Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

            иргэдийн төлөөлөгч О.Анхбаяр,

            улсын яллагч Г.Золзаяа,

            хохирогч Ц.Төмөр-Ухна,

            шүүгдэгч С.Мөнгөнцоож,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1-824/,

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Самбуугийн Мөнгөнцоожид холбогдох эрүүгийн 2016 2601 2725 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Боржигон овгийн Самбуугийн Мөнгөнцоож нь Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцэг нарын хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд 1 дүгээр баг, 9 байрны 132-11 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын 12-04 тоотод оршин сууж байсан, урьд ял шийтгэл:

1.2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил  1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 792 дугаартай тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан;

2.2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3.2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 68/137 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдсэн 06 хоногийн хорих ялыг биеэр эдлэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ЕА81051311 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал  арилаагүй байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12 дугаар гудамжны 04 тоотод хохирогч Ц.Төмөр-Ухнатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хоолтой ширмэн тогоог авч шидэн зүүн нүдэн тус газар нь цохиж, сохлон эрхтнээс нь хагацуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч С.Мөнгөнцоож мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед гэртээ байхад ээж Ц.Цэнд-Аюуш, хойд эцэг Ц.Төмөр-Ухна нар гаднаас нэг эмэгтэй хүний хамт гурвуулаа орж ирсэн. Би утасныхаа чихэвчийг хийсэн клип үзэж байсан. Тэднийг хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна, ямар ч байсан архи ууцгаасан. Тэгээд манай гэрт ирсэн хүнийг гаргаж өгөхөөр ээж Ц.Цэнд-Аюуш, хойд эцэг Ц.Төмөр-Ухна нар гараад орой 18 цагийн үед эргэж орж ирсэн. Гэртээ орж ирээд ээж  Ц.Цэнд-Аюуш, хойд эцэг Төмөр-Ухна хоёр хоол хийсэн, хоол ид гэсэн. Би чихэвчээ зүүгээд дуу сонсоод хэвтэж байсан. Гэтэл манай хойд эцэг Ц.Төмөр-Ухна 19 цагийн үед “цай хийгээд өг” гээд чангаар орилсон. Тэгэхээр нь би чихэвчээ аваад “та нар архи ууж чадахгүй бол боль” гэж хэлчихээд, би хувцасаа аваад “явлаа” гэхэд хойд эцэг Ц.Төмөр-Ухна миний хойноос ирээд явуулахгүй гэж зууралдсан. Тэгээд хойд эцэг Ц.Төмөр-Ухныг хойш нь түлхсэн чинь хойшоо суусан. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд үүдэн дээр очоод гутлаа өмсөж байхад хойд эцэг Ц.Төмөр-Ухна дахин ирээд “чамайг явуулахгүй” гээд миний хойноос зуурахаар нь хойд эцэг Ц.Төмөр-Ухныг дахин хойш нь түлхээд гартаа таарсан зүйлээ арагш нь саваад, нэг гутлаа бариад гараад явсан. Надад хойд эцэг Ц.Төмөр-Ухнатай маргалдаж, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Төмөр-Ухна мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед манай найз Оюунтунгалаг манай гэрт ирсэн юм. Тэгээд эхнэр Ц.Цэнд-Аюуш, Ц.Оюунтунгалаг бид нийлж бууз хийж идээд, 0.5 литрийн хоёр шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд Оюунтунгалагийг 18 цагийн үед автобусны буудал руу Ц.Цэнд-Аюуш бид хоёр хүргэж өгсөн. Тэгээд гэртээ эргэж ирээд Ц.Цэнд-Аюуш бид хоёр дахин хоол хийсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан хоол хийж байснаа санаж байгаа. Би С.Мөнгөнцоожтой зууралдсан гэдгээ санахгүй байна. Намайг хэвтэж байхад С.Мөнгөнцоож тогоогоор цохисон юм шиг байсан. Нэг мэдсэн чинь миний нүд харахгүй, гал манарах шиг болсон. Тэгээд эхнэр Ц.Цэнд-Аюуш миний нүдэн дээр төмс тавьж өгч байсан. С.Мөнгөнцоож гараад явахдаа юм шидсэн гэж байна. Тэр шидсэн зүйл нь миний нүдэн дээр цохисон гэж бодож байна. Тухайн үед би гэрийн зүүн талд бодвол сууж байсан байх. Нүдээ цохиулснаа санаад байгаа. Орон дээр хоол асгарсан байсан. С.Мөнгөнцоожийн ээж 300,000 төгрөг эмчилгээнд төлсөн. Одоо надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид нүдэндээ шаариг суулгах, хиймэл нүд хийлгэх хоёр хагалгаанд орно. Энэ зардлаа нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: Зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл гэдэг нь эвэрлэг нэвтэрч нүдний шилэнцэр гоожихийг хэлнэ. Хохирогчид учирсан гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой. Үүнд хоолны тогоо болон бусад мохоо зүйлээр цохигдоход үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн нүдний эвэрлэг цоорсон учраас нүдний агуулагдахуун гарсан, нүдийг нь авахаас өөр аргагүй, эмчлэх боломжгүй гэмтэл юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлгийн 7-д зүүн нүд, баруун нүдийг хувилж хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон байгаа. Хохирогчийн зүүн нүд нь дахин сэргэхгүй учраас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар  эрхтнээс нь хагацуулсан гэж үзнэ. Хүнд гэмтлийг хоёр ангилдаг. Үүнд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл, нөгөөх нь үлдэц хор, уршигаараа хүнд гэмтэл гэж хоёр хуваана. Энэ хохирогчид учирсан гэмтэл нь үлдэц, хор уршигаараа хүнд, хөдөлмөрийн чадвар алдалтийг 65 хувь алдагдуулж байгаа учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Түүнээс амь насанд нь аюултай хүнд гэмтэл биш юм. Гэмтлийг босоо, хагас суугаа байдалтай үедээ авсан байх боломжтой. Хэрвээ хэвтээ байдалтай байсан бол нөгөө нүдийг гэмтээх, хамар, ам, хацарт цус хуралт, зулгаралт үүсэх боломжтой. Ийм гэмтэл хохирогчийн нүүрэнд байгаагүй гэв.

 

Мөн эрүүгийн 2016 2601 2725 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

 

1.Хохирогч Ц.Төмөр-Ухна 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би иргэн Цэнд-Аюуштай 2007 оны 07 сараас хойш хамтран амьдарч байна. Цэнд-Аюуш, Мөнгөнцоож нарыг би урьд нь мэддэг, нэг нутгийн хүмүүс байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цэнд-Аюуш, Мөнгөнцоож, бид гуравыг гэртээ байхад 13 цагийн үед найз Тунгаа гэдэг хүүхэн гэрт ирнэ гэхээр нь Цэнд-Аюуш бид хоёр гарч тосож аваад гэрт орж ирсэн. Тэгээд хоол унд болоод идэж уугаад, 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд тэрийгээ ууж дуусаад дахин нэг шил 0,5 литрийн архи нэмж уугаад дуусгасан. Тунгаа явлаа гэхээр нь Цэндээ бид хоёр автобусны буудал хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд Цоож, Цэндээ бид гурав борцтой хоол хийж идсэн. Мөнгөнцоож тэгэхэд гэрийн баруун талын орон дээр утсаа оролдоод хэвтэж байсан. Бид гурав хоолоо идээд би зүүн талын газар байдаг орон дээрээ хэвтээд хэсэг унтсан байсан. Цэнд-Аюуш тэгэхэд миний хажууд унтаж байсан. Унтаж байхад гэнэт нүд харанхуйлаад тас хийгээд явчихсан. Би бүүр балмагдаад тэрүүхэн үедээ юу болсныг ч анзааралгүй ухаан балартаад нүд харанхуйлаад байсан. Тэгээд л шууд нүдээ дараад хэвтсэн. Тухайн үедээ зүүн талын нүд хавдчихсан. Тэгээд харахад орон дээр хоол асгарчихсан байсан. Цэнд-Аюуш наад нүд чинь болохоо больчихсон байна гээд төмс арилгаж нүдэн дээр тавьсан. Хэсэг байж байгаад гэр доторхоо хартал, гэрийн хамаг юм сандаачаад хаячихсан, Мөнгөнцоож өөрөө байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудаад дараа нь 103 дуудаад, Аюуш манай хүүхдүүдийг дуудаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр өдрөө шууд эмнэлэгт хэвтсэн. Гуравдугаар эмнэлгийн эмч нар найдваргүй болсон байна гэж хэлсэн. Яаралтай хагалгаанд оръё гээд хагалгаа төлөвлөөд 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед орсон. Тэгээд миний зүүн талын нүдийг ухархайгаар нь авчихсан байсан. Сүүлд нь харахад нүд гэж мэдэгдэхгүй, улаан няц болсон байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан. Тэр өдөр ямар нэгэн маргаан огт болоогүй. Би агсам согтуу тавиагүй, хэн нэгэнтэй маргалдаагүй. Цэнд-Аюуш хоолоо хийгээд би идчихээд унтсан байсан. Унтсан хойгуур юу болсон талаар мэдэхгүй. Би биеэ авч явах чадвартай, болж байгаа үйл явдлыг бүрэн ойлгож ухамсарлаж байсан. Би хоол идээд орондоо ороод унтаж байснаа мэдэж байгаа. Гэхдээ бас нилээн согтуу байсан. Зарим зүйлс нь яг үнэндээ орж гараад байна. Би Мөнгөнцоожтой энгийн харьцаатай байдаг байсан. Аав хүү болтлоо дотносоогүй ч гэсэн, таарч тохирдоггүй зүйл огт байхгүй. Мөнгөнцоожтой 2016 оны 09 дүгээр сараас хойш хамт байгаа. Урьд нь ах, дүү нарынхаараа байж байгаад ирсэн. Бид хоёр нэг ч удаа хэрэлдэж муудалцаж үзээгүй. Тунгаатай найз нөхдийн холбоотой болохоор манайд ирье гэж байсан. Гэхдээ хэрэг болох үед Мөнгөнцоож, Цэнд-Аюуш бид гурав байсан. Тунгаа эрт 17 цагийн үед явсан.  Тэр үед Мөнгөнцоож эрүүл байсан, 1-2 хундага татсан байх. Тэр өдөр Мөнгөнцоож бид нар огт гэрээсээ гараагүй, гэртээ байцгааж байсан. Миний нүд хэвийн бага зэрэг хараа муу шил зүүдэг байсан. Бусдаар бол хэвийн ямар нэгэн эмнэлэг эмчийн хараа хяналтад байгаагүй. Надад өөр ямар нэгэн байдлаар гар хүрч цохиогүй. Миний нүд бүр мөсөн сохорсон. Одоо би баруун талын нэг нүдээрээ харж байгаа. Нүдээ сохолуулсандаа гомдолтой байна. Би надад учирсан эмчилгээний зардал нэхэмжилж байна. Одоо миний зүүн талын нүдийг мэс заслын аргаар авчихсан байгаа. Хоёр сар гаруйн дараа хиймэл нүд хийнэ гэсэн. Тэрнээс наана нь шарик суулгана гэх зэргээр эмчилгээ хийнэ гэсэн. ...” гэх мэдүүлэг [1],

-түүний 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин хохирогчоор мэдүүлсэн: “...Надад учирсан гэмтлийн улмаас гарсан зардлуудыг ээж Цэнд-Аюуш нь өгсөн. Би эхний өгсөн мэдүүлэг дээрээ айж сандарсан байсан учраас унтаж байсан гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Одоо бодоход би ээж Цэнд-Аюушийг нь чанга дуугаар цай хийгээд өг гэж орилсон юм байна лээ. Тэгэхэд Мөнгөнцоож та хоёр ууж идсэн юмаа шингээж чадахгүй байж яах гэж уусан юм бэ, би ингэж байж чадахгүй, явлаа гээд босоод хувцасаа өмссөн. Тэгэхээр нь би барьж авч байсан санагдаж байна. Тэгээд л нэг мэдэхэд тас хийгээд явчихсан. Намайг түлхэж унагаагаад сав шидчихээд явсан юм билээ. Би тухайн үед согтуу байсан боловч сайн бодоод байхаар зарим болсон үйл явдал орж гараад байгаа. Одоо санахдаа тэгж санаж байна. Би сүүлд бодоод байсан чинь нээрээ тэгж байснаа санасан. Би бас уучихаараа бага зэрэг агсам болчихдог, дараа яаснаа мэддэггүй юм. Тэгээд би анх удаа цагдаа дээр ирж мэдүүлэг өгч сандарсан, айсан байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

2. Гэрч Ц.Цэнд-Аюушийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12-04 тоотод байх гэртээ хүү Мөнгөнцоож, хамтран амьдрагч Ц.Төмөр-Ухна нарын хамт гэртээ байж байсан. Тэгээд байж байхад миний найз Тунгаа ...над руу залгаад найз нь танайхтай ойрхон нүүгээд ирсэн, танайд очъё гэж ярьсан. Тэгээд өдөр 12 цагийн үед над руу залгаад очлоо гэхээр нь Ц.Төмөр-Ухна бид хоёр автобусны буудал дээр очоод тосож авсан. Тэгээд шууд гэртээ ороод би хоол хийе, ямар хоол хийх үү, бууз хийж идэх үү гэхэд за тэгье гээд Тунгаа гурил зуурч элдээд би мах татаад хоол хийж идсэн. Тунгаа манай гэрт ирэхдээ 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи, борц, аарц авчирсан байсан. Тэгээд Ц.Төмөр-Ухна архи задлаад бид гурав тэр архийг хувааж уусан. Мөнгөнцоожид ёс болгоод амсуулсан. Хоол идчихээд задалсан архи дуусаад Ц.Төмөр-Ухна дэлгүүр ороод 0,5 литрийн архи авчраад тэрний тал хүртэл нь Тунгаа бид гурав хувааж уугаад Тунгаа Улиастай явна гээд архиа дуусгалгүй яараад байхаар нь Ц.Төмөр-Ухна бид хоёр автобусны буудал руу гаргаж өгөөд автобусанд суулгаад явуулсан. Тэгэхэд С.Мөнгөнцоож гэрийн баруун талын орон дээр утсаар тоглоод хэвтээд үлдсэн. Тэгээд эргэж гэртээ орж ирээд борцтой шөлтэй хоол хийж идье гээд байхаар нь жаахан шөл хийгээд идчихээд үлдсэн тал шил архиа бид хоёр хувааж уугаад байж байтал Ц.Төмөр-Ухна намайг цай хийгээд өг гээд юу гэлээ нэг юмаар дуудсан. Тэгтэл Мөнгөнцоож та нар архи ууж чадахгүй юм бол яах гэж уудаг юм бэ гээд босоод хувцасаа өмсөөд гарах гэж байсан. Борцтой хоолоо идээгүй. Тэгэхэд Ц.Төмөр-Ухна бас өөдөөс нь уурлаад “чи хайчих гэж байгаа юм” гээд өмсөж байсан хувцаснаас нь татаад “би чамайг явуулахгүй” гэсэн чинь С.Мөнгөнцоож хойш нь түлхээд ор руу унагаасан. Тэгээд л уурандаа сав шидчихээд гараад явсан юм шиг байна лээ. Тэгээд миний санахаар С.Мөнгөнцоож шууд гараад явчихсан байх гэж бодож байна. С.Мөнгөнцоож гэрийн зүүн урд талд байсан плиткин дээр байсан борцтой хоол хийсэн хар өнгийн төмөр хоолны ширмэн савыг шидсэн байсан. Орон дээр хоол асгарсан, наад талд нь сав газар унасан байсан. Ц.Төмөр-Ухна ёо ёо гээд л босоод ирсэн. Би бас яг тэр хооронд юу болсон талаар сайн санахгүй байна. Архи даадаггүй болохоор амархан тасарчихсан байсан. Тэгээд л Ц.Төмөр-Ухна босоод ирэхээр нь хартал зүүн нүднээс нь шингэн зүйл гараад байсан. Түргэн дуудаад ирэхгүй болохоор нь хүүхдүүд рүү ярихад манай хүргэн Мөнхдэлгэр гэрт ирээд бид хоёрыг авч явсан. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очиход нэгдүгээр эмнэлэг рүү оч гэхээр нь очиж үзүүлэх гэтэл харъяагаараа гуравдугаар эмнэлэгт үзүүл гэсэн. Гуравдугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хэвтүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. ...”  гэх мэдүүлэг [3],

3. Гэрч Ц.Оюунтунгалагын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би Цэнд-Аюуш гэх хүнийг танина, бид хоёр найзууд юм. 2010 оноос хойш бие биенээ мэдэх болсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би Цэнд-Аюуштай өглөө нь утсаар яриад найз нь танайд жаахан аарц, борц аваад очно гэсэн. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед би очлоо гэж ярихад Цэнд-Аюуш, Төмөр-Ухна хоёр намайг автобусны буудал дээр тосож аваад Цэнд-Аюушийнд ирсэн. Тэднийд ороод бууз хийж өгөөд жаахан юм ярьж сууж байгаад би авчирсан борц, аарц, 0,5 литрийн “Стандарт” нэртэй архийг өгсөн. Төмөр-Ухна архи задлаад бид гурав хувааж уусан. Тэгэхэд Цэнд-Аюушийн хүүхэд Мөнгөнцоож баруун талын орон дээр утас оролдоод хэвтээд байсан. Тэгээд хоол идчихээд миний авчирсан нэг шил архи дууссан. Төмөр-Ухна дэлгүүр ороод дахин нэг шил 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи авч ирээд дөнгөж задлаад талд нь орж байхад би ажилтай Улиастай явна гэж хэлээд дуусгаагүй, намайг буцаагаад автобусны буудал руу хүргэж өгсөн. Намайг гарах хүртэл хүү Мөнгөнцоож нь аягатай хоолоо ч идэхгүй утсаараа оролдоод хэвтэж байсан. Би тэднийхээс ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад гарсан. ...Төмөр-Ухна болон Цэнд-Аюуш нар бас гайгүй бага зэрэг халцгаасан байсан. ...Бид нарын дунд хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг [4],

4.Гэрч Б.Оюунгэрэлийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би анх Төмөр-Ухнааг хүргэгдэж ирэхэд хүлээн авсан. Хүнд гэмтэл байсан учир тасгийн эмч нарын зөвлөгөөнөөр орж хагалгаа хийх шийдвэр гарсан байгаа. Анх ирэхдээ зүүн нүдний зовхи хавдсан, цус хуралттай, хараа огт байхгүй, багажаар харахад нүд нь бүтэн байхгүй, зүүн нүдний зүүн хэсэг нь бүгд урагдсан, доторхи бүтэц гоожсон, зарим хэсэг нь хавчуулагдсан байсан. Бүтэц гэдэг нь цөцгий, болор, юрлөг, судаслаг бүрхүүл зэрэг нь гоожоод зарим нь хавчуулагдсан байсан. Бүтцүүд алдагдсан болохоор хараа орох боломж байхгүй. Хатуу бүрхүүл дотор хурсан байсан цусыг нь соруулж аваад бүрхүүлийг хаасан. Хагалгааны хувьд хүнд хагалгаа байсан. Хагалгаагаар нүдийг авсан асуудал биш, харин гэмтлийн улмаас нүд нь хагараад гоожсон байсныг цэвэрлэж бүрхүүлийг хаасан хагалгаа юм. Гэмтэл нь хүчтэй зүйлээр цохих үед хагарна. Нүдэнд хүчтэй цохилт, даралт өгсөний улмаас үүссэн гэмтэл...” гэх мэдүүлэг [5],

5.Ц.Мөнгөнцоожийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтэнээр мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байж байхад ээж Цэнд-Аюуш, хойд аав Ц.Төмөр-Ухна, үл таних нэг эмэгтэй хүнтэй хамт гурвуулаа орж ирсэн. Орж ирээд хоол унд идчихээд архи ууцгаасан. Би чихэвч зүүгээд дуу сонсоод хойшоо хараад хэвтэж байсан. Миний мэдэхээр бараг гурван шил архи уусан байх. Тэгээд 19 цагийн үед нэг харахад гурвуулаа гараад явсан. Нөгөө эмэгтэйг гаргаж өгчихөөд ээж, хойд аав хоёр орж ирээд дахин архи уусан. Тэгээд манай ээж Цэнд-Аюуш ганцаараа хашгираад уйлаад байхаар нь би босож ирээд “ээж унт, архи дарсаа одоо боль, ууж идчихээд шингээж чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Төмөр-Ухна ах босож ирээд “чи юу гээд байгаа юм, чамд ямар хамаатай юм, дуугүй бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь та нартай ингэж маргалдаж амьдарч чадахгүй, би явлаа гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл Ц.Төмөр-Ухна ах, ээж хоёр чамайг явуулахгүй гээд намайг бариад авахаар нь би түлхэж унагаачихаад гутлаа өмсөөд гарах гэтэл босоод над руу ирэхээр нь үүдэнд байсан хоолтой сав аваад шидчихээд гараад явчихсан. Тэгээд би эргэж ороогүй. Гадаа алхаж явсаар байгаад өглөө болгоод гэртээ ортол гэрт хүн байхгүй, гэр хүйтэн байсан. Миний шидсэн хоол асгарчихсан байхаар нь гэрээ цэвэрлээд, хоол хийж идээд Хан-Уул дүүрэг рүү хүнээс мөнгө авах гэж явсан. Тэгээд би Ганданд ахындаа байж байтал цагдаа нар ирсэн. Тэр хоолны сав одоо гэрт байгаа байх. Би ойролцоогоор 3 м зайнаас аваад шидсэн. Би тэр хүнтэй маргалдаад ирээд бариад авах гэхээр нь уурандаа аваад шидчихсэн. Яг гарт баригдаж таараад шидчихсэн. Би Ц.Төмөр-Ухны нүд нь сохорсон байсан гэдгийг мэдээгүй, цагдаа дээр ирээд мэдсэн. Би Төмөр-Ухна гуайг Ахаа гэж дууддаг. Бид хоёр гайгүй харьцаатай байдаг. Нээх айхтар аав хүү болтолоо дотносоогүй ч гэсэн хэрүүл ам хийж таарч тохирдоггүй харьцаатай бол биш. ...” гэх мэдүүлэг [6],

-Яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр Төмөр-Ухна ах согтчихоод над руу хашгираад байсан. Ээж бас согтуу хашгираад орилоод байсан. Би орон дээрээ унтаж байсан. Хүн хашгираад байхаар босоод хартал ээж хашгираад, уйлаад байсан. Гэхдээ хүн амьтантай муудалцаагүй, ганцаараа орилоод байхаар нь би болно, битгий хашгираад бай, унт гэж хэлсэн. Тэгэхэд Төмөр-Ухна ах нилээн согтуу байдалтай босож ирээд “чи юу гээд байгаа юм бэ, дуугүй бай” гээд босоод ирсэн. Тэгээд над руу уурлаж бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгээд би Төмөр-Ухна гуайг түлхэж унагаад хувцасаа өмсөөд гарах гэтэл хойноос татаад явуулахгүй гээд ирээд зуураад авахаар нь цаашаа түлчихээд гарахдаа плиткин дээр байсан хар өнгийн сав авч шидчихээд гараад явсан. Нүд нь сохорсон талаар мэдэхгүй тэр чигтээ цаашаа явчихсан...” гэх мэдүүлэг[7],

 

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16085 актын:

1.2.Төмөр-Ухнын биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, шархаар шилэнцэр, хориод хавчуулагдалт, нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг орчмын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/ гэсэн дүгнэлт [8],

 

7.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1264 тоот:

1.С.Мөнгөнцоож нь “Тархины өвчин ба гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх сэтгэцийн эмгэг нь 2004 оноос эхэлсэн байх боломжтой байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Дээрх сэтгэцийн эмгэг нь үе шат эмгэг болно.

2.С.Мөнгөнцоожийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.С.Мөнгөнцоож нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан.

4.С.Мөнгөнцоож нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.С.Мөнгөнцоож нь хэрэг хариуцах чадвартай байна./Тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, ахлах зэрэгтэй эмч Л.Баттулга, сэтгэцийн эмч Я.Ганхүү/ [9] гэсэн дүгнэлт,

8.Гэрч Я.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...С.Мөнгөнцоож нь 2004 онд зам тээврийн осолд орж тархиндаа гэмтэл авсан гэж хэлж байсан. Үүнд уналтын эсрэг Карбомезанем эм ууж байсан. Шинжилгээн дээр хэсэгчилсэн чамархайн эпилепси гэсэн онош гарч ирсэн. Эдгээрийг үндэслэж тархийг өвчин ба гэмтэл, үйлийн хямрал, шалтгаант бие хүний зан төрхийн органик шинж юм. Энийг энгийн үгээр тайлбарлавал тархины гэмтлээсээ үүдэлтэй сэтгэц болон зан төрхийн өөрчлөлтийг ойлгож болно. Дээрх эмгэг нь сэтгэцийн өвчинд хамаарна. С.Мөнгөнцоожийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мөн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Уг сэтгэцийн эмгэг нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадварт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. С.Мөнгөнцоожийн хувьд бол хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг[10],

9.Дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар [11],

10.2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг [12],

11.”Металл” тогоог хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан  тогтоол [13],

12.Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [14],

13.Хохирогч Ц.Төмөр-Ухнын өвчний түүх [15],

14.Хохирогч Ц.Төмөр-Ухнын амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар [16],

15.Хохирогч Ц.Төмөр-Ухнын Толгойн компьютер томографийн шинжилгээ, гэрэл зураг [17],

16.Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [18],

17.Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [19],

18.2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт [20],

19.Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [21],

20.Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт [22],

21.Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

22.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ялаас өршөөн хасах” захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт [23] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Нэг: Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12 дугаар гудамжны 04 тоот өөрийн гэртээ хойд эцэг  Ц.Төмөр-Ухнатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хоолтой ширмэн тогоог авч шидэн түүний зүүн нүдэн тус газар нь цохиж, зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, шархаар шилэнцэр, хориод хавчуулагдалт, нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг орчмын цус хуралт бүхий гэмтлийг учруулж зүүн нүдийг нь хараагүй болгож, эрхтнээс нь хагацуулсан буюу бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-мөрдөн байцаалтад хохирогч Ц.Төмөр-Ухнын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би эхний мэдүүлэг дээрээ айж сандарсан байсан учраас унтаж байсан гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Би ээж Цэнд-Аюушийг нь чанга дуугаар цай хийгээд өг гэж орилсон юм байна лээ. Тэгэхэд Мөнгөнцоож “та хоёр ууж идсэн юмаа шингээж чадахгүй байж яах гэж уусан юм бэ, би ингэж байж чадахгүй, явлаа” гээд босоод хувцасаа өмссөн. Тэгэхээр нь би барьж авч байсан санагдаж байна. Тэгээд л нэг мэдэхэд тас хийгээд явчихсан. Намайг түлхэж унагаагаад сав шидчихээд явсан юм билээ...” гэсэн мэдүүлэг[24],

-мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэнд-Аюушийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Төмөр-Ухна намайг цай хийгээд өг гээд юу гэлээ нэг юмаар дуудсан. Тэгтэл Мөнгөнцоож “та нар архи ууж чадахгүй юм бол яах гэж уудаг юм бэ” гээд босоод хувцасаа өмсөөд гарах гэж байсан. ...Тэгэхэд Төмөр-Ухна бас өөдөөс нь уурлаад “чи хайчих” гэж байгаа юм гээд өмсөж байсан хувцаснаас нь татаад “би чамайг явуулахгүй” гэсэн чинь Мөнгөнцоож хойш нь түлхээд ор руу унагаасан. Тэгээд л уурандаа сав шидчихээд гараад явсан юм шиг байна лээ. ...Мөнгөнцоож гэрийн зүүн урд талд байсан плиткан дээр байсан борцтой хоол хийсэн хар өнгийн төмөр хоолны ширмэн савыг шидсэн байсан. Орон дээр хоол асгарсан, наад талд нь сав газар унасан байсан. Төмөр-Ухна ёо ёо гээд л босоод ирсэн. ....Төмөр-Ухна босоод ирэхээр нь хартал зүүн нүднээс нь шингэн зүйл гараад байсан. ...”  гэсэн мэдүүлэг [25],

- гэрч Б.Оюунгэрэл /УНТЭ-гийн нүдний тасгийн эмч/-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “Төмөр-Ухна... анх ирэхдээ зүүн нүдний зовхи хавдсан, цус хуралттай, хараа огт байхгүй, багажаар харахад нүд нь бүтэн байхгүй, зүүн нүдний зүүн хэсэг нь бүгд урагдсан, доторхи бүтэц гоожсон, зарим хэсэг нь хавчуулагдсан байсан. Бүтэц гэдэг нь цөцгий, болор, юрлөг, судаслаг бүрхүүл зэрэг нь гоожоод зарим нь хавчуулагдсан байсан. Бүтцүүд алдагдсан болохоор хараа орох боломж байхгүй. Хатуу бүрхүүл дотор хурсан байсан цусыг нь соруулж аваад бүрхүүлийг хаасан. ...гэмтлийн улмаас нүд нь хагараад гоожсон байсныг цэвэрлэж бүрхүүлийг хаасан хагалгаа хийсэн. Гэмтэл нь хүчтэй зүйлээр цохих үед хагарна. Нүдэнд хүчтэй цохилт, даралт өгсөний улмаас үүссэн гэмтэл...” гэсэн мэдүүлэг[26],

-мөрдөн байцаалтад Ц.Мөнгөнцоожийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтэнээр мэдүүлсэн: “...ээж Цэнд-Аюуш, хойд аав Төмөр-Ухна, үл таних эмэгтэй хүнтэй гурвуулаа ...архи ууцгаасан. Бараг 3 шил архи уусан байх. ...Тэгээд манай ээж Цэнд-Аюуш ганцаараа хашгираад уйлаад байхаар нь би босож ирээд ээж унт, архи дарсаа одоо боль, ууж идчихээд шингээж чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Төмөр-Ухна ах босож ирээд “чи юу гээд байгаа юм, чамд ямар хамаатай юм, дуугүй бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь та нартай ингэж маргалдаж амьдарч чадахгүй, би явлаа гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл Ц.Төмөр-Ухна ах, ээж хоёр чамайг явуулахгүй гээд намайг бариад авахаар нь би түлхэж унагаачихаад гутлаа өмсөөд гарах гэтэл босоод над руу ирэхээр нь үүдэнд байсан хоолтой сав аваад шидчихээд гараад явчихсан...” [27] гэсэн мэдүүлэг, яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “Тэр өдөр Төмөр-Ухна ах согтчихоод над руу хашгираад байсан. Ээж бас согтуу хашгираад орилоод байсан. Би орон дээрээ унтаж байсан. Хүн хашгираад байхаар босоод хартал ээж хашгираад, уйлаад байсан, ...би болно, битгий хашгираад бай, унт гэж хэлсэн. Тэгэхэд Төмөр-Ухна ах нилээн согтуу байдалтай босож ирээд “чи юу гээд байгаа юм бэ, дуугүй бай” гээд босоод ирсэн. Тэгээд над руу уурлаж бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгээд би Төмөр-Ухна гуайг түлхэж унагаад хувцасаа өмсөөд гарах гэтэл хойноос татаад явуулахгүй гээд ирээд зуураад авахаар нь  цааш нь түлчихээд гарахдаа плиткин дээр байсан хар өнгийн сав авч шидчихээд гараад явсан. ...” [28] гэсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16085 тоот акт, дүгнэлт [29], шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1264 тоот дүгнэлт [30], гэрч Я.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [31], дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар [32], 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл [33], 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг [34], металл тогоог эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [35], тогоонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [36], хохирогч Ц.Төмөр-Ухнын өвчний түүх [37], хохирогч Ц.Төмөр-Ухнын амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар [38] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд гарсан байна. Нөгөө талаас хохирогч Ц.Төмөр-Ухна, түүний хамтран амьдрагч Ц.Цэнд-Аюуш нар нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14-18 цагийн хооронд гэртээ архидан согтуурч, улмаар орилж хашгирах зэргээр гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан, зүй бус үйлдэл гаргасан нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.Мөнгөнцоожийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Төмөр-Ухнын  зүүн нүд нь бүрэн хараагүй болж, эрхтнээс нь хагацуулсан байна.

Учир нь хохирогч Ц.Төмөр-Ухна нь тус гэмт хэргийн улмаас нүдэндээ гэмтэл авч, зүүн нүдний бүтэц нь алдагдаж, гоожсон, зарим хэсэг нь хавчуулагдсан байх бөгөөд нүдний бүтэц нь алдагдсан учраас хагалаа хийлгэсэн, тус хагалгаагаар түүний зүүн нүдний гоожсон хэсгийг нь цэвэрлэж, бүрхүүлийг нь хаасан хагалгаа хийсэн болох нь эмч болох гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлгээр тогтоогджээ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтэс нь хохирогч Ц.Төмөр-Ухнын биед үзлэг хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмчийн үзлэг, мөн хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн өвчний түүх зэргийг үндэслэн “Ц.Төмөр-Ухнын биед “...зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдсан шарх, шархаар шилэнцэр, хориод хавчуулагдалт, нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг орчмын цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан ...”, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тус дүгнэлтээ шинжээч Ц.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... Зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл гэдэг нь эвэрлэг нэвтэрч нүдний шилэнцэр гоожихийг хэлнэ. Хохирогчийн зүүн нүд нь дахин сэргэхгүй учраас шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар эрхтнээс нь хагацуулсан гэж үзнэ. Хохирогчид учирсан гэмтэл нь үлдэц, хор уршигаараа хүнд, хөдөлмөрийн чадвар алдалтийг 65 хувь алдагдуулж байгаа учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ..” гэж мэдүүлсэн.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд “нүд хараагүй болох” гэдэгт 1 нүд бүрэн хараагүй болох нь хөдөлмөрийн чадвар алдалтийг 65 хувь, 2 хүнд хараагүй болох нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувь алдагдуулна гэжээ.

Нүд хараагүй болох гэдгийг эмчлэгдэхгүйгээр бүр мөсөн хараагүй болохыг ойлгох бөгөөд хохирогч Ц.Төмөр-Ухнын зүүн нүд нь бүрэн хараагүй болсон байх тул түүнийг  эрхтнээс нь хагацуулсан гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан ба шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор С.Мөнгөнцоожид холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Иймд шүүгдэгч С.Мөнгөнцоожийг бусдын бие махбодид хараагүй болгож, эрхтнээс хагацуулсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь шүүхийн хэлэлцүүлэгт “урьд осолд орж толгойдоо гэмтэл авсан учраас зарим зүйлийг мартаж санадаг болсон, ухаан алдах таталт өгдөг өвчтэй” гэж мэдүүлсэн бөгөөд түүний сэтгэцийн эрүүл мэндийн талаар шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчид “С.Мөнгөнцоож... хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” талаар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Төмөр-Ухнын бие махбодид хүнд гэмтэл учирсан, хохирогч Ц.Төмөр-Ухна нь нүдний хагалгаанд орсон байх боловч гэм хорын зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Төмөр-Ухнаас мэдүүлэхдээ шүүгдэгчийн төрсөн эх нь 300,000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн гэж мэдүүлсэн.

Түүнчлэн цаашид хиймэл нүд хийлгэх хагалгаанд орохоор төлөвлөгдсөн байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд цаашид гарах зардлаа шүүгдэгч С.Мөнгөнцоожоос нэхэмжлэхгүй гэсэн тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоол, захирамж, суллагдсан тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар:

-2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил  1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 792 дугаартай тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан;

-2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 68/137 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдсэн 06 хоногийн хорих ялыг биеэр эдлэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь 2007 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялаа эдэлж гарч ирснээс хойш ялтай хугацаа арилаагүй байхад 2013 онд дахин хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдох”-оор заасан бөгөөд хуульд заасан энэ хугацаа өнгөрөөгүй байхад буюу ялтай хугацаандаа шүүгдэгч С.Мөнгөнцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин хүнд гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг шүүх онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор,

-мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт “...онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Мөнгөнцоож нь урьд хүнд гэмт хэрэгт хоёр удаа хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэстэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн суурийн диаметр нь 22 см, амсарын диаметр 29 см, 12,5 см өндөртэй 2 талдаа бариултай, хар өнгийн гадаргуутай, дотор ёроол хэсгийн будаг нь халцарсан, металл тогоог эзэмшигч болох хохирогч Ц.Төмөр-Ухнын хүсэлтээр тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мөнгөнцоожийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

   Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Самбуугийн Мөнгөнцоожийг бусдын бие махбодид хараагүй болгож, эрхтнээс хагацуулсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Самбуугийн Мөнгөнцоожийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнгөнцоожийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнгөнцоожид оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнгөнцоожийн 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мөнгөнцоожийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч Ц.Төмөр-Ухна нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн суурийн диаметр нь 22 см, амсарын диаметр 29 см, 12,5 см өндөртэй 2 талдаа бариултай, хар өнгийн гадаргуутай, дотор ёроол хэсгийн будаг нь халцарсан, металл тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчийн хүсэлтээр хохирогч Ц.Төмөр-Ухнад буцаан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Мөнгөнцоожид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Мөнгөнцоожид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

     ШҮҮГЧИД                                                       И.ГАНБАТ

 

                                                                                               Г.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 37-39 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 73-83 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 87-89 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 59-60 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 61-64 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 37-39 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 3 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 73-83 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал.