Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00453

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00453

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, Чоно овогт С ын  Ц / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00451/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч С. Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас багт илгээлтээр мал дээр гараад 1982 оны 8 дугаар сараас 1991 он хүртэл ажилласан. Тэтгэвэрт малчнаар гарах нас хүрсэн учраас шүүхэд хандсан.

Иймд намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Манай 3 дугаар бригадын зарим айлууд 2 дугаар бригад руу шилжчихсэн юм. Тэгээд 2 дугаар бригаддаа ажилласан....гэв. 

    

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С. Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С. Ц нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2, 3 дугаар бригадын 1983, 1984, 1986, 1987, 1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн 1983 оноос эхлэн хөдөлмөр хөлс бичилттэй Сын  Цгийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ш.Гомбожавын “....С. Ц нь 1984 он хүртэл эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Дуут сумын Социалзимны зам нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад 2 дугаар бригад руу эцэг эхийнхээ хамт шилжсэн байдаг. Ингээд намайг цэргээс халагдаж ирэхэд С. Ц нь нэгдлийн малчин хэвээрээ байсан ба 1990 он хүртэл нэгдлийн мал маллаж, 1990-1992 оны хооронд Таван-Эрдэнэ ХК-ийн түрээсийн мал малласан...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1460 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар бригадын 1985, 1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-8, 10, 11, 13, 14, 30-41, 50-52, 58-60 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь 1983 оны 2 дугаар сараас эхлэн цалин хөлс авсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар бригадын 1983 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч С. Ц нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул уг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С. Ц нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1606000076 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 23 дугаар тал/

Хавтаст хэргийн 5, 9, 12 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дуут сумын 2, 3 дугаар бригадын 1981, 1985, 1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудын он нь засвартай бөгөөд эх хувьтай тулган үзэхэд 1985 оны 70 дугаар дансны хуулбарыг 1981 он болгон засварласан, 1988 оны 70 дугаар дансны хуулбарыг 1985 он болгон засварласан, 1991 оны 70 дугаар дансны хуулбарыг 1988 он болгон засварласан, хавтаст хэргийн 20, 21 дүгээр хуудсанд авагдсан иргэн Г.Тэрбиш, Ш.Гомбожав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг нь хэзээ, хаана авахуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Хүндэт жуух бичигт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч С. Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чоно овогт Сын  Ц / /-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С. Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ