| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/143 |
| Дугаар | 143 |
| Огноо | 2012-07-19 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намсрай,
хохирогч Д.Б.,
шүүгдэгч С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт А овогт С.Б. од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2012090003366 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Монгол улсын иргэн, А овогт С.Б. , /РД:../, 19.. оны 0. дугаар сарын ..-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Замын 1-р ангид замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг .. багийн .. гудамж .. дугаар тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч С.Б. нь 2012 оны 5 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө 02 цаг 30 минутийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт ...ДАР улсын дугаартай Аксент маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3, 2 дугаар бүлгийн 2.1а, 2.7а дахь хэсгийн заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.Хишигбатыг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хохирогч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Шүүгдэгч С.Б. нь2012 оны 5 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө 02 цаг 30 минутийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт ...ДАР улсын дугаартай Аксент маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурийн газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй явна”, 2 дугаар бүлгийн 2.1а-д заасан “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” биедээ авч явна, 2.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.Хишигбатыг дайрч улмаар түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох гэрч И.О.ын “... тэр /С.Б. / архи уучихсан байсан, гэхдээ согтолтын зэргийг би сайн анзаараагүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тухай баримт, гэрэл зургууд, /хэргийн 8-13 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хэргийн 3-5 дугаар хуудас/
Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, /хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-ийн “... 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ зурагт үзээд сууж байхад Б. 22-23 цагийн орчимд манай гэрт ганцаараа ирсэн. Тэр хоёулаа жаахан юм ярьж сууя гэчихсэн 2 литрийн хоёр ширхэг Гурван баавгайт гэсэн хуванцар савтай пиво барьчихсан орж ирсэн. ... Тэгээд бид хоёр юм ярьж суугаад пивоо уусан. ... Тэгээд би нойлын өрөөнд ороод бие засч байх үед Б. гараад явчихсан байсан. Би хойноос нь гарч харахад машин байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/
Гэрч М.А-ын “... Тэгээд бид хоёр замаа хөндлөн гараад замын хажуд байшин барьж байсан газрыг хашаалсан модон хашааг тойрох үед машин гэнэт тоормозлоод пид гэх чанга дуу гараад шороо тоос босоод явчихсан. Тэгэхээр нь би машин онхолдчихлоо очиж үзье гээд дүүгээ дагуулаад хоёулаа наад талаас нь харахад замын хажууд нь тарьсан том модны ойролцоо нэг шар өнгийн жижиг машин замаас хажуу тийшээ гараад хээтэйгийн 4.4-р байрыг чиглээд зогсож байсан. Тэгээд хараад байсан чинь тэр машин гэнэт хөдлөөд замаас гарсан чигээрээ 4.4-р байрыг чиглээд хөдөлсөн боловч дахин унтараад жолооч нь буугаад ирэхээр нь би дүүгээсээ эхэлж бага зэрэг түрүүлж очоод ахаа та зүгээр үү гэхэд гэхэд юм дуугарахгүй машинаа тойрч үзээд яваад байсан тэр үед би машиныг нь харахад урд хоёр дугуй нь хагарчихсан байдалтай байсан ба түүнийг хараад зогсож байхад манай дүү ахаа та бид хоёрыг зам гарах үед нэг хүн зам дээр явж байсан харагдсан т эр хүн байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Яг энэ үед нөгөө жолооч машинаа асаагаад явсан ба саяын байсан газраа очоод унтарчихсан. Ингээд замруу харахад нэг хүн зам дээр шинээс хуучин явах урсгалд хэвтэж байсан, тэгэнгүүт би нөгөө машин дээр очоод хөөе та хүн дайрчихсан байна шүү дээ номер дугаарыг чинь тэмдэглэж авна гээд утсан дээрээ зургийг нь авах гэхэд харанхуй учир болохгүй байсан ба жолооч нь уурлаад та нар битгий сүржигнээд бай наадахь чинь согтуу унтаж л байгаа биз та нар юу яриад байгаа юм бэ би хүн дайраагүй гээд явах гээд байсан ингээд дүү өөрийнхөө утсаар цагдаа дуудах үед нөгөө жолооч би хүн дайраагүй миний салхины шил хагараад би замаас гарсан гэж хэлээд байсан. Мөн та хоёр битгий шогтоод байгаарай гэж хэлээд байсан. Энэ үед би уурлаад та юу яриад байна бид иргэний үүргээ гүйцэтгэж байна, та согтуугаар машин барих эрх байхгүй шүү дээ, та хүн дайрсан байна гэхэд би хүн дайраагүй гээд байсан. ... Тухайн машины жолооч шал согтуу гуйваад юм яриад надтай маргаад байсан. Энэ үед цагдаа ирж бид бүгдийг хэлсэн. ... Харанхуй болчихсон байсан гэхдээ бид хоёрыг зам хөндлөн гарах үе болон гарсаны дараахь анхны машин чинь энэ машин, харин өөр машин тэрэг тухайн үед өнгөрөөгүй өнгөрсөн бол бид ажиглана тэгээд ч бид архи дарс уугаагүй эрүүл явж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 28 дугаар хуудас/
Гэрч М.А-гийн “... Тэгээд хоёулаа зам хөндлөн гараад явж байх үед хуучин Дархан чиглэлд явах засмал замын урсгалаар нэг эрэгтэй хүн ганцаараа зам дээр хашлага талаа бариад бага зэргийн найгаад явж байх нь надад ажиглагдсан. Тэгээд бид хоёр замаа гараад байшин барьж байсан газрыг хашаалсан модон хашааг тойрох үед машин гэнэт тоормослож байгаа юм шиг дуу гараад шороо тоос босоод шил хагарах чимээ гараад пад гээд л дуу гараад явчихсан. Тэгсэн чинь ах машин онхолдчихлоо гэхээр нь очиж үзье гээд хоёулаа наад талаас нь харахад замын хажууд тарьсан том модны ойролцоо нэг шар өнгийн жижиг мшаин гараад зогсож байсан тэгээд хараад байсан чиньтэр машин гэнэт хөдлөөд замаас гарсан чигээрээ 4.4-р байр чиглээд хөдөлсөн боловч дахин унтараад жолооч нь буугаад ирэхээр нь ах та зүгээр үү гэхэд юм дуугарахгүй машинаа тойрч үзээд яваад байсан. Тэр үед би машиныг нь харахад урд дугуй нь хагарчихсан байдалтай байсан ба түүнийг харж байгаад би зам гарах үед нэг хүн явж байсныг санаад ахаа наад зам дээр чинь нэг хүн явж байсан шүү дээ гэж хэлэхэд ах тэгвэл очиж үзье гээд зам дээр очиход нөгөө явж байсан хүний чиглэл дагуу нэг хүн зам дээр хэвтэж байсан, тэгэнгүүт ах нөгөө машин дээр очоод хөөе та хүн дайрчихсан байна шүү дээ гэхэд тэр машин хөдлөөд явчихсан ба цаана очоод зогссон. Тэр үед нөгөө жолооч нь бууж ирээд та нар юу яриад байгаа юм бэ би хүн дайраагүй гээд байсан. Ингээд би өөрийнхөө утсаар цагдаа дуудах үед нөгөө жолооч би хүн дайраагүй миний салхины шил хагараад би замаас гарсан гээд байсан мөн та хоёр шогтов оо гээд хэлээд байсан энэ үед ах та юу яриад байна бид иргэний үргээ гүйцэтгэж байна гэж хэлээд надаар цагдаа дуудуулсан” ... Тухайн машины жолооч согтуу гуйваад юм яриад ахтай маргаад байх шиг байсан. Ах маань та согтуу байж машин барьж болдог юм уу гээд хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 30 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний ¹ 72 тоот акт:
Магадлан шинжилгээний онош:
хавирганы хугарал.
2. Баруун дунд чөмөгний далд хугарал. Элэгний язралт. Уушигны уг, бөөрний өөхөн эд, хуйхны цус хуралт. Зүүн гарын 4-р хурууны мултрал. Цусны шингэн төлөв байдал. Нүүр, хэл, мөчдийн зөөлөн эдийн зулгарал, цус хуралт.
Дүгнэлт:
1. Талийгаачийн биед дээрх оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
2. Талийгаач нь уушигны няцралын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй.
4. Талийгаачийн цусанд 3.0 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн
согтолт болно.
5. Талийгаачийн цус нь Оl бүлэг байна” гэсэн баримт, /хэргийн 35 дугаар хуудас/
Шүүхийн химийн шинжилгээний хариу №240
С.Б. оос авсан цусанд спирт тодорхойлох зорилгоор шүүх химийн шинжилгээг фотометрийн аргаар хийлээ.
Дүгнэлт: Цусанд спирт 2,3 хувь илрэв” гэсэн баримт, /хэргийн 42 дугаар хуудас/
Шинжээч З.Г-н “,,, хохирогчийг зам дээр дайраагүй гэж үзсэн. Замын хажууд байхад нь мөргөж замын голд шидсэн. Авто машины дугуйн мөр, эвдрэл зэргээр үнэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 97 дугаар хуудас/
Шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №022 дугаартай “Аксент маркийн ...ДАР дугаарын зүүн хойд хаалга, хаалганы шил, ар талын салхины шил, бүхээ, зүүн гар талын хойд хаалганы дээд хэсэгт хонхойж, бүхээгний орой хэсгээр гадагшаа тэлсэн, зүүн гар талын урд дугуй задарсан, баруун гар талын урд дугуй хагарсан зэрэг гэмтлүүд нь ослын дараа үүссэн байна”, “Аксент маркийн ...ДАР дугаарын автомашины бүхээгний 1.0 зузаантай төмрийн нугларч тахийсан байдлаас шалгаж тухайн замд 70-80 км/цаг хурдтай явж байсан” гэсэн дүгнэлт, /хэргийн 50 дугаар хуудас/
С.Б. нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд С.Б. ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Х-ыг автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б. нь “би хүн дайраагүй, дугуй хагараад замын хажууруу гарсан” гэж мэдүүлж байгаа боловч зам тээврийн осол гарах үед очсон гэрч нарын мэдүүлэг болон техникийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэрэг баримтуудаар уг гэмт хэргийг С.Б. үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Д.Б.өөс “хохиролд нийт 5093665 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 2500000 төгрөг төлсөн бөгөөд одоо үлдэх 2593665 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хэрэгт цугларсан хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судлаад тамга, тэмдэггүй болон шашны зан үйлтэй холбоотой баримтуудыг хасаад хохирогчид нийт 2967185 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд үүнээс төлөгдсөн 2500000 төгрөгийг хасаад үлдэх 467185 төгрөгийг шүүгдэгч С.Б. оос гаргуулж хохирогч Д.Б.өд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Б. нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд С.Б. ын өмчлөлийн ...ДАР дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт С.Б. ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Х-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар А овогт С.Б. ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Б. од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар С.Б. ын энэ хэрэгт цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч С.Б. оос 467185 төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг Саран дэлгүүрийн байранд оршин суух Б овогт Д.Б.өд /РД:…./ олгосугай.
6. Шүүгдэгч С.Б. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 -т зааснаар энэ хэрэгт ...ДАР улсын дугаартай Аксент маркийн автомашин битүүмжилсэн 273 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийн АЯ … дугаартай гэрчилгээг шүүгдэгч С.Б. од буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б. од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар С.Б. од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Б. од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ