| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/00112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-12-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Дундговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Г-ын Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой Дорноговь аймгийн ... сумын нутаг .... гэх газарт хохирогч Т.О-ыг “эхнэрийг цохилоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, довжоон дээр толгойгоор нь унагаан гавлын баруун, зүүн зулай яс, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн зулай, дух, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г-ын Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэр ирээд О намайг цохичихлоо гэхээр нь Г-ийн гадаа ирэхэд О өөдөөс гараад ирсэн би “чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм” гэж хэлээд гараараа 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. ...Би малд яваад Г-ийнд очоод айлд сууж байсан. Тэгчихээд манай эхнэр О-тай муудалцсан байсан. Тэгээд эргээд Г-оор дайрч очоод О-ыг 2 цохисон. Тэгээд энд зогсож байна. Эмчилгээний зардал 11,150,650 төгрөгийг төлж барагдуулна” гэв.
Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд сумаас хойш 20 орчим км-т дүү Г-ийн гэрт байж байтал Б гэх хүн ирээд намайг нэг зүйлээр толгой хэсэг рүү цохиж байсан, тэгээд би ухаан алдсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Мөн юунаас болж намайг цохисон, яасан талаар санахгүй байна. Учир нь би хэд хоног ухаангүй байсан. Тархины гэмтэл авсан тул болсон зүйлүүдийг сайн санахгүй байгаа. Би Б гэдэг хүнийг танихгүй. Миний байсан айлд хонь ноослолцоод 2-3 удаа ирж байсан. Түүнээс биш би танихгүй. Би ямар шалтгаанаар зодсон талаар санахгүй байна. Ямар ч байсан миний толгой хэсэг рүү нэг юмаар цохиж унагаасан. Тархины гэмтлийн улмаас би санахгүй байна гэж бодож байна. Миний толгой руу Б гэх хүн цохиод би ухаан балартсан гэдгээ мэдэж байна. Яг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Миний толгой хэсэг хөдөлж болохгүй их өвдөж байгаа. Мөн шүд их өвдөж байгаа өөр ухаан санаа орон гаран байдалтай байна. ...Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Г Б нь хохирлын төлбөр гэж төлсөн зүйл байхгүй. Миний толгой зүүн талын хэсгээр байнга өвдөж байгаа, мөн зүүн талын чих хатгаад орой унтаж чадахгүй байгаа. ...Миний цаашид шаардагдах эмчилгээний зардлыг төлж барагдуулбал надад гомдол санал байхгүй...” гэжээ. /xx-ийн 13-15, 16/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Т.О нь 11,150,650 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ /хх-ийн 22-23/
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд би гэртээ байж байхад манай гудамжинд амьдардаг О манай гэрт орж ирээд хөдөө хамт ямаанд яваад ирэх үү гэхээр нь би за гэж хэлээд нөхөр С-ын хамт гэрээс машинд нь суухад О-ийн нөхөр Б, охин нь байсан. Тэгээд бид нар Замын-Үүд сумаас гараад явж байгаад хөдөө нэг байшинтай айлд ирэхэд нэг эмэгтэй хүн хүүхдийнхээ хамт, нэг согтуу залуу байсан. Тэгээд бид нар байшинтай айлд орж цай уугаад энд хонохоор болоод бид нар байшинтай айлын хойд талд байрлах гэрт орж О айлын эзэнтэй уулзана гээд гэрээс гараад явсан. Удахгүй О гэрт орж ирээд Г-той юм яриад сууж байхад О гэх залуу миний зүүн талын нүүр хэсэг рүү цохисон. Энд хонуулахгүй юм шиг байна явах уу гэж хэлээд бид нар гэрээс гараад машиндаа суугаад Г гэх айлын гадаа ирж зогсоход нөгөө согтуу залуу буюу О байшинтай айлаас гарч ирэхэд Б машинаас буугаад О гэх залууг баруун талын гараараа нүүр болон толгой хэсэг рүү хоёр удаа цохиод нөгөө залуу хойшоо саваад унахдаа байшинтай айлын бетонон довжоон дээр дээшээ хараад унасан. Б, О нар машинд суугаад бид нар Замын-Үүд сум руу орж ирсэн. ...Бид нар хөдөө явж байхдаа Ерөөл нэртэй 0,75 литрийн архи, Стандарт нэртэй 0,75 литрийн хоёр шил хувааж уусан. ...О О гэх залуу намайг цохисон гэж хэлж, эхнэрээ өмөөрөөд манай эхнэрийг яах дээрээ цохидог юм бэ гэж хэлээд хоёр цохисон гэжээ. “хх-ийн 24-25/,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Б, би Т, Т-ийн нөхөр С, нэг нас гарантай манай охин манай машинаар А гэх айлаас бэлгэнд өгсөн ямаа авах гээд хөдөө явсан. Замдаа зам сайн мэдэхгүй тул Г гэх айлд бид нар ирсэн. Г гэх айлд ирэхэд Г-ийн эхнэр нь хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Би Г-ийн байшингийн урд талд нь байдаг гэрт нь ороход О гэж дууддаг залуу Г-ийн хүүхдийнх нь угжны саванд архи хийгээд ууж байхаар нь би чи хүүхдийн угжинд яагаад архи хийгээд уугаад байгаа юм бэ? гэж загнасан байдалтай хэлэхэд миний өөдөөс чамд ямар хамаа байна гэж хэлэхээр нь би тоохгүй гэрээс гараад явсан. Тэгээд бид нар Г-ийн хойд талын гэрт хоноод маргааш цаашаа явахаар болоод бид нар Г-ийн гэрээс гараад хойд талын гэр лүү нь орсон. Г-ийн эхнэр бид нарт ор засаж өгөх гэж байхад Г-ийн туслах малчин Б гэртээ ирсэн. Би Г-оос зам асуух гээд Г-ийн гэрт ороход Г, Б, Б-н эхнэр энэ гурав байсан. Би Г-оос зам асуугаад сууж байхад гаднаас О орж ирээд нүд хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохихоор нь би шууд гэрээс гарч яваад хойд талын гэр лүү орж нөхөр Б-т хандаж О миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохисон, энд хонуулахгүй юм шиг байна явах уу гэж хэлээд бид нар гэрээс гараад машиндаа суугаад Г-ийн байшингийн гадаа ирэхэд Б, О хоёр Г-ийн гэрээс гарч ирж тараад манай нөхөр машинаас буугаад О гэх залууг чи яахаараа манай эхнэрийг цохидог юм бэ? гэж хэлээд О-ийн нүүр хэсэг рүү баруун гараараа хоёр удаа цохиод О гэх залуу Г-ийн байшингийн бетонон довжоон дээр дээшээ хараад толгойгоороо саваад унасан. Энэ үед Т, Т-ийн нөхөр С, манай охин нар машинд сууж байсан. Би нөхөрт хандаж буцаад явах талаар хэлээд машиндаа суугаад бид нар Замын-Үүд суманд ирсэн. Маргааш нь буюу 07 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд миний гар утас руу Г залгаад О ухаан орохгүй байна, эмнэлэг дуудсан, малын хашаанд ороод хэвтсэн байна гэж ярьсан. ...Манай нөхөр О гэх залуутай муудалцсан зүйл байхгүй манай эхнэрийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд уурлаад, намайг өмөөрөөд О-ийн нүүр хэсэг рүү баруун талын гараараа хоёр удаа цохиод О довжоон дээр хойш саваад унаад өгсөн...” гэжээ /хх-ийн 27-28/,
Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-нд энд байсан. Тухайн үед би малд яваад ирэхэд гэр дотор О нь Б-ын эхнэр О-тэй маргалдаж хэрэлдэж байсан. Би тэр хоёрыг гэрт битгий хэрэлдээд бай гэрээс гар гэж хэлээд гаргасан. Удалгүй Б, эхнэр О-ийн хамт явж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёртой машиндаа суугаад яваад өгсөн. Тэд нарыг явсны дараа О байшингийн урд газар хэвтэж байсан хамраас нь цус гарчихсан. Би малдаа явах гэж байхад манай Г-ийн эхнэр Т, О-ын хамрыг угааж ус хийж өгч байгаа харагдсан. Би малдаа явчхаад ирэхэд байшингийн баруун урд байх илүү гэрт ороод хэвтэж байсан. Орой болж бид нар унтаж амраад өглөө босоход О хонины хашаанд хэвтэж байхаар манай дүү Г 103 дуудаж өгч явуулсан. О Б-тай маргалдаж зодолдсон байх. Би яг зодоон болсон зодуулсан талаар хараагүй. Ямар шалтгааны улмаас ийм асуудал болсон талаар мэдэхгүй байна. О манайд 2023 оны 05 дугаар сарын 20-нд ирээд одоог хүртэл байна. Урьд нь манайхаар орж гараад байдаг байсан...” гэжээ /хх-ийн 30-34/,
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 07 дугаар сарын 27-нд Г-ийнд нөхөр Б-ийн хамт очсон. О, Б нар маргалдаад зогсож байсан. Яг зодолдож байхыг нь хараагүй. О архи уучихсан нэлээн согтуу байсан. Б архи уугаагүй байсан. Ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар огт мэдэхгүй байна. Би нөхөртэйгөө тэднийхээс явахад О Г-ийн байшингийн урд газар хэвтэж байсан нөхөр бид хоёр гэртээ ирчхээд эргэж Г-ийнд очиход О байшин налаад сууж байсан. Газар хэвтэж байхад нь хамарнаас цус гарчихсан байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 28-нд өглөө Г-ийнд нөхрийн хамт очсон. Би нөхрийн хамт Г-ийнд очиход О харагдаагүй. Морио тэнд тавьчхаад гэртээ ирчхээд орой 17 цагийн үед эргэж Г-ийнд ирэхэд О Г-ийн хонины хашаанд хэвтэж байсан тэгэхээр нь яаралтай эмнэлэг дуудаад Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн...” гэжээ /хх-ийн 37-40/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 07 сарын 26-ны өдрийн өглөө гэрээсээ эхнэртэйгээ хамт явж хүнээс даага аваад тэрийгээ Г-ийн гадаа морины уяан дээр уячхаад эхнэртэйгээ хамт гэр лүү гээ ирсэн. Тэр оройноо 17-18 цагийн хооронд уясан даагаа тавих гээд Г-ийн ирэхэд Г эхнэртэйгээ С гэх хүргэн ах, О гэх малчин залуу энэ дөрөв байсан. Г надад хандаж хоёулаа миний машинтай айлд очоод ирье гэхэд нь эхнэрийн хамт бид гурав явчхаад ирсэн. Б, эхнэр О өөр бас эрэгтэй, эмэгтэй хоёр хүмүүс Г-ийнд ирчихсэн Г-ийн байшингийн ард байдаг гэр лүү явж байсан удалгүй Б-ын эхнэр О машинтай ирээд надад хандаж О-ыг "...наад муу чинь хүүхдийн угжинд архи ууж байсан..." гэж хэлсэн тэгсэн О ах согтуурхаад О-т хандаж “...чи муу Б-ээс ямаа авах гээд байгаа биз дээ...” гэж хэлж байсан. О надаас Г хаана байгаа юм гэж асуухаар нь байшиндаа байгаа гэж хэлээд О байшин руу орсон О араас нь дагаад байшин руу орсон. Би байшингийн гадаа тамхи татаад үлдсэн. Нээх удалгүй хүүхэд уйлаад чарлалдаад байхаар нь эхнэрийн хамт ороход О-ийг айлын пийшин дээр унагачихсан заамдчихсан байхаар би салгаад дотогш ороход О ах гаргасан. О би нөхөртэй хэлнэ гээд явсан. Би Г-тай юм яриад байшинд үлдсэн О ах үүдний өрөөнд үлдсэн удалгүй үүдэнд “...түс...” гээд дуугарахаар нь гараад харсан чинь Б ах О ахыг цохичихсон О ах газар хэвтэж байсан. Удалгүй Б ах ирсэн хүмүүстэйгээ яваад өгсөн. Би ч удалгүй гэртээ харих гээд эхнэрийн хамт явсан. Намайг явахад О байшингийн зүүн талд сууж байсан. ... Тэр орой бүрэнхий болоод нар жаргачихсан байсан цаг хэд болж байгааг хараагүй. Шөнөдөө ахиж ирээгүй. Маргааш нь буюу 2023 оны 07 сарын 27-ны өглөө морио барих гээд очоод Г-аас О ах хаана байна гэж асуухад хороо /малын хашаанд/ байгаа гэж хэлэхээр нь малын хашаанд очиж харсан чинь унтаж байх шиг байхаар нь алив та босоод гэрт оч гэж хэлэхэд "ммхн” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би гэртээ харьчхаад байж байхад Г ингээ хайгаад олдоггүй гэж ирэхээр нь би О ах хаана байна яаж байна гэсэн чинь Г малын хашаанд хэвтэж байгаа ш дээ гэхээр нь алив очъё түргэн дуудъя гэж ирээд 103-т дуудлага өгсөн...” гэжээ /хх-ийн 42-44/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн наадам болж байсан гэдгээр нь тухайн өдрийг санаж байна. Тухайн өдөр манай гэрт манай 4 хүүхэд манай нөхөр Г, манай ах С, О нар байсан. Манай гэрт үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна О, Б гэх хоёр хүн ирээд А гэх айл хаана вэ? Ямаа авах гээд явж байна гэж зам асуугаад юм яриад зогсож байтал, О ах халамцуу уучихсан байсан бөгөөд О ах Б-ын эхнэр О-ийг нэг удаа алгадаад авсан. Тэгэхээр нь О нөхөр Б-т очоод намайг энэ О ах алгадсан гэж хэлээд Б уурлаад О-ыг нэг удаа цохиод унагаачихсан унахдаа гэрийн цементэн довжоог мөргөөд уначихсан. Тэгээд О 5-10 минут хэвтэж байгаад босож ирээд зүгээр яваад байхаар нь зүгээр байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл толгой өвдөөд байна жоохон хэвтлээ гээд манай илүү гэрт ороод унтсан. Тэгээд харанхуй болчихсон тул бид нар ч мөн унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр О ахыг харахаар илүү гэр лүүгээ ортол байхгүй байхаар нь хайгаад хашаа тойроод хартал манай голын саравчтай хашааны саравчны доор хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод та босоод гэр лүү орж хэвтэлдээ гэсэн чинь юм ярьж чадахгүй нүд нь хөхөрч улаанаараа эргэчихсэн байдалтай байсан. Тэгээд манай туслах малчин хийдэг Б түргэн дуудаад тэгээд түргэн тусламж ирээд аваад явсан. ...Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Харин 5-10 минут орчим хэвтэж байгаад босож ирээд толгой өвдөөд байна гэж хэлсэн. ...О ах тухайн үед өөрийгөө хянах чадваргүй болтол архи уучихсан согтуу байж байгаад О-ийг нэг удаа алгадсан. Тэгээд О-ийн нөхөр болох Б нь уурлаад О-ыг цохиж унагасан. ... Хэрэг болох өдөр болон түүнээс өмнө ямар нэгэн бэртэж гэмтсэн, хүнтэй муудалцаж зодолдсон зүйл огт байхгүй...” гэжээ. /хх-ийн 47-48/
Хохирогч Т.О-т 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05:33 минутад нээсэн .... дугаартай өвчний түүх /хх-ийн 54/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Т.О-ын биед гавлын баруун, зүүн зулай яс, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн зулай, дух, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн эд няцрал, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг олон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гавлын баруун, зүүн, зүүн зулай яс, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн зулай, дух, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
4. Учирсан тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 61-62/,
Хохирогч Т.О-т 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийсэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх-ийн 65, 66 /
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх зардлын баримт, үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 67-69/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г.Б-ын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна гэх тодорхойлолт /хх-ийн 84-86/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны орой Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг ... гэх газарт хохирогч Т.О-ыг “эхнэрийг цохилоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, цементэн довжоон дээр толгойгоор нь унагаан гавлын баруун, зүүн, зүүн зулай яс, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн зулай, дух, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Г.Б-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд сумаас хойш 20 орчим км-т дүү Г-ийн гэрт байж байтал Батбаяр гэх хүн ирээд намайг нэг зүйлээр толгой хэсэг рүү цохиж байсан тэгээд би ухаан алдсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Мөн юунаас болж намайг цохисон, яасан талаар санахгүй байна. Учир нь би хэд хоног ухаангүй байсан. Тархины гэмтэл авсан тул болсон зүйлүүдийг сайн санахгүй байгаа. ...Миний толгой зүүн талын хэсгээр байнга өвдөж байгаа, мөн зүүн талын чих хатгаад орой унтаж чадахгүй байгаа. ...Миний цаашид шаардагдах эмчилгээний зардлыг төлж барагдуулбал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 13-16/, гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Г гэх айлын гадаа ирж зогсоход нөгөө согтуу залуу буюу О байшинтай айлаас гарч ирэхэд Б машинаас буугаад О гэх залууг баруун талын гараараа нүүр болон толгой хэсэг рүү хоёр удаа цохиод нөгөө залуу хойшоо саваад унахдаа байшинтай айлын бетонон довжоон дээр дээшээ хараад унасан. Б, О нар машинд суугаад бид нар Замын-Үүд сум руу орж ирсэн. ...Бид нар хөдөө явж байхдаа Ерөөл нэртэй 0,75 литрийн архи, Стандарт нэртэй 0,75 литрийн хоёр шил хувааж уусан. ...О О гэх залуу намайг цохисон гэж хэлж, эхнэрээ өмөөрөөд манай эхнэрийг яах дээрээ цохидог юм бэ гэж хэлээд хоёр цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Г-оос зам асуугаад сууж байхад гаднаас О орж ирээд нүд хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохихоор нь би шууд гэрээс гарч яваад хойд талын гэр лүү орж нөхөр Б-т хандаж О миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохисон, энд хонуулахгүй юм шиг байна явах уу гэж хэлээд бид нар гэрээс гараад машиндаа суугаад Г-ийн байшингийн гадаа ирэхэд Б, О хоёр Г-ийн гэрээс гарч ирж тараад манай нөхөр машинаас буугаад О гэх залууг чи яах дээрээ манай эхнэрийг цохидог юм бэ? гэж хэлээд О-ийн нүүр хэсэг рүү баруун гараараа хоёр удаа цохиод О гэх залуу Г-ийн байшингийн бетонон довжоон дээр дээшээ хараад толгойгоороо саваад унасан. Маргааш нь буюу 07 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд миний гар утас руу Г залгаад О ухаан орохгүй байна, эмнэлэг дуудсан, малын хашаанд ороод хэвтсэн байна гэж ярьсан. ...Манай нөхөр О гэх залуутай муудалцсан зүйл байхгүй манай эхнэрийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд уурлаад, намайг өмөөрөөд О-ийн нүүр хэсэг рүү баруун талын гараараа хоёр удаа цохиод О довжоон дээр хойш саваад унаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Г-тай юм яриад байшинд үлдсэн О ах үүдний өрөөнд үлдсэн удалгүй үүдэнд “...түс...” гээд дуугарахаар нь гараад харсан чинь Б ах, О ахыг цохичихсон О ах газар хэвтэж байсан. Маргааш нь буюу 2023 оны 07 сарын 27-ны өглөө морио барих гээд очоод Г-аас О ах хаана байна гэж асуухад хороо /малын хашаанд/ байгаа гэж хэлэхээр нь малын хашаанд очиж харсан чинь унтаж байх шиг байхаар нь алив та босоод гэрт оч гэж хэлэхэд "ммхн” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би гэртээ харьчхаад байж байхад Г хайгаад олдоггүй гэж ирэхээр нь би О ах хаана байна, яаж байна гэсэн чинь Г малын хашаанд хэвтэж байгаа шүү дээ гэхээр нь алив очъё түргэн дуудъя гэж ирээд 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, хохирогч Т.О-т 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05:33 минутад нээсэн ... дугаартай өвчний түүх /хх-ийн 54/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57/, хохирогч Т.О-т 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийсэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх-ийн 65, 66/, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх зардлын баримт, үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 67-69/, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Т.О нь эрүүл мэнд муу байгаа гомдол, санал нэхэмжлэх зүйл байгаа гэх боловч эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч нь хохирогч Т.О-ын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 11,150,650 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 11,150,650 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б нь учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн яаж, ямар эд хөрөнгийн эх үүсвэрээр төлж барагдуулах талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тогтмол цалин орлогогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, эмчилгээний зардал 11,150,650 төгрөгийг төлж барагдуулаагүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан үзэж 2 /хоёр/ жилийн хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ын Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-аас хохирогч Т.О-ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 11,150,650 /арван нэгэн сая нэг зуун тавин мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц