Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00454

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00454

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, Ханхар овогт Тийн Г //-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00462/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тийн Г нь 1962 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд иргэн Тийн 5 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид элсэн орж 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. 1981 оны 09 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Хедөө аж ахуйн Техникумын мал аж ахуйн ангид элсэн орж 1 жил суралцсан. Ингээд НАХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж 0165 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагдсан.

Ингээд цэргээс халагдаж ирээд 1985 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд аав ээжийн хамт малчнаар ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Рэнцэндоржын Наранчимэгтэй гэр бүл болж мөн нэгдэлд гэр бүлийн хамт нэгдэл татан буугдах хүртэл малчнаар ажилласан. Үүнээс хойш одоог хүртэл Ховд аймгийн Дарви суманд хувиараа мал маллаж байгаа.

Одоо Т.Г нь тэтгэвэрт гарах гэж байгаа тул Т.Ггийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Техник мэргэжлийн сургуулиа төгсөөгүй. Сурч байгаад цэргийн алба хаасан гэж хэлсэн....Улсаас 1991 оноос эхлээд 10 жилийг нөхөн тооцуулсан байсан....гэв.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг Т.Ггийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Г нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1294 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын 4 дүгээр бригадын 1985-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай Түдэвванчигийн Гд олгосон удмын малчин гэх үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичиг, гэрч М.Баасандоржийн “....Т.Г нь 1980 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг надтай хамт төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Мөрөн багт малчнаар гарч, эцэг эхийнхээ хамт мал малласан. Ингээд 1982 оны 6 дугаар сард мөн надтай хамт цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. Т.Г нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригад эцэг эхийнхээ хамт мал малласан. Т.Г нь 1989 оны 10 дугаар сард Наранчимэгтэй гэр бүл болж, 1992 он хүртэл нэгдлийн мал малласан....” гэх мэдүүлэг, гэрч Д.Хоролсүрэнгийн “....Т.Г нь Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Говь-Алтай аймгийн техник мэргэжлийн сургуульд суралцаж байсан шиг санагдаж байна. Ингээд Т.Г нь техник мэргэжлийн сургуулиа төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал малласан. Би оныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Т.Г нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад 4 дүгээр бригад руу шилжиж малчин болсон....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 11-16, 26, 27, 39-41, 42-44 дүгээр тал/

Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1294 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын 1985 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт нэхэмжлэгчид 9 дүгээр сараас эхлэн цалин хөлс олгосон бичилттэй байх ба нэхэмжлэгч Т.Г нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Т.Г нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000557 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/3593 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 23, 24 дүгээр тал/

Хавтаст хэргийн 6-10 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дарви сумын 4 дүгээр бригадын 1979-1982 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 17, 18 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Хоролсүрэн, М.Баасандорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Т.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ханхар овогт Тийн Г //-ийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ