Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00452

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00452

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт оршин суух, Олохун овогт П ийн А  / /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00450/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... П.А  нь 1966 оны 4 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1974 онд Дарви сумын 8 жилийн сургуульд орж 1982 оны 6 сард 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр малчин болж Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад эцэг Осорын П , Нямын Бүтээхүү нарын хамт нэгдлийн тэмээ, хонь, адуу зэрэг мал маллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албанд мордсон. Цэргийн албаа Улаанбаатар хотын Улаанхуаранд цэргийн дээд сургуулийн үйлчилгээний ангид 3 жилийн цэргийн алба хааж 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан.

Цэргээс халагдаж ирсний дараа 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөн эцэг О.П ийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1989 оны 9 сард Ц.Отгонбаяртай гэр бүл болсон.

1989 оны 9 сард гэр бүл болж өрх тусгаарласан тул нэхэмжлэгчийн хөдөлмөр өдрийн хөлсийг тусад нь бодож олгож эхэлсэн. Түүнээс өмнө эцэг Осорын П , Нямын Бүтээхүү нарын нэр дээр хөдөлмөр өдрийн хөлс тооцож олгодог байсан.

Тэр цагаас хойш одоог хүртэл мал маллаж байгаа ба мал маллах хугацаандаа аймгийн Алдарт уяач цолоор 2012 онд шагнагдаж байсан.

Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 сарын 25-ны эосийн 49 дүгээр тушаалаар П.А ыг Дарви сумын Мөргөн аяга багт илгээлтийн эзнээр томилсон нөхөн томилж, 1982 оноос 1983 онуудын цалинг нөхөж олгож өгсөн. Энэ талаарх Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалд дурдсан байгаа.

Тухайн үед П.А ыг нутгийн иргэд хоч нэр болох Амгалан гэх нэрээр дууддаг байсан ба Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалд П ийн Амгалан гэж хоч нэрээр бичсэн, мөн Сутайн хөгжил нэгдлийн /4-р бригадын/ 1988, 1989 онуудын 70 дугаар дансанд О.П , Н.Бүтээхүү нарын хамт Амгалан гэх нэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлсийг тооцож олгосон сайдаг.

Иймд П.А ыг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Амгалан гэж дууддаг....Төрсний бүртгэл нь Амгалан гэдэг нэрээр бүртгэгдсэн байсан. Харин бусад баримтууд дээр А  гэдэг нэрээр бичигдсэн байсан гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь нэхэмжлэлийн шаардлагыг П.А ын Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.А  нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын 4 дүгээр бригадын 1982-1984, 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1987 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр олгосон нэхэмжлэгчийн нэр бичилттэй Баярын бичиг, П ийн А ын 370 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, гэрч М.Баасандоржийн “....П.А  нь намайг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байх үед буюу 1987 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирж байсан. Ингээд П.А  нь эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1989 он 9 дүгээр сард Цэрэндоржийн Отгонбаяртай гэр бүл болсон бөгөөд 1992 онд нэгдэл тарах хүртэл мал малласан. П.А  нь одоо ч гэсэн мал маллаж амьдарч байгаа хүн юм....” гэх мэдүүлэг, гэрч Б.Саранцэцэгийн “....П.А ын аавынх Осорын П  нь манай аавынхтай хамт Ховд аймгийн Дарви сумын Хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчнаар ажиллаж байсан. Манай 2 айл саахалт явж байсан болохоор П.А ыг сайн танина. П.А  нь 1982 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад малчин болж, эцэг эхийнхээ хамт 1984 оны 6 дугаар сар хүртэл мал малласан. 1984 оны 6 дугаар сард П.А  нь цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. Ингээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дарви сумын Хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад нэгдэл тартал мал малласан. Нэгдэл хэдэн онд тарсныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 126/004165 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч П.А ын Ажилладаг гэх хэсэгт Ховд аймгийн Дарви сумын Хөгжилт нэгдэл, ажил орсон он гэх хэсэгт 1982, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт Бямбасүрэн гэх бичвэртэй ХААТР-1 /Б/ маягтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-13, 29, 30, 32, 40-42, 43-45, 53 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “....Амгалан гэж дууддаг байсан....” гэх тайлбар, гэрч М.Баасандоржийн “....Би Амгалан гэж дууддаг....” гэх мэдүүлэг зэргийг үнэлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын 4 дүгээр бригадын 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэгт Амгалан гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав. /хх-ийн 11-13 дугаар тал/

Харин П ийн А ын 370 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхэд 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэж бичигдсэн байх ба нэхэмжлэгчийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

П.А  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000182 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1997 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14, 17 дугаар тал/

Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Баасандорж, Б.Сонинцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг нь хаана, ямар үйл явдлын үеэр авахуулсан буюу нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч П.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олохун овогт П ийн А  / /-ын Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ