067.848 төгрөгийг Сангийн сайдаас бус Гаалийн ерөнхий газраас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Н.Эоос тус яаманд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан байх ба Захиргааны хэргийн шүүхийн шат шатны шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** тоот албан бичгээр тус яаманд ирүүлсэн. Мөн уг асуудалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1583 дугаар албан бичиг ирсэн бөгөөд Н.Эыг дэд даргаар томилуулах санал хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй байна. Саналыг хэлэлцүүлэх арга хэмжээ авч эргэн мэдэгдэхийг хүсье. гэсэн байна.
Асуудлыг судлан үзэхэд Гаалийн тухай хуулийн 2671.4 дэх хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө гэж өөрчлөн найруулсан байна. Харин Засгийн газрын тухай хуулийн 183.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна.
Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд нь Гаалийн ерөнхий газраас санал болгосон этгээдийг дэд даргаар томилох эсэх нь өөрийн бүрэн эрхийн асуудалд хамаарч байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас санал болгосноор хэлэлцүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй болсон байна. Түүнчлэн, Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд Н.Эыг дэд даргын албан тушаалд томилох болон бусад үйлдэл хийхийг Сангийн сайдад даалгаагүй болно. Иймд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, холбогдох хууль тогтоомж болон Сангийн сайдын эрх хэмжээний хүрээнд Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилох боломжгүй гэж үзсэн болно. гэжээ.
Гуравдагч этгээд Ё.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Э нь Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаад тухайн үеийн Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Уг асуудал шүүхийн журмаар Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж шийдвэрлэгдэж дууссан.
Харин 2016 оны 07 дугаар сард Засгийн газрын агентлагийн бүтцийн өөрчлөлтийн тогтоолын дагуу Гааль, татварын ерөнхий газрыг өөрчлөн татан буулгаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн 2 тусдаа бие даасан агентлагийг Монгол Улсын Засгийн газраас байгуулсан болно.
Үүний дагуу Ё.Б намайг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон.
Энэхүү томилгоо нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд, эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэгдсэн асуудал гэж миний хувьд үзэж байгаа бөгөөд бие даасан Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон энэхүү томилгоо нь татан буугдаж, өөрчлөн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Эын эрх ашгийг хохироосон үйлдэл гэж үзэхгүй байгаа болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэг: Сангийн сайд Ч.Хын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайд Ч.Хт даалгах шаардлагын тухайд:
Анх нэхэмжлэгч Н.Э нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар Гаалийн ерөнхий газрын дарга, Сангийн сайд, Засгийн газарт тус тус холбогдуулан ...Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0499 дүгээр магадлалаар тус тус шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/0344 дүгээр захирамж, 128/ГХ2018/0016 дугаар гүйцэтгэх хуудас, хариуцагч нарт дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаарх мэдэгдлийг хүргүүлж, хувийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
Энэхүү шүүхийн шийдвэр, магадлал, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу Гаалийн ерөнхий газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Монгол Улсын Сангийн сайд Ч.Хт хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй болох нь шүүхээс Сангийн яамны бичиг хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Э нь төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хандаж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н*******ид ...шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1-4/3117 дугаар албан бичгээр гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.А*******т шилжүүлсэн байна.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4/1411 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаад, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04/2819 дүгээр албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүнд тус ерөнхий газраас Сангийн сайдад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/931 дүгээр албан бичгээр ...Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилуулах хариуцагчийн саналыг Засгийн газарт танилцуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн боловч холбогдох саналыг Засгийн газарт өнөөдрийн байдлаар танилцуулаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Н.Эын ажилгүй байсан хугацааны цалин олговор 10.067.848 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дансанд төвлөрүүлж, төлбөр авагчийн Голомт банкны харилцах дансанд шилжүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ажиллаж байгааг танилцуулъя гэх албан бичгийг тус тус хүргүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэхэмжлэгч Н.Эод 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/1692 дугаар албан бичгээр ...шүүхийн шийдвэр заасны дагуу хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгээр таныг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томиуулах саналыг Сангийн сайдад танилцуулж, ажилгүй байсан хугацааны цалинг танд олгуулсан. Таныг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Сангийн сайд шийдвэрлээгүйгээс учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Н.Э нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гаалийн ерөнхий газар болон Сангийн сайдад холбогдуулан ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөс тухайн үед иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2017.04.27-2018.06.30-ны өдрийг хүртэлх цалин олговорт 21.159.785.43 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүж зохих бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2253 дугаар шийдвэрээр Гаалийн ерөнхий газраас 21.159.785.43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, Сангийн сайд Ч.Хт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газраас 16,235,138 төгрөг гаргуулан Н.Эод олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 4,924,647 төгрөгийн шаардлагыг Сангийн сайдад холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1583 дугаар албан бичгээр Сангийн сайд Ч.Хт Гаалийн ерөнхий газраас 2018 оны ***** дүгээр албан бичгээр нэхэмжлэгч иргэн Н.Эыг дэд даргаар томиуулах тухай саналыг, мөн дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах мэдэгдлийг Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 4/931 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй байна. Иймд хариуцагч Гаалийн ерөнхий газрын саналыг хэлэлцүүлэх арга хэмжээ авч эргэн мэдэгдэхийг хүсье гэх албан бичгийг хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс болон холбогдох байгууллага албан тушаалтнаас Сангийн сайдад шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.Эыг урьд эрхэлж байсан, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын саналыг шийдвэрлэх асуудлыг удаа дараа уламжилсан боловч Сангийн сайд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн Сангийн сайд Ч.Хт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайд Ч.Хт даалгах хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлийн 2671.3-д Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-д Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө гэж заасан байх бөгөөд энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд нэмэлт өөрчлөлтийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.
Дагаж мөрдөж эхлэхээс өмнө үйлчилж байсан Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-д Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө гэж заасанчлан, өмнөх захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Сангийн сайд нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр саналын дагуу нэхэмжлэгч Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: ...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайд Ч.Хаас гаргуулахыг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.Э нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаар тогтоолд ...Сангийн сайдад холбогдох Н.Эын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь Гаалийн Ерөнхий газар Гаалийн Ерөнхий газрын дэд даргад Н.Эыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр санал болгосон боловч Сангийн сайд үүнд хариу өгөөгүй, Сангийн сайдын энэ үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг Н.Э*******ын эрх бүхий байгууллагад гаргаагүй байна. Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалд Сангийн сайдад үүрэг болгосон ямар нэг заалт байхгүй тул Сангийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байх тул 2018 оны 02 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 17 сар, 4 хоногийн дундаж цалин хөлс болох //1,008,598 + төрийн алба хаасан хугацааны 25% + зэрэг дэв 25%/ * 17 сар ажлын 3 хоног/ 25,925,553 төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хураамжийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг Сангийн сайд Ч.Хт даалгахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3, Засгийн газрын 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Н.Эоос Сангийн сайд Ч.Хт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж, Сангийн сайд Ч.Хын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ***** дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг, Н.Эын 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх нийт 17 сар, 4 хоногийн цалин 25,925,553 төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг Сангийн сайд Ч.Хт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2-т заасныг баримтлан Н.Эоос Сангийн сайд Ч.Хт холбогдуулан гаргасан ...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн сайд Ч.Хаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА