| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
2023 оны 01 сарын 25 өдөр Дуга 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолт/,
Шүүгдэгч: Д.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сархад овогт Д Т холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, “Прайд транс” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Сархад овогт Д, Т /РД:*****/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Төгсжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс рүү орох шалган нэвтрүүлэх цэг дээр Б.Гансүхтэй “... хов зөөлөө ...” гэх асуудлаас болж маргалдаж, улмаар Б.Гансүхийн нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төгсжаргал нь мэдүүлэхдээ: “Өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй.’’ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэгч Д.Төгсжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Гансүхтэй маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Шүүгдэгч нь тухайн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байдаг учир гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч тухайн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлт прокурорт гарсныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянадаг. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүгдэгчийн хувьд бүрэн хангаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Д.Төгсжаргалын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгч Д.Төгсжаргал нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлж энэ тал дээр маргадаггүй. Прокуророос оногдуулах ялын талаар 500,000 төгрөгөөр торгох санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдаг. Хохирогчийн зүгээс хохирлын талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч сайн дураараа 2,500,000 төгрөгийг төлж хохирол төлбөрийг барагдуулсан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг шүүдэгчид танилцуулсан. Эдгээр нөхцөлийг бүрэн хангаж байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гаргасан саналыг дагуу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гансүхийн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 9 цагийн үед намайг Цагаан хадны нүүрсний замын /пийжүүтийн/ пост буюу хяналтын постоор Цагаан хад руу орох гээд лацаа наалгах гээд хүлээгээд зогсож байхад манай компанийн менежер Төгсжаргал лац наах гэж ирээд хаалга онгойлгоод буугаад ир хулгайчаа яасан их хов зөөдөг юм гэсэн. Тэгэхээр нь “чиний юуг хулгайл хийсэн юм” гээд буугаад очсон чинь “чи машинаас лац хулгай хийсэн” гээд байсан. тэгэхээр нь “би лацыг чинь аваагүй ээ танай жолооч чинь хүмүүст тарааж өгөөд байсан” гэсэн. Тэгсэн чинь “ямар овоо банди вэ” гээд намайг нэг удаа толгойгоороо мөргөсөн, тэгээд доошоо суучхаад буцаад босч ирээд “яадаг муу чачага вэ” гэсэн чинь дахиад нэг удаа хальт мөргөсөн. Тэгээд намайг татаж унагачхаад нэг удаа толгойны зүүн шанаа хэсэг рүү дэвсчхээд яваад өгсөн. Тэгээд би босч ирээд постон дээр байсан цагдаатай уулзаад болсон зүйлийн талаар хэлэхэд машинаа замын хажуу хэсэг рүү гаргаад урьд цагдаагийн байранд очоод өргөдлөөр хандчих гэсэн... тэгээд би 2 хоногийн дараа Төгсжаргалтай очиж уулзаад “чи уучлал гуйдаггүй юм уу ахыгаа ийм болгочхоод хамгийн хөгшин жолоочийгоо зодоод” гэсэн чинь Төгсжаргал “юун сүртэй юм би таныг хальт мөргөсөн жинхэнээсээ мөргөсөн бол үхэх байжээ хохьчино зайл” гэсэн... миний бие эрх чөлөөнд халдахдаа нэг удаа миний толгой хэсгийн нүдний доод хэсэг рүү мөргөсөн мөн дахиад нэг удаа мөргөхдөө хальт уруул хэсэг рүү мөргөсөн, тэгээд намайг газар унагаад толгой руу нэг дэвссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Б.Гансүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Төгсжаргалын: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед Цагаан хад суурьшлын бүсийн пийжүүтийн пост гэх газарт Б.Гансүхтэй уулзаад маргалдсан... Б.Гансүхийн биед учирсан тухайн гэмтлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Б.Гансүхтэй маргалдаж улмаар Гансүхийг нэг удаа хацар хэсэгт нь алгадсан, нэг удаа нүүр хэсэг рүү нь мөргөсөн хавсарч унагасан зэргээс үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Төгсжаргалыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Төгсжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс рүү орох шалган нэвтрүүлэх цэг дээр Б.Гансүхтэй “... хов зөөлөө ...” гэх асуудлаас болж маргалдаж, улмаар Б.Гансүхийн нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Төгсжаргал нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Төгсжаргалын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гансүхийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Төгсжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүс рүү орох шалган нэвтрүүлэх цэг дээр Б.Гансүхтэй “... хов зөөлөө ...” гэх асуудлаас болж маргалдаж, улмаар Б.Гансүхийн нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төгсжаргал нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Төгсжаргалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Б.Гансүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Шүүгдэгч Д.Төгсжаргал нь хохирогч Б.Гансүхийн эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 60 дахь тал/
Хохирогч Б.Гансүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний бие Б.Гансүх би 2022 оны 12 сарын 12-ны өдөр Д.Төгсжаргал нь миний биед гэмтэл учруулсан. Одоо Төгсжаргалтай эвлэрч гомдол саналгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй,... Одоо Д.Төгсжаргалд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д.Төгсжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Төгсжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Төгсжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”-нийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Төгсжаргалыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Төгсжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Төгсжаргалын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сархад овогт Дагвасамбуугийн Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Төгсжаргал нь хохирогч Б.Гансүхийн эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Төгсжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Төгсжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Төгсжаргалын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ