| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/01549/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0149 |
| Огноо | 2014-07-03 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/01549/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000472 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, *** төрсөн *** настай ***, бүрэн дунд боловсролтой *** тоотод сршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн
Шүүгдэгч *** нь 2014.06.12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг Петровис ШТСтанцын урд зам дээр к/оптима маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5.в-д "..зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ", 2.7.а-д "...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8-р бүлгийн 8.4-д" эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгэзр зорчидог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" 9-р бүлгийн 9.2-д ".... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Г*** ы жолоодож явсан Ландкруйзер-80 маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...: 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой ажлаа тараад найз *** нарын хамт 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд найз *** г гэр рүү нь хүргэж өгөхөөр хөдөлж аюулгүйн тойргийн цагдаагийн постны урдуур гараад, аюулгүй тойрог тойроод паркын ар талын замаар уруудаж байхдаа хойд талд сууж явсан ***тай эргэж харж юм ярьчихаад эргээд харах үед өөдөөс машины гэрэл тусахаар нь машинаа хажуу тийшээ буюу ертөнцийн зүүн гар талруу дарж ланд-80 маркын тээврийн хэрэгслийн хойд гупер хэсгийг нь мөргөчихсөн” гэв.
Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:".... 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой ажил тараад найз *** нарын хамт 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай автомашинаа жолоодоод найз *** нарын хамт антентай уул руу өгсөх шороон замын хажуу талд зогсож хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад гэр гэрлүүгээ харьж амрахаар болсон юм. Тэгээд найз *** г гэрлүү нь хүргэж өгөхөөр хөдөлж аюулгүйн тойргийн цагдаагийн постны урдуур гараад аюулгүйн тойрог тойроод паркын ар талын замаар уруудаж байгаад хойд талд сууж явсан ***тай эргэж харж юм ярьчихаад урагш харах үед өөдөөс машины гэрэл тусахаар машинаа хажуу тийшээ буюу ертөнцийн зүүн гар талруу дарж, ланд-80 маркын тээврийн хэрэгслийн хойд гупер хэсгийг нь мөргөчихсөн юм. Тэгээд би айсандаа зогсолгүй шууд доошоо чигээрээ яваад комфорт буудал талруу эргээд 2 дугаар хороолол дундах зам руу эргээд замын хажуу талд зогсож байхад цагдаагийн машин ирээд намайг бариад эрүүлжүүлэхэд оруулсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Миний бие нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой Сонсголон хайрхан ХХК-ны эзэмшлийн Ланд 80 маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад мөргүүлж зам тээврийн осолд холбогдсон. Энэ хэрэгт *** ХХК-ыг төлөөлж оролцуулахаар *** миний биеийг томилсон. Манай компанийн нэр дээр байдаг Т.Ланд- маркийн *** улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийг *** гэх залуу бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн17 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "….2014 оны 6 дугаар сарын 12-ны орой ажил тараад манай хэсгийн дарга *** эхнэр хүүхдийнхээ хамт ажилчидаа гэр гэрт нь хүргэж өгөхөөр албаны *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод паркын хойд талын замаар өгсөөд ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү чиглээд явж байхад өөдөөс нэг машин ирээд *** ах машинаа баруун гар тал руу дарахад нөгөө машин хойд хэсгийг мөргөчихөөд зогсолгүй чигээрээ явчихсан юм. Тэгээд *** ах цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2014 оны 6 дугаар сарын 12-ны орой ажил тараад найз *** нарын хамт 1 шил 0,75 л архи хувааж уугаад *** өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай к/оптима маркын машинаар *** бид хоёрыг гэр гэрт нь хүргэж өгөхөөр болоод аюулгүйн тойргоор эргээд паркын хойд талын замаар доошоо уруудаж явж байгаад эсрэг урсгалын замаар дээшээ өгсөж ирж байсан. Ланд-80 маркын тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөчихсөн юм. Тухайн үед би шоконд ороод ямар нэг үг дуугарч чадалгүй явсаар байгаад бид нар 2 дугаар хороолол дундуур байрлах замын хажуу талд зогсож байхад замын цагдаа нар ирээд бид нарыг бариад манай найзыг эрүүлжүүлэхэд хийж, машиныг нь журмын хашаанд хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 3-4, 8-11 дүгээр хуудас/,
Автомашины эвдрэлийн үнэлгээнүүд /хэргийн 19-20, 28-29 дүгээр хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х*** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг Петровис ШТСтанцын урд зам дээр к/оптима маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5.в-д заасан"..зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ", 2.7.а-д заасан"...жолооч соггууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8-р бүлгийн 8.4-д заасан "эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгэзр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" 9-р бүлгийн 9.2-д заасан ".... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж ,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн *** ны жолоодож явсан Ландкруйзер-80 маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар осол гаргасан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, тохирч байна.
Иймд шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч ***д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 56 дугаар хуудсанд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн болон ажил төрлийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
*** ийн 350.000 төгрөгийн үнэ бүхий скайтелийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1134 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар *** д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн 350 000 төгрөгийн үнэ бүхий скайтелийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1134 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ