Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/207

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Хохирогч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ы Зт холбогдох эрүүгийн 2335000000........ дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................... өдөр Увс аймгийн .............................. суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .............................. сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б-ы З, (Регистрийн дугаар:......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн .............................. сумын 1 дүгээр багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан өөрийн эхнэр Б.З-тэй маргалдаж, улмаар Б.З-, Д.О-, Н.Н- нарыг зодож, хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн .............................. сумын 1 дүгээр багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан өөрийн эхнэр Б.З-тэй маргалдаж, улмаар Б.З-, Д.О-, Н.Н- нарыг зодож, хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.З 200.000 төгрөгийн хохирол төлсөн гэж мэдүүлсэн учир хэрэгт хохирлын баримт гэж гаргаж өгсөн 510,000 төгрөгийн баримтаас хохиролд төлсөн гэх 200,000 төгрөгийг хасаж шүүгдэгч Б.Заас энэ шийтгэх тогтоолоор 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-, Д.О- нарт олгох саналтай байна. Хохирогч Н.Н-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч нарын өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.З-ийн биед халдаж байх үед тухайн гэр бүлийн маргааныг таслан зогсоохоор оролцсон Д.О-, Н.Н- нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан. Шүүгдэгч Б.Зын гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нарын хувьд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж хохирогч Н.Н- гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол авч хагалгаанд орсон боловч эм, эмчилгээний талаарх баримтуудаа цуглуулж дараа нь нотлох баримтаар шүүх хуралд гаргаж өгдөг талаараа мэдээгүй нь улмаас баримтуудаа цуглуулаагүй байгаа. Хохирогч Н.Н- хагалгаанд орох үед эхнэр Б.У нь сахиж, эм тариа, хоол хүнс авч айлд амьдарч байсан учир хохирлын баримтуудаас үзвэл хоол хүнс, эм тарианы баримтууд авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгч Н.Н-д гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирч эрүүний ясаа хадуулсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бэхэлгээ авхуулах хагалгаа хийлгэж, эмчилгээ хийлгэнэ гэдэг нь хохирогч болон өвчний түүхийн баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгч Б.З нь хохирогч Н.Н-тэй ураг төрлийн хамаарал бүхий этгээд байх тул хохирогч Н.Н-гийн цаашид гарах хохирол, эмчилгээний зардлуудыг төлж барагдуулна гэдэгт итгэж байна. Иймд шүүгдэгч Б.Заас хохирлыг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Хохирогч Н.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би эрүүл мэндийн байдлаас болж малынхаа өвс тэжээлийг бэлтгэж авч чадаагүй. Тухайн үед гэмтэл аваад эмчилгээ хийлгэхээр хот явахдаа малаа зарж борлуулсан. Б.З нь өөрөө ирж уулзан, биеийн байдал асуугаагүйд гомдолтой байна. Надтай таарахаараа зугтаад явсан. Миний эрүү 2 хугарч мултарсан учир Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн. Мөнгө төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Нийт 6.000.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг,

4. Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч нарт хийх ёсгүй зүйл хийж, алдаа гаргасан учир буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулна. Бид садан төрлийн холбоотой хүмүүс тул эхнэрээрээ дамжуулан энэ хүмүүстэй холбогдсон” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000...... дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн ............. дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 6-18 дахь тал);

2. Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би нөхөр Н-,  зээ дүү Б.З- нарын хамт байж байтал З-ийн нөхөр Б.З ирж Б.З- рүү чи яагаад мөнгөө хийгээгүй юм бэ, 30.000 төгрөг явуулчихгүй гэж хэлээд байхад гэж уурлаад Б.З-ийн хөл, нуруу луу өшиглөөд авахаар нь би босож ирээд Б.Зт чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүн зодоод гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ, би мөнгөө авах гэж байна гэж хэлэхээр нь би хамаатай байлгүй яадаг юм бэ, чи яахаараа хүн зоддог юм бэ гэж хэлээд салгах гэж дундуур нь ороход З миний баруун талын нүд рүү цохиод авсан ба нөхөр Н.Н- босож ирээд салгах хооронд Б.З миний толгой руу 4-5 удаа гараараа цохисон, тухайн үед би доошоо тонгойчихсон байсан, нөхөр Н.Н- Б.Зыг салгаад машиныхаа хажууд ирж суугаад одоо явья гэж хэлээд байж байтал Б.З гүйж ирээд нөхөр Н.Н-гийн нүүр лүү өшиглөөд авсан, доошоо унангуут нь дахиад нүүр лүү өшиглөхөд нөхөр Н.Н- ухаан алдаад унасан. Тэгтэл би гүйж очоод нөхрөө бариад авч уйлаад орилж хашгирахад Б.З зугатаагаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дуудсан юм. Тэгээд нөхрөө сумын эмнэлэгт авчирж үзүүлэхэд зүүн талын доод талын 3 шүд хугарсан байна, эрүү нь бас хугарсан байж магадгүй юм байна, яаралтай аймаг явж үзүүл гэж хэлсэн. Б.Зт зодуулснаас болж миний баруун талын нүд хөхөрсөн. Баруун талын эрүүний доод тал хавдсан, толгой бол маш их өвдөж байна... Нөхрийн хувьд эрүүний хагалгаанд орж Гэмтэл согог үндэсний төвд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт 3-4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийт 10 гаруй хоног эмчлүүлсэн Улаанбаатар хот явж ирсэн, гадуур бас эмчилгээ хийлгэж байгаа нийт 4-5 сая төгрөгийн зардал гарсан ба тухайн мөнгийг нэхэмжилж байна. Нөхөр бид хоёрт учирсан хохирлоос Улаанбаатар хот явж байхад Б.З нь 200.000 төгрөг өгсөн. Дахин уулзсан боловч төлнө гэдэг зүйлийг л хэлсэн. Харин гаргаж өгсөн баримтын хувьд эмчилгээний зардал болон эмчлүүлэх хугацаанд хоол, унд авсантай холбоотой 500.000 орчим төгрөгийн баримт байгаа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);

3. Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн .............................. сумын үйлдвэрийн хашааны хойд талд Б.З нь миний эрүү рүү өшиглөж, миний эрүүг хугалсан миний бие эрүү хугарсан болохоор сайн ярьж чадахгүй байна эмчилгээ хийлгэж зүгээр болсны дараа дэлгэрэнгүй мэдүүлэг өгье...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-32 дахь тал);

4. Гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүргэн ах Б.З ирж эгч Б.З-ийг мөнгө өг гэж нэхэхэд надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо түр маргалдаж байтал Б.З Б.З-ийн үснээс нь зулгааж гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б.О- эгч чи яахаараа эмэгтэй хүн зодож байдаг юм бэ гэж хэлээд салгаж байтал Б.З Б.О- эгчийг цохиод авсан, доошоо дарж толгой руу нь 4-5 удаа цохих шиг болсон.Тэр үед Н.Н- салгаж байтал хамар луу цохих шиг болсон ба Н.Н- доошоо сууж хамарныхаа цусаа арчиж байтал эхнэрээ очиж дахиж алгадаж цохичихоод гүйж очиж Н.Н-гийн нүүр лүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн ба 2 дахь удаа өшиглөхөд Н.Н- ах хойшоо саваад ухаан алдаад унасан. Тэгээд Б.З яваад өгсөн юм. Тэгээд бид нар цагдаа дуудаж эмнэлэг дээр очсон. Б.З намайг зодож цохисон зүйл байхгүй. Би айгаад ойртож чадаагүй юм. Орилж хашгираад та нарыг алнаа гэж хэлээд байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 381 дугаартай “...Үзүүлэгч Б.О-ын биед баруун нүдний эргэн тойронд, баруун чихний ар доод хэсэг хүзүүний баруун дээд хэсэгт, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, баруун бугалга, шуунд, хэвлийн хананд, зүүн гуя, зүүн шилбэнд, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт, зүүн мөрний хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний эргэн тойронд, баруун чихний ар доод хэсэг хүзүүний баруун дээд хэсэгт, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, баруун бугалга, шуунд, хэвлийн хананд, зүүн гуя, зүүн шилбэнд, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 2-3 хувь орчим талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12048 дугаартай “...Н.Н-гийн биед эрүү ясны хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

7.  Хохирогчийн зүгээс эмчилгээ хийлгэсэн гэх 510,000 төгрөгийн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 89-92 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогч нарын өмгөөлөгч хэргээс:

1.  Хохирогч Д.О-ын 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр харилцаа холбооны хэрэгслээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх  тал);

2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн .......... дугаартай: “...Гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ...эрүү яс 2 талд их бие хэсгээр зөрөөтэй салсан хугаралтай..” гэх  өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 6-18 дахь тал);

3. Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёрт учирсан хохирлоос Улаанбаатар хот явж байхад Б.З нь 200.000 төгрөг өгсөн. Дахин уулзсан боловч төлнө гэдэг зүйлийг л хэлсэн. Харин гаргаж өгсөн баримтын хувьд эмчилгээний зардал болон эмчлүүлэх хугацаанд хоол, унд авсантай холбоотой 500.000 орчим төгрөгийн баримт байгаа. Учир нь зарим байгууллага баримт гаргаж өгөөгүй, мөн авсан нэгнийг нь үрэгдүүлсэн зэргээс хамааран цуглуулж чадаагүй. Улаанбаатар хот руу гэхэд ирж очих зардал 600.000 төгрөг, .............................. сумаас хоёр удаа аймгийн төв ирэхэд 240.000 төгрөгийн зардал бас гарсан байгаа. Бас цаашид гарах зардал болон эмчилгээний зардал, эрүүл мэндээрээ хохирсон тул нийт 4-5 сая төгрөг гэж бодож байна. Миний хувьд гэвэл эмчилгээ хийлгэж эрүүл болсон, харин нөхрийн хувьд гэвэл эрүүний хагалгаанд орж шүдээ бэхжүүлсэн учир эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас гомдолтой байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал);

4. Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Урьдын адил эрүүний хагалгаанд орсон тул хэвийн ярьж чадахгүй эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа тухайн хэрэгт хохирсноос болж 10 гаруй хоног эхнэрийн хамт Улаангом сум, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон бөгөөд цаашид хүртэл эрүүндээ эмчилгээ хийлгэх заалттай байгаа. Тухайн хэргээс манай гэр бүлд 4-5 сая төгрөгийн хохирол учирсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Улаанбаатар хот явж байхад 200.000 төгрөг өгснөөс өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй. Баримтын хувьд гэвэл манай эхнэр тодорхой хэмжээнд цуглуулсан. Намайг цохисон Б.З нь одоо хүртэл уучлалт гуйгаагүй байгаа тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 381 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12048 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

7. Б.Зын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н.Н-, Б.О- нар нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсны дараа өөрийн эхнэрээр дамжуулан тодорхой хэмжээний мөнгө, мөн цаашид гарах зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал);

8. Хохирогч Б.О-ын хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 36 ширхэг 510.000 төгрөгийн дүнтэй 4 хуудас баримтыг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч Н.Н-, шүүгдэгч Б.З нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - Шүүгдэгч Б.З нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн .............................. сумын 1 дүгээр багийн нутагт 30.000 төгрөг өгсөнгүй гэх шалтгаанаар өөрийн эхнэр Б.З-ийг үсдэж, өшиглөж, алгадах үед түүнд зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Б.О-ын баруун нүд рүү цохиж, толгой тус газарт нь 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Н.Н-гийн хамар тус газарт цохиж, нүүр рүү нь 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.

2. Шүүгдэгч Б.Зын үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, мултрал” гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл,

-Хохирогч Б.О-ын эрүүл мэндэд “Баруун нүдний эргэн тойронд, баруун чихний ар доод хэсэг хүзүүний баруун дээд хэсэгт, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, баруун бугалга, шуунд, хэвлийн хананд, зүүн гуя, зүүн шилбэнд, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл буюу биеийн нийт гадаргуугийн 2-3 хувь орчим талбайг хамарсан гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.О-, Н.Н-, гэрч А.М нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хохирогч Б.О-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлуудыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн ........ дугаартай өвчний түүхийн хуулбар, хохирогч Б.О-, Н.Н-, гэрч А.М нарын мэдүүлэг, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 381 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12048 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогч нарын халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Б.З нь хохирогч Н.Н-, Б.О- нарын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, тэдгээрийг зодож, Н.Н-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Б.О-ын эрүү мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Зыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Зын хохирогч Н.Н-, Б.О- нарыг зодсон үйлдэл, хохирогч нарын биед учирсан хүндэвтэр, хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.З нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Б.Зын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, мултрал” бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Н.Н- нь уг гэмтлийн улмаас 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 2 хоног Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, улмаар Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, “эрүүний яс хадуулах” мэс засал хийлгэсэн болох нь хохирогч Н.Н-гийн мэдүүлэг болон хавтаст хэргийн хавтаст хэргийн 6-18 дахь талд авагдсан өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар заажээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Н.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Заас гэмт хэргийн хор уршигт 6.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргаж, үүнийгээ эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон замын зардал гэж тодорхойлон, нэхэмжлэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй, шүүгдэгч Б.З нь хохирогч Н.Н-г Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явахад 200.000 төгрөг өгсөн гэх тайлбарыг гаргаж, цаашид хохирогч Н.Н-гийн эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хохирогч Н.Н- нь өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох зорилгоор мөрдөн байцаалтын шатанд 31 ширхэг НӨАТ-ын баримт гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 89-91 дэх талд авагдсан байх бөгөөд уг баримтуудаас 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 9150 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн  52.000 төгрөг, 99.000 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20.700 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8950 төгрөгийн, 7500 төгрөгийн,  2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12.000 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12.000 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 36.200 төгрөгийн, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 49.750 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13.950 төгрөгийн, 30.000 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2500 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9817 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26.850 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31.500 төгрөгийн, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22.400 төгрөгийн, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22.750 төгрөгийн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30.000 төгрөгийн, нийт 19 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа 497.017 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч Б.Заас гаргуулж, хохирогч Н.Н-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.З нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршигт 200.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 497.017 төгрөгөөс 200.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 297.017 төгрөгийг Б.Заас гаргуулж, хохирогч Н.Н-д олгож шийдвэрлэв.

Хохирогч Н.Н-гээс мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Тооцооны хуудас” гэх 5 ширхэг зарлагын баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, 12 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа гэх хохирол нь гэмт хэргийн хор уршигт хамааралгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүйг  дурдах нь зүйтэй.

Хохирогч Н.Н- нь цаашид эрүүний хугарсан ясыг бэхэлж хадсан бэхэлгээг авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай болох нь түүний мэдүүлэг, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хохирогч Н.Н-гийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Заас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Б.О- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.Н-гээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Заас гаргуулж, хохирогч Б.О-т олгох хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нэмж нэгтгэж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг өөрийн оршин суух Увс аймгийн .............................. сумын нутгаас гарахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна”  дүгнэлтийг,

3. Хохирогч нарын өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна" гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.З нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би хийх ёсгүй зүйл хийсэн учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх болно” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

5. Хохирогч Н.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал, мэдүүлэг гаргаагүй болно.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 72 дахь тал),  

-Шүүгдэгч Б.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Б.З нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ...... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг, 200 орчим малтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) орлоготой, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй (хавтаст хэргийн 74-80 дахь тал), тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.З нь мэдрэлийн гаралтай унаж татах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувиар (хугацаагүйгээр) алдсан болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг болон хавтаст хэргийн 44-45 дахь талд авагдсан амбулаториар эмчлүүлэгсдийн картын хуулбар гэх баримтаар нотлогдож байгааг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

8. Иймд шүүгдэгч Б.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүл мэндийн байдал гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт 5 (тав) сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн .............................. сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

9. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсгүүд, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ы Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт 5 (тав) сар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн .............................. сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.З нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн хор уршигт 200.000 (хоёр зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс 297.017 (хоёр зуун ерэн долоон мянга арван долоо) төгрөг гаргуулж, хохирогч Н.Н-д олгож, хохирогч Н.Н-гийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Заас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.З нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА