Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00450

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00450

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Яргайтийнхан овогт А ийн О //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00436/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.О миний бие нь А ийн 7 дахь охин болон Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд 1-р ангид элсэн орж суралцаад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8-р ангиа төгсөөд Ховд аймгийн ХАА-н техникумыг агротехникчээр 1988 оны 6-р сарын 20-нд төгсөөд 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Ховд аймгийн Аптай суманд агротехникчээр ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон тооны цомхтголоор гарсан. 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Норовын Аптанхуягтай гэр бүл болж Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд А.О намайг Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл агротехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.О нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл агротехникчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1293 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын №709 бүртгэлийн дугаартай А ийн Огийн 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон агротехникч мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Жарантайн “....А.О нь 1988 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг агротехникч мэргэжлээр төгссөн. А.О нь техникумаа төгсөөд шууд Ховд аймгийн Алтай суманд агротехникчээр томилогдож очиж байсан. А.О нь намайг 1989 оны 9 дүгээр сард ажлаасаа гараад Ховд аймгийн  төвд шилжиж ирэхэд А.О нь Алтай сумандаа агротехникчээр ажиллаад үлдсэн. А.О нь хэдэн онд ажлаасаа гарснчг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 8, 36-37 дугаар тал/

Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1293 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбараар нэхэмжлэгч А.О нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн агротехникчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал агротехникчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.О  нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1607000627 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 7 дугаар тал/

Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Жарантайн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Нэхэмжлэгч А.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Яргайтийнхан овогт А ийн О //-ийн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл агротехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал агротехникчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ