| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00386/И |
| Дугаар | 00430 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 00430
| 2020 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2020/00430 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ... тоотод оршин суух, Жигүүртэн овогт Бийн Б //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Х /../-д холбогдох,
хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,346,557 /найман сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулах, хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00386/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Б нь хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах 8,346,557 төгрөг гэдгийг 8,142,016 төгрөг гэж багасгаж байгаа. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаартай захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Быг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас Улсын дээд шүүхээр хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ажилд орох хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. 102 дугаар зүйлийн 102.2-д хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргасан.
Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас халсан, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсэн зохицуулалттай. Иймд захиргааны хэргийн шүүхээр хууль бус болох нь тогтоогдсон. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаартай захирамжийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр Х 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Б/05 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн даргын ажилд эгүүлэн тогтоосон. 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажил хүлээлцүүлсэн.
2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цалин хөлс олгогдсон учир 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа.
2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцож байгаа. 2019 оны 8 дугаар сард Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолоор ТЗ-10-5 гэсэн цалингийн шатлалаар аймгийн засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга цалинждаг болсон. Нэхэмжлэгч нь ТЗ-10-5 дахь шатлалаар цалинждаг бөгөөд уг шатлалын цалин нь 1,008,016 төгрөг. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тооцсон. 2020 оны 01, 02 дугаар сарын цалинг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тогтоолоор ТЗ-10-5 дахь шатлалаар тооцоход нэг сарын цалин нь 1,088,657 төгрөг болсон. Мөн дээрх цалин дээр төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь байгаа. Ховд аймгийн Засаг даргын ажилд томилсон захирамж дээр ТЗ-10-5 цалинжуулахаар шийдвэрлэсэн байсан. Төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь байхаар шийдвэрлэсэн. Анх нэхэмжлэгч Б.Быг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргаар томилсон захирамж дээр тухайн үеийн шатлалаар буюу ТЗ-9-5 дахь шатлалаар цалинжиж, мөн дээр нь төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь байсан. Ажилгүй байсан цалингүй байсан хугацааны олговорт 8,142,016 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу хариуцагчид даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байгаа. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангах хөрөнгө 2020 оны төсөв хөрөнгөд суугдаагүй гэсэн тайлбар гаргасан байсан. Энэ нөхцөл нь ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх болон нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхөөс татгалзах тухайн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгдээд явах бололцоотой. Төсөвт тусгагдаагүй гэх үндэслэл нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй....2019 онд нэг дүн, 2020 онд нэг өөр дүн гарна....2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны нийт үндсэн цалин нь 7,079,938 төгрөг, нийт удаан жилийн нэмэгдэл нь 1,061,988 төгрөг болж байгаа. Нийт цалин хөлстэй тэнцэх олговор нь 8,141,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулна....2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Засаг даргын захирамж байгаа. 2018 оны 5 дугаар сарын 31-ний Б/26 дугаар захирамж дээр цалингийн шатлалыг ТЗ-9-4 билүү ТЗ-9-5 гэж дурдсан байгаа. Явц дундаа цалингийн ангилалд нь өөрчлөлт орж ТЗ-10 болсон. 25 дээш жил ажилласан учир ТЗ-10-5 болгосон....Нэхэмжлэгч нь улсад 27 жил гаруй ажилласан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгө нь шүүхийн процессийн явцад үүссэн мөнгө учир манайх төлөх боломжгүй. Шүүхийн ажиллагаа манайхаас үл хамаарч явагдсан. Мөн 2020 оны төсөвт уг нэхэмжилж байгаа мөнгө тусгагдаагүй учир манайх төлөх боломжгүй....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Хд холбогдуулан хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,346,557 /найман сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулах, хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 8,141,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” гэж тодруулав.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П.Цэцэгсүрэн нь “....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж тайлбарлалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 3-14, 15-17, 18-21 дүгээр тал/.
Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Быг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тогтоогдож байна
Нэхэмжлэгч Б.Быг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/67 дугаартай захирамжийн “Б.Быг ажилд томилох тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолоор ТЗ-10-5 гэсэн цалингийн шатлалаар аймгийн засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга цалинждаг болсон. Нэхэмжлэгч нь ТЗ-10-5 дахь шатлалаар цалинждаг бөгөөд уг шатлалын цалин нь 1,008,016 төгрөг. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дууталх хугацаанд тооцсон. 2020 оны 01, 02 дугаар сарын цалинг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тогтоолоор ТЗ-10-5 дахь шатлалаар тооцоход нэг сарын цалин нь 1,088,657 төгрөг болсон. Мөн дээрх цалин дээр төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь байгаа....2019 оны үндсэн цалин нь 4,902,624 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 735,392 төгрөг, 2020 оны үндсэн цалин нь 2,177,314 төгрөг, удаан жилийн нэмэгдэл нь 326,596 төгрөг. 2019 оны 8 дугаар сарыг 6-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг 29-ний өдрийг дуустал хугацааны үндсэн цалин нь нийт 7,079,938 төгрөг, мөн хугацааны удаан жилийн нэмэгдэл нь 1,061,988 төгрөг болж байгаа. Нийт 8,141,926 төгрөгийг нэхэмжилж байгаа....” гэж тайлбарлав.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-аар Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга буюу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь ТЗ-10 дахь зэрэглэлд хамаарч байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь “....нэхэмжлэгчийг 2019 оны 8 дугаар сараас ТЗ-10 ангилалын 5 дахь шатлалаар цалинжих ёстой байсан....” гэж тайлбарлав.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ангилал нь ТЗ-9 ангилалаас ТЗ-10 дахь ангилалд хамаарах болсон хэдий ч нэхэмжлэгч нь 2018 онд ТЗ-9 ангилалын 4 дэх шатлалаар цалинжиж байсан болох нь нэхэмжлэгчийн 2018.12.31 гэх бичвэртэй цалингийн картаар тогтоогдлоо. /хх-ийн 52 дугаар тал/
Түүнчлэн нэхэмжлэгчийг томилдог эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгох цалингийн шатлалыг нэмэгдүүлдэг.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг ТЗ-10 дахь ангилалын 5 дахь шатлалаар цалинждаг талаарх баримтын шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн үндсэн цалинг ТЗ-10-4-д заасан шатлалаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан.
2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Монгол улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын хавсралтад ТЗ-10-4-д заасан шатлалын цалин нь 958,522 төгрөг байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад ТЗ-10-4-д заасан шатлалын цалин нь 1,035,204 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.
Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал тус тус хугацаагаар гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг Монгол улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын хавсралтад ТЗ-10-4-д заасан шатлалын цалин нь 958,522 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаа цалин хөлсний тооцооллыг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад ТЗ-10-4-д заасан шатлалын цалин нь 1,035,204 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-д заасны дагуу үндсэн цалингийн 15 хувиар тус тус тооцов.
Иймд Хас 7,742,856.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 399,069.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хд даалгахаар тогтов.
Нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас 7,742,856.7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 138,836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгодог.
Хавтаст хэргийн 24-26 дугаар хуудсанд авагдсанд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/26, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай захирамжуудад тухай байгууллагын хуулбар үнэн тэмдэг буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдах байтал Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн.
Мөн Х нь тус иргэний хэрэгт зохигчоор оролцож байгаа тул дээрх захирамжуудын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх заалтыг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй.
Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэгчийн 2019, 2020 онуудын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоог гаргасан баримт, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан 2020 оны цалингийн карт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,742,856.7 /долоон сая долоон зуун дөчин хоёр мянга найман зуун тавин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 399,069.3 /гурван зун ерэн есэн мянга жаран есэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,700 /хоёр зуун арван найман мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас улсын тэмдэгтийн хураамж 138,836 /нэг зуун гучин найман мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ